Ерөнхийлөгч өө, жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг олны өмнө шийтгэе!!!

18844

Монгол Улсад хүүхдийн эрх ихээр зөрчигдөх боллоо. Хууль хэрэгжүүлэгч төр, засагт чих байна уу гэмээр санагдах юм. Энхрий бяцхан үрс нь өдрөөс өдөрт өрөөлийн гарт үгүй хохирсоор байна.

Хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэмт этгээдүүд амьд мэнд, хэдхэн жилийн ял завшаж өнгөрөх нь гэмт хэргийг улам өөгшүүлж байна. Хэдхэн хоногийн өмнө оюун ухаант хүний санаанд багтамгүй жигшүүрт хэрэг гарлаа.

Энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгэн зочид буудалд ой наймхан сартай бяцхан хүүг аавынх нь найз гэгдэх адгууснаас дор этгээд хүчирхийлсэн аймшигтай хэрэг гарсан талаар нийгэм хэвлэлүүд бичлээ. Хохирогч хүүгийн аав Ч нь хэрэг гардаг шөнө найз Ц-гийн хамт зочид буудалд архи уужээ.

Ч тэр өдөр өөрийн төрсөн хүү болох Х-г буудал руу авч яван архидан согтуурах үедээ хүүг дэргэдээ байлгасан уг гэмт хэргийн золиос болгосон байна. Хамт  архи уусан Ц эцгийг нь согтсон хойно ой найман сартай хүүг нь хүчирхийлсэн байна. Энэхүү  хүн итгэмээргүй жигшүүрт хэргийг хүүгийн төрсөн эцэг болох Ч нуун дарагдуулж байсан тухай эх сурвалж мэдээлж байна.

Энэ хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь цагдаагийн газрын мөрдөн байцаагч хүүхдийн асран хамгаалагч болох ээжид нь мэдэгдээгүйн улмаас бяцхан хүүгийн бие улам мууджээ. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаагч бяцхан хүүг ээжээрээ овоглож байгааг мэдсэн байж яаралтай арга хэмжээ авалгүй хүүг эцэгт нь өгсөн байна.

Ингээд хүүгийн эцэг нь ар гэрийнхнээсээ хэргийг нуун далдалж хүүд бүтэн зургаан хоногийн турш эмчилгээ хийлгэсэн ч биеийн байдал нь сайжраагүй байна.

Энэхүү хэргийг хүүгийн ээж мэдмэгцээ Улаанбаатар руу хүүг авч ирсэн байна. Хүүгийн  авга эгч, ээж хоёр энэ сарын 20-ны өглөө хүүг ГССҮТ-д үзүүлж, хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. Хүүгийн гэр бүлийн зүгээс энэхүү хэргийг шүүх эмнэлгийн мэргэжилтнүүдээр шалгуулах талаар яригдаж байгаа. Мөн хүүгийн эцэг эх хоёр салсан бөгөөд хүү албан ёсны дагуу ээжээрээ овоглодог байсан гэнэ.

Хүүгийн нагац эгчийн бичсэн өргөдлөөс харахад, энэ хэрэг тун ээдрээтэй байгаа. Тодруулбал, нялх хүүхэд ингэж аймшигтайгаар зэрэмдэглэгдчихсэн байхад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн үзлэг хийгээгүй бөгөөд ийм хэргийн хохирогчийг үзэхийн тулд эхлээд хавтаст хэрэг, мөрдөгчийн тогтоолтой танилцах учиртай гэнэ.

Харин хэргийн мөрдөгч Т.Ариунзул гуравдугаар сарын 26-нд Улаанбаатарт ирэхдээ хавтаст хэргийг авчирна гэжээ. Тэрнээс өмнө хавтаст хэргийг Улаанбаатарт авчрах боломжгүй гэсэн байна.

Тэгэхээр энэ хугацаанд хөөрхий нялх хүү сэтгэцийн эмнэлгийн тусламжийг авч чадахгүй хугацаа алдсаар байх нь ойлгомжтой юм. Харин хүчирхийлэгч, гаж донтныг одоогийн байдлаар  яаж хэрхэн тусгаарласан нь тодорхойгүй байна.

Ямартай ч нийгэм түүнийг үзэн ядаж байна. Хэдийгээр манай улс Цаазын ялгүй ч жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг олны өмнө шийтгэе, ерөнхийлөгч  өө?

Б.Оюунзул

Bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих