Оросын судлаач А.Алибеков УЦС-аас болж дайнд хүрч болохыг монголчуудад анхааруулав

18905

-Сэлэнгэ мөрөн дээр баригдах УЦС-ын талаар бүх нийтийн сонсгол ОХУ-д эхэллээ-

Сэлэнгэ мөрөн, Эгийн гол дээр баригдах цахилгаан станцын талаар бүх нийтийн сонсгол ОХУ-ын Буриад улсад эхэлжээ. Энэ үйл явдалтай холбогдуулаад усны эрчим хүчний чиглэлээр дагнан бичдэг хараат бус шинжээч Артур Алибеков Лента,ру цахим сонинд “Байгалийг хэрхэн аврах вэ” хэмээх нийтлэл бичсэн байна. Гэвч түүний нийтлэл нь сонсголын үр дүнд илэрхий нөлөөлөх гэсэн шинжийг агуулсан байгаа нь харамсалтай.

Тухайлбал, тэрээр нийтлэлээ  шууд “Юуны түрүүнд сонсгол явуулах болсон үйл явдал нь өөрөө оросын олон нийт, байгаль хамгаалагчид болон Ерөнхийлөгч В.Путины том ялалт” гэж эхлүүлжээ. В.Путин өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсаны дараа монголчуудын асуудалд хандах хандлага илт зөөлөрсөн гэнэ. Үүнээс өмнө монголчууд Оросын талын ямар ч саналыг үл хайхран төслийг хэрэгжүүлэхээр зүтгэж байсан гэдгийг А.Алибеков дурьдсан байна. Энэ бол В.Путины нэр хүн дээр дөрөөлөн, “В.Путин ялалт байгуулчихлаа, одоо та бүхэн баталгаажуул” гэж байгаатай ялгаагүй хэрэг юм.

“Сэлэнгэ мөрөн бол Байгаль нуурын усны цутгалын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тиймээс Сэлэнгэ болон цутгалууд дээр усан цахилгаан станц барих нь нуурын экосистемд шууд нөлөөлөх нь ойлгомжтой.

Гэвч ОХУ энэ асуудалд маш их тэвчээр зааж, дипломат аргаар шийдвэрлэх талаар хүчин чармайлт  гаргаж ирлээ. Эртнээс уламжлалтай сайн хөршийн харилцаатайн хувьд эрчим хүчний асуудлыг нь Байгаль нуурт нөлөөлөхгүй өөр аргаар шийдвэрлэх арга замуудыг ч санал болгож ирсэн. Энэтхэг, Израиль, Пакистан болон бусад орнуудтай харилцах харилцаандаа маш тайван, энхтайванчаар ханддаг шигээ Монголд хандаж байна. Гэтэл, жишээ нь Египет улс Нил мөрний дээд хэсэгт усан цахилгаан станц барих гэж байгаа Эфиоп улстай харилцаагаа хурцатгаж, байлдааны бэлэн байдал зарласан шүү дээ” хэмээн А.Алибеков бичжээ. Үүгээрээ усны асуудал бол дайн дажинд ч хүргэх эмзэг асуудал гэдгийг илэрхийлсэн бололтой.

Тэрээр мөн “Монголчууд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангах, импортоор авч байгаа эрчим хүчнийхээ хэмжээг бууруулах, үнийг хямдруулах гэж хичээж байгааг ойлгож байна. Тиймээс ОХУ-аас импортлож буй эрчим хүчний үнийг хямдруулах нь нэг гарц байж болно. Сибириэс Монгол руу экспортлох боломжтой эрчим хүчний хэмжээг ОХУ-ын эрчим хүчний яам жилд 400 сая киловатт цаг байхаар тогтоосон. Энэ нь Монгол Улсын жилийн нийт хэрэгцээнээс 10 хувиар давсан хэмжээ. Үүнээс гадна тэд хятадаас эрчим хүч авч болно. Хөрш орнуудтайгаа яриа хэлэлцээр хийгээд эрчим хүчний асуудлаа шийдэхэд болохгүй гэх газаргүй” гэжээ.  Түүнийхээр бол Монгол Улс өөрсдөө бие дааж эрчим хүчний хэрэгцээгээ хангах ёсгүй, харин байнга худалдаж авч хэрэглэх ёстой болж таарч байна.

Усан цахилгаан станц бол Монгол Улсын хувьд зөвхөн эрчим хүчний төсөл биш, амьдралын эх булаг болсон цэвэр усны нөөц бүрдүүлэх ач холбогдолтой төсөл юм. Ус үгүй бол амьдрал үгүй. Усаа хадгалж үлдэнэ гэвэл бидэнд бэлэн төслүүдээ хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй

Түүний бичсэн нийтлэлд өөр санаанууд ч дурдагдсаныг хэлэх нь зүйтэй. “Асуудлыг шийдэх өөр гарц ч бий. “Росатом” компани дэлхийн олон оронд атомын цахилгаан станц барьж өгч байсан туршлагатай. Одоо ч барьж өгдөг. Тэд тэгвэл Монголд атомын цахилгаан станц барьж болно. Гэтэл Монгол Улс ураны багагүй нөөцтэй атлаа энэ асуудалд ер анхаарал хандуулахгүй байгаа нь гайхал төрүүлж байна.

Бас нэг гайхал төрүүлж байгаа зүйл нь монголчууд  “Сибирийн хүч” байгалийн хий дамжуулах хоолойг ер сонирхохгүй байгаа явдал юм. Ковыткинскийн ордыг түшиглэн байгуулах Чикан тосгоноос Улаанбаатар хүртэл 1000 орчим километр. Ковыктын ордоос Иркутскээр дамжуулаж хоолой тавьбал бүр 600 километр болно. Үүний тал нь ОХУ-ын газар нутгаар явна гэхээр боломж уг нь байна.

Монголчууд байгалийн хий дамжуулах хоолойг нутагтаа авааччихвал эрчим хүчний салбарт хувьсгалтай дүйцэхүйц өөрчлөлт авчрах нь тодорхой. Улаанбаатарынхан өвөлдөө нүүрсний утаагаар амьсгалж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Энэ асуудал нь гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Сайн ярьж байгаад БНХАУ руу татах шугамыг газар нутаг дээгүүрээ татаж болно. Ингэсэн тохиолдолд төсөвт нь нэмэлт орлого орно. Энэ бол зөвхөн эрчим хүчний асуудлыг шийдээд зогсохгүй дампуурлын ирмэгт байгаа эдийн засагт нь бүхэлд нь эерэг нөлөө үзүүлэх ажил болно. Байгаль нуурт ч хор хохирол учрахгүй юм” гэсэн байна. Гэвч тэр нэг юмыг ойлгохгүй байх шиг. Цөмийн эрчим хүч гэдэг бол аюултай, байгаль орчинд арилшгүй хор хохирол үлдээдэг технологи. Харин усан цахилгаан станц бол өөр. Сэргээгдэх эрчим хүч гэдэг бол байгаль орчинд хамгийн ээлтэй технологи билээ.

Нөгөө талаар Монгол Улс зөвхөн эрчим хүчний төлөө УЦС барих гээгүй. Эгийн голын усан цахилгаан станц төслийн удирдагч асан, өдгөө төслийн зөвлөхөөр ажиллаж буй Д.Одхүү ОХУ-ын хэвлэлд өгсөн ярилцлагадаа  энэ талаар “Сэлэнгэ, Эгийн гол дээр хэрэгжих төсөл бол Монголын хувьд зүгээр нэг усан цахилгаан станцын төсөл биш. Манай улс цөлжилт хамгийн эрчимтэй явагдаж байгаа улсуудын тоонд ордог.  20-30 жилийн дараа гэхэд бидэнд ус гэх юм бараг үлдэхгүй. Тиймээс усан цахилгаан станцыг дагаж бий болох цэвэр усны сан бидэнд агаар шиг л хэрэгтэй байна. Энэ бол бидний УЦС барих том шалтгаан. Хоёрдугаар шалтгаан нь, хачирхалтай сонсогдож байж болох ч энэ төсөл хэрэгжсэнээр Сэлэнгэ мөрөн, Байгаль нуур аврагдана. Нуурын дээд талд усан сан байгуулснаар нуурыг тэтгэх боломж бүрдэнэ” хэмээн байр сууриа маш товч бөгөөд оновчтойгоор илэрхийлсэн билээ. Сэтгүүлч “Монголчууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж тэгж их хүсээд байгаа юм бол нар, салхины станц барьж болохгүй юу” гэхэд Д.Одхүү “Таны хэлж байгаа чинь “Та нарт зөндөө талх мах байна, усаар яах гээд байгаа юм бэ” гэсэнтэй адил сонсогдож байна. Бидэнд нар, салхинаас цахилгаан гаргаж авах боломж бий, гэхдээ бидний хувьд Усан цахилгаан станц зөвхөн эрчим хүчнхий эх үүсвэр төдийгүй цэвэр усны нөөц юм” гэж хариулсан. Тийм ээ. Усан цахилгаан станц бол Монгол Улсын хувьд зөвхөн эрчим хүчний төсөл биш, амьдралын эх булаг болсон цэвэр усны нөөц бүрдүүлэх ач холбогдолтой төсөл юм. Ус үгүй бол амьдрал үгүй. Усаа хадгалж үлдэнэ гэвэл бидэнд бэлэн төслүүдээ хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй юм.

А.Алибековын бичсэнээс харахад, буриадад мэдээлэл хийж яваа манайханд амаргүй сорилт тулгарсан бололтой. Оросууд иргэдийн санаа бодлыг хутган үймүүлж, Монголын тал УЦС Байгаль нуурт нөлөөлөхгүй гэж хичнээн үндэслэлтэй тайлбарласан ч “Үгүй” гэж муйхарлан зүтгүүлэхийг хүсч байгаа бололтой. Гэвч Сэлэнгэ мөрөн манай мөрөн, Эг, Орхон манай гол. Бид “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдгийг харуулах л ёстой билээ.

Х.Батсайхан

Эх сурвалж: http://eagle.mn/r/26313


URL:

Нэр: Mg Огноо: 26 March 2018

Bid ene tosliig buteen bosgoh heregtei. Yamar ch argaar hamaagui.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.