МҮБХ-ны тэргүүний суудал ямар үнэтэй вэ?

712-1522198338olloo_mn_1482645618_19237Монголд ерөөс үл дуусах хэрүүлийн сэдвүүд бий болсоор удлаа. Тэдгээрийн нэг нь Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний суудлыг булаалдсан үе үеийн тэмцэл. Бүр сүүлдээ энэ нь үндэсний бөхийг нийтээр жигших байдалд оруулсан найраа, нанчилдаан, жалга довны үзлийн үндэс суурь болж хувирсан.

Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит хуралдаан болж, энэ нь УИХ-ын сонгуулиас хол давсан дуулиантайгаар өндөрлөв. Ингээд эцэстээ МҮБХ хоёр ч даргатай болоод дуусав бололтой.
Тодруулбал, бямба гарагийн өглөөнөөс шөнийн 02:00 цаг хүртэл хуралдсан бөхчүүд УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийг холбооныхоо тэргүүнээр сонгосон байх юм. Гэтэл энэ шийдвэр тун ч ээдрээтэй бөгөөд уг хуралдаанд бөхчүүдийн төлөөлөл бүрэн оролцож чадаагүй гэдгийг цахим ертөнц, хэвлэлийн хуудаснаа баримттайгаар гарган тавьсаар байна.
Угаасаа Бөхийн өргөөнд болж өндөрлөсөн уг хурлыг бөхчүүдийн тэн хагас хүлээж авахгүй байгаа аж. Учир нь өнгөрсөн жил шүүхийн шийдвэрээр “Их Эе”-ийг хуралдуулж, дүнд нь “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг тэргүүнээрээ сонгосон байдаг.Ерөөс энэ үйл явдал хаанаас эхэлснийг тодруулбал, Улсын Дээд шүүхийн 2003 онд 403 тоот тогтоол гаргаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгох “Их эе”-ийг мөн оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг тус холбоонд үүрэг болгожээ.
Гэтэл ирц хүрээгүй болон бас бус шалтгаанаар энэ хуралдаан хойшилсоор 2014 оны эхний хагасыг дуусгасан байх юм. Ингээд 2014 оны зургаадугаар сарын 24-нд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 44-ийг нь оролцуулсан хурал болж, “Их эе”-ийг ээлжит бусаар зохион байгуулах шийдвэр гарсан байна. Харин МҮБХ-ноос уг хурлыг албадлагаар зохион байгуулсан гэх гомдлыг шүүхэд гаргасан. Гэвч анхан болон дунд шатны шүүхээс энэ гомдлыг хянаж үзээд, хэрэгсэхгүй болгожээ.
Ингэж явсаар 2017 оны тавдугаар сарын 28-нд “Их эе” зохион байгуулагдахад 170 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн гэдэг. Улмаар энэ хурлын төлөөлөгчдийн 99 хувийн саналаар МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон байна.
Харамсалтай нь, худалч хүнд насаараа МҮБХ-г тэргүүлсэн Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс үүнийг эсэргүүцэж, хүлээж аваагүйгээр үл барам тамгаа хүлээлгэж өгөхгүй, Бөхийн өргөөнөөс явахгүй гэж тэмцэлдсээр өнөөг хүрсэн. Тиймээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 14-ний 101/Ш32018/04928 тоот захирамжаар хариуцагч Р.Нямдоржийг МҮБХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглахыг хоригложээ. Харин үүнээс зургаан өдрийн дараа буюу энэ сарын 20-нд МҮБХ-г “Их Эе”-ийг хуралдуулахтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг мөн хориглосон.
Гэтэл шүүхийн энэ шийдвэрийг танилцуулахаар очсон албаны хүмүүсийг Р.Нямдорж, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан нар хөөж тууж, хэл амаар доромжилжээ. Тэгээд ч зогсохгүй төрийн албан хаагчийн биед халдаж, хүч хэрэглэн Бөхийн өргөөнөөс хөөж гаргасан байна. Тиймээс хуулийн дагуу Бөхийн өргөөнд холбогдох албаныхан шууд нэвтрэн орсон ажээ.
Харин энэ үеэр Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатар шийдвэр гүйцэтгэгчдийг дайрч доромжлон, хувцсаа тайлж шидлэн, элдэв аяг гаргаж байгаа нь цахим ертөнцөөр тархсан. Түүний энэ үйлдэл маш олон хүний дургүйцлийг хүргэсэн нь цахим ертөнц дэх олон нийтийн хандлагаас илэрхий харагдаж байлаа.
Хамгийн гол нь, гурван шатны шүүхийн шийдвэрээр МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж нарын үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн төдийгүй энэ удаагийн хурлыг зохион байгуулахыг хориглосон. Харин бөхчүүдэд Монгол Улсын хууль, шүүхийн эцсийн шийдвэр хамаардаггүй бололтой. Р.Нямдоржийн хувьд шүүхийн шийдвэр аливаа үйлдэлд нь саад болохгүйг илэрхийлж, хийнэ гэснээрээ хурлаа хийж тамга тэмдгээ ч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд гардуулжээ.
Энэ удаагийн “Их эе”-д нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хуралд хүрэлцэн ирж, мандатаа авсан гэнэ. Холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн саналд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүлжээ. Нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татсан байна.
Ингээд тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгснөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал MAT дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон аж. Цэцдийн зөвлөлд 91 гишүүний нэрийг дэвшүүлснээс 76-г сонгосноос нууц санал хураалтаар 44 гишүүнийг сонгожээ.
Эндээс харахад, энэ удаагийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх ямар ч үндэслэл байсангүй. Нэгдүгээрт, шүүхээс “Их Эе”-тэй холбоотойгоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Хоёрдугаарт, хэд хэдэн хүн нэр дэвшсэн хэр нь санал хураалтын өмнөхөн бүгд нэрээ татаж, ганц Б.Бат-Эрдэнэ тунаж үлдсэн байх юм. Өөрөөр хэлбэл, энэ хурлын бүх үйл явц эртнээс сайтар найруулж, зохион байгуулсан “жүжиг гэж харагдаж байна.
Гол нь Монгол Улсын хууль,шүүх засаглалын шийдвэр МҮБХ-ны удирдлагуудад хүртээлгүй байдаг ажээ.
Ер нь МҮБХ-ны тэргүүний суудал хэр үнэ цэнтэй болоод ийнхүү байнга хэл ам гаргаж, удаа дараа хууль зөрчихдөө тулав аа.
Р.Саруул
Эх сурвалж: “Өглөөний сонин”

URL:

Tags:

Нэр: Бөх судлаач Огноо: 28 March 2018

Нэг талыг барьсан мөнгө авч бичсэн сэтгүүлчийн дүгнэлт байна. Манай сэтгүүлч нар хөөрхийлөлтэй болсны жишээ. Бодит байдлыг аль аль талаас нь харж баримт нотолгоо түшиглэн дүгнэлт хийж бичдэг сэтгүүлч ховор болжээ. Урьд бол Сэтгүүлч гэдэг том мэргэжил, бүгдийг дагуулдаг байлаа да.

Нэр: Anonymous Огноо: 28 March 2018

Нийт төлөөлөгчийн 75% ирцтэй хурал. Сайн дураараа болон багш цэргийн харьцаа дарамтаасаа хуралд суугаагүй цөөнхи хэсэг харагдаж бна.Бөх хүн, тулхтай эр хүнд бөхчүүд өөрсдөө тэргүүнээ сонголоо. Өмнөх Чинбат гэгч тавилтай драм, 40-50бөхчүүдийн хурал болсон.

Нэр: Зочин Огноо: 28 March 2018

Та нар худлаа мэдээлэл оруулахаа болиоч Новшнуудаа !!!
Бат-Эрдэнэ аварга ажлаа хийнэ үү байна уу.МҮБХ-ны Тэргүүний суудал ямар үнэтэй ч гэх шиг новшийн мэдээлэл оруулахаа больвол таарна шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.