Таслагдаж одсон Тагна Урианхай мину

Гэвч эх оронч сэхээтэн, улс төрч Мэрсээгийн зөгнөж хэлснээр үнэнд гүйцэгдэж муур багшийн нууж ядаж байсан “баас”-ыг 90 оны ардчилсан хувьсгалын салхи илчилж орхисон бөлгөө.

Зөвлөлтийн үзэл суртлаар өнгөлөн далдлалт хийсэн түүхийн сурах бичиг, хэрэглэгдэхүүнүүдэд хүн эзэмшээгүй өргөн уудам газар орныг оросууд өөрсдөө олж нээсэн мэт, нутгийн цөөн тоот, өөрийн гэх соёлгүй үндэстнүүдэд их оросын соёлыг хүртээж орос хүний халуун сэтгэлийн туслалцаа үзүүлж чухам л хүний зэрэгт хүргэсэн мэт сурталдах ба мөн ч бие дааж улсгэрээ авч явж чадахаа байсан улс үндэстэн аврал эрж, сайн дураараа орост дагаар орсон мэт дурдах нь нэн түгээмэл буй.

Үүний захын жишээнд орос суртлаар бол ах дүү буриад монголчууд маань аврал эрэн сайн дураараа орост нэгдсэн болж байгаа юм. Бүр ойг нь хүртэл тэмдэглэнэ гээч. Энэ жишээ Туваг мөн л тойроогүй дайрсан бөлгөө.

Тува Монголын бүрэлдэхүүнд байсан юм уу?

Түүхэн сурвалжаас харахад Тува гэдэг нэр хожуу орж ирсэн байдаг юм. Манай болон Оросын түүх бичлэгт 1920-иод оны дунд үе хүртэл Тагнын Урианхай, Уряанхайский край нэрээр орсон байдаг.

Тувагийн албан ёсны түүх бичлэгт ХIII-ХIV зуунд Монголын феодалуудын харьяалалд, ХV-ХVI зуунд тусгаар улс, ХVI зууны эхээр зүүн хойт хэсэг нь орост дагаар орж бусад нь Алтан хааны, 1758 оноос Манжийн харьяалалд орсон гэж дурьддаг авч түүхийн сурвалжаас үзэхэд 1727 онд Орос Манжийн хилийг тогтоох үед Тува нь халхын харьяалалд байсан ба харин халх энэ үед манж Чингийн ивээлийн улс болсон байсан. Халх Ойрадын дайны үеэр Тагнын урианхай нар Халхын Хатан Бүүвэй баатар /хотгойдын ноён /-ын албат байсан ба түүний цэрэгт багтан ойрадуудтай тулалдаж байсан ажээ.

Анх Тагнын урианхай нэртэйгээр Ховдын амбанд захирагдаж байсан ба 1758 оноос нутагт нь хэсэг хугацаагаар Манжийн төлөөний амбан сууж байгаад ахин Ховдын амбанд хамаарагдах болсон. 1773 он Самгалтайд бурханы-шашны анхны хийд буй болж байсан бол ХVIII зууны эцэс гэхэд тувад шарын шашин үндсэн шашин нь болсон байдаг.

Их Монгол Улсын үеэс 1914 оныг хүртэл тагнын урианхайд Их засаг, Монгол-Ойрадын их цааз, Халх журам, Армонголд зориулан манжийн засгаас гаргасан цааз хуулиуд, Зарлигаар тогтоосон гадаад монголын хууль зүйлийн бичиг зэргийг эрх зүйн хүрээнд ашиглагдаж байсан байдаг.

Тувад 1931 онд албан ёсоор монгол бичиг / Монгол хэл /-ийг халж шинээр зохиосон тува цагаан толгойг хэрэглэж эхэлсэн ч 1934 он хүртэл төрийн хэргийг монгол хэлээр, монгол бичгээр явуулсаар байжээ. Монголтой холбоотой бүгдийг устгасан учир тухайн үед монголхЬл. Монгол бичгээр гарсан бүх л сонингуудыг устгасан ба цөөвтөр хэдэн ном л хүмүүсийн гар дээр үлджээ.

ТУСГААРУЛСАА СЭРГЭЭН БАЙГУУЛАХАД ТУВАЧУУД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН

Тагнын урианхай нар төрөлхийн анчин гөрөөчин учир харвах намнахдаа сайн. Өлчир, тэсвэртэй, газар орны онцлогийг гярхай мэддэг цөс ихтэй дайчид юм. Тэд Чингэс, Зүчийн үеэс монгол төрийн зараалаар цэргийн албанд зүтгэсэн. Зүүнгар улсаас 1716 онд Төвд рүү хийсэн аян дайнд тагнын урианхайн дайчид оролцож нийслэл Лхас хотыг нь эзэлсэн цэргийн бүрэлдэхүүнд байсан байдаг.

Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээснээ зарлахад Тагнын урианхайчуудын ихэнх нь талархан хүлээж авч ноёдууд нь монгол төрдөө багтахаа албан  ёсоор илэрхийлж байсан ба Ховд хотыг чөлөөлөх байлдаанд Тагнын урианхайгаас 300 хүнтэй цэргийн анги оролцож сэргэн босож буй улсдаа чин сэтгэлээсээ зүтгэж эхэлсэн. Хамгийн эхэнд дагаар орохоо илэрхийлсэн хошуудын ноёдод Богд хаан хдргэм цол хүртээж, төрийн тамга олгож байсан түүхтэй.

1921 онд Монголд үндэсний ардчилсан хувьсгал өрнөхөд тува нар хэдийгээр оросын протекторат / ивээл /-д байсан авч цагаан, улаан хоёр оросын тэмцлээс болж тэрхэн үед тувад анхаарал нь суларсаныг ашиглан монголдоо эргэж нэгдэх хүсэл эрмэлзлэл оргилон гарч байсан түүхтэй. МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын төв сургуулийн анхны сонсогч нарын дунд барга, тува нар байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

ТАГНЫН УРИАНХАЙ ОРОСЫН ПРОТЕКТОРАТ БОЛСОН НЬ

Оросын албан ёсны түүх бичлэгт ангаас өөр юм мэдэхгүй, алслагдсан бөглүү хязгаар Тагнын урианхайг аж үйлдвэржүүлж суурьшуулсан гавьяа орост ноогдоно гэсэн байдаг. Оросууд Чин гүрнийг шахамдуулсны хүчинд 1863 оноос л тагнын урианхайд албан ёсоор худалдаа хийж эхэлсэн ба үүнийхээ хажуугаар хэрмэл Оросууд алт хайн уул хангайг нь нээж нэгжиж эхэлжээ. 1800- аад оны сүүлээр энэ бүс нутаг алтны арвин нөөцтэй болохыг олз хайгч хэрмэл Оросуудаараа дамжуулан хаант орос мэджээ.

Үүний дагуу 1883 оноос төрийн бодлогоор өргөн хэмжээний судалгаа хайгуул явуулж эхэлсэн байдаг. Оросоос Тувад явуулж байсан геологи хайгуул, газар зүй, угсаатны зүйн судлаачид нь эрдэмтэн эрдэм шинжилгээний ажилтан нэрээр халхавчилсан хаант оросын армийн жанжин штабын тагнуулын газрын ахлах офицерын өндөр хэргэмтэй ажилтнуудбайсан байдаг. Манайд ирж байсан судлаач эрдэмтэд нь ч ийм л байсан.

Оросууд 1904-1914 оны хоорондох аравхан жилд 454 газраас 1440 пут буюу (1 пут 16,398 кг) 23 тн 587 кг алт олборлосон албан ёсны мэдээ байдаг. Албан мэдээнд ороогүй хэдий хэр хэмжээний алт Оросуудын хэтэвчийг зузаалсныг бурхан, чөтгөр хоёр л мэдэх буй заа.

1885 онд л Туран нэртэй анхны орос суурин үүссэн боловч хорь гаруйхан жилийн дараа буюу Тагнын урианхай бол манай протекгорат хэмээн Хаант орос зарлах үед оросууд аль хэдийн нь 200 гаруй суурин байгуулчихсан Тувад амьдрагч 5 хүний нэг нь орос болчихсон байжээ.

Оросууд монголын ар хударгаар хятадтай нэгэн тохиролцоо хийсэн нь Тагнын Урианхайг орос, харин Алтайн хязгаарыг хятад эзэгнэхээр харилцан тохирсон нууц тохиролцоо байлаа. Гурван улсын төлөөлөгчид Хиагтад гэрээ байгуулахаар уулзаж эхлэхээс 9 хоногийн өмнө буюу 1914оны VII сарын 17-ны өдөр Хаант орос Тагна Урианхайг ивээлдээ аван Енисейн губернид хамааруулсанаа зарласан юм.

1914 оны ҮII сарын 26-аас 1915 оны V сарын 25 ны хооронд үргэлжилсэн Гурван улсын хэлэлцээрээр баталсан Хиагтын гэрээгээр гадаад Монголыг хятадын нэгхэсэггэж үзсэн авч гадаад монголын өөртөө засан тохинох нутаг дэвсгэрийг тогтоосон буюу өөрөөр хэлбэл монгол хятад, монгол оросын хилийг тогтоосон нь түүхэн ач холбогдолтой юм.

Энэ гэрээгээр тагнын урианхай нь гадаад монголын харьяалалд үлдсэн. Алтайн хязгаарт эзэн эрх хэрэгжүүлэх боломжийг оросууд хятадад олгоогүй учир хятад “хариу барьж” Тагнын урианхайг гадаад монголын нэгэн хязгаар гэж хүлээн зөвшөөрөхөд зүтгэл гаргасан байдаг.

Хятад хоосон хоцорсон уу гэвэл бас үгүй, орост эзлэгдсэн алтайн хязгаараас авч чадаагүй нутгаа Монголын Ховдын хязгаараас тодруулбал алтайн урианхайн 7 хошууны нутгаас хэрчин авч Шинжаанд Алтайн хязгаар гэдгийг байгуулсан юм. Харин Эдмон компанид хэвлэгдсэн Монголын түүхийн сурах бичигт энэ түүхэн байдлыг орхигдуулан Гурван улсын гэрээгээр Тува нь монголд хамааралгүй болсон мэт битүүгээр ойлгуулсан нь харамсалтай.

Үргэлжлэл бий

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих