Энэ оны хамгийн толгой эргүүлсэн асуудлууд

/Фельетон/

2010 оны шилдгүүд ч тодорч өгч байна даа. Энэ жилийн шилдэг хүүхэд гэж тодорсон байсан, оны өвөө, эмээ гэж бол харин сонстоогүй л байна. Оны шилдэг “маанаг эр” гэж шалгарч байсан тухай онигоо би ярьж өгсөн бил үү? За яахав, дахиад нэг яриад өгчихье. Нэг байгууллагын шилдэг шалгаруулах ёслол дээр хамгийн ахмад ажилтан нь дугтуйн дотроос “Шилдэг MANAGER” гэсэн номинаци гаргаж ирээд “Энэ оны шилдэг МААНАГ ЭР” гарч ирж шагналаа аваарай гэсэн гэдэг.

Миний бие харин та бүхэнд оны хамгийн толгой эргүүлсэн, тодорхой бус асуудлуудыг өөрийн зүгээс шалгаруулснаа толилуулъя. Тооны хичээлдээ муу монгол хэлний багш болохоороо толгой эргэсэн тал байгаа байх, ухаант мэргэн уншигч та уужуу сайхан тайлбарлаад өгөхийг бодоорой доо.

Жүжигчин Хүрлээгийн “Би ер нь учраа олохоо байлаа, цонхоо онгойлгохоор агаар ороод ч байгаа юм шиг, угаар ороод ч байгаа юм шиг, зурагтаа асаахаар нээх далбагар өмдтэй хип хопууд гарч ирээд дуулаад ч байгаа юм шиг, загнаад ч байгаа юм шиг…” гэдэг шиг юм надад бас өнгөрч байгаа тохиолдоод, ямар сайндаа л та бүхэнтэй саналаа хуваалцахаар бичиж байх вэ дээ.

Нэг.

МАХН гэж байна уу, алга уу?

Энэний учрыг үнэхээр олохгүй сууна даа. Лав л МАХН хурлаа хийсэн, нэрээ солилоо гэсэн. Гэтэл нэрээ солимооргүй улс тэр намд бас байсан, тэгээд тэд нар нь хуучин нэртэйгээ үлдлээ гэсэн, хуучин нэр нь хүчингүй гэсэн, зөрүүлээд МАН гэдэг нь хүчингүй нэр, өөр байгууллагынх гэсэн, тэгэхээр МАН-аас тэднийг хөөлөө гэсэн, элсээгүй байхад хөөдөг сонин л байна шүү гэсэн, аягүй бол бууриа сахигсад удахгүй зөрүүлээд МАХН-аас бусдыгаа бүгдээрэнгий нь хөөх байх. Ер нь тэгээд МАХН гэж байгаа юу, байхгүй юу? Байгаа бол МАН нэрээр байна уу, МАХН нэрээрээ байна уу? Энэ оны хамгийн будилаантай асуудал энэ бөлгөө.

Хоёр.

Хурц гэж баатар уу? дайсан уу?

Англид Хурц гэж том дарга баригдлаа. Зарим хүний хэлэх нь тэр бол хүн барьцаалсан, хулгайлсан, хил давуулсан, эрүүдэн шүүсэн айхтар муухай амьтан гэх. Зарим нь болохоор улсаас өгсөн үүргийг нэр төртэй биелүүлсэн, Европын улсуудыг бишрүүлсэн, тагнуулын мундаг ажилтан гэх. Улсын маань баатар эр харьд хэлмэгдээд байна уу, эсвэл хүн хулгайлагч хийсэн хэрэгтээ яллуулж байна уу гэдэг бас л толгой өвтгөсөн том асуулт болоод байна даа.

Гурав.

Санжаадамба гэж сайн бөх уу, муу бөх уу?

“Өнөөдөр” сонинд гаргасан чансаагаар бол өнгөрсөн оны хамгийн мундаг бөх нь Санжаадамба гэнэ. Нээрээ л хамаг том барилдаанаар дандаа түрүүлдэг мундаг бөх юм гэхээр улсын цол ч үгүй байдаг нь хачирхалтай. Тав давчихвал л түрүүлнэ гэх юм. Тав л давж чаддаггүй нөхөр аж. Хөлбөмбөгөөр бол италичууд группээсээ л гарчихвал найдвартай гэдэг шиг юм болох нь л дээ. Группээсээ харин гарах эсэх нь эргэлзээтэй гэж байгаа. “Зааны энтэй харцага, Гарьдын энтэй заан” гэх мэт хэллэгээс харвал “ямар нэг цолны энтэй” гэж эхэлсэн бол яг доорх цолыг нь араас нь хэлдэг монгол хэлний дүрэм байна. Тэгсэн Санжаадамбын хувьд бол “Аваргын энтэй” гэснээ арслан, гарди, заан, харцага, начныг даваад “цэргийн арслан” гэх. “Аваргын энтэй цэргийн арслан” гэж бас байдаг аа? Үгүй тэгээд Санжаадамба “Өнөөдөр” сонины тодруулсан шиг өнгөрсөн оны хамгийн чансаатай бөх юм бол Улсын баяр наадмаар чансаагүй бөхчүүд нь цол аваад байдаг хэрэг үү? Санжаадамба гэж залуу сайн бөх үү, муу бөх үү гэдэг, наадмаар хэн нь цол авдагтайгаа хамт бас л бүрхэг асуудлууд юм аа даа?

Дөрөв.

Их өр гээчийг тэглэсэн юм уу, тэглээгүй юм уу?

Үгүй таминь ингэхэд хэдхэн жилийн өмнө “Их өрийг тэглэлээ” гээд л уйлаад л, орос ах нартаа баярлаад л, бас тэглэсэн улс төрчдөөрөө бахархаад л байгаагүй сэн бил үү? Тэгсэн энэ оны шилдэг үйл явдлын нэгэнд бас нөгөө “Их өрийг тэглэсэн явдал” орсон байх юм. Энэ янзаараа бол жил бүр оны шилдэг үйл явдлаар Их өрийг тэглэх гээч шалгардаг уламжлал тогтох бололтой дог шүү. Одоо тэгээд тэр их өр нь яг үнэхээр тэглэгдсэн эсэх дээр тун ч болгоомжтой, сэтгэлийн хөдөлгөөнөө дарж л хандаж байсан нь дээр юм байна гэж бодогдох боллоо. Тэглэнэ гэдэг чинь тэг, орсоор бол нойл, англиар бол зеро болгоно гэсэн үг л баймаар. Тэгсэн тэр “тэг” хэмээх тооны цаана бүхэл бүтэн 172 сая ам. доллар байсан байдаг байгаа. Би ч тоондоо муу нөхөр л дөө. Гэхдээ л эргэлзээтэй юм их байна аа, байна. Нэг бол их өрийг дарсан баатар болохын тулд урт шар дээлтэй нэг нь гарч ирж нэг дарангуут араас нь богно хар пиджактай нэг нь гарч ирж, дахиж сэргээн гаргаж ирж байгаад өөрөө эргүүлж дараад байна. Үгүй бол орос ах нарт шар дээлтэй нь хэрэгтэй бол түүгээр нэг даруулаад л, тэр нь хэрэггүй болмогц дахин сэргээж байгаад хар костюмтаар нэг тэглүүлээд байна уу. Ёстой нэг мэдэх юм алга. Тэгсэн сүүлийн үед зарим нийтлэлч Монгол улс Оросын талд бол их байтугай бага өр ч байхгүй, байсан түүх ч үгүй, харин ч оросууд манайд өртэй гэх? Мэдэхгүй ээ, мэдэхгүй.

Тав.

Оюутолгой манайд ашигтай юм уу, үгүй юм уу?

Оюу толгойн гэрээ хийгдсэн, хэд билээ, гучин дөрөв бил үү, хувь нь манайх гэсэн. Ингэж л итгэж явлаа шүү дээ. Тэгсэн УИХ-ын зарим гишүүд “34 биш ээ, долоохон хувь нь манайх” гэх юм. Нөгөөдүүл нь зөрүүлээд “Үгүй ээ, 34 хэвээрээ байгаа” гэх. Хэлж байгаа хоёр талын хэн хэн нь төрийн хамгийн том түшээд, барин тавин тэгж худал яримгүй. Хэнд нь итгэх болж байна аа, хүмүүс ээ. Ер нь бол тоон дээр маргаж байгаа улс ихэвчлэн “тав уу, зургаа юу”, “гуч уу, гучин тав уу” гэж дараалсан, ойролцоо тоон дээр л үзэж тардаг сан. Тэгсэн чинь “гучин дөрөв үү, долоо юу” гэдэг чинь тоонд муу (гэдгээ өмнө хэлчихсэн байгаа) мань мэтийг бол доромжилж байгаа юм шиг сонстоод болдоггүй ээ. За яахав хар ухаанаараа, өөрөө өөртөө л шийдэх гээд үзье дээ. Аль аль нь жаахан хэтрүүлэгтэй, залчихдаг улс байж мэднэ, гэхдээ аль алинд нь үнэний хувь байж бас мэднэ, тэгэхээр дундажлаад бодохоос. 34 дээр 7-г нэмээд 2-т хуваавал, 20,5 хувь нь манайд байгаа юм байна аа гэж.

Дэлхий дахины учрыг олох бүр л хэцүү болоод байх юм даа. Ганцхан хайрт ахтай, ганцхан импералист дайсантай байхад амар байжээ хөөрхий гэж. Тэгсэн одоо Ассанж новшроод байна уу, Америк золигтоод байна уу, Пэнян (Пэхээнян биш шүү) пээдийгээд байна уу, Сөүл нь солиороод байна уу, хөлбөмбөгийн тоглолтын дүнг хөлбөмбөгчдийнх нь ур чадвар мэдэх үү, наймаалжны зөн билэг тодорхойлох уу, дэлхий ертөнц дулаараад байгаа юм уу, харин ч хүйтрээд байгаа юм уу гээд л…

Хүрлээ жүжигчнээс тэр их асуудлаа яаж шийдсэнийг нь асууж байж л толгойгоо нэг сэргээхээс.

Будилж гүйцсэн  М.Саруул

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.