Олимпоос мөнгөн медаль аваад ирэхэд манай улс сэтгэл дундуур хүлээж авсан

Үеийн үед бодсоноо шулуухан хэлчихдэг, хэлсэн үг бүр нь хатуу боловч үнэн байдаг нэгэн эрхэмтэй энэ удаа уншигч таныг уулзуулж байна. Өөрөөр хэлбэл амьдралынхаа 60 жилийг зориулсан бөхийн спортдоо үнэлж баршгүй капитал болсон Х.Баянмөнх гуайтай Олимп хэмээх их наадмын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснээ хүргэе.

-Ирэх жил Лондоны Олимп тохиох гэж байна. Өнгөр­сөн Олимпоор од­той бай­сан монголчууд маань энэ удаа хэрхэн орол­цох бол хэмээн одоо­ноос сэтгэл зовних бол­лоо. Олимп гэдэг энэ сайхан наадмын талаар та юу бодож явдаг вэ?
-Олимпод оролцох нь хувь хүн, улс орны хувьд нэр төрийн хэрэг. Яагаад гэвэл дөрвөн жилд болдог дэлхийн хамгийн том үйл явдал бол Олимп. Олим­пийн их наадамтай дүй­цэх тийм том баяр, үйл явдал, хөдөлгөөн өнөө­дөр дэлхий дахинд бий болоогүй.
Олимп болж байх үйл явцад тухайн улс орны гай­хам­шигтай сурталчилгаа хүс­сэн хүсээгүй хийгдэж бай­даг. Энэ хаанахын хэн гэдэг тамирчин бэ гэдгээс авахуулаад бүх дэлхийн ан­хаарал нэг зүг рүү чиг­лэдэг. Тийм учраас Олимпийн ач холбогдол маш их.
-Таныг 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон зуны Олимпоос мөнгөн ме­даль хүртэж байсныг тань бид мэднэ. Дур­самжаасаа хуваалцаач?
-Манайх 1964 онд Токиогийн Олимпод анх удаа оролцож байлаа. Дараа нь 1968 онд Мехикод болсон Олимпод оролцсон. 1972 онд Мюнхенд болсон дэл­хийн хорьдугаар Олимп, Монголын оролцсон гурав дахь Олимпоос би мөнгөн медаль хүртэж байлаа.
-Тэр жил та ганцаараа мөн­гөн медальтай буцаж ир­сэн бил үү?
-1968 оны Олимпоор монгол­чууд дөрвөн медаль хүрт­сэн. Тэгвэл Мюнхений Олимпоор дөрөв юм уу, таван медаль авч амжилтаа ахиулах ёстой байлаа. Гэтэл тэр Олимпоос бид ганцхан мөнгөн медальтай буцаж ирсэн. Тэр сайхан хувь заяа нь надад оногдсон.
-Хожим нь харамсаад ч яах билээ. Гэхдээ та мөнгө биш, алт авч болоогүй юм уу?
-Олимпийн аваргыг булаал­дахаар Иван Яригин гэдэг хүнтэй би шалгарч үлдсэн. Энэ хүн бол ОХУ-ын тамир­чин, Олимпийн хоёр удаагийн аваргыг хаячихсан, дэлхий дахины анхаарлыг татаж байсан бөх. Ид буцалж явсан 22 насандаа Мюнхений Олим­под хүрэлцэн ирсэн нь тэр юм.
Тэгэхдээ Олимпийн аваргыг булаацалдахад нэг онцлог зүйл байдаг. Хэдэн бөх үлдээд торгууль энэ тэрээр зохицуулж байр эзлэх, бүх хүнээ ялаад аварга булаацалдахаар шалгарч үлдэх гэсэн хоёр хувилбар бий. Тэр үед Яригин бид хоёр бүх хүнээ ялаад шалгарч үлд­сэн. Гэвч миний хувьд тэр хүнд ялагдсандаа огтхон ч гут­раагүй. Яагаад гэвэл би үнэ­хээр дийлээгүй. Тамирчин хүн торгуулиар, шүүгчийн ялих­гүй харамжаар ялагд­чихаар их харамсдаг. Харин би Мюнхений Олимпоос мөнгөн медаль авсан­даа огт харамсаагүй. Ямар­тай ч төрийнхөө далбайг Олимпийн наадамд мандуулчихаад ирсэн дээ.
-Та хоёр өмнө нь огт таарч, барилдаж байгаагүй юу?
-Би урьд нь тэр хүнтэй барил­даж үзээгүй, хараагүй. Надаас өмнө дөрвөн минут орчимд зургаан хүнийг багтаагаад цэвэр дарсныг нь л мэднэ. Бие халаалтаа хийж байгаад яаж барилдаж байгааг нь харах гээд очихоор өөдөөс ирж явдаг юм. 28 секундэд, 48 секундэд цэвэр дарсан гээд л буцаж явна. Гараад л ордог хүн байсан гэх үү дээ. Тийм мундаг хүнтэй би дол­дугаар тойргийн барил­даанд үлдсэн.
-Тэгээд ямар барилдаан бол­сон бэ?
-Хоёр дэлхийн аваргыг ялсан хэдий ч залуу бөх ирсэн учраас би ялна, Олимпийн аварга болох бо­ломж надад иржээ гэж бодож байлаа. Мэдээж надад зориг л хэрэгтэй гэж өөртөө хэлсэн.
Би зүүн хөл авдаг мэх­тэй. Энэ мэхээрээ зүүн хөлийг нь автал намайг дэгээ­дэж, хөмрөөд далаар хая­сан. Дахиад босч ирээд зүүн хөлийг нь авахад ар хойшоогоо шидчихсэн. Ин­гээд зургаан минутын дотор дөрвөн оноо алдсан.
-Харин ч зургаан бөхийг дөрвөн минутын дотор цэвэр дарж байсан хүнтэй та зур­гаан минут ноцолдсон байна шүү дээ?
-Тийм ээ, надад зургаан минут бусад бөхөд дөрвөн минутыг зарсан. Нийтдээ арван минутад барилдаж Олим­пийн аварга болсон хүн. Хожим нь тэр тамирчин Сибирийн агуу хүчтэн болсон юм билээ. Надаас ес дүү залуу шүү дээ.
-Эх орон тань таныг хэрхэн угтаж байв аа?
-Улс их сэтгэл дундуур хүлээж авсан. Ноднин жил манайх мөнгө авсан юм чинь энэ жил алт авах ёстой гэсэн зарчимтай байсан юм билээ.
“Чи мөнгөө л авав уу” гэсэн байдалтай харьцаж бай­сан. Гавьяа, шагналд өгдөг урамшууллаа л өгсөн. Түүнээс биш төр засаг миний гавьяаг ерөөсөө үнэлээгүй. Ямар учир байв гэж одоо би боддог юм.
-Харин сүүлийн үед Олимпоос медаль авсан тамирчдаа манайхан их харж үздэг болж?
-Олимпоос медаль авсан тамирчдаа их дээдэлдэг болжээ. Баатар, гавьяат цол олгоод л. Гэхдээ яах вэ, тэр үед би гавьяат цолоо авчихсан байсан.
Намын төв хорооны дарга Моломжамц гуай биднийг хүлээж аваад “За, Баянмөнх өө чи мөнгөө л авав уу. Цаашаа явж чадсангүй юу” гэх маягаар ширүүдүүлж асууж байсныг одоо би санадаг юм. Би тэглээ л гэж хэлж байсан.
-Арай улстөрийн дарамт байсан юм биш биз дээ?
-Тийм юм байгаагүй ээ. Тэр үеийн дарга нар намайг цаашаа илүү сайн барилдана гэж бодож байсан байх. Итгэл л хүлээлгэсэн болов уу. Эсвэл яасан юм. Нэг тиймэрхүү л хандаж байсандаг.
-Түүнээс хойш чөлөөт бөхийн медалийн цуваа Олимпод ямар байв?
-Дараа нь 1976 онд З.Ойдов мөнгөн медаль авсан, 1980 онд Даваажав мөнгөн медаль хүртсэн. 1988 оны Сөүлийн Олимпоос хойш медаль аваагүй.
-Чөлөөт бөх яагаад ийм зогсонги байдалд орсон юм бол. Олимпод амжилт үзүүлэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Монголд чөлөөт бөхийг хөгжүүлэх бодлого алсаасаа алдагдсан юм.
-Хэзээнээс вэ?
-1987 оноос эхлээд чөлөөт бөхийн бодлого алдаг­даад, уналтад орсон. Тэр үед Ж.Гүррагчаа баатар Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч байлаа.
“Чөлөөт бөхөө хөгжүүлэх арга бодохгүй бол уналтад орох нь ээ. Дэлхийд хөгжиж буй спорт уналтад орох юм бол сэхэх хүртлээ 20 жил болно шүү” гэж удаа дараа сануулж байсан ч хүлээж аваа­гүй. Бүр ойлгохгүй болохоор нь Чөлөөт бөхийн үн­дэсний холбоо гэж шинийг ч байгуулж үз­сэн. Гэвч түүнийг хүлээн зөвшөөрөөгүй.
“Х.Баянмөнх худлаа хэлж байна, бидний сайн сайх­ныг дарж байна” гэж үздэг байсан. Түүний уршгаар 1988 оны Олимпоос эхлээд чөлөөт бөх том уналтад орсон.
-Таны хэлснээр үнэхээр л 20 жил сэхэхгүй нь?
-Харин тийм. Гэхдээ одоо бол чөлөөт бөхийн барил­даанд эмэгтэй бөхчүүд сайн барилдаж байна. Энэ бол шинэ тулгуур хөгжиж байгаа хэрэг.
Ер нь бол эмэгтэй хүнийг чөлөө­төөр барилдуулна гэдгийг анх манай сур­гуулийн багш Цэрэнхүү гэгч санаачилж гаргасан. Дараа нь манай сургуулийн оюутан, улсын начин, гавьяат дасгал­жуулагч Эрдэнэбат гэдэг хүн “Охид” гэдэг клуб бай­гуулж байлаа. Түүнээс хойш эмэгтэйчүүдийн бөх хөгжиж эхэлсэн. Үүнийг хүмүүс мартсан шиг байна лээ.
-Эмэгтэйчүүдээс ирээ­дүйд ямар хүмүүс амжилт үзүү­лэх боломжтой гэж та харж байна вэ?
-Энэ жил медаль хүртсэн гурван тамирчинд өрсөлдөх чадвар бий. Мөн Батцэцэг байна. Гол нь сурсан мэхээрээ дэлхийн чанартай бөхийг унагадаг болтол нь барилдах хэрэгтэй.
-Эрэгтэйчүүдээс хэнийг онцол­моор байна?
-Сая дэлхийн аваргыг харахад нэрийг нь дурдчих хүн харагдахгүй байна. Ер нь сайн залуучууд бий. Тэднийг хамтарсан бэлтгэл хийл­гэж, өрсөлдөх чад­варыг нь дээшлүүлэх шаард­ла­гатай. Энэ удаагийн тэм­цээнийг харахад манай эрэгтэй тамирчдын өрсөлдөх чадвар дэлхийгээс хоцорсон харагдаж байна лээ.
-Тун харамсалтай байна. “Га­цуурт” компанийн захирал Б.Чинбат Чөлөөт бө­хийн холбооны тэргүүн болс­ноос хойш өөрчлөлт, дэв­шилт гарахгүй байна уу?
-Чөлөөт бөхийн холбоо өөрч­лөгдсөн. “Гацуурт” ком­панийн захирал Б.Чинбат Чөлөөт бөхийн холбоог тэр­гүүлснээс хойш чамгүй өөрчлөлт гарч, ажил хийгдэж байгааг хэлэх хэрэгтэй.
-Б.Чинбат ерөнхийлөгч хэр менежмент сайтай хүн бэ?
-Ямар ч байсан сан­хүүгийн боломжоор л сайн хангаж байгаа. Одоо чөлөөт бөхийнхөн мөнгө дутлаа, ийм тэмцээнд орох байсан боловч зардал байхгүй гэж лав хэлэхгүй. Тэгж хэлэхгүй болтол мөнгөөр хангаж чадаж байна. Одоо цагийн ийм том бэрхшээлийг ший­дэж өгч байгаа юм чинь нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчид нь мар­кетинг, менежментийг нь хийх хэрэгтэй.
Хамгийн гол нь өрсөлдөөн бий болгож байж чанар гарч ирнэ. Чанар гэдэг маань тамирчдыг амжилтад хүргэдэг. Тиймээс бид Чөлөөт бөхийн холбоог шинэчлээд, дотор нь мэргэжлийн зөв­лөлийг байгуулсан. Тэр зөвлөлийг би тэргүүлдэг.
-Танай зөвлөл тэгээд ямар ажил хийж байна вэ. Дорвитой арга хэмжээ авч байна уу?
-Бидний зөвлөл хол­боон­доо өрсөлдөөнийг бий болго, улсын аваргын тэмцээнээр эхний аравт орсон тамирчдыг жилд хэд хэдэн удаа өрсөлдүүл гэсэн шаардлагыг голлож тавьдаг. Энэ мэт олон ажил хийж байгаа учраас удах­гүй амжилт ахих байх. Гэхдээ л сууриараа уналтад орсон юм чинь босоход амаргүй байх болно. Тэр тусмаа дэлхийн чанартай спорт юм чинь тийм амар босохгүй. Нэгдүгээрт хөрс нь болохгүй байна, хоёрдугаарт хүрд эргэж өгөхгүй байна.
-Хөрс, хүрд гэж та юуг хэлээд байна вэ?
-Суурь хөрс гэдэг нь сонир­хогчдын хүрээ, өрсөл­дөөн, үзэгчийг хэлж байгаа юм. Хүрдний тухайд зөвхөн шигшээ багийн хэмжээнд эргэлдээд байна. Дэндүү жаахан хүрд эргэлдээд байна гэсэн үг. Бүх нийтийн хүрд, клубүүдийн хүрд эргэхгүй байна.
Ер нь байнгын шигшээ багаас өөр тамирчингүй, өрсөл­дөөнгүй, үзэгчгүй байх тусам тэр спорт хөгждөггүй. Бүх нийтийн дунд чөлөөтэй өрсөлдөөнийг бий болговол спорт хөгждөг.
-Тийм л учраас үндэсний бөх улам хөгжөөд байгаа юм байна шүү дээ?
-Үндэсний бөхөд том хүрд эргэчихсэн, зогсоож чадах­гүй байна. Тэгэхээр үндэс­ний бөхийн дайтай жүдо, чөлөөт бөхийг зохион байгуул­даг, шагнаж, урамшуулдаг, өрсөл­дүүлдэг, сурталчилдаг, үзэгчтэй болгодог байх хэрэгтэй.
-Ингэхэд та ам гарч чадах уу. 2012 оны Лондоны Олимпоос медаль хүртэнэ гэж?
-Ямар ч байсан эрэгтэй, эмэгтэй төрлөөс медальтай ирнэ.
-Өнгөний хувьд?
-Өнгийг хэлэх боломжгүй. Олимпийн аварга болох хүн би аварга болно гэж хэл­дэг­гүй юм. Тухайн секундийн л ажил. Ер нь бөх барилддаг хүн асуултад хариулсаар байгаад дуусдаг.
-Ямар асуулт вэ?
-Та ингэсэн хүнийг яадаг юм, ийм хүчтэй хүнийг та яадаг юм, ийм мэх, ийм хурдтай хүнийг та яадаг юм гэсэн асуултад туж хариулсаар байгаад таардаг. Тухайлбал би зүүн хөлийг чинь авлаа, та яах юм гэдэг асуултад нөгөө бөх нь конторлож мэх хийдэг юм гэх мэтчилэнгээр хариулдаг. Хариулж чадахгүй нь “Би мэдэхгүй ээ” гээд унаж байгаа хэрэг. Тийм учраас бөхийн барилдаан бүгд асуулт. Түүнд яаж хариулахаас ялалт шийдэгддэг.
-Сая 2008 онд Монголын тамир­чид чамлахааргүй амжилт үзүүллээ. Муу хүний заяа завагт гэгчээр санаанд­гүй үйл явдал болсон уу эсвэл үнэхээр бэлтгэл сайтай байсан уу?
-Бээжингийн Олимпийг үзэх тасалбар, урилга надад байсан. Гэвч Бээжин их халуун нартайн дээр миний най­даж байсан ганц тамирчин болох Б.Наранбаатар ялагд­­чихаад надад үзэх юм үл­дээгүй. Тэгэхдээ Бээ­жингийн Олимпоос өмнө би сонин, сэтгүүлд ярилцлага өгч байсан. “За та нар Бээжингийн Олимпод л сайн оролцоно шүү. Нэг ёсны Сүхбаатар аймагт болж байгаа Олимп шүү дээ. Ийм зэргэлдээ, хил залгаа газарт Олимп дахин болох ч юм уу, үгүй ч юм уу. Тиймээс та нарт Олимпод сайхан амжилт үзүүлэх бүрэн боломж бий” гэж хэлсэн. Тэгээд ч манай тамир­чид сайхан оролцож, чам­лахааргүй том амжилт үзүүллээ. Манайхан бэлтгэл сайтай байсан.
-Залуусынхаа барил­даа­ныг үзэж байхад сэтгэл тань хөдөлж, босоод өмнөөс нь барилдчихмаар ч юм шиг санагддаг биз?
-Сэтгэл догдлолын ха­жуугаар жинхэнэ тамирч­ныхаа түвшинд хүрсэн зогсолт, байрлал, дэвжээн дээр өөрийгөө дайчлах, төв­лөрүүлэх чадварыг судлаач хүнийхээ хувьд хардаг. Түүнээс биш миний хор­хойтох хөг өнгөрсөн.
Тэгэхдээ сая хүнд жингийн Ч.Чулуунбаатар Дэлхийн аваргад өрсөлдөхөд миний жин учраас хийчихмээр, оноо авчихмаар юм нэлээн харагдаж байна лээ. Яг цагаа тулбал хийж чадахгүй байх л даа.
-Та чинь бөөн туршлага биз дээ?
-Туршлага мэдээж бий. Бөх барилдаж чадахгүй бай­хаасаа чаддаг болтлоо, эргээд чадахгүйгээ хүртэл барилдлаа. Хоёрдугаарт шинжлэх ухааныг нь судалж үзлээ. Онол, практик хоёрын үндсэн дээр дэвжээнд гарч ирсэн бөхчүүдийг дөнгөж өрөх төдийд л хэн нь ялах вэ гэдгийг мэддэг. Энэ нь барахгүй юм байна даа гэхээр үнэхээр бардаггүй. Ганц хоёр хүн тактикийн алдаа хийгээд зөрдөг боловч ихэнхдээ миний таамагласнаар барилддаг. Мэдрэмжтэй болчихдог шиг байна лээ.
-Нээрээ энэ жил танай нутгийн бөх улсын наадмыг өнгөл­лөө. Дандаа тэгш ойн жилүүдийг Х.Баян­мөн­хийнхөн авдаг гэж яриг­даж байсан шүү?
-Энэ жилийн наадам миний бодож, төлөвлөж байснаар л 100 хувь болсон. Намайг хүмүүс том ойг авдаг гэж ярьдаг. Үнэхээр ч 50, 60, 70, 80, 90 жилийн ойг бид авлаа.
50, 60 жилд нь би түрүүл­сэн, 70-д нь О.Балжинням түрүүлсэн. Би өөрөө дасгалжуулсан юм. 80-д нь миний хүргэн, манай шавь А.Сүхбат түрүүлсэн. 90-д нь манай оюутан С.Мөнхбат түрүүл­лээ. Миний шавь, манай сургуулийг дөрвөн жил сураад төгссөн хүн шүү дээ.
Намайг том ойг авдаг туршлагатай хүн гэж олон түмэн ярьдаг. Тийм учраас энэ удаа авчих юмсан гэсэн бодол байсан. Би өөрөө 70 дөхсөн насандаа 90 жилийн ойгоороо зодоглож, цолоо дуу­дуулсан. Миний хүсч байснаар л наадам дууслаа. Бурхан миний хүслийг биелүүл­лээ гэж бодож байна. Би баяртай байна.
-С.Мөнхбат аварга бие жижигтэй ч гэсэн түрүүл­лээ?
-Бие жижигтэй ч гэсэн байрлал томтой хүн. Зогсолт, хүнтэй тулалдах чадвар, хүний эрч хүчийг зогсоох чадвар, давамгайлж мэхээ хийх ухаанаар том хүн.
-Сониноос залуу аварга С.Мөнхбаттай амьдаа, таны анд Ж.Мөнхбат аварга та хоёрын олон жилийн “дайн” дууссан уу?
-Таарч тохирохгүй юм олон бий. Гэхдээ бидний тэр асуудал хортой юм биш. Би Ж.Мөнхбатыг муу хүн гэж хэлэхгүй. Бөхийн хувьд Ж.Мөнхбатыг хэзээ ч шүүмж­лэхгүй. Харин үзэл баримтлалын хувьд тохирохгүй юм билээ.
-Тийм асуудал байлгүй яах вэ. Ер нь энэ жилийн наадам нэлээн маргаантай боллоо. Х.Мөнхбаатар аварга наадмын комисст гомдол хүртэл гаргасан?
-Маргаантай болсон. Техник хэрэгслийг ашиг­лахгүйгээр барилдааныг шүүж буй одоогийн Бөхийн холбооны практик нийгмээсээ хоцорсон байна. Сумогоос авахуулаад дэлхийн спортын бүх тоглолтыг зурагтаар хэд дахин давтан үзүүлдэг. Тэгэхээр тийм мэдээллийг авч буй ард түмэнд техникээр биш нүдээр харсан шийдвэр таалагдахгүй.
-МҮБХ техник хэрэглэх дур­гүй гэл үү?
-Өөрсдийнхөө үүрэг роллийг өндөр болгохын төлөө ийм шийдвэр гаргасан гэж би ойлгодог. Хөлийн цэц л мэднэ, эсвэл Дагвасүрэн л мэднэ, бусад нь мэдэхгүй гэсэн амбиц болов уу. Тэр хүн буруу харж болно, гүйцэж хараагүй байж болно, бас амбицалж болно. Тэр олон барилдаан гялс гээд л өнгөрч байхад өөр зүйл рүү анхаарч байгаад тухайн барилдааныг хараа­гүй байж болно шүү дээ.
Хувь хүний нүд тэр хүндээ л үйлчилдэг. Түүнээс биш төр түмний өмнөөс баталгаа өгөх зэвсэг биш. Тэгэхээр хамгийн баталгаатай зүйл бол техник хэрэгсэл.
-Нэг хэсэг МҮБХ, түүний тэргүүн Р.Нямдоржтой та нэлээн маргаан дэгдээсэн. Энэ асуудал одоо ч нам­жаагүй юм аа даа?
-Намжаагүй. Бид өмнө нь буруу байна гэдгийг илчилж, шүүхээр шийдвэр гаргуулсан. Шүүхийн албадан шийдвэр хүртэл гаргуулаад байхад арав гаруй жилийн турш хуулийг үл тоомсорлоод явж байна. Бүхий л шүүх дээр бид ялж байсан боловч тэд төрийн шийдвэрийг ер тоодоггүй. Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй хүмүүс дээ.
-Та бөхийнхөө төлөө бүх амьд­ралаа зориулсан шиг Р.Ням­дорж гуай ч сэтгэлээ зориулж яваа нэгэн. Энэ утгаараа та хоёр нэгдээд ажиллаж болдоггүй юм уу. Р.Нямдорж гуай бөхийг олон жил судалж байгаа юм билээ?
-Р.Нямдорж судалдаг байж болно. Судалдаг хүн бөхийн түүхийг мэдэж болно. Харин судлаад бөх мэднэ гэж байх­гүй. Барилдаж байсан хүн бодитой сэтгэнэ, нөгөөх нь хийсвэр сэтгэнэ.
Р.Нямдоржийн хувьд 20 жил үнэгүй бөх үзсэн. Тэр дайны л бөх мэддэг хүн. Өөрөөр хэлбэл чамайг 20 жил бөх үзүүлбэл тодорхой хэмжээгээр мэддэг болно шүү дээ. Гэтэл чи “Х.Баянмөнх аварга аа, би бөхийг чамаас илүү мэднэ” гээд дайраад байдаг болчихвол яах вэ. Тийм үед хэлэх ч үг олддоггүй юм билээ.
-Нээрээ ч тийм юм уу?
-Японы хэвлэлд “Монголд сумогийн хамгийн доод зиндаанд барилдаж байсан бөх манайхны Их аварга шиг хүнтэй маргалддаг гэнэ ээ. Их аваргатай огт барилдаж үзээгүй хүн би бөхийг чамаас илүү мэднэ гэж хэрэлддэг” тухай бичсэн байсан.
-Р.Нямдорж тэргүүн та хоёрыг хэлж байгаа юм уу?
-Тийм. Биднийг дооглож байгаа нь энэ. Ямартай ч бид удахгүй шүүхийн шийдвэрээ биелүүлнэ. Монгол бөхийг жинхэнэ орчин цагийн бөх болгоно. Одоо бол мөнгө авч, бууж өгч байна. Ёс зүйн алдаа гаргаж, допинг хэрэглэж байна. Бааранд зодоон хийж, хэрэг төвөгт холбогдож байна. Тэгсэн мөрт­лөө бид их сайн явж байна гэдэг.
МҮБХ хөгжихийн хувьд хөгжиж байна. Тэгэхдээ МҮБХ-ны хийж байгаа ажил биш. Нутаг бүрийн гал сайн ажиллаж байгаагийн шинж.
-Тэгээд МҮБХ юу хийдэг байгууллага болж таарч байна вэ?
-Бөх болно гэж зарлаад, хэдэн засуул, хөлийн цэцдээ тавиад, барилдаан явуулдаг л газар.
-Хэдийгээр та МҮБХ-г шүүм­жилдэг ч гэлээ Геннисийн номд монгол бөхийг бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд зодог­лосон нь олон хүнд өөр бодол төрүүлсэн шүү?
-Геннисийн номд орох барилдааныг санаачлаад, зохион байгуулсан нь сайн хэрэг. Монгол бөх дэлхийн соёлын өвд орчихлоо. Одоо энэ нэр хүндийг допинг хэрэг­лэдэг, зодолддог, хэрэг төвөгт орооцолддог зүйлээс аврах хэрэгтэй. Бөхийн нэр хүнд дэлхийд өсөөд байдаг, дотроо дутагдал нь даамжраад байж болохгүй. Хэрвээ ийм байдал нь дэлхийд бас танигдвал шившигтэйгээр дуусах болно.


URL:

Сэтгэгдэл бичих