Монгол Улс авлигад идэгдсэн индексээр гуравхан жилийн дотор 18 орны дээр гарлаа
НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдрийг “Авлигын эсрэг Олон улсын өдөр” хэмээн тунхагласан билээ. Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг.
Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон түүхтэй. Ингээд Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар /АТГ/-ыг байгуулж байв.
Тэгвэл АТГ үүсэн байгуулагдсаны зургаан жилийн ойн босгон дээр Монгол Улс авлигын индексээр 183 орноос 120 дугаарт орж, хойш ухарчээ.
2008 онд авлигалын индексээр 102-т бичигдэж байсан Монгол Улс гуравхан жилийн дотор 18 орноор ухралт хийлээ. Энэ нь манай улс авлигал, хээл хахуульд асар хурдацтай идэгдэж байгаагийн тод илрэл.
АТГ гэдэг байгууллага бий болсноос хойш төрийн томоохон албан тушаалтантай холбоотой хээл хахуулийн ганц ч болов хэрэг илрүүлж чадсангүй.
Авлигатай тэмцэнэ гэж байгуулагдсан болохоор осолдохгүй л төрийн томчуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр шинэчлэн гаргаж, хааяа нэг аймаг, сумдын жижигхэн дарга нарыг буруутгаж, арга хэмжээ авахуулна. Гэхдээ аймаг, сумын Засаг даргыг ч биш. Бүр тэдний доор ажилладаг ардаа хүнгүй, арын хаалгагүй нөхдийг барьдаг. Ерөнхийдөө жараахайнуудыг л ээрч хоргоодог ажилтай.
Гэтэл наагуур нь том том акулууд улайм цайм авлига хийж, бараг АТГ-ын ажилтнуудад өөрсдөд нь хэдэн төгрөг өгч, хавтаст хэргээ хаалгах нь холгүй байна.
АТГ-ын ажилчид төрийн байгууллагуудаас хамгийн хангамж сайтай нь. Тэгсэн хэр нь л төрийн томчууд үнэ цохиод хэргээс мултарчихдаг болсон. Сүүлдээ энэ асуудал нь бүр ил цагаан болж дээ.
Мэдээж энд АТГ байгуулагдсан зургаан жилийн хугацаанд гурав дахь даргаа сольж байгаа талаар дурсахгүй өнгөрч болохгүй.
Анхны дарга Б.Дангаасүрэн нь Австрали улсад зохион байгуулагдсан Олон улсын бага хуралд оролцохоор яваад 2007 оны 10 дугаар сарын 24-нд нас барсан. Удаах дарга Ч.Сангарагчаа нь 2011 оны гуравдугаар сарын 22-нд 2.4 жилийн хорих ялаар шийтгүүлж, хоригдсон.
Энэ жил шинэчлэгдсэн авлигын индексээр Монгол Улс 120-д орсон бас нэг шалтгаан нь дарга, удирдлагагүй явсан долоон сар.
АТГ-ын дарга, дэд дарга нарыг нь төрийн нууц задруулсан хэмээн буруутгаж бараг л авлигад идэгдсэн гэх нь холгүй шоронд хорьсон. Ингэснээр АТГ гэдэг байгууллагын үйл ажиллагаа илтэд доголдож, хэн дуртай нь хэдэн төгрөг өгөөд хавтаст хэргээ хаалгахдаа тулж байна.
Нэр бүхий УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг АТГ-т ирсэн боловч хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлдэг уламжлалтай болчихов.
Харин иргэд, олон нийтийн шахалт, шаардлагаар өнгөрсөн сарын 17-нд АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг томилсноор энэ асуудал жаахан саармагжив бололтой.
Энэ эрхмүүдийн хувьд АТГ-ын даргын албан тушаалд ногоон гэрлээр томилогдсон гэж хэлэхэд болно. Тиймдээ ч олон нийт Н.Ганболд, Б.Хурц нараас их зүйлийг хүлээж байна. Тэд авлигын индексээр 120-д бичгдсэн Монгол Улсынхаа нэр хүндийг хэр хурдан хугацаанд өргөх вэ гэдэг асуулт удахгүй хариугаа өгнө биз ээ.
URL: