“Эссэ”-нээс эхлээд эргэлзэх ийм шалтгаанууд

17862310_1807645612895727_3715869235027787666_nЭссэний тухай ном уншаад эргэлзэж эхлэв. Хошин урлагийн алдарт жүжигчин нөхөр “Эргэлзээ” гээд ихээ урт “юм” уншаад дуусдаггүй шиг эргэлзэх шалтгаан хэл бичгийн ертөнцөд хангалттай их ажээ. Маш товчхондоо “Юуг эссэ гэх вэ” гэдэг энгийн асуултаас эхлээд чухам яг ямар хэлбэрийн бичвэрийг сурвалжлага гэх вэ…? гэдэг асуулт хүртэл хариулахад төвөгтэй нөхцөл байдалд тулж ирсэн байгааг эл номноос анзаарав, би. Ингээд л эргэлзээ үүсч байгаа юм…Тухайлбал өдөр тутмын сонинууд нэг сэдвийн гурван мэдээг нэгтгэж боогоод “Өдрийн сурвалжлага” гэсэн хөмсөг тавиад хэвлүүлж байна. Нарийвчилж харвал “Худалдааны төвд гал гарлаа” гэсэн толгой мэдээтэй, Онцгой байдлын газрын албан хаагчаас авсан тодруулга мэдээтэй, хамгийн сүүлд нь худалдааны төвийн түрээслэгчдийн яриаг багтаасан нэг мэдээллийг нийлүүлээд л сурвалжлагчийн “ажил” нь дуусаа…
Гэтэл энэ бүхний цаана их сургуулийн сэтгүүлзүйн ангид үздэг байсан “ЯМАГТ ЗОХИОГЧ ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ”, эс бөгөөс “СЭТГҮҮЛЧ АЖИГЛАГЧ, ГЭРЧ, ОРОЛЦОГЧ” байх ямар ч шаардлагагүй болж байна. Ихэнх тохиолдолд өнөө цагийн сурвалжлага дүрслэлээр эхэлж, асуудал дэвшүүлсэн өгүүлэлийн төрлөөр үргэлжилж, ярилцлагаар дуусч байна. Ийм орчин нөхцөлд хувь зохиогч, сэтгүүлчийн бичвэрийг шууд оноож нэрлэхэд улам л эргэлзээ үүсч байна. Магадгүй энэ байдлыг манай сэтгүүлзүйн онолчид, энгэрээрээ дүүрэн тэмдэгтнүүд “Одооны залуусын сэтгэлгээ хумигдсан” зэрэг алдарт үгээрээ өлгөж авч магадгүй юм. Гэтэл энэ бүхний цаана уншигчийн сэтгэлзүй, нийгмийн үнэт зүйлийн ялгаа, мэдээлэл технологийн хурд зэрэг тодорхой өгөгдлүүдийг яах вэ… Бас л эргэлзээ үүссэн хэвээр. Тэр ч бүү хэл асуудал дэвшүүлсэн мэдээ, хувь сэтгүүлчийн дүгнэлт давамгайлсан мэдээллийг захын хэвлэлээс шүүрч аваад өдөр бүр бид уншдаг болжээ.
Тэгвэл “Эссэг хэрхэн бичих вэ…?”. Онолын биш ойлголтоороо тайлбарлавал маш энгийн хийгээд хялбархан асуулт. Учир нь “Эссэг ингэж бичдэг” гэсэн тодорхойлолтыг хэн ч хэзээ ч ямар ч байдлаар тодорхойлж болно. Шалтгаан нь мөн л онолын биш ойлголтоороо өгүүлэхэд эссэ гэдэг хувь хүний бодол давамгайлсан л бичлэгийн төрөл зүйл. Үгүй бол хамгийн хэцүү асуулт “Эссэг хэрхэн бичих вэ..?” байж болох. Адаглаад нэрийг нь яаж бичих вэ гэдгээс эхлээд эргэлзээ үүсч байна. Үнэндээ өнөөгийн монгол хэлэнд ЭССЭ гэдэг ганцхан үгийг 5-6 янзаар бичиж байна. “Исээ”, “Эссэ”, “Эсээ”, “Эссе” тэр ч бүү хэл “Төрөгдөл” гэж нэрлэж байна. Гэвч энэ мэт жижиг зүйлийг үл анзаарвал уран сайханлаг байх уу, уйтгартай байх уу үгүй бол хуудасны хэмжээ, үгийн тоо заадаг өнөөгийн сургалтын алдаа байх уу гэдгээрээ ялгарах мэт. Дарма.Батбаяр гуай “Бүтээхүйн зүй тогтол” номондоо “Бүтээл бүхэн цоо шинэ байдаг учраас тэрхүү шинэ бүтээлийг шинэ арга барилаар бүтээхээс өөр нөхцөл байдаггүй” гэж бичсэн байдаг. Тэгэхээр эссэ бичихэд хүртэл шинэ арга барил хэрэгтэй байх нь. Тэгвэл тэр арга барилыг доктор П.Батхуяг “Эсрэг хурд буюу эсээний тухай эсээ” гэдэг миний уншсан цоо шинэ номондоо чамлахааргүй сайн багтаажээ. Эссэ бичих арга зүй, эссэний тухай ойлголтууд, эссэ бичиж сургах аргууд зэргийг номондоо тодорхой тайлбарласан учир уншихад л болно. Хамгийн чухал нь тоосго гэхээр л дөрвөлжин гэж ойлгодог хэвшмэл байдлыг халж, бичлэгийн төрөл зүйлд миний эргэлзээд байдаг томьёолох боломжгүй “Эрлийз” хэлбэр үүссэнийг илүүтэй ажигласан нь сурах бичгүүдээс онцгой байгаа юм. Тэр ч утгаараа “Хайбрид эссэ” гэсэн шинэ тодорхойлолт ч хачин ихээр таалагдаж байна. Энэ байдал таалагдаад ирэхээр их, дээд сургуульд зааж байгаа сэтгүүлзүйн сурах бичгүүдийг орос номуудын дунд өрж, хаа нэгтээ хадгалахаар болчихож гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Үнэндээ би их, дээд сургуульд хэл бичгийн чиглэлээр хичээл заадаг багш нарыг он удаан жил заасан онолын ойлголтуудаа эргэж харж, баяжуулаасай гэж хүсдэг. Тиймээс “Эссэг ингэж бичдэг” гэж дураараа мэдэмхийрдэг дунд сургуулийн олон багш шинэ цагийн бичгийн ертөнцөд шинэ ойлголтой болох гэж байгаад талархалтай байна.
Гэвч, гэвч… эцэст нь санаан зоргоор мэдэмхийрэхэд “Эссэ бичих жор” гэж хаана ч байхгүй. Жор байхгүй гэдэг хэн нэгэн дураараа тодорхойлохын нэр биш гэдгийг мэдээж та ойлгож байгаа. Харин эссэ бичих шинэ цагийн арга барилыг доктор П.Батхуяг “Эсрэг хурд буюу эсээний тухай эсээ” номоос богино хугаанд үзэж болж байна. Түүний дэвшүүлсэн санаатай зэрэгцүүлэн эцсийн үр дүн гэж ойлгож байгаа эссэнүүдтэй нь ч санаан зоргоор танилцаж болж байна.

Ганбаатар Дашдаваа


URL:

Сэтгэгдэл бичих