Зуун дамжсан хуваагдал

Хатан Туул хагараагүй байхад монголчууд хагаралдаж, Халх Ойрадоороо алалцаж байжээ. Туулын тул улаан цагаанаараа ялгараагүй байхад Туулын хөвгүүд улаантан, цагаантан болж тулалджээ.

 

 

Ж. Мягмарсүрэн “Чив чимээгүй Туул”

1Хүннү гүрний хуваагдал

Хүннү гүрний хуваагдал

Хоёр мянганы тэртээд хүчирхэг гүрнийхээ сүрийг сулруулсан, ах дүү хоёрын хагаралыг дэвэргэн, Хан улс дүүд нь тусалж ахыг нь хөөлгөөд, үлдсэн хэсгийг өөртөө шингээн авсан. Ах, дүү хоёрын хагаралаас, хаан ширээний төлөөх тэмцлээс хүчирхэг Хүн гүрэн мөхсөн.

2Халх Ойрадын хуваагдал

Халх Ойрадын хуваагдал

Зургаан зууны тэртээ Элбэг хааныг үхсэний дараа Халх, Ойрадоороо талцан тэмцэж эхлэсэн. Хятадууд сурсан зангаараа бие биед нь ээлжлэн тусалж, Монголчуудын хүчийг туйлдуулж байсан. Энэ тэмцэл цааш зуун дамжин үргэлжилж, үүний уршгаар Боржигон овгийн 44 дээдэс, 33 ноёд, тэдэнд үнэнч зүтгэж явсан 61 цэргийн ноёд ганцхан чуулганд бүгд амиа алдсан. Халх Ойрадын сөргөлдөөн хэсэг намжсан ч, Галданбошигт, Занабазарын тэмцлээр үргэлжилсэн. Эв нэгдэлгүй Монголчууд, Халх Ойрадгүй бүгд Манжийн эрхшээлд орсноор, тэдний тэмцэл дууссан. Гашуун түүх давтагдсан.

3Баруунтан, зүүнтний хуваагдал

Баруунтан, зүүнтний хуваагдал

Чингисийн угсааны ноёд болон бусад ноёдын тусламжтайгаар хоёр, зарим нь гурван зууны дараа тусгаар тогтнолоо дахин сэргээж чадсан. Гэвч тэд хашраагүй. Ардын засаг тогтож, удалгүй баруунтан, зүүнтнээрээ хуваагдаж, олон хүмүүс улс төрийн хэлмэгдүүлэлтээр цаазлагдсан. Түүх мөн л давтагдсан.

4МАН, АН-ын хуваагдал

МАН, АН-ын хуваагдал

Одоо ч мөн хашраагүй л байна. МАН, АН-аараа “алалцаж”, Монголыг хөгжүүлэхийн төлөө биш, бие биесээ түлхэн, засгийн эрхэнд гарахын төлөө л толгойгоо ажиллуулж байна. Үүний уршгаар ард түмэнд учирсан хохирол ч цөөнгүй. Сонгууль бүрийн дараа төрийн албаны халаа сэлгээ явагдаж, шалтгаангүй ажлаас халагдсан хүмүүсийн хохирлыг барагдуулахаар татвар төлөгчдийн мөнгөөс хэдэн тэрбумаар нь цацаж, салхинд хийсгэсээр.

Мөн өөрийн намыг засгийн эрхэнд гаргах гэсэн нэр дэвшигчид, мөрийн хөтөлбөртөө үр дүнтэй, ул суурьтай зүйл тусгах биш, нөгөө намаасаа илүү сонгогчдыг татахын тулд бэлэн мөнгө амлан, үр ашиггүй тарааж байна. Товчхондоо Монгол улсын төрийн ордонд эх орныг хөгжүүлэхийн төлөөх бус, бие биесээ ялахын төлөөх тэмцэл л явагдаж байна.

 

Мянган толгойтой нэг сүүлтэй мангас, мянган сүүлтэй нэг толгойтой мангас хоёрын үлгэрийг та мэдэх үү? Энэ хоёр мангас хоорондоо тулалдахад мянган толгойтой мангасын олон толгой тал тал тийш зүтгэж, харин нэг толгойтой мангасын мянган сүүл нь толгойгоо нэгэн зүгт дагаснаар ялж чаддаг. Өнөөгийн Монголын төрд байгаа “толгойнууд” нэгэн зүгт биш өөр өөр тийш сарвалзан зүтгэж байхад яаж нэг үр дүнд хүрч чадах вэ дээ.

Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Эв нэгдэлгүй, нэгдсэн нэг санаагүй байхад юу болдогийг харуулсан зүйр үг, үлгэр төдийгүй, бэлэн түүх хүртэл хэдэн зуугаараа байхад гадаадын алдартай их сургуулиудыг төгссөн, хамгийн өндөр боловсролтой Монголын улс төрчид үүнийг ухаж ойлгохгүй байгаа нь юутай холбоотой вэ. Эсвэл мөнгөнд нүд  нь сохроод ойлгохыг ч хүсэхгүй байгаа биз.

Түүх давтагдсаар…


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.