ААВ, ЭЭЖТЭЙ ҮРСИЙН АМЬДЫН ХАГАЦАЛ ХАРАМСАЛТАЙ…

olloo_mn_1523322783_huuhedСүхбаатар дүүргийн XVIII хорооны байр. 30 гаруй насны халамцуухан эр, эм хоёр хорооны жижиг байранд томдсон чанга дуугаар хашгичих. Гэдсэндээ дөрвөн сар хүрч байгаа хүүхдээ авахуулна гээд эмэгтэй нь уйлж унжина. Эрэгтэй нь нэг цаасан дээр гарын үсэг зурж буй бололтой муйхардан сууна. Энэ бол тус хорооны хуүхэд хамгааллын хамтарсан багийн энэ сарын 4-ний өдрийн ээлжит хурлын үеэр болж буй үйл явдал. Хорооны Засаг дарга Б.Цогт-Одоор ахлуулсан хамтарсан багийн шийдвэрээр энэ аав, ээжид дахиад архидан согтуурч, хоёр хүүхдээ хараа хяналтгүй байдалд орхивол Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 30.1 -д заасны дагуу эцэг, эх байх эрхийг нь хасуулахаар шүүхэд хандана гэсэн сануулах арга хэмжээг авч байна. Хоёр болон дөрвөн настай хоёр хүүхцийг нь төр хамгаалалтандаа авна, тэр үед хэчнээн уйлж гуйгаад нэмэргүй гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, гарын үсэг зурууллаа.

“ТА ЧАДАХГҮЙ БОЛ ТӨР ХАМГААЛНА”

Хүүхэд хамгааллын хамтарсан баг яагаад ийм шийдвэрт хүрэв. Тэд 2015 оноос хойш С, Б нартай хөөцөлдөж байгаа аж. Дөнгөж 30 гаруйхан настай эхнэр, нөхөр хоёул архинд хэт донтсон. Хэдийгээр нөхөр нь гарын ур дүйтэй, өөрсдийн гэсэн хашаа байшинтай ч архи гээч зүйл  хоёрхон жилийн дотор балгас болсон байшин шиг нь тэдний амьдралыг үгүй хийжээ. Том охин нь хоёр настай байхад ухаангүй болтлоо архи уучихаад тасарчихсан эхнэр, нөхөр хоёрыг хорооны нийгмийн ажилтан эрүүлжүүлэхэд дуудаж өгчихөөд Эх нялхсын клиник сувилалд охиныг нь өгөхөөр тэврээд очсон боловч ханиадтай гэсэн шалтгаанаар аваагүй гэнэ. “Тухайн үед хүүхдийг нь сувилалд өгчихье гэж бодсон боловч чадаагүй. Тэгээд цагдаагийн газарт эргэж ирээд аавыг нь архины эмчилгээд явуулаад ээжийг нь үлдээе гэж хэлсэн. Харин нөхөр нь уйлж унжаад, ам өчгөө өгөөд байхаар нь гурвууланг нь гэрт нь хүргээд орхисон.

Удалгүй Налайх руу гэр бүлээрээ явсан байсан. Саяхан манай энэ хавь шар усны үерт автаж гудамжинд шуудуу татаж байгаад гэрт нь орж үзтэл нөгөө хоёр дахиац согтуу хэвтэж байсан. Хоёр хүүхэдтэй болчихсон. Том нь дөрвөн настай, бага хүү нь хоёр настай. Тэгэхээр нь хэсгийн ахлагчаа гуйгаад хоёр хүүхдийг нь гэрт нь хонуулж, дараа нь хүүхэд хамгаалах байранд тав хонуулсан. Хоёрхон настай хэрнээ бага хүү нь хэлд орчихсон, хүн царайчлаад үнэхээр өрөвдөм. Хүүхдүүдийг нь байхгүйд тэр хоёрыг гурван хоног үерийн үеэр түр цалинжуулж ажиллуулаад овоо байлаа. Дараа нь аавыг нь манайд талбайн цэвэрлэгчээр ажилд оруулахаар болсон ч ирсэнгүй. Гэрт нь очоод үзтэл дахиад л хоёулаа согтуу хэвтэж байна. Гэр нь гал хөсгүй, хоолгүй, дөрвөн настай эгч нь хоёр настай дүүгээ тэвэрчихсэн сууж байна. Үнэхээр энэ хоёр хүүхэд энэ байдлаараа удвал болохоо байх нь гэсэн шийдэлд хамтарсан багийнхан хүрээд сая дуудаж уулзсан нь энэ. Нөхрийнх нь эгч байдаг. Тэр хүн хоёр хүүхдийг нь авч чадахгүй учраас асрамжинд өгөхөд хүлээн зөвшөөрнө гэсэн. Тиймээс дахиад архидан согтуурвал хүүхдүүдийг чинь төр хамгаалалтандаа авна гэдгийг сануулж, гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж авлаа”.

Сүхбаатар дүүргийн XVIII хорооны Засаг дарга Б.Цогт-Од ийнхүү ярьж байна. Тус хороонд одоогоор эцэг, эх байх эрхийг хассан тохиолдол гараагүй байгаа бөгөөд дээрх тохиолдолд хуулийг хэрэгжүүлэхээс аргагүй болоод байгааг тэрээр учирлав.

ГУРВАН ААВД ЭРХ ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

Дөрөв дэх хүүхдээ гэдсэндээ тээсэн ээж нөхрийнхөө харгис зодуурыг тэсэхээ байгаад цагдаад хандсан аж. Эрхэлсэн тодорхой ажилгүй Т гэгч нь архидан согтуурч, хүүхдүүдээ, эхнэрээ удаад дараа зодож, хүчирхийлж байсан нь тодорхой болжээ. Нөхрийнх нь аав, ээж хашаанд нь цуг амьдардаг ч энэ явдлыг нуун дарагдуулсаар байж. Тухайн өрхийн хувьд аюулгүй байдлын төвшинг тодорхойлоход хүүхдийн амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл гэж үзсэн тул хамтарсан баг дүгнэлт гаргаж, шүүхээс Т-гийн эцэг байх эрхийг нэг жилээр хязгаарлажээ. Энэ хугацаанд гэрийнхэндээ ойртож болохгүй хуультай. Харин шүүхийн Шийдвэр гарснаас хэдэн сарын дараа эхнэр нь уучлаад хамтдаа амьдарч эхэлсэн байжээ.

Харин архи уудаг нь хэвээрээ ч агсагнаж, зодож нүдэхээ байсан тухай эхнэр нь хэлжээ. Зөвхөн тус хороонд 2017 онд ийм гурван аавын эрхийг хязгаарлажээ.

9275 хүн амтай, 2449 өрхтэй Сүхбаатар дүүргийн XVIII хорооны хамтарсан баг 2017 онд гэр бүлийн хүчирхийллийн 17 тохиолдлыг шийдвэрлэсэн байна.

ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД ТАВАН НЯРАЙ БАЙНА

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа түр хамгаалах байранд 20 гаруй хүүхэд тогтмол хонож байна. Тэдний тав нь нярай хүүхэд байгаа гэсэн мэдээллийг тус газрын дэд дарга Б.Халиун бидэнд өгсөн юм.

Хамгийн сүүлд л гэхэд найман сартай охин ханиад нь хүндэрсэн байдалтай хүргэгдэж иржээ. Энэ хүүхэд тус төвд гурав дахь удаагаа ирж байгаа гэнэ. Ээж нь гудманд согтуу тасраад уначихсан, хүүхэд нь хажууд нь уйлаад байж байхад нь дуудлага ирж хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд очиж авчээ. Энэ байдал нь олон удаа давтагдаж байгаа тул ээжийнх нь эх байх эрхийг хасч, охиныг нь төр хамгаалалтад авах талаар хөөцөлдөж эхлэх гэж байна.

Хорооны Засаг даргаар ахлуулж, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаа, нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн зэрэг төлөөлөлтэйгээр хүүхэд хамгааллын хамтарсан 609 багийн 4634 гишүүн улс даяар ажиллаж байна. Тэд өнгөрсөн 2017 онд 2340 кэйс дээр ажиллажээ. Ингэхдээ аюулгүй байдлын хамгаалалт 625 хүнд, хүүхэд хамгааллын үйлчилгээг 945 хүүхдэд, эмнэлгийн тусламж үйлчилгээг 529 хүүхдэд, 1173 хүнд сэтгэлзүйн зөвлөгөө өгчээ.

Он гарсаар эхний гурван сард л гэхэд хүүхэд хамгааллын 108 утсанд 33626 дуудлага ирснээс хамгаалал шаардлагатай 6252 дуудлага ирсэн байх юм.

Хүүхэд хамгааллын ажилтнуудын хэлж байгаагаар тэдний туйлын зорилго нь хүүхдийг гэр бүлд нь үлдээхийн төлөө байх ёстой. Тиймээс үнэхээр хүсэл зорилгоос нь үл хамааран эцэг эх байж чадахгүй болсон тохиолдолд Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг эх байх эрхийг хязгаарлах, хасах хуулийг хэрэгжүүлэх ёстойг ч тэд хэлж байгаа юм. Хэдийгээр шүүхийн шийдвэрийн тоо баримт төдийлөн нээлттэй бус ч сүүлийн жилүүдэд ийм арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэн гэр бүл олон болж байгааг ганцхан хорооны жишээн дээр харуулахад ийм байна.

Энэ орчлонд гэр бүл болж, үргэлжлэл нь болсон энхрий үрээ тосч авахтайгаа зэрэгцээд эцэг, эх хоёр төрийн хуулиар хүлээсэн хариуцлага гээчийг давхар хүлээн авдаг. Харамсалтай нь энэхүү үүргээ ухамсарлаж чадаагүйгээс өврөөсөө унагасан алаг үрээсээ төрийн хуулиар хагацаж байгаа амьдын хагацал дэндүү харамсалтай.

“Хүүхдийг хүчирхийллээс хамгаалья”. Хүн бүрийн амны уншлага болчихоод байгаа энэ гурван үг ямар утгатай юм бэ. Эзэн бие нь буюу хүчирхийлэгч нь хэн бэ. Энэ асуултын хариултыг холоос хайх ямар ч шаардлагагүйг дээр дурдсан жишээ баримтуудаас харж болно. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүл дотор үйлдэгдэж байгаа гэсэн судалгаа байна. Зөвхөн бие махбодийн хүчирхийллийг туйлшран ярихаас эцэг, эхийн үүргээ ухамсарлаагүйгээс үүдэлтэй үл хайхрах төрлийн хүчирхийллийг ч бид ярихгүй байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин баримтанд тулгуурлан үргэлжлүүлэн хөндөх болно.

Зууны мэдээ
Б.Солонго


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.