Цаг баримталж суръя

712-1523317735p1be4rvkcg19te14co1cv61v1a1ku61Одоогоос зуу гаруй жилийн өмнө буюу 1914 оны хавар Улсын дээд доод хурал байгуулсан тухай Бүгд ерөнхийлөн захирах яамнаас Дотоод яаманд илгээсэн бичигт тэдгээр хурлын дэг журмыг нарийвчлан заажээ. Түүний дөрөвдүгээр зүйлд “Бүгд ерөнхийлөн захирах яаманд сайн цагийн хэмнүүр /ханын цаг/ нэгийг бэлтгэн тавьж, эл цагийн хэмнүүрээр хоёр хурлын сайд, түшмэдийг хуралдах хэмжээ болгосугай. Ер сайд түшмэд хэн боловч өөрийн хэрэглэх цагийг дэмий баримтан саатах хожимдоход хүрч хэрхэвч үл болно. Тавдугаар зүйл. Эл хоёр хурлын сайд ба түшмэдээс эрхгүй зарлигаар дэргэд дуудсан ба эсвээс өөр үнэхээр чухал хэрэг учир тохиолдож, хурлын хэрэгт ирж чадахгүй болбоос тухайд учрыг гаргаж, мөн өдөр хурлын хуралдах хугацаанд өөр өөрийн хурлын газар хуудас бичиг өргөж чөлөө гуйсугай. Ер хуудас бичиг мэдүүлэхгүй дэмий хүн төлөө зарж, чөлөө гуйлгаваас шууд тасалсан ял хэлэлцсүгэй. Зургаадугаар зүйл. Дээд хурлын сайдууд хуралдахад арван нэгэн цагаас нэг мөч хүртвэл саатваас, Нийслэл хүрээний гол шүтээн Очирдара их дуганы Зуу, Дара-Эх, Бүгд ерөнхийлөн яамны шүтээн энэ дөрвөн газарт тус бүр гурван өдөр, шөнө мөнх зул өргүүлсүгэй. Нэгэн мөчөөс хоёр мөчид хүрвээс зэрэг нэмүүлэн зургаан өдөр, шөнө болгосугай. Хоёр мөчөөс гурван мөч, нэг хагас цагт хүрвээс зориуд тасалдуулсанд болгож, нэмүүлэн бүгд нэг сар, өдөр шөнө болгосугай” гэжээ. Энэ ёсоор хурлаас нэг мөч буюу 15 минут хоцорсон дээд хурлын гишүүнээс 12 жин, доод хурлын гишүүнээс гурван жин шар тос хурааж авдаг байжээ. Энэ заалтыг уриа тунхаг төдий болгосонгүй чанд баримталж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Гэтэл энэ үеэс хойш зуу гаруй жил өнгөрөөд байгаа өнөө үед УИХ-ын гишүүд маань дуртай цагтаа хурлаа таслаад явчихдаг ч ямар ч шийтгэл зэмлэлгүй өнгөрдөг гэж хэвлэл мэдээллээр цацагдсаар байгаа нь харамсалтай.

Д.Мижиддорж
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.