Төр засгийн бурууг түмэн олон үүрэх учиргүй

19416

Бүтээн байгуулалт хийхэд учир баймаар. Улаанбаатар хотын удирдлага 2018 онд нийслэлдээ том хэмжээний бүтээн байгуулалт хийх гэнэ. Сүүлийн 30 гаруй жилд МАН, АН хоёр (Манайхан МАНАН гэж ярьж, бичдэг) төр засаг болоод нийслэлийн удирдах эрх мэдлийг ээлжлэн барьж байхдаа нийслэл хот, ард иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалтын шинжтэй хийсэн ажил тун бага даа. Ялангуяа олдсон эрх мэдэл байгаа боломжтой нь харьцуулбал МАН-ын эрх баригчид Улаанбаатар хотыг олон жил удирдахдаа ёстой юу ч хийгээгүй. Харин газрын наймааг л цэцэглүүлсэн гэлцдэг. Өнөөдөр хотын хөдөлгөөнд саад болж, иргэдийн тав тухтай амьдралыг алдагдуулж байгаа, хот төлөвлөлтийн ямар ч бодлогогүй чухамдаа эзгүй хээр газар майхан босгож байгаа мэтээр баригдсан шилэн байшингуудыг хувийн хэвшлийнхэн голлож барьсан. Гэтэл энэ жил гэнэт сэрж “Замын хөдлөлгөөн хаана, тээврийн хэрэгслэлийн дугаарын хязгаарлалтыг өргөжүүлнэ. Тэнд ч энд ч, газар газар янз бүрийн юм барина. Энэ ажилтай  холбогдуулан цөөнгүй газрыг хамарсан орчинд олон зам, уулзварыг нэгэн зэрэг урт хугацаагаар хаана” хэмээн олон түмнийг дарамталж эхэллээ. Бараг л “хорио цээрийн дэглэм тогтоох” маягийн юм ярьж цуврал мэдэгдлийг хийсээр олныг цочирдуулж байгаа нь нэг л хачин. Энэ хэт сүржигнэлтээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ч болгоомжлон анхаа­руулсан байна билээ.

Манайхан бусдыг дуурайж далдаганахдаа гаргууд. Тэнд Америк ханиавал, манайх энд найтааж байдаг. Ийм хандлага ялангуяа холын Америкт нэртэй их сургуулийн богино хугацааны дамжаа дуусгасан том сайд дарга нараас илүү ажиглагддаг. Наад зах нь нийслэлд нарийн тооцвол 200 мянган англи хэлтэн оршин сууж, жилдээ 500 мянган англи хэлтэй жуулчид ирдэг бол дээдийн заяа. Гэтэл англи хэлээр илэрхийлсэн элдэв эрээн мяраан хаяг, сурталчилгааны самбаруудаар нийслэлээ цоохорлодог. Ямар нэг хяналт зохицуулалт ч байхгүй. Энэ нь гавьяат сэтгүүлч Г.Жамъянгийн бичсэнчлэн барууны тэжээвэрүүдийн балаг. Хотын дарга Су.Батболд гуай ядахдаа энэ бүхнийг цэгцэлж, бүр ядахдаа нийслэл хотоо малын гоц халдварт шүлхий өвчингүй болгочихвол том ажил. Гадаадын жуулчид манай хотын шүлхийнээс айна уу гэхээс биш кирилл монгол бичгээр бичсэн хаяг самбараас айж дайжихгүй байх. Сүүлийн үед авто тээврийн хэрэгслийн дугаарыг латин үсгээр бичих юм болж байна. Манайхаас жилд хичнээн хүн машинаар гадаадад явж, гадны цагдаа нар манайхны машины дугаарыг ойлгохгүй мунгинаж байгаа юм бол… Тийм л чухал юм бол гадаадад машинаараа аялдаг цөөн хэдэн хүний машины дугаарын үсгийг латинаар бичнэ биз. Эсвэл тэдэнд зориулж түр дугаар олгоод буцаж орж ирэхэд нь сольдог байж болохгүй юу. Заавал нийтээр нь латин үсэгтэй болгоно гээд байгаа нь сонин  байна. Энэ бүхний цаана ямар нэг хүний шахаа байж ч мэднэ. Хятад, Япон, Солонгос зэрэг орнууд дугаарын үсгийг өөрийнхөө бичгээр л тэмдэглэсэн байдаг бололтой юм билээ.
Бид гадныхныг дууриахдаа ашигтай хэрэгтэй зүйлийг нь дууриадаг байвал яасан юм бэ. Америк, Япон ямар нэг томоохон бүтээн байгуулалт хийхдээ ард түмнээ дарамталж чирэгдүүлдэггүй шиг санагдсан. Олон жилийн өмнө Японы Токио хотод явж байхад япончууд, тэр том хотын зам гүүрт засвар үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөнийг бүрэн хаадаггүй зөвхөн эгнээ эгнээгээр нь барагцаалбал 100-200 орчим метр замыг хэсэгчлэн тэрүүхэнд нь хааж байгаад хэдхэн цагийн дотор ажлаа амжуулаад дараагийнхаа хэсэгт шилжих маягаар хийдэг нь харагдсан. Токиод чинь манайх шиг хэдэн мянган машин явдаггүй сая сая машин бужигнаж байдаг газар биз дээ. Харин манайхан яадаг билээ? Нэг жаахан газар замын нөхөөс урсгал засвар хийхдээ эхлээд дөрвөлжилж хөрөөдөн ухаж машин явах аргагүй болгоод яасан нь мэдэгдэхгүй хаячихна. Тэгж баахан машины дугуйг хөндлөн хэрчиж хэрчиж нөгөө мундаг засвараа хийхдээ хэд хоног зам хааж чирэгдэл учруулдаг. Хамгийн сонин нь нөхөөс тавихдаа хуучин төвшингөөс нэг бол доош хонхойлгож, эсвэл дээш нь овойлгож хийнэ. Тэр нь ихэнх тохиолдолд бараг зассанаасаа дор болж зорчигчдыг бухимдуулна. Өнгөрсөн жил (2017 онд) АНУ-д явж байгаад америкчууд Каскадын нурууг хөндлөн давж гардаг олон улсын хурдны хэвтээ тэнхлэгийн 90 дүгээр замд далайн түвшнээс дээш 2000 гаруй метрийн өндөрт байрлах аварга том гүүрэнд томоохон засвар хийж байгааг харлаа. Тэнд ямар ч зам хаасан, хөдөлгөөн саатуулсан зүйл алга. Зорчигчид явдгаараа явж, замчид ажлаа хийдгээрээ хийж байх юм. Үнэхээр гайхалтай. Тэрхүү 90 дүгээр замаар өдөрт хэдэн мянган тээврийн хэрэгсэл сүлжилддэг тун их  хөдөлгөөнтэй зам болохыг манай нийслэлийн дарга нар мэдэх байх. Ингээд бодохоор хэдэн уулзвар өргөтгөх, ганц нэг гүүрэн гарц хийхэд нэг их сүржигнээд олон түмнийг дарамтлаад байх шаардлагагүй мэт.
Бүтээн байгуулалт гэгчийг тойрсон эргэлзээ. Нийслэлийн эрх баригчид их бүтээн байгуулалт гэдэгтээ тун их яарч зам засах, гүүр барих, гарц хийх ажлыг олон газар нэгэн зэрэг эхлэх гээд байгаа нь сонин. “Ер нь энэ ажлын цаана өөр ашиг сонирхол байгаа юи биш үү” гэж хардах хүн ч мэр сэр байна. Дашрамд “Замын ажил хийх нь хамгийн унацтай. Өргөнөөс нь эсвэл зузаанаас нь хэдхэн сантиметрийг хумслахад л хөөрхөн юм унадаг” гэсэн манайхны тухай онигоо хэдэн жилийн өмнө хэвлэлд гарч байсныг энд сануулмаар.
Зам гүүрийн засвар шинэчлэлтийн ажлыг олон газар нэгэн зэрэг эхэлснээс бэлтгэл зохион байгуулалтыг сайтар хангаж, хөрөнгө мөнгө, техник хэрэгсэл, ажиллах хүчийг нэг дор төвлөрүүлэн захаас нь хөөж амжуулах аргаар нэг байгууламжийг богино хугацаанд чанартай бүрэн хийж дуусгаад дараагийн ажилдаа орох маягаар явж болохгүй гэж үү. Тэгвэл олон газар зам хааж түгжрэл бухимдал үүсэхгүй байж мэднэ. Гэтэл хотынхоо бараг бүх гол гол хөдөлгөөнтэй газрыг бүхэлд нь хамруулж бүтэээн байгуулалт хийх гэж яарахаар хүн хүч тарамдаж, цаг хугацаа алдаж удахгүй намар болж хүйтний улирал эхлэнэ. Тэр үед дууссан ч юм үгүй, газар газар дутуу хийсэн ажил, нүх шуудуу орхиод өвөлтэй золгох юм биш үү. Цөөхөн сарын өмнө сайд дарга нар “Мөнгө байхгүй улс орон дампуурлаа” гэцгээгээд татвар нэмэх, хүүхдийн мөнгө танах байдлаар олон түмнийг дарамталж байсан биш билүү. Яагаад ийм их мөнгөтэй болчихов. Татвар нэмж, хүүхдийн мөнгийг шомбодож байж мөнгөтэй болов уу. Эсвэл ОУВС болон хандивлагч орнуудаас гуйж, том хэмжээний өр зээл тавьж байж олсон хэдэн төгрөгөөрөө гар угааж ирэх сонгуульд нүүр хийх, бас үрэн таран болгож ашиглах гэсэн шуналын бодлого, далд зорилго байна уу. Түүнээс биш МАН тэгж нэг их бүтээн байгуулалт хийж улс орноо өөд татах гэж боддоггүй нь тэдний сүүлийн 30-аад жилийн “туршлага” харуулдаг. Тийм сайн юм бол өмнөх олон жилд улс орны болоод нийслэлийн эрх мэдлийг барьж байхдаа хийхгүй яасан юм бол гэсэн эргэлзээ, асуулт олны дунд байгааг эрхэм дарга нар минь анхааран үзэхэд илүүдэхгүй байх.
Хүн амын хэт нягтрал, бөөгнөрөл түгжрэлийн учир. Ер нь төр засгийн буруу бодлого, үйл ажиллагаатай шууд холбоотойгоор өнөөгийн нөхцөл байдал бий болсон. Нэгдүгээрт, одоогийн мөрдөж байгаа Үндсэн хууль ч нэмэрлэсэн. Энэ хуулийг нэг хэсэг нь тэнгэрт тултал магтаж, энэ ойрд байгаагүй, ирээдүй хойшид ч гарахгүй мөнхийн сайхан зүйл хийчихсэн мэт ярьдаг. Гэтэл энэ хууль Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний аж амьдралд ноцтой хор уршиг авчирсан. Өнөөдөр манай нийгэмд байгаа муу муухай юм бүхний эх сурвалж  болж байгаа байж ч мэднэ. Шалтгаан нь нэг талаас алдаж байгаа эрх ямбаасаа өчүүхэн төдийг ч болов авч үлдэх гэж чармайсан хуучин тогтолцооны эрх баригчид нөгөө талаас эрх мэдлийн тавцанд түргэн шиг гарч том дарга болж үзэх, улс орныг үрэн таран хийж, самарч сүйтгэх гэж яарсан шинэ хүчин хоёрын хэрүүл маргаан, тэмцлийн хайчин дээр төрсөн энэ хуулийн согого гажиг, цоорхой ихээхэн уршиг тарьсаар байна. Тэр үед сурвалжлагчийн хувьд Ардын Их Хуралд олонтаа сууж хэн юу ярьж байсныг санаж байна. Ганцхан баримт дурдахад энэ хуулиар монгол хүн бүр ямар ч засаг захиргаагүй, хаа дуртай газраа цагаан зээр шиг тэнүүчилж явах боломжийг олгосон. “Монгол хүн хүссэн газраа амьдрах эрхтэй” гэх заалт оруулна хэмээн орилолдож байж баталсан хуулийн гайгаар улсын хүн амын гуравны нэгээс илүү нь дөрвөн уулын хонхорт чихэлдэн сууна. Өнөөгийн нийслэл хот дахь хүн амын бөөгнөрөл түүнийг дагасан элдэв сөрөг үр дагаварын гай гамшгийг эдэлсээр байна. Одоо болсон хойно Улаанбаатар хот уруу иргэдийг шилжин суурьшихыг хязгаарлана гэх маягийн юм ярьцгааж байна. Энэ бол нөгөө сайхан Үндсэн хуулиа, бас хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг биш гэж үү. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагын буруугаас болж ямар ч бодлого төвлөлтгүйгээр иргэдэд газар олгож, барилга барих зөвшөөрлийг хавтгайруулан өгснөөр нийслэлийн гудамж талбайд хаа дуртай газраа, хэн дуртай нь элдэв байшин барилга, хашаа хороо мэтийг машин бүү хэл хүн, хүн байтугай золбин нохой ч явах аргагүй чигжиж барьсан нь бас л лай болсоор. Гол үр дүн нь өнөөдөр төр, засгийн эрх баригчид хүнээс гуйж гувшиж олсон хэдэн төгрөгөөрөө Парламентын ордон барих газар олдохгүй байна хэмээн улигладаг. Хөөрхий байгаа биз. Энэ бүхнийг нийслэлд бугшсан шунал тачаалын хор уршиг, газрын наймаа цэцэглүүлэгчдийн тарьсан гай гамшиг гэдэг юм билээ. Би ч санал нийлдэг. Гуравдугаарт, хувийн эрх ашигтаа дөрлүүлсэн эрх мэдэлтнүүдийн бодлогогүй үйл ажиллагаа, залхай байдлаас болж энэ ертөнцийн газар газрын төмрийн хог хаягдлыг Монголд чөлөөтэй чихүүлсэн.
Үүний хар гайгаар гадаадынхны хаягдал машины оронцог хотын гудамж талбайг дүүргэж бүр хахаж цацаж байна. Ингэснээр нийслэлийн авто машины хөдөлгөөн, нягтрал түгжрэлийг эрх баригчид хараа хяналтаасаа бүр мөсөн алдсан. Энэ бол МАН түүчээлж АН-ыг дагуулсаар явж гаргасан нэг том алдаа завхрал. Зүй нь манай дарга нар нэгдүгээрт, хотын нийтийн тээврийн үйлчилгээг онцгойлон анхаарч хөрөнгө хүчийг оновчтой зарж гэмээ нь бусад орнуудын жишигт хүргэх, хэн хаашаа ч явж байсан саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Тэр үүргээ мартсан. Хоёрдугаарт, зөвхөн шинэ машин импортлох бодлого барьж, импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийг төрийн бодлого зохицуулалтаар хангаж чадсан бол өнөөдөр хотын хөдөлгөөн, түгжрэл бэрхшээл ийм дээрээ тулахгүй байсан. Тэгээд “Ниргэсэн хойно хашгирна” гэгчээр буруу зөв жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл, дугаарын хязгаарлалт гэх мэтээр иргэдийг бухимдуулж хохироож байна. Ийм маягаар эрх баригчид хүний эрх зөрчиж, хүний хувийн өмчид бүдүүлгээр халдсаар байгаа. Жолооч нь дэргэд зогссоор байтал түүгээр ч барахгүй бүр дотор нь хүүхэд сууж байгаа машиныг хээвнэг ачаад явчихсан талаар хэвлэл мэдээллээр хангалттай халаглан шуугьсан.
Төр, засгийн бурууг түмэн олон үүрэх учиргүй. Тээврийн хөдөлгөөнд хориг тавьж дугаарын хязгаарлалт хийсэн тохиолдолд төр авсан татвараа, татвар төлөгчдөд буцаан өгөх шаардлага өнөөдөр зүй ёсоор тавигдаж байна. Нийслэлийн эрх баригчид их том юм бүтээн байгуулна. Тийм учраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр өдөр хийнэ. Санал авч байна. Хэрэв иргэд зөвшөөрч саналаа өгөхгүй бол “Түгжрээд, бухимдаад явж бай даа” гэж тавлаж, ам асууж байгаа. Үнэхээр том бүтээн байгуулалт хийх, хотын өнгө үзэмжийг сайхан болгох, тээврийн хэрэгслийн түгжрэл жаахан ч гэсэн саармагжихаар бол дугаарын хязгаарлалтыг хийлдээ. Би л лав дэмжиж байна. Харин төр засаг тээврийн хэрэгслийг 365 хоногт хөдөлгөөнд оролцож байхаар тооцож авсан татвараа иргэдэд буцаан олгох юм уу, ирэх жилийн татвараас хасч тооцох ёстой. Энэ бол зах зээлийн жам хуулийн наад захын хэний ч мэдэж ухаарах энгийн ойлголт. Жилд 198780 төгрөгийн татвар (Тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны татвар, агаар бохирдуулсны татвар гэх мэт) төлдөг тээврийн хэрэгслээр би жишээ авч энэ  асуудлыг хөндөж байна. Тэгэхдээ тээврийн хэрэгслүүдийг төлөөлүүлж Монголд харьцангуй цөөхөн явдаг, дундаж татвар төлдөг машиныг сонгож авлаа. Нийслэлийн удирдлагуудын бодлого шийдвэрийн дагуу дугаарын хязгаарлалтад (Долоо хоногт хоёр удаа хязгаарлавал) өртсөн тээврийн хэрэгсэл 365 хоногийн 104 өдөрт сул зогсох нь. Тэгэхээр уг тээврийн хэрэгсэл 104 өдөр ачаа болон хүн тээвэрлээгүй, мөн агаар бохирдуулаагүй, улсын замаар явж зам эвдээгүй учир дугаарын хязгаарлалтад хамаарсан өдрийн татварыг төр татвар төлөгчдөд буцаан олгох учиртай. Энэ асуудлыг Сангийн яам, улмаар УИХ авч үзэх нь зүйд нийцэх байх. Манайх хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон л юм бол авч үзэхээс өөр зам байхгүй. Дээр дурдсан жишээгээр бол 198780 төгрөгийн татвар төлдөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцоогүй 104 өдөрт ногдох татвар 56680 төгрөг (Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Бид дөрөвдүгээр сарын 15-аас аравдугаар сарын 30 хүртэл хугацаанд долоо хоногт хоёр өдөр дугаарын хязгаарлалт хийнэ. Бусад хугацаанд урьдын адил долоо хоногт нэг л өдөр дугаарын хязгаарлалт хийдгээрээ явна” гэж ярьсан. Тэгвэл (52+28=60 өдөр) 60 өдөр буюу бүтэн хоёр сар сул зогсоно гэвэл 198780 төгрөг төлсөн нэг тээврийн хэрэгслийн татвараас 32700 төгрөгийг буцаана гэсэн үг. Энэ бол ядарсан бидэнд бага мөнгө гэж үү) болж байна. Хэрэв дугаарын хязгаарлалтаар сул зогссон хугацааны татаварыг, татвар төлөгчдөд буцаан өгөхгүй бол 56680 төгрөгийг  төр засаг ард иргэдээсээ шууд дээрэмдэж байгаа хэрэг. Тэгэхээр нийслэлд 198780 төгрөгийн татвар төлдөг тээврийн хэрэгсэл хамгийн багаар бодоход 100 мянга байгаа гэж тооцвол 5.6 тэрбум орчим төгрөгийг ард иргэдээсээ луйвардаад авчихаж байгаа юм биш үү. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүтэй санал солилцоход “Таны ярьж байгаа асуудал логикийн хувьд зөв байна. Санал нийлж байна. Таны зөв. Харин та нараас авсан татварын мөнгийг бид дараа жилийн зам засварын ажилд зарцуулдаг. Тэгэхээр ирэх жилийн Нийслэлийн зам засварын ажлыг юугаар хийх болж байна. Хэдэн тэрбум төгрөг дутна биз дээ” гэсэн сонин ойлгомжгүй хариу хэлж байхад Улсын Татварын Ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа “Таны бодлыг дэмжиж байна. Дугаарын хязгаарлалтаас болж ямар их бэрхшээл учирдаг гэж санана. Наад зах нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах гээд өдий төдий асуудал гардаг. Ядахдаа хөдөлгөөнд оролцоогүй өдрийн татварыг буцаах юм уу, таны хэлдгээр ирэх жилийн татвараас суутгаж тооцдог болчихвол сайхан хэрэг. Харин манай байгууллага бол хуулиар татвар төлөх үүрэгтэй байгууллага, хүмүүсээс татварыг авч цуглуулдаг. Тэгэхээр манайд хамаагүй. Таны ярьж байгаа асуудлыг Сангийн яам мэдэж зохицуулах байх” гэв. Ямар боловч Нийслэлийн бүтээн байгуулалт, замын хөдөлгөөний гацаа түгжрэлээс болж татвар төлөгч байгууллага хүмүүс хохирох учиргүй. Тэдэнд буруу байхгүй. Хэрвээ хэн нэгэн буруутай бол төр засгийн л буруу. Тийм учраас татвар төлөгч байгууллага, хүмүүс өөрсдийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн холбогдох байгууллагуудын шийдвэрээр хөдөлгөөнд оролцуулж чадаагүй бол татвар төлөхгүй байх нь зөв. Ташрамд хэлэхэд манай нэг эрхэм том сайд татварын буцаан олголт гэгчээр 36 тэрбумыг (Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн үед ид шуугьж байгаа) хүртэж болж байгаа юм чинь ядарсан иргэддээ татвар гэж авсан 198780 төгрөгөөс 56680-ыг нь (П.Баярхүүгийн хэлсэн хугацаагаар бол 32700 төгрөг) дугаарын хязгаарлалтад өртөж хохироосных нь төлөө буцаагаад өгөхөд яагаад болохгүй гэж. Энэ бүхнийг учир мэдэх байгууллага, хүмүүс минь мэргэн оюундаа болгооно уу.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Зэвсэг

URL:

Сэтгэгдэл бичих