Хил дамнасан хэргийг шалгахад нарийвчилсан гэрээ шаардлагатай

224143-11042018-1523415794-1934621547-Sans_titre-1Хил дамнасан гэмт хэргийг  мөрдөн шалгах, оффшор бүсэд  байршуулсан хөрөнгийг буцаан авчрахад хоёр орны хууль эрх зүйн орчин таарахгүй,  мөрдөн шалгалтын ажил удаашрах зэрэг  асуудал манай хууль, хяналтын байгууллагын өмнө  тулгамдаж байна. Үүнийг шийдэх гарцыг ярилцахаар  АТГ “Эрүү­гийн хэргийн талаар эрх зүйн ха­рил­цан туслалцаа-хам­тын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг санаа­чилж,  ХЗБХ, УДШ, УЕПГ, ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ, МУИС-ийн ХЗС, ХСИС-ийн албан хаагч, мэргэжилтнүүд  оролцлоо.

Дэлхийн улс орнуудын  гадаад харилцаа өргөжиж буйтай холбоотой хил дамнасан гэмт хэрэг гарах нь сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.  Иймд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгахад эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах шаардлага тулгарч байгаа. Гэрээ байгуулснаар гэмт хэргийг таслан зогсоох, хамтран шалгах, тухайн улсын иргэдийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах ач холбогдолтойг оролцогч байгууллагууд онцлов.

Дэлхийн улс орнуудын  гадаад харилцаа өргөжиж буйтай холбоотой хил дамнасан гэмт хэрэг гарах нь сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна

Манай улс 2016 оны байдлаар эрүүгийн хэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээг 17 улстай, гэмт хэргийг шилжүүлэх тухай гэрээг 16 улстай, ялтан шилжүүлэх гэрээг есөн улстай байгуулан ажиллаж байна.

Эрүүгийн  хэрэг хянан шалгах тухай хуульд заасны дагуу манай улс  гадаад улсын нутаг дэвсгэрт үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө хураан авах, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааг  явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ, олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу явуулах бөгөөд хүсэлтээ олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу явуулж иржээ.  Түүнчлэн гадаад улсаас шилжүүлэн авсан нотлох баримт нь хууль бус эсэхийг шүүх хэрэг хянан шийдэх явцдаа харгалзан үзэж шийдвэр гаргахаар  хуульчилсан  байна.

Гадаад орнуудтай байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцах гэрээний дагуу мөрдөн шалгах ажиллагаа болон  олон улсаас ирүүлсэн хэрэг мөрдөн шалгасан прокурорын зөвлөмжийг  холбогдох газрууд  хүлээн авч зохих ажиллагааг явуулж, хамтран ажилладаг.

Манай улс 1991 онд Интерполд нэгдэж орсноос хойш гишүүн орон болж, 1992 орны мөрдөх товчоотой  гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох, оргодол этгээд, сураггүй алга болсон хүмүүсийг эрэн сурвалжлах чиглэлээр хамтран ажиллаж ирснийг ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал илтгэлдээ дурдав. Цаашид цагдаагийн бүх байгууллагын хамтын ажиллагааг аль болох өргөн цар хүрээтэй явуулж,  гэмт хэргийг таслан зогсоох нь гол чиг үүрэг болохыг Интерполоос тогтоосон байна.

Иймд Цагдаагийн тухай хуульд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага, Интерполын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэж заасан нь Үндсэн хууль болон бусад хуулийг мөрдөж ажиллах нь цагдаагийн төв байгууллагын чиг үүргийн нэг хэсэг болж байгааг  тэрээр  онцоллоо.

ХСИС-ийн багш нар тус хэлэлцүүлэгт  онол судалгааны талаас  илтгэл  тавьсан  юм. Тус сургуулийн багш, хурандаа Б.Эрдэнэбат  “Гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замууд” илтгэлдээ “Өнөө үед хил дамнасан хэргийг мөрдөн шалгах нь улс гүрэн хил дамжин шалгалт явуулах хэрэгцээ шаардлага гарч байна.

Өнөө үед хил дамнасан хэргийг мөрдөн шалгах нь улс гүрэн хил дамжин шалгалт явуулах хэрэгцээ шаардлага гарч байна

Гадаад харилцаа хөгжихийн хэрээр Монгол Улсад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд гадаад улсад оргон зугтах, гадаадад хөрөнгөө нуух, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, мөн оффшор бүст их хэмжээний мөнгө байршуулах үйлдэл гаргах болсон. Гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг зохицуулах нь сүүлд үүссэн харьцангуй шинэ тутам шинжлэх ухаан. Манай улсад судлагдах шатанд явж байна. Гадаадын улс орнууд болон өөрийн дотоодод бий болсон кейсүүдийг судлах, дорвитой судалгаа  явуулах ажил дутмаг байгаа”-г тэмдэглэв.

ТЕГ, АТГ, УЕПГ-аас  хэлэлцүүлгийн явцад  хил дамнасан гэмт хэргийг  мөрдөн шалгах, оффшор бүсэд  байршуулсан хөрөнгийг буцаан авчрахад хоёр орны хууль эрх зүйн баримт бичиг  таарахгүй байх тохиолдол бий. Иймд хоёр улсын хооронд эрх зүйн харилцан туслалцах нэг удаагийн  гэрээ байгуулж ажиллах нь ач холбогдолтой. Нарийвчилсан гэрээ байгуулс­наар хэрэг мөр­дөн шалгах ажиллагаанд урагштай, нөгөөтэйгүүр иргэдээ хамгаалах нэг гарц болно гэсэн байр суурийг илэрхийлж  байв.

Үүнээс гадна энгийн иргэдийн амь насанд халдах терроризмтай адил асуудал нь гэмт хэргээс тусдаа. Манай улс НҮБ-д конвенц байгуулах  тухай удтал ярьж байгаа. Энэ талын судалгааг НҮБ-тай хамтарч хийвэл ажил хэрэг болгоход дөхөмтэйг зарим оролцогч хэлэв. Мөн гадаад улс орнууд  руу албан бичиг явуулахад  орчуулгын асуудал  дутагдалтай байдаг. Тухайн улсын хэлээр зохих төвшинд харилцаж байж эрх зүйн харилцан туслалцах хэлэлцээр шуурхай шийдэгдэнэ.

Албан бичгийн хариу ирэхгүй уддаг гэж байгаа нь орчуулгаас үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй.  Үүнийг хариуцсан алба хэлтэс хуулийн байгууллагуудын бүт­цэд байдаг, эсэх нь тодорхойгүй. Манайд орчуулгын товчоод гэж тус, тусдаа тамга тэмдэгтэй  хувийн жижиг байгууллагууд байдаг ч баталгаатай орчуулгыг хэрхэн хийх талаар шийдэх ёстойг ч ярьж байлаа.

Эцэст нь талуудын санал дүгнэлтийг нэгтгэн  хэлэлцэхэд Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлтэд зарим улс орон хариу ирүүлэхгүй байгаа нь  гэмт хэргийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэхэд хүндрэл учруулдаг. Иймд энэ талаар зөвлөмж боловсруулах саналыг  ЦЕГ-аас гаргав. Хамгийн гол нь энэ ажлыг шуурхайлах хэрэгтэй  гэсэн  байр суурьт  оролцогч байгууллагууд нэгдлээ.

Ч.Олдох

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.