Налайх дүүргийн цагдаа хэргийн нотлох баримтыг хуурамчаар үйлджээ

05a94cc428dc4676fa2cae79e7d0a094Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч буюу хууль сахиулагч, цагдаагийн ахмад Г.Б нь эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн огноотой С.Энхцэцэгийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолууд, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн огноотой 12т-3/1084, 12т-3/1087, 12т-3/1082 гэсэн дугаартай “Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст”, “Чандмань-Налайх ОНӨААТҮГ-ийн захиргаанд” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2017 оны 3 дугаар сарын 20, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрүүдэд хуурамчаар үйлдсэн байна. Мөн  эрүүгийн 201501080248 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Г.Болормааг 2017 оны 2 дугаар сард хохирогчоор дахин байцаасан тэмдэглэлийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

Уг хэргийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Г.Б-ын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-д 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Б-д мэдэгдсэн байдаг.

Гэтэл үүнийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч буюу хууль сахиулагч, цагдаагийн ахмад Г.Б эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэл хандсан байна. Тодруулбал, Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Хэргийг шалгасан мөрдөгч нар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй. Миний хувийн байдлыг тогтоох талаар гэр бүлийн гишүүд, төрөл садангаас мэдүүлэг аваагүй, хэт нэг талыг барьж эсрэг мэдүүлэг өгсөн гэрч Э.Оргил, Я.Чинбат нараас Г.Б нь “Үг дуу цөөтэй, даруухан” гэсэн хоёр үгнээс өөрөөр мэдүүлэг аваагүй, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэсэн хуулийн шаардлагыг анхаарч үзээгүй. Хохирогч /гэрч/ Г.Болормаад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөн байцаагч нар хэргийг 2 удаа хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорт хүргүүлсэн байдаг бөгөөд хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч С.Мөнхбаярын хохирогч Г.Болормаагаас авсан мэдүүлэгт хохирогч Г.Болормаа нь алдагдсан эд зүйлсээ олсон, алдагдсан нэг гутлаа 300.000 төгрөгөөр үнэлж байна гэж мэдүүлдэг. Хавтаст хэргийн  материалтай танилцаад санал хүсэлт, гомдол гаргаагүй байдаг ба хэрэгт хяналт тавьсан прокурор гутлын үнэлгээг хийлээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна гэснээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. АТГ-ын мөрдөгчийн явуулсан мөрдөн байцаалтаар мөрдөн байцаагч С.Мөнхбаярын авсан дээрх байцаалтад шинжээчийн дүгнэлтээр нэмэлт зүйлс бичсэн байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахад С.Мөнхбаярын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож хохирогч алдагдсан эд зүйлсээ олсон, хавтаст хэргийн материалтай танилцаад гомдол, хүсэлт гаргаагүй, мөрдөгч С.Мөнхбаярт гомдолтой байна гэсэн мэдүүлгийг огт үнэлээгүй хэт нэг талыг барьсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Мөн С.Энхцэцэгт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлтэд дурдсан С.Энхцэцэгээс авсан гэх сэжигтний мэдүүлэг, түүнд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолд гарын үсэг зурсан гэх, Налайх дүүргийн улсын бүртгэл, Чандмань-Налайх ОНААТҮГ-ын захиргаанд гэсэн албан бичиг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий” гэсэн хуулийн шаардлагыг төсөөтэй хэрэглэсэн болно. С.Энхцэцэгээс авсан гэх сэжигтний мэдүүлэг, түүнд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолд гарын үсэг зурсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ч ач холбогдол гаргаагүй, С.Энхцэцэгийн эрх зүйн байдал, дээрдээгүй, дордоогүй уг хэрэг одоо ажиллагаанд шалгагдаж байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэжээ. Гэтэл миний үйлдэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч нотлох баримтаар тооцогдсон баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үйлдэлгүй байна. Учир нь мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл миний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж авсан гэх Г.Болормаагийн мэдүүлэг, С.Энхцэцэгийг сэжигтнээр тооцсон тогтоол, гадагш явж болохгүй тухай баталгаан дээр гарын үсэг зуруулсан байдал, албан тоот зэргийг нотлох баримтад тооцохгүй хэмээн хуульд заажээ.

 2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасныг прокурор, шүүх хэрэглээгүй. Миний бие цагдаагийн байгууллагад 12, мөрдөн байцаах албанд 8 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, 2012 онд мөрдөн байцаах газрын даргын баярын бичиг, 2013 онд Улсын мөрдөн байцаах газрын шилдэг мөрдөн байцаагч, Нийслэлийн цагдаагийн газрын хүндэт тэмдэгээр тус тус шагнуулж ахлах мөрдөн байцаагчаар тушаал дэвшин ажилласан, элдэв муу зуршилгүй, төлөв даруу зантай урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, цагдаагийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хувийн байдлыг харгалзаж үзээгүй, энэ хэргийн тухайд гэрч Г.Болормаа, С.Энхцэцэг, хохирогч Ж.Цэцэгмаа нарт ямар ч хохирол, хор уршиг учраагүй бөгөөд хохирогч Г.Болормаад холбогдох хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгосон, /энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан/. С.Энхцэцэгт холбогдох хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй дээрх гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүйг прокурор, шүүх үнэлээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл. Нотолбол зохих зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн тогтоогоогүй миний хувьд уг хэрэгт ямар ч хувийн сонирхол гаргаагүй, ашиг хонжоо хараагүй, авилга аваагүй, Г.Болормаа, С.Энхцэцэг нартай ямар нэгэн байдлаар хувийн харьцаа тогтоогоогүй, өмнө нь удаа дараа хэрэгсэхгүй болгох санал гаргаж байсан түдгэлзүүлсэн хэргийг “Түдгэлзүүлсэн хэрэг шийдвэрлэх аяны” хүрээнд шийдвэрлэх, хэргийн хугацаа хожих гэсэн өчүүхэн санаа, сэдэл ажлын хэт ачаалал, олон хоног ажил дээрээ хонож ажилласан байдал зэргийг харгалзаагүй.

3. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар: Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар …яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй түүнчлэн мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно гэсэн заалтыг зөрчиж хавтаст хэргийн материалыг танилцуулсаны дараа хүсэлтийг бичүүлж хавтаст хэрэгт хавсаргасан. Түүнчлэн надад хавтаст хэргийн материалыг танилцуулсаны дараа Ж.Цэцэгмааг хохирогчоор тогтоож мэдүүлэг авч уг мэдүүлгийг хавтаст хэрэгт хавсаргасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 6, 7, 9, 10, 11 дэх заалтуудыг мөн хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба …прокурор хэргийг хянаж үзээд гаргах шийдвэрүүдийг тодорхой заасан /нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах/ байхад надад хавтаст хэргийн материалыг танилцуулсаны дараа Ж.Цэцэгмааг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан, өөрийгөө өмгөөлнө гэсэн хүсэлтийг авч хавтаст хэргийн материалд хавсаргасан нь эрүүгиин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина мөн хуулийн 1.6 дахь хэсгийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.7 дугаар зүйлүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэл. Прокурор дараах үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй. Оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол. Өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол. Өөрөө шууд, эсвэл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол гэжээ. Гэтэл Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь эрүүгийн 1707000460039 дугаартай хэрэгт хяналт тавьж уг хэрэгт ямар ажиллагаа хийх талаар чиглүүлж байсан. Энэ хэргийн улмаас хохирсон байгууллага хэмээн тооцогдож хохирогч байгууллагын төлөөлөгчөө томилон оролцуулсан атлаа уг хэрэгтэй холбогдуулж шалгасан Г.Б намайг хяналт тавьж яллаж буй байдал нь энэ хэрэгт нэг талыг барьсан нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж байж цуглуулан ялладаг тул мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй бол гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгоно гэж заасны дагуу хэрэгт хууль зөрчиж цуглуулсан шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн бичжээ.

Давж заалдах шатны шүүхээс  Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч буюу хууль сахиулагч, цагдаагийн ахмад Г.Б нь эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн огноотой иргэн С.Энхцэцэгийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолууд, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн огноотой 12т-3/1084, 12т-3/1087, 12т-3/1082 гэсэн дугаартай “Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст”, “Чандмань-Налайх ОНӨААТҮГ-ийн захиргаанд” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2017 оны 3 дугаар сарын 20, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрүүдэд хуурамчаар үйлдсэн,

Мөн эрүүгийн 201501080248 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох иргэн Г.Болормааг 2017 оны 2 дугаар сард хохирогчоор дахин байцаасан тэмдэглэлийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд тус тус хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-д 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн ялыг нь хэвээр үлдээжээ.

Өөрөөр хэлбэл анхан болон давж, заалдах шатны шүүхийн шүүгчид Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч буюу хууль сахиулагч, цагдаагийн ахмад Г.Б нь гэм буруутай гэж үзсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.