Хүний эрхийн хороо “Долоон сарын 1 “-ний хохирлыг барагдуулахыг шаарджээ

НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүн Кристер Телин, Иргэний болон Улс төрийн эрхийн төвийн захирал Патрик Мүтзенберг нар Монголд ирээд байна. Тэд МУ-ын Засгийн газрын Хүний эрхийн хороонд өгсөн ээлжит тавдугаар тайланд тусгасан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх зорилгоор ирсэн гэнэ. Хүний эрхийн хорооноос 27 зүйл бүхий зөвлөмжийг манай Засгийн газарт гуравдугаар сард хүргүүлсэн бөгөөд хэрэгжилтийн тайланг ирэх оны гуравдугаар сард авахаар заажээ. Төлөөлөгчид тэдгээр зөвлөмжүүдээс нэн даруй шийдэх шаардлагатай хэмээн гурвыг нь онцолсон юм. Үүнд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын бие даасан байдлыг хангахад шаардлагатай санхүүжилтийг олгох болон гишүүдийн томилгооны асуудалд анхаарах, 2008 оны онц байдлын үеэр эрх нь зөрчигдсөн иргэдийн хохирлыг барагдуулах, цагдаагийн ажилтнуудтай хариуцлага тооцох. Мөн шүүх эрх мэдлийн системийн ил тод, бие даасан байдлыг хангахад шаардлагатай өөрчлөлтийг мэргэшсэн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор хийх, шүүхийн авлигын асуудлаар шаардлагатай арга хэмжээг авах гэжээ. Эдгээрээс гадна хүн хулгайлах, насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгөөс сэргийлэх, хорих болон түр саатуулах газруудын нөхцөлийг сайжруулах, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зэрэг зөвлөмжүүд байгаа аж. Хэрэв зөвлөмжүүдийг хэрэгжүүлсэн тухай тайланг хугацаандаа өгөхгүй бол яах вэ гэсэн асуултад олон улсад ёс суртахууны нөлөөлөл үзүүлнэ. Эдгээр зөвлөмжийг биелүүлэхгүй байх нь НҮБ-ын хүний эрхийн конвенцийг зөрчиж байна гэсэн үг. Ардчилсан улс орон хүний эрхийн конвенцийг зөрчдөг гэж олон улсад харагдахыг хүсэхгүй байх гэсэн хариулт өгсөн юм.

Төлөөлөгчид өнөөдөр НҮБ-ын ХЭХ-ны Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын пактын дагуу Монгол Улсын Засгийн газрын тайланд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар ТББ-уудтай хэлэлцүүлэг хийх юм байна. Харин маргааш төрийн болон ТББ-уудтай хамтарч дугуй ширээний ярилцлага хийх аж.

Ж.БАЯРСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих