Ядуугаа мэдэхгүй тамхичид

Тамхи таван нас хорооно. Тамхи бол бие эрхтнийг ихээр хордуулж, урагт нөлөөлдөг хор, уушигны хорт хавдрын үндэс гэх зэргээр сургаал, зөвөлгөөний хооронд хэлээд нэмэргүй болсон доо одоо. Ядаж байхад нүүрс, машины хортой утаа хийнд 24 цаг амьдраад дээр нь цаг тутам тамхи сороод байдаг хэрнээ энэ монголчууд овоо тэсвэртэй амьтас юм чааваас.
Гадаадад амьдарч байгаад эх орондоо өвлийн хоёр сар өнгөрөөгөөд буцсан нөхдөд эрүүл мэндийн шинжилгээ хийхэд өмнө эрүүл байсан хүн маш богино хугацаанд уушигны бронхиттой болчихсон байдаг нь өөрийг нь болон эмч нарыг хүртэл гайхшралд оруулдаг гэсэн.
Тамхичин эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид нь (юу сургадаг юм бол доо чааваас) насанд хүрээгүй үр хүүхдээ тамхи татахыг аль хэдийнээс хүлээн зөвшөөрч эхэлж. Эсвэл үнэхээр үр хүүхэд чинь татдаггүй гэдэгт итгэж явдаг хэрэг үү. За арай ч дээ. Өдий 40, 50, 60 насалчихаад найз нөхөд чинь архи уучихсан байгааг утасны цаанаас үнэрлээд мэддэг байж, охид банди нарыгаа өдөрт хэдэн тамхи цааш харуулж байгааг мэдэхгүй гэж гүрийхгүй байлгүй дээ.
Баримттай ярина шүү нөхөөр, хүн битгий гүтгэ гэж үү? Хэхэ.
Баримтаар яах вэ хө. Зүгээр л манай оюутнууд, арван жилийн ахлах ангийн сурагчдын 50-иас багагүй хувь нь тамхи татдаг гэж таамаглаад шалгаж судлавал алдаагүй гэдэгтээ мөрийцөхөд ч бэлэн байна. Юугаар гэж үү? Таны тамхинд зарцуулдаг жилийн зардлаар.
Харин тамхи татдаг насанд хүрэгчдийн талаар тоо байна аа. Тамхи татдаг насанд хүрэгчдийн тоогоороо (68%) дэлхийд тэргүүлж буйг интернетээ ашиглаад мэддэг хэлээрээ хайгаад үз. Араас нь хятад, африкийн Кени, Намиби, Гвиней эсвэл Орос, Киргиз, Армени гээд маньтай таарсан юмнууд айргийн тавд тэргүүлж явдгийг төвөггүй олж харна.
ДОХ, хүний наймаа, хятад хүн монголыг зодох, хар тамхи, гадаад хүнтэй суусан монгол бүсгүй, биеэ үнэлэгч, алтны уурхайд дарагдаж өнгөрсөн нинжа, виза картаас хулгай хийдэг хүүхэд зэрэгт аймаар эмзэг хандаж, маш хурдан хариу үйлдэл үзүүлээд мундаг том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, мөнгө төгрөг олоод цохиод байх юм. Харин том жижиггүй толгой нийлүүлээд тамхи татдаг байдал, хүчтэйхэн амьсгалвал инфакт өгчихөөр хотын утаа зэрэгт аль хэдийнээс дасаж хэнэггүй хандаад, ганц ч мэдээ бэлдэж, сөрөг сурталчилгаа явуулахаа нэгэнт больж дээ бид.
Их дээд сургууль цаашлаад дунд сургуулиудын ялангуяа эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө (ариун цэврээ ч алд даа), дотуур байрнууд, албан газрууд тамхичдын үүр уурхай болсон нь жирийн сайхан үзэгдэл болж өдгөө.
Дэлхийд тамхины гол үйлдвэрлэгчид нь АНУ, БНХАУ юм гэсэн. Бид дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдэд хөрөнгө оруулалт хийж чаддаг, ядуу хэрнээ уужим уушигтай, чадалтай ард түмэн шүү нээрээ. Арга ч үгүй юм биз дээ. Өрхийн орлогынхоо 15-20 хувийг тамхи татах нэрээр гадны хөрөнгө оруулалтад зарцуулчихдаг манай ард түмэн шиг хөрөнгөлөг улс хаана байна? Дотроо бас зиндаархана аа. Арай дөнгүүр, өөрийгөө лаг харагддаг, хотын соёлтой гэж боддог хэсэг нь америк тамхи, аргаа бараагүй юмаа гэхэд сайхан амьдардаггүй хэсэг нь монгол нэртэй хятад тамхи сорж аж төрдөг гэж байгаа.
Барууныг дуурайх дуртай юм бол ядахдаа тамхинд тавих хязгаарлалтыг нь эвтэйхэн хуулаад хэрэгжүүлдэг болоосой. Тэгэж таны эрхийг хааж боож болохгүй гэж үү. Хэхэ өөрийнхөө эрхээ яаж зөрчиж байгаагаа анзаараагүй хэвтэж юун ч сонин тайлбарав дээ.
Таван толгой, оюун толгой хэмээх том уурхайгаан эзэн гэдгээрээ дэлхийд толгой гэдгэр явдаг Монголчууд бид, тамхи сорж, бусдыг баяжуулдгаараа мөн хорвоог гайхшруулдаг ажгуу. Гайхуулах юмтай хүмүүс ч сайхан юм даа гэж…
За төгсгөлд нь асуухад тамхи татсанаас хойш сахал чинь ургаж, дуу чинь бүдүүрээд байна уу бүсгүйчүүдээ. Эрэгтэйчүүд нь эсрэгээрээ дуу нь нарийсаж, чадавхи тань унаад байна уу? Тэгэлгүй яахав дээ гормоны өөрчлөлт өгдөг юм хольдог болсон гэсэн. Ямар бодлого гэдгийг би харин сайн мэдэхгүй байна, уучлаарай.

Мягмарсүрэн.Д


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.