Арван нэгэн оны АРВАН НЭГ

Арван нэгэн он дэлхийн түүхэнд тодоор бичигдэн үлдэж байна. Арван нэгэн онд энэ гаригийн амьдралд өөрчлөлт оруулсан, цаашид маш их үр дагавар авчрах олон үйл явцын эхлэл тавигдлаа. Арван нэгэн он Америкийг хоёрдугаар эгнээнд оруулсан бол Монголыг эхний эгнээ рүү татахыг завдлаа. Үнэхээр арван нэгэн он хүн төрөлхтөний түүхэнд шинэ эргэлтийн жил болон одож байна. Хамтдаа хуанлийн хуудсыг эргүүлье.

1.Арабын хавар

Арабын хавар хувьсгалаар эхэлж, дарангуйлагчдыг толгой дараалан унагасан. Гэвч тэнд хаврын цэцэг хараахан цухуйсангүй. Харин үргэлжлүүлээд Арабын жавар тачигнасан хэвээр байна. Ганцхан жилийн өмнө Моаммар Каддафи Францын Ерөнхийлөгч Николя Саркозийн хүндтэй зочин байсан юм. Оросын тэрбумтан, дэлхийн хөнгөн цагааны магнат Олег Дерипаска “Русал”-ийнхаа хувьцааг Хонконгийн бирж дээр гаргах үед ноён Каддафи “Русал”-ийн нэг томоохон хувьцаа эзэмшигч болсон билээ. Гэтэл жил тойроогүй байхад Каддафи үгүй болж, үр сад, тойрон хүрээлэгчид нь босогчдын суманд өртөн үгүй болсон байх юм. Арабын хавар дэлхий дээрх хамгийн том удирдагчдыг ердөө л навчис мөчрөөсөө тасрах адил хийсгэн үлээчихэв.

Brent маркийн газрын тосны үнэ 2008 оны аравдугаар сараас хойш хамгийн өндөр цэгтээ хүрч, 119.79 ам. доллар болж чангарав. Ливид төрийн тэргүүн Моаммар Каддафийг огцрохыг шаардсан  жагсаал хоёрдугаар сарын 15-наас эхэллээ.  Каддафи өөрийг нь дэмжиж буй ард иргэдээ босогчидтой зэвсэг барин тэмцэхийг уриаллаа. Ийнхүү Ливийн хямрал даамжирч, дээр нь НАТО Каддафийн эсрэг байлдааны ажиллагаа явуулан, босогчдыг дэмжсэн юм. Каддафийг босогчид олзлон хөнөөх хүртэл Ливи дайн дажны хөл дор байж, өдгөө ч байдал тэнд сайжирсангүй. Ливийн дарангуйлагч унасны гол үр дагаврыг тус улсад ардчилал тогтоно хэмээн тайлбарлаж буй боловч үнэн хэрэгтээ нефтийн баялаг нөөцөд нь хэн эзэн суух тухай асуудал Европ, Америкийн сонирхлыг хамгийн ихээр татаж байна. Дэлхийн газрын тосны зах зээлийн 2 хувийг хангадаг Ливи улс өдөрт 1.6 сая баррель түүхий нефть олборлодог ч үймээний улмаас үйлдвэрлэлийн хэмжээ нь 1.2 сая баррелиар багассаныг  Merill Lynch мэдэгджээ. Хэдийгээр ОПЕК ямарваа хомсдол үүсвэл асуудлыг шийдвэрлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн боловч Арабын орнуудад үүсээд байгаа тогтворгүй байдлыг цэгцлэхээс нааш газрын тосны үнийн хөөрөгдлийг зогсоож чадахгүй, “асуудал бол баррель нефтийн алдагдал бус, харин тогтворгүй байдал юм” гэж шинжээчид үзэж байна. Ливийн хувьд олборлосон газрын тосныхоо 85 хувийг Европт нийлүүлдэг бөгөөд үүнд Испани, Франц, Герман, Итали улс голлох байрыг эзэлдэг. Тус улсын олборлолтын хэмжээ харьцангуй бага , гэхдээ түүхий эдийн нөөцөөрөө Африктаа хамгийн их нөөц баялгийг агуулдаг. 2011 оны судалгаагаар 46.4 тэрбум баррель нөөцтэйгээ баталгаажуулжээ.
Жагсаал, хөдөлгөөнүүд Африк тив дэх Арабын ертөнцийн газрын тосны гол бүс нутгийг ийнхүү хамарлаа. 2012 онд дэлхийн санхүүгийн тогтсон систем задрах эхлэл тавигдсантай зэрэгцээд газрын тосны нөөцийг шинээр хуваах эхлэл бас тавигдсан гэж үзэж болно.

Арабын хаврын үр дүн юу болох бол? Каддафийн амьгүй бие, эмнэлгийн орон дээрээ хэвтээд Шүүх хуралд байцаагдсан Хосни Мубарак, одоо босогчдын орилолдооныг чагнаж яахаа мэдэхгүй суугаа Сирийн удирдагч Асад …тэдний уналт ямар үнэтэй вэ?… Энэ үнэ цэн 2012 онд нефтийн ханшаар тодорхойлогдоно.

2.Австралийн үер ба коксжих нүүрс

Коксжих нүүрс экспортлогчид 2010 оны сүүлчээс эхлэн хэтэвч зузаарч эхэлсэн юм. Австралийн зун ер бусын их үер усаар дүүрэн байж, тус улсын коксжих нүүрсний экспортод сүйрэл авчирсан. Тиймээс Австралиас бусад экспортлогч орнуудын хувьд, тэр дундаа Монголын коксжих нүүрсний бизнес эрхлэгчдийн хувьд 2011 он тун аятайхан эхэлсээн. Монголын нүүрсний ордуудын хувьцаа биржүүд дээр энэ оны эхний улиралд тун өндөр үзүүлэлттэй байсан юм. Оны эхний улиралд дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ тонн нь 300 ам. доллар болж хадлаа.

Дэлхийн коксжсон нүүрсний нийлүүлэлтийн гуравны хоёр хувийг хангадаг Австралид сүүлийн хагас зуунд тохиогоогүй их үер болсны үр дагавар ингэж заримд нь ашиг, үлдэхэд нь гамшиг дагуулав. Үерт автсан Куинслэнд мужаас Австрали улс коксжих нүүрснийхээ 90 хувийг олборлодог. Тус муж сардаа 15 сая тонн хүртэлх коксжсон нүүрс экспортолдог нь Монгол улсын жилийн экспорттой тэнцэх юм.
Монгол улсын нүүрсний экспорт 2010 онд 15 сая тоннд хүрсэн бол энэ оны хүлээгдэх гүйцэтгэлээр 24 сая тоннд  хүрэх төлөвтэй.

3.Японы гамшиг

2011 он гамшгаар эхэлжээ. Үерийн араас газар хөдлөлтүүд үргэлжлэв. Японы зүүн эргийн ойролцоо далайн гүнд 8.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас төвийн нутаг болох Тохокү бүсийн эргийн дагуу 10-23 метрийн өндөртэй цунами үүсэв. Энэхүү гамшгийн улмаас Японд 309 тэрбум ам. долларын хохирол учирсныг тус улсын Засгийн газар тооцоолсон байна. Амь үрэгдэгсдийн тоо хэдэн зуун мянгад хүрч, газрын тос, метал боловсруулах хэд хэдэн үйлдвэр гамшгийн улмаас хаагдсанаас гадна Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын хөргүүрийн систем доголдож, гурван реактор нь дэлбэрэв. Ийнхүү Японы цахилгаан үйлдвэрлэл 20 хувиар буурч, гамшгийн бүс дэх үйлдвэрүүд бүрэн зогсов. Гамшиг болсны дараах өдрүүдэд Nikkei 225 индексийн дундаж үзүүлэлт 6.18 хувиар уналаа. Гуравдугаар сарын 15-ны байдлаар Японы томоохон компаниуд, тухайлбал Nissan-ий хувьцаа 9.5 хувиар, Toshiba, Hitachi 16 хувиар, Tokyo Electric Power 24 хувиар, Honda 9.1 хувиар хувьцааны ханш нь унав. Японы Засгийн газар санхүүгийн системийг тогтворжуулахын тулд 34 триллион иен буюу 434 тэрбум ам. доллар зарцуулсан нь үр дүнгээ өгч эхэлсэн ч зах зээл хэвийн байдалдаа ортол урт хугацаа хэрэгтэй.

2011 оны турш Япон улс гамшгийн үр дагаврыг арилгах, ялангуяа цацрагийн бохирдлын хор хөнөөлийг багасгахаар чадах бүхнээ хийв. Энэ зуур, дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засгийн орон зайд Японыг түлхэн унагаад, Хятад араас нь зугуухан гарч ирлээ. 2011 оны нэг шинэ үйл явц нь энэ юм.

4.Путиний крант

Монголчууд хүнсний бараа бүтээгдэхүүнийхээ 70 хувийг, хэрэгцээт нефть шатахуунаа 100 хувь импортоор авдаг. Энэ нь манай инфляцийн гуравны нэг нь хөрш хоёр орны эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй макро эдийн засгийн бодлоготой шууд хамааралтай гэсэн үг. Манай улсын инфляц ихэвчлэн нийлүүлэлтийн талаас үүдэлтэй гэсэн үг юм. Нийлүүлэлтийн хүчин зүйлээс гадна улс төрийн хүчин зүйл бодитой бий. 2011 оны зуны нефтийн хямрал Монгол оронд түгшүүр авчирсан юм.

“Цаашдаа эдийн засаг эрчимтэй өсвөл манай улс жилдээ таван тэрбум төгрөгийн нефть бүтээгдэхүүн импортлох шаардлагатай. Монголын түлшний хэрэглээ жил ирэх тутам өссөөр байгаа бөгөөд 2015 онд түлшний дотоодын хэрэглээ 1.5 сая тонн/жил болох төлөвтэй” хэмээн Сангийн сайд С. Баярцогт хэлж байна. Тэгвэл Дэлхийн банк  Монголын хэрэглээний талаар, “Уул уурхайн тоног төхөөрөмж, түлшний импортын огцом өсөлттэй холбоотойгоор Монгол улсын гадаад худалдааны алдагдал 2011 онд түүхэнд байгаагүй түвшинд дөхөж очлоо. Гадаад худалдааны алдагдал есдүгээр сар гэхэд 1.4 тэрбум ам. долларт хүрэв” гэжээ.  Путин нефтийн крантаа хааж, Наадмын өмнө сануулга өгсний дараа Монголын улстөрчид “ах, Орос ах” хэмээн навсаганахаа азнаж, ирээдүйнхээ тухай эрхбиш бие даан бодож эхэллээ.

Монгол улс Роснефть-ээс гадна ТНК-ВР компаниас мөн нефтийн бүтээгдэхүүн авахаар Санамж бичигт гарын үсэг зурав. ТНК-ВР нь нефть олборлолтоороо дэлхийд эхний аравт багтдаг. ОХУ-даа эхний гуравт ордог компани юм. Мөн, наймдугаар сарын 11-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод газрын тосны олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “СодМонгол” компани жилд 5000 тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар барилгын ажлаа эхлүүлэв. Газрын тосны анхны үйлдвэр тэнд босно гэсэн үг.  Яах аргагүй 2011 оны онцлох шав энэ мөн.

Путин ийнхүү крантаа нээгээд л, хаагаад л байна. Тэр дэлхийн эрчим хүчний эзэн хаан байхыг хүсчээ. Ноён Путин крантаа жаахан хаамагц  монголчууд АИ 92 бензингүй болж, талоноор дизель түлш авч эхэлсэн шүү дээ. Путиний крантаар хүчирхэг Орос орны улс төрийн бодлоготой холилдсон бензин урсан орж ирэх болжээ. Тэр зөвхөн Монгол ба Украины бензин, хийн крантаар тоглодоггүй. Түүний гарт одоо Европын хийн хоолой бий. Дээр нь нэмээд дэлхийг хэрсэн хийн олон хоолой байгуулах төлөвлөгөө хэрэгжих гэж байна. Путиний хоолой хэмээн тэдгээрийг нэрлэе.

-Хятад руу чиглэсэн хийн хоолой нь баруун, зүүн гэсэн хоёр чиглэлтэй. Жилдээ 30-38 тэрбум куб метр хий нийлүүлнэ. Баруун чиглэлд Алтайн бүгд Найрамдах улсаар  Обь, Катунь, Песчаная гол болон Чуйскийн талаар дайран өнгөрч, Шанхай хүргэхээр төлөвлөжээ. Зүүн чиглэл дэх хийн хоолой нь Сахалин-Хабаровск-Владивостокоор тус тус дайран өнгөрөх  аж.
-В. Путин Ерөнхийлөгч байхдаа байгалийн хийг Украинаар дамжуулахгүйгээр шууд баруун руу Балтийн тэнгис доогуур түгээх Nord Stream төслийг мөн яаравчуулж эхэлсэн байна. Энэхүү төсөл нь 2011 онд ажил хэрэг болж, Путин Меркел нар нээлтийн  ёслолын тууз хайчилсан юм.
-ОХУ нь  байгалийн хийн хоолой байгуулах дараагийн төсөл South Stream-ийг бас төлөвлөж эхэлсэн. Хар тэнгисийн доогуур барих уг хоолойгоор өмнөд Европт байгалийн хий нийлүүлэх юм.
-ОХУ нь анх 2005 онд Туркт рүү Каспийн тэнгис доогуур хийн хоолой байгуулсан юм.

Гэхдээ Путиний хэтэрхий амбицтай төлөвлөгөөг гадаадад төдийгүй дотооддоо эсэргүүцэх нь улам бүр нэмэгдэж байна. Ноён Путин Орос оронд тэмцэл эсэргүүцлийг өөрөө даллаж эхлээд байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д. Медведев “ Оросыг газрын тос, байгалийн хийд  донтсон бодлогоор биш, сайн эдийн засагт суурилсан бодлогоор удирдах ёстой” хэмээн бухимдлаа илэрхийлсэн удаатай. Путинийг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх шийдвэрээ зарласан өдөр Сангийн сайд А. Кудрин огцрох хүсэлтээ ширээн дээр нь тавьжээ. “Газрын тосны үнэ баррель нь 60 ам. долларт унах өдөр холгүй, тэр үед Оросод юу болох билээ?” хэмээн Кудрин бухимдлаа хэвлэлд илэрхийлжээ. Ерөөс Оросын элит хүрээнд ч Путиний хязгааргүй эрх мэдэл, дэндүү амбицтай төлөвлөгөөнд эгдүүцэх нь нэмэгдсээр байгаа юм. Саяхан болж өнгөрсөн сонгуульд “Нэгдсэн Орос” нам ДУМ-ийн 450 суудлаас 238-ыг нь авсан нь ялагдал хэмээн шинжээчид хэлж байгаа. Гэвч Путиний хувьд 238 гэсэн тоо тохиромжтой үзүүлэлт. Учир нь ДУМ-ийн депутатуудын дор хаяж 315 нь нэгдэж гэмээнэ Оросын Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх тухай импичмент ярих эрх нээгдэнэ. 2007 оны ДУМ-ийн сонгуулиар “Нэгдсэн Орос” 315 суудал эзэлж байсан ба тэр үед Ерөнхийлөгч Медведев таалагдаагүй тохиолдолд Путин “Нэгдсэн Орос”-ын ДУМ дэх гишүүдээ дайчлан, импичмент ярих боломж нээлттэй байлаа. Одоо бол Путин өөрөө Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоны дараа импичмент нь хөндөгдөж мэдэх бүх нүх сүвийг хаахыг хичээх нь тодорхой. Тун удалгүй “Нэгдсэн Орос” намын дарга болох Д. Медведевт тийм эрх дарх өгөхгүй байхыг ноён Путин мэдээж дотроо тооцоолно. Үндсэн хуулийн аргаар ирээдүйн Ерөнхийлөгчийг огцруулах бүх боломжийг тэрбээр эртнээс хааж байна.

Түүний 12 жилийн хаанчлалаас оросууд залхаж байна. Гэвч Путин Оросын улс төрийн өндөрлөгт ирэх оны гуравдугаар сараас эхлэн дахин 12 жил суухаар бэлтгэл хангажээ. Харин “Нэгдсэн Орос” намын тэргүүн бөгөөд Засгийн газрын тэргүүнээр Дмитрий Медведев томилогдож таарах нь. Энэ хослолын эдийн засаг ба улс төрийн бодлого өмнөх 12 жилийнхээсээ өөрчлөгдөхгүй. Хэдийгээр Медведев эдийн засаг дахь либералчлалыг дэмжин, Путиний коммунист хатуу удирдлагыг задлахыг чармайдаг боловч түүний хүч мөхсдөж байна. Путинизмын үе дуусаагүй байна. Барууны шинжээчид Оросын түүхийн энэ үеийг Брежневийн зогсонги үетэй адилтган бичиж эхэллээ.

Орос оронд нэг хүний хаанчлалын зогсонги үе ирж байна. Тиймээс айсуй урт арванд ОХУ-ын Монголд хандах өнөөгийн хатуу хандлага өөрчлөгдөхгүй.

5.Ханш галзуурсан нь

2011 оны эхний хагаст Монголын экспортын гол түүхий эдийн үнэ түүхэн рекорд түвшинд хүрсэн юм. Энэхүү өөдрөг уур амьсгал Монголын санхүү, төсвийн бодлогыг тодорхойлогчдын толгойг бүрэн эргүүлж, тэд ирэх оны төсвийн төсөөллийг халуун намраар хадсан өндөр үзүүлэлтээр хийж эхэллээ.

Лондонгийн Металын  бирж дээр зэсийн гурван сарын гэрээт үнэ 9805 ам. долларын үзүүлэлтэд долдугаар сарын 28-ны өдөр хүрчээ. Credit Suisse банкны Түүхий эдийн судалгааны хэсгийн дэд Ерөнхийлөгч Том Кендалл зэсийн үнэ оны сүүлээр 11 мянган ам. доллар болно хэмээн хадуурсан удаатай. Зэсийн үнэ ийнхүү өссөн нь АНУ-ын орон сууцны бүтээн байгуулалт нэмэгдсэнтэй холбоотой ажээ. Энэ жил тус улс 575 мянган айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байлаа. “Байлаа” гэсний учир нь 2011 оны эдийн засаг эхэн ба сүүл хагас гэсэн хоёр хэсэгт хуваагдсан юм. Оны эхэнд хямрал ард үлдсэн мэт, дэлхий даяараа өгүүлшгүй сайхан ирээдүйг төсөөлсөн билээ. Төдөлгүй наймдугаар сарын биржийн хар өдөр бүх итгэл найдварыг унтрааж, дахиад л хямралын тухай яриа газар авчээ.

2011 оны наймдугаар сарын 22-ны өдөр алтан өдөр болон дэлхийн бизнесийн түүхэнд алтан үсгээр үлджээ. Алтны гурван сарын гэрээт үнэ 1913.50 ам. доллар/унци-д хүрч огцом өсөв. Үүнээс ердөө хоёр долоо хоногийн өмнө алтны үнэ 1750 ам. доллар/унци-д хүрсэн нь шар металын үнийн дээд амжилтад тооцогдож байв. Алтны үнийн энэхүү өсөлт нь наймдугаар сарын 05-нд АНУ-ын зээлжих эрхийн зэрэглэлийг нэг шатлалаар бууруулж, АА+ болгосноор эхэлсэн билээ. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын зээлжих зэрэглэл буурсантай зэрэгцэн гол гол биржийн индексүүд огцом унаж, зэс, хөнгөн цагаан, гангийн үнэ буурч байхад алтны үнэ өсөв. АНУ-ын Холбооны сан энэ үйл явцад хариу арга хэмжээ авч, банкны зээлийн хүүгээ 2013 оны дунд үе хүртэл 0.25 хувь болгож бууруулсан ч, хөрөнгө оруулагчид алтыг хамгийн найдвартайд үзсэн хэвээр байна. АНУ, Европ, Хятадын эдийн засагт өсөлт удаашрах магадлалтай учир алтны үнэ тогтвортой өсөх хандлагатай байгаа юм. JP Morgan-ийн шинжээчид оны сүүлээр алт 2500 ам.долларт хүрнэ гэж үзжээ.

6.“А” ба Америк, “B” ба Бид

Он гарав уу, үгүй юу Обама бодох зүйлтэй болсон юм. АНУ-ын эдийн засаг ямагт эхний байранд, дандаа нэгдүгээр явж ирсэн. Тэгвэл тус улсын рейтинг анх удаа буурч, “АА+” гэсэн түвшин рүү нэг шатаар буурав. Энэ явдал нь АНУ-ын эдийн засагт өгсөн ерөнхий үнэлгээ төдийгүй дэлхийн санхүүгийн системд шинэ бүтэц бий болох салхи сэвэлзсэний дохио юм.

2011 оны наймдугаар сард дэлхийн 126 орны төлбөрийн чадварын үзүүлэлтэд үнэлгээ өгдөг Standard & Poor’s агентлаг АНУ-ын зээлжих баталгааны зэрэглэлийг хамгийн дээд “ ААА” түвшнээс “АА+” гэсэн түвшин рүү нэг шатаар бууруулсан нь дэлхийн хөрөнгийн биржүүдэд шоок боллоо. Учир нь тус улсын зээлжих зэрэглэл түүхэндээ анх удаа буурч буй тохиолдол юм. Үзүүлэлт буурч магадгүйг Агентлагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард анхааруулж байсан боловч АНУ-ын чансааг ингээд шууд бууруулна чинээ саналгүй өдийг хүрсэн хөрөнгө оруулагчид сандралд орон, хувьцаагаа бөөн бөөнөөр нь зарж эхэлжээ. Энэ байдал олон компанийг хэдэн их наяд ам. долларын алдагдалд хүргэв. Зээлжих зэрэглэлээ сэргээхийн тулд АНУ-д 9-18 жилийн хугацаа шаардлагатай хэмээн Standard & Poor’s-ийн Гүйцэтгэх захирал Жон Чемберс мэдэгдлээ.

Түүнчлэн, Америкт энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн ажилгүйдлийн түвшин 9 хувиас буусангүй. Америкчуудын дунд явуулсан санал асуулгаар иргэдийн дөнгөж 9 хувь нь эдийн засгийн байдал “хэвийн болон сайн байна” гэж хариулжээ. Харин 72 хувь нь Америкийн эдийн засаг “муудаж байна” хэмээн хариулав. Энэхүү судалгааг Gallup судалгааны байгууллагаас саяхан хийсэн аж.

Америкийн түүхэнд Ерөнхийлөгч Франклин Рузвельт хоёр дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаандаа орох үед яг ийм нөхцөл үүссэн билээ. Ажилгүйдлийн түвшин Рузвельтийн үед 7.2 хувьд хүрсэн байсан гэдэг. Яг энэ үзүүлэлтээс үүдээд ноён Рузвельт хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болох боломжоо алдсан юм. Харин одоо Обамад ийм хувь зохиол давтагдах эсэхийг 2012 оны Ерөнхийлөгчийн сонгууль харуулна.

Америкийн эдийн засаг суларч буй салхин чимээг хамгийн түрүүнд сонсч, баярлалдсан улс нь мэдээж Хятад. Тэд Хятадын эрин ирснийг зарлах гэж туйлаас яарч байна. Юань дэлхийн мөнгө боллоо хэмээн хөөрөлдөх болжээ. Хэдийгээр өнөөдөр дэлхий даяараа Хятадаас мөнгө зээлж яваа боловч тус улс нэгдүгээр эгнээнд гарч ирэх цаг хараахан болоогүй. 2011 оны турш хятадууд инээж, харин Обама бодлогоширсоор байсныг дэлхий харлаа. Обама бас монголчуудад атаархаж мэдэх нэгэн чухал үйл явдал талын Монголд тохиов.

“Фитч” компанийн зэрэглэл тогтоох зөвлөл Монгол Улсын зээлжих зэрэглэлийг урт хугацаандаа В+ гэж, өмнөхөөс нэг зэрэглэлээр ахиулах, хэтийн төлөвийг “тогтвортой”  хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. “Фитч” энэхүү үнэлгээнийхээ үндэслэлийг:
-ОУВС-тай хамтран Тогтворжуулах хөтөлбөрийг (Stand-by Arrangement) амжилттай хэрэгжүүлсэн.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан
-2009 оны гуравдугаар сарын сүүлийн байдлаар 0.5 тэрбум ам. доллар болтол багасаад байсан Монгол улсын  валютын нөөц 1.7 тэрбум болж өссөн
-Монгол улсын экспортын гол зах зээл болох Хятадын эдийн засгийн төлөв байдал сайн байгаа
-Уул уурхайн салбараас улбаалан Монгол улсын эдийн засаг хурдацтай өсөх төлөвтэй байгаа
-Монгол улс Төсвийн болон гадаад тэнцлийнхээ тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч, тодорхой ажлуудыг хийж буй явдал зэргийг дурдсан байна.

7.Биржийн хар өдрүүд

Дэлхийн томоохон биржүүдэд наймдугаар сараас бужигнаан үүссэн юм. Харин  2011 оны дөрөвдүгээр сарыг дуустал Монголын ордуудын хувьцааны ханш өндөр, улам бүр өснө гэсэн таамаг сонсогдсоор байсан юм. Гэвч тавдугаар сараас эхлэн биржүүд дээр Монголын ордуудын үнэт цаасны ханш ч бас гэрлийн хурдаар унаж эхлэв.

-Хонконгийн бирж дээр Mongolian Mining Corporation-ний 975 симболтой хувьцаа дөрөвдүгээр сарын 08-д  10.18 хонконг доллар байсан нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт болон үлдэв. Хавраас хойш тус компанийн хувьцаа тасралтгүй унаж, зарим үед 5 гаруйхан хонконг доллараар хэмжигдэж байна.
-Хонконгийн бирж дээр 2010 онд гарч ирсэн, Монголын нүүрсийг гол худалдан авагч  “Винсвэй Коул” компанийн хувьд хувьцаа нь дөрөвдүгээр сарын 07-нд хамгийн өндөр үзүүлэлт болох 4.53 хонконг доллар байсан бол зургадугаар сарын 20 гэхэд 2.99 хонконг доллар болтлоо шалчийтал унажээ. Винсвэй нь хэдийгээр Монголын хил дагуу дэд бүтцийн олон төсөл хэрэгжүүлж, “Монголын Алт компани”-ийн нүүрсийг худалдан авах урт хугцааны гэрээ байгуулсан боловч хувьцааных нь үнэлгээ 2.70 хонконг доллараас өндийхгүй тун удлаа.
-Австралийн бирж дээрх “Хүннү Коул”-ын хувьцаа дөрөвдүгээр сарын 11-нд 1.75 австрали доллар байсан бол зургадугаар сарын 27 гэхэд 1.25 австрали доллар болтлоо унажээ. Монгол дахь ордуудын үнэт цаас хамгийн доод түвшиндээ хүрсэн хар өдрүүд одоо ч үргэлжилсээр байна. Эдний дундаас ганц “Хүннү Коул” компанийн хувьцаа есдүгээр сараас аажмаар өсч эхэлсэн юм. Тайландын “Банпу Металз”-ын охин компани “Банпу Коул” нь Монгол дахь Хүннүгийн нүүрсний ордуудыг худалдаж авах тухайгаа есдүгээр сард албан ёсоор зарласнаас хойш Хүннү Коулын хувьцаа өсч эхэлжээ. Банпу нь Хүннүгийн жижиг хувьцаа эзэмшигчдээс үнэт цаасыг нь 1.80 австрали доллараар худалдан авна хэмээн зарласнаас хойш HUN симболтой хувьцаа Австралийн бирж дээр 1.78-1.80 үзүүлэлт дээр сүүлийн хоёр сард тогтвортой байлаа.

2011 оны хувьд Монголд нүүрс, алт, зэс-молибдений төсөл эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалттай олон компани анхдагч зах зээлд хөрөнгө босгох ажлуудаа амжилттай хийлээ. “Алтан Рио” алтны төслүүддээ, “Ханаду”  нүүрсний төсөлдөө, “Эрдэнэ Ресорсиз” нь зэс-молибдений төслүүддээ Монголоос анхдагч хөрөнгө босгосон юм. Эдний зарим нь жижгэвтэр төслүүдээ олон улсын бирж дээр гарган, улмаар том хөрөнгө оруулагчдад үнэ хүргэн зарах бодлого барьж байна.

8.Меркел уурлав

Хатагтай Меркел энэ оны турш ууртай байлаа. Түүнийг тайвшруулдаг ганц хүн бий.Тэр нь Николя Саркози. Эхлээд Меркелийг Грекийн экс Ерөнхий сайд уурлуулсан юм. Франц Грект 56.7 тэрбум ам. доллар зээлдүүлсэн. Харин Герман улс Грект 33.9 тэрбум ам. доллар зээлдүүлсэн. Тэгсэн хэр нь Грекийн эдийн засаг унаж дууслаа, уурлахаас яахав.

Грекчүүд ажил хөдөлмөр хийж, өр зээлээ төлөхийн оронд төсвийн маш үрэлгэн бодлого баримталсан юм. Тиймээс Меркел, Саркози нар Грекийг Европын холбооноос гаргахыг хүсч байна. Португалийг ч ялгаагүй, Европын холбооноос явсугай хэмээн хөөхийг хүсдэг. Европын сул эдийн засгууд ийнхүү “өнгөрсөн” бол одоо хямрал хүчтэй эдийн засгуудад өвчнөө халдааж эхэлсэн. Меркел Грекийн Ерөнхий сайдыг огцруулсныхаа дараа Италийн Ерөнхий сайд Берлусконид дургүй гэдгээ ил тод зарлав. Берлускони Засгийг толгойлж байгаа цагт Италид Европын холбоо туслахгүй нь тодорхой болсон учир ноён Берлускони ч бас Засгийн эрхээс буулаа. Италийн шинэ Ерөнхий сайдыг Меркел, Саркози нар хүлээн зөвшөөрч байгаагаа ойлгуулсны дараа Олон улсын валютын сан Марио Монтигийн шинэ Засгийн газарт 600 тэрбум еврогийн зээл өгөхөөр боллоо. Италичууд лав нэг жилдээ амьсгаа авах боломжтой болсон гэсэн үг.

Энэ бүх үйл явдлын эцэст Европын холбооны орон зайд хатагтай Меркел симфони оркестрийн удирдаач хийж буй нь харагдав.

Европын эдийн засаг унавал Европын сэргээн  босголт, хөгжлийн банк хүнд байдалд орно. Оюутолгой ордын санхүүжилтийн нэг хэсгийг хариуцаж байгаа Европын сэргээн босголтын банк энэхүү санхүүжилтээ хийж чадахгүйд хүрвэл “Оюутолгой” төсөл асуудалтай болно гэсэн үг. Тэгэхээр тэнд Меркелийн уурлах нь энд бас монголчуудад хамаатай эд болоод байна. Оюутолгой нь Монголын эдийн засгийг 2011 онд хамгийн их тэтгэсэн төсөл юм. 2 тэрбум ам. долларын хөрөнгө янз бүрийн ханган нийлүүлэлт, үйлдвэрийн бүтээн байгуулалтын импортоор Монголын эдийн засагт энэ жил орж ирсэн.
Европын 17 орныг эгнээндээ нэгтгэсэн энэхүү үлэмж биет хямралын улмаар сулран задарвал юу болох вэ? Европт хэрэглээ багасна. Европын зах зээл хумигдвал Хятадад үйлдвэрлэл багасна. Хятадад үйлдвэрлэл хумигдвал Монголын эдийн засагт шууд нөлөөлнө. Тэгэхээр Европын зүрхэн тушаа хатагтай Меркел бухимдаж эхлэх нь Азийн өндөрлөг дэх Монгол оронд хамаатай гэсэн үг.

9.Оюутолгой ба Симандоу

2011 он “Оюутолгой” төсөлд туйлын барцадтай байна. Хэдийгээр тус төслөөс Монголын эдийн засагт энэ жил маш их мөнгө орж ирсэн боловч төслийн цаашдын хувь заяанд нөлөөлөх олон нөхцөл байдал 2011 онд шинээр үүслээ. Юуны өмнө “Оюутолгой” уурхайн эрчим хүчний эх үүсвэр найдваргүй болсон юм. Хятадын хойд нутгуудаас эрчим хүчээ татах яриа хэлэлцээр амжилтгүй болов. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд тэргүүлэн “Оюутолгой” ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд яаралтай өөрчлөлт хийхийг шаардав. Ийм өөрчлөлт хийгээгүй тохиолдолд Гэрээг үзэглэсэн Засгийн газрыг огцруулах кампани өрнүүлнэ гэлээ. Хоёр удаагийн шаардлагыг одоо эргэн харъя. Хаврын чуулганы үеэр УИХ-ын гишүүд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодруулга хийхийг хүчтэй шаардсаны эцэст дараахь өөрчлөлтийг оруулсан юм.

Оюутолгой ордын Хувь нийлүүлэгчдийн гэрээний  нэмэлт, өөрчлөлтөөр баталсан нөхцөлүүд:
-Санхүүжилтийн хүү 6.5 хувь + Libor (өмнө нь 9.9 хувь +АНУ-ын хэрэглээний индекс байсан)
-Монголын тал өөрт ногдох хэсгийг ямар ч үед санхүүжүүлэх бүрэн эрхтэй
-Санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбар, мөн зээлийн хүүг 7 жил тутамд дахин тогтоох
-Гуравдагч этгээдийн санхүүжилт нь төслийн хувьд үр өгөөжтэй байх ёстой
-Монголын талын 34 хувь буурахгүй
-Давуу эрхийн хувьцаа (preferred stock)-г Гэрээний нөхцөлөөс бүрэн хасах
-“Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компани Оюутолгойд эзэмшиж буй хувиа Монголын
Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхгүй байх нөхцөлийг тус тус тусгажээ.

Хаврын Чуулганы үеэр УИХ-ын гишүүд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахыг хүчтэй шаардсаны эцэст дээрх өөрчлөлтүүдийг оруулсан юм. Эхний шаардлагын дагуу Засгийн газар яаралтай арга хэмжээ авсан боловч дараагийн буюу намар дахин тавьсан 20 гишүүний шаардлагад Хөрөнгө оруулагч тал буулт хийхгүй гэдгээ тууштай мэдэгдлээ. Хөрөнгө оруулагчдын байр суурийг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл дэмжсэн юм. Төслийн ажил гацах вий, дэлхийн эдийн засаг хямарч байхад хөрөнгө оруулагчийг, тэгэх тусмаа Монголд гурав дахь хөршийн орон зайд анх орж ирсэн “Рио Тинто” шиг хөрөнгө оруулагчийг  тогтоон барих ёстой гэсэн үндэслэлээр Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл “Рио Тинто” компанийг дэмжсэн юм.

Оюутолгой ордод байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ Монголын нийгмийг талцуулсан хэвээр байна.
С.Батболд: “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын ажил 50 хувьдаа хүрээд байгаа нь сайн мэдээний нэг. “Оюутолгой” төслийн гэрээнүүд, үйл ажиллагаа нь бүх талаараа өө сэвгүй сайхан болсон гэж хэлэхгүй. Үүнийг Засгийн газар ойлгож байгаа. Энэ оны зургадугаар сард Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол улсын Засгийн газрын төлөөлөл болох Эрдэнэс МГЛ-д санхүүгийн ихээхэн ашигтай зүйл заалтыг харилцан тохиролцсон. Тус төслийг удирдан авч явж буй “Рио Тинто” компани аливаа нэг төрийн өмчийн этгээдэд хувиа зарах шилжүүлэх тохиолдолд Монгол Улсаас бичгээр зөвшөөрөл авах гэрээг ч бас харилцан тохирсон.

Монгол улс цаашид “Оюутолгой” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэж Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гишүүд нэгдмэл байр суурьтайгаар үзсэн. Ойрын хугацаанд Засгийн газраас Оюутолгой ХХК нь Монголын ханган нийлүүлэгчдийг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэн бизнесийг хөгжүүлэх санаачлагуудад үргэлжлүүлэн хөрөнгө оруулах талаар тодорхой ахиц дэвшил гаргахыг бид шахаж ажиллана.

Дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулна хэмээн Гэрээгээр тохиролцсон ажлаа шуурхайлж, Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах чиглэлийг тууштай баримтална. Үүний зэрэгцээ Монгол улсын иргэдийн оролцоог 90 хувиар хангах, Удирдах албан тушаалд дэвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх  ажлыг эрчимжүүлэх талаар хамтарч ажиллана”

Ерөнхий сайд ингэж мэдэгдсэн юм. Дэлхийд санхүүгийн хямралын ээлжит давлагаа нүүрлэж байхад “Рио Тинто” Гэрээнд ямар нэг өөрчлөлт оруулахгүй шүү дээ хэмээн Засгийн газар тайлбарлаж байна.
Тэгвэл Оюутолгой ордын хэлэлцээрийн сайн, мууг харьцуулан харах боломжийг Гвинейн Ерөнхийлөгч монголчуудад санал болгож байна. “Рио Тинто” нь Гвинейн Засгийн газартай дэлхийн хэмжээний төмрийн хүдрийн орд болох Simandou уулын төслийг хэрэгжүүлэх талаар Тогтвортой байдлын гэрээ байгуулсныг харьцуулан харахыг хүсье.  2010 оны арваннэгдүгээр сард шинээр сонгогдсон Гвинейн Ерөнхийлөгч Alpha Conde тус улсын уул уурхайн төсөл дэх эзэмшлийн хувь 15 байсныг 33 хувиас доошлохгүй байхаар шийдвэрлэв.

Дүрмийг хүлээж авахаас өөр аргагүй болсон “Рио Тинто” тус улсын Сангийн яаманд 700 сая ам. доллар төлж байж төсөл хэрэгжүүлэх эрхээ хэвээр хадгалан үлджээ. Өмнө нь Гвинейн Засгийн газар төслийн 20 хувийг эзэмших эрхтэй байсан бол шинэ Гэрээнд 35 хүртэлх хувийг эзэмшихээр тусгуулжээ. Түүнчлэн бусад олон хөнгөлөлтийн заалт гэрээний нөхцөлд оржээ.

“Рио Тинто”-гийн эдлэх эрх:
Simandou төслийг Chinalco-ийн охин  компани  Chalco-тай хамтран хэрэгжүүлэх эрхтэй.
Төслийн хүрээнд байгуулах төмөр зам, боомт зэрэг дэд бүтцийн оператор байгууллагаар ажиллах
Гвинейн Засгийн газрын цаашид гаргах шийдвэр нь Гэрээний заалтад нөлөөлөхгүй
Татвар 30 хувь, роялти 3.5 хувь, төслийн бүтээн байгуулалтад шаардагдах тоног төхөөрөмжийг импортлохтой холбоотой гаалийн татвар, НӨАТ –аас чөлөөлөх, хувьцаа эзэмшигчдэд олгох ашгаас татвар авахгүй байх

Гвинейн Засгийн газрын эдлэх эрх:
Төслийн 35 хүртэлх хувийг төр эзэмшинэ. Өмнөх гэрээгээр 20 хүртэлх хувийг эзэмших эрхтэй байсан.
Төслийн 15 хувийг төр үнэгүй эзэмших, үлдсэнийг нь хувьцааг хаалттай хэлбэрээр болон зах зээлийн үнээр худалдаж авах зарчмаар эзэмших
Төслийн хүрээнд баригдах төмөр зам, боомтын 51 хүртэлх хувийг Засгийн газар эзэмших эрхтэй
Засгийн газар тэдгээр дэд бүтцийг 25-30 жилийн дараа бүрэн эзэмшинэ.
Дээрх жишээ нь Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлтэй харьцуулахад улс оронд үлдэх өгөөж хамаагүй их байгааг уншигч Та харьцуулж харна уу. Түүнчлэн Тавантолгой ордын Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж буй энэ үед нүүрсний бас нэг олон улсын Гэрээний жишээг харьцуулан үзнэ үү.

Мозамбикийн коксжих болон эрчим хүчний нүүрсний Moatize ордын жишээг хараарай. Энэхүү орд нь манай Тавантолгойтой харьцуулахад геологийн судалгаа туйлын дутмаг. Мөн Тавантолгой шиг төмөр зам, эрчим хүч, боомтын аль алиныг шийдэж чадаагүй, маш их хөрөнгө оруулалт шаардсан төвөгтэй төсөл. Гэвч Мозамбикийн Засгийн газар энэхүү төвөгтэй орд дээрээ олон улсын тендерийг амжилттай зарласан жишээг одоо харцгаая. Монголын Засгийн газрын Ажлын хэсэгт туршлага болог.

Мозамбикийн Засгийн газар 2004 оны арваннэгдүгээр сарын 12-нд Бразилийн “Вале” компанийг тендерийн ялагчаар зарласан юм. Ялагчаар шалгарсан “Вале” хоёр жилийн хугацаанд нүүрсний төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаар болсон байна. Үүнд, кокс боловсруулах үйлдвэр, ган хайлуулах үйлдвэр, цементийн, хөнгөн цагааны үйлдвэр болон төмөр зам тавих, бусад үйлдвэрийн судалгаа зэрэг олон төслийн төлөвлөгөө багтжээ. Судалгаанд “ Вале” нийтдээ 80 сая ам. доллар зарцуулахаар болсон байна.

Харин “Moatize” ордыг ашиглалтад оруулахад 1.5 тэрбум ам. доллар зарцуулахаар болсон бөгөөд “Nacala” төмөр замын сүлжээг засч сайжруулахад 1 тэрбум ам. доллар, эрчим хүчний станцад 1 тэрбумаас дээш ам. доллар, эрчим хүчний шугам сүлжээнд 0.5-1 тэрбум ам. долларын санал тус тус тавьсан аж.

Түүнчлэн, “Вале” ордын хайгуулын эрхийг авахын тулд тус улсын Засгийн газарт 122.8 сая ам. долларыг буцалтгүй хэлбэрээр төлжээ. Тус компанийн урт хугацааны амлалтад жилд 21 сая тонн нүүрс олборлох, 1500 МВт-ын  цахилгаан станц байгуулах, төслийн бүтээгдэхүүнд 3 хувийн роялти төлөх, төслийн 5 хувийг Засгийн газарт, 10 хүртэлх хувийг ард иргэдэд эзэмшүүлэх, хайгуулын үед 6.5 сая ам. долларыг орон нутгийн нийгмийн хөгжилд зарцуулах, үргэлжлүүлэн олборлолтын явцад 50 сая ам. долларыг зарцуулахаар тусгажээ.

10.Тавантолгойн хэлэлцээр

2011 оны онцлох хоёр үйл явдал нь Оюутолгой ба Тавантолгой ордыг тойрсон үйл явдлууд юм. Тавантолгой ордын Баруун Цанхийн хэлэлцээрийн талаар мэдээлэл хаалттай байсан. Үнэндээ бол стратегийн Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр гэхээр зүйл хийж шалиагүй юм. Явц нь таг гацсан гэж хэлэх гэсэн юм. Яагаад гэвэл Баруун Цанхийн хэлэлцээр дээр том тээг бий. Орос ба Хятадын сонирхлыг Тавантолгой орд дээр тэнцүүлэх нь маш хэцүү бодлого болчихоод байна.

С.Батболд: ОХУ-тай Улаанбаатар төмөр замыг байгуулсан 1949 оны хэлэлцээрийн асуудлаар идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, Монголын талын хөрөнгийг 51 хувь байхаар зарчим баримталж хэлэлцээрийг явуулж байна. Улаанбаатар төмөр замын дүрмийн санг 250.0 сая ам. доллараар нэмэгдүүлэх шийдвэрийн дагуу 2012 оны улсын төсвийн төсөлд Монголын талын 125.0 сая ам. долларыг тусгаад байна.

С.Баярцогт: 2012 оны хөрөнгө оруулалтын нийт зардлын 1/3 нь үндсэн гурван арга хэмжээнд зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын 500 тэрбум төгрөгийг:
-Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэхтэй холбоотой 150 тэрбум төгрөг
-Эрчим хүчний болон авто замын эргэн төлөгдөх 250 тэрбум төгрөг болно гэжээ.

Өөрөөр хэлбэл, оросуудыг хөдөлгөх, төмөр замын ажлыг эхлүүлэх бүхий л боломжийг Монголын Засгийн газар эрэлхийлж байна. Тавантолгойн Баруун Цанхийн нүүрсийг зөөвөрлөх дэд бүтцийн асуудал, транзит тээврийн гарцыг нээсний дараа олон улсын шалгаруулалтын хэлэлцээрт ахиц гарна гэсэн үг. 2012 оны халуун сэдэв, тэр тусмаа сонгуулийн өмнө “ганц сайн улстөржих” сэдэв нь энэхүү хэлэлцээрийн явц байх болно.

11.“Хөөрхөн” төсөв

Хэдийгээр Сангийн яам хөөрхөн , ухаантай төсөв батлуулсан хэмээн ярилцлага өгч байгаа боловч гол шалгуур нь хямралын өмнө  хэр бэлтгэлтэй төсөв бэ гэсэн асуулт юм. Тиймээс 2012 оны улсын төсвийг магтахаасаа илүүтэй маргааш нөгөөдрийнх нь үр дагаврыг шинжье.

Дэлхийн улс орнууд танах төсвөө хийж байна. Эдийн засгийн хоёрдугаар хямралын шинж тэмдэг Америк ба Европд илэрсний дараа улс орнууд төсвөө танаж эхлэв. Харин манайд ямар байна?
С.Баярцогт: Төсвийн зарлагыг 800 орчим тэрбум төгрөгөөр, санхүүгийн эх үүсвэрийг 105 тэрбум төгрөгөөр танаж баталлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эдийн засгийн хямрал бий болж эхэлсэн. Энэ нь дэлхий нийтийн эдийн засгийн байдалд нөлөөлөх магадлалтай  учир Засгийн газар болгоомжилж, орлогоо 600 орчим тэрбум, зарлагаа 900 орчим тэрбум төгрөгөөр ийн бууруулсан юм.  Байдал муугаар эргэх ёсгүй.

Л.Пүрэвдорж: Мөнгөний бодлогыг цаашдаа хатууруулж байж инфляцийг 10 хувь руу дөхүүлнэ. Мөн Монголбанкинд төсөв батлагдах эцсийн мөч хүртэл хаалттай байсан нэг зүйл бол 2.3 тэрбум төгрөгийн амлалт юм. Үүнийг ямар хэлбэрээр өгөх нь тодорхой бус байсан. Түүнийг чөлөөтэй мөнгөжүүлээд эхлэх юм бол дээрх зорилт эвдэрнэ. Монгол улсын дарамт ихсэх байсан. Тийм учраас Монголбанкны санал нь иргэддээ энэ мөнгийг өгнө гэдгээ баталгаажуулаач ээ. Харин бэлэн мөнгөөр өгөх гэж байгаа бол нэлээд урт хугацаанд хийгээч ээ. Дор хаяж 5-6 жил шаардагдана. Тэгж байж манай эдийн засаг тогтвортой байна. Дээр нь, төсвийг хэчнээн хасч баталсан ч инфляцийн дарамттай байгаа. Тиймээс нийлүүлэлтийн шоок үүсгэхгүй байх талаар Засгийн газар онцгой анхаарч ажиллах учиртай гэжээ.

Төв банкныхан Засгийн газрын хөөрөгдөж байгаа инфляцийг барих гэж галд барьдаг ганц модоо дахин шүүрчээ. Тэр мод нь бодлогын хүү. Он гарснаас хойш бодлогын хүүг суурь инфляцийн өсөлтийг сааруулах зорилгоор гурван удаа өсгөж, заавал байх нөөцийг хоёр удаа нэмжээ. Харин Засгийн газар бэлэн мөнгө тараах, дахин нэмж тараах, одоо бүр хүн болгонд нэг сая төгрөгний хувьцаа өгөх, түүнийгээ хүсвэл бэлэн мөнгөөр аваарай хэмээн зар тараав. Тиймээс энэ бол хөөрхөн, ухаантай төсөв биш. Харин хямралын өмнө байдгаа тавьж тараах харалган төсөв юм. Сонгуульд бэлдсэн төсөв гэсэн үг.

Сангийн сайд “Байдал муугаар эргэх ёсгүй” гэж хэлснийг Та анзаарав уу? Гэхдээ байдал муугаар эргэнэ гэдгийг хамгийн түрүүн Монголын бизнесийн салбарынхан мэдэрч байна.
Шинэ төсөв бизнесийнхэнд хамгийн халтай төсөв болсон. Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн учир бизнесийн зээл хамгийн өндөр хүүтэй, тэгээд олдоц муутай болно. Монгол оронд бизнес тэлэхгүй юм бол хөгжил ирэхгүй.

2012 оны Сонгуулиуд

Арван хоёр он сонгуулийн амьсгаагаар дүүрэн байна. Зүгээр нэг сонгуулиуд биш. Дэлхийн том гүрний хувь заяатай холбоотой сонгуулиуд бий. Бүс нутгийн тогтвортой байдлыг тодорхойлох сонгууль байна. Уул уурхайн баялагтай учир жанцан холбогдсон сонгууль ч бий.

Мартын 8-ны баярын өмнөхөн ноён Путин Кремль дэх Ерөнхийлөгчийн өргөөндөө эргэн залрах бодолтой байна. Монголд Парламентын сонгууль болно. Америк шинэ Ерөнхийлөгчтэй болох уу, эсвэл Обамад дахин итгэл үзүүлэх болов уу. Египет, Ливийн шинэ удирдагчид хэн байх вэ, Лалын намууд Парламентад нь олонхи болох уу. Европын Саммит ямар шийдвэр гаргах вэ, Грек, Португалийг Төсвийн сахилга бариагүй хэмээн Европын холбооноос хөөвөл энэхүү холбооны хувь заяа ганхах уу, эцэст нь Путиний “ЕвроАзийн холбоо” гэх хэт авангард төлөвлөгөө хэр бодитой сонсогдох бол? Саркози дахин Ерөнхийлөгчөөр үлдэж чадах уу? Асуулт болгоны ард тэмцэл, хөдөлгөөн, жагсаал өрнөх магадлалтай юм. Учир нь эдийн засгийн дараалсан хямралууд иргэдийг эмзэг, үл итгэгчид болгож байна.

Саяхан болсон Испанийн сонгуулийн үр дүнд Социалист нам сураггүй болж, хэн ч мэдэхгүй шахуу байсан Ардын нам гэгч ард түмний саналыг аван гараад иржээ. Амьдрал хэцүүдвэл ард түмэн хэнбугайд ч хамаагүй итгэл үзүүлж, хуучныг халдгийг саяхны энэ жишээнээс хараарай. Улсын Их Хурлын ирэх хаврын сонгуулийн дүнг ч өдгөө Испанийн жишээн дээр үлгэрлэн харж болно. Шинэ цагийн баячууд, албан тушаал горилогсдын эгнээгээр цус сэлбэж байгаа Монгол Ардын намын ганган томчууд, гоё ордон иргэдийн бухимдлыг нэмэхээс цаашгүй болсоор байна. Оросын “Нэгдсэн Орос” намд ч шинэчлэл яригсад нэмэгдэж, албан тушаал горилж намд шургалсан гишүүддээ дургүйцэх болжээ. “Нэгдсэн Оросыг хэн ч унагаахгүй, тэр өөрөө өөрийгөө удахгүй иднэ” хэмээн “Шударга Орос” намын тэргүүн Николай Левичев хэлсэн нь үнэнд дөхнө.

Арваннэгэн он дэлхийг эмзэг болгожээ. Санаанд оромгүй үйл явдлуудаар дүүрэн арван нэгэн он байсаан. Эдгээр этгээд үйл явцын үр дагавар нь 2012 онд гарна. Арван хоёр оны дэлхий өнөөгийнхөөсөө ихээхэн өөр болно хэмээн Нострадамус хэлсэн нь зүгээр нэг таавар биш биз. “Дэлхий сөнөнө” хэмээн Нострадамус хэлсэн бол өнөөдөр тэр үгний утгыг “Дэлхий өөрчлөгдөнө” хэмээн тайлж болох юм.

Арваннэгэн онд Японы цунами дэлхийн тэнхлэгийг хөдөлгөсөн юм. Дэлхийд Америкийн тогтоосон санхүүгийн дэг журам задран унаж байна. Европ суларлаа. Арабын ертөнц ужиг хямрал, иргэний дайнуудын үүдэнд ирээд байна. Өндөр хөгжилтэй орнуудад хэрэглээ хумигдахын хэрээр түүхий эдийн , ялангуяа эрдсийн үнэ ханш 2012 онд 10-20 хувиар унах урьдчилсан таамгууд гарч эхэллээ.

Гэвч эрсдэлийг урьдчилан харах, хамгаалах зөн совин хүн төрөлхтөнд бий. Басхүү Монгол шиг эрчимтэй өсч буй залуу эдийн засаг дэлхийд байр сууриа эзлэх боломж гарч байна. Хямралыг боломж болгох хувь зохиолын өмнө 2012 оны харанга дуугарч байна. Уншигч Та өөдрөг байгаарай.

Л.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.