УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч гэгдэх Улсын начин Б.Одхүүгийн танхай балмад үйлдэл хэрээс хэтэрлээ. Өмнө нь өөрөөсөө олон насаар ах Улсын заан Ц.Баярсайханы 10 гаруй шүдийг цөм цохиж, хүнд гэмтээн таван жилийн ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс хэргээ буцаалган, улмаар прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, ялгүй өнгөрч байсан. Мөн Улсын харцага Г.Ганхуягийг ч бүлэглэн зодсон гээд зодоон нүдээн хийдгээрээ зартай нэгэн. Гэхдээ ялгүй өнгөрч, хэргээс мултардаг нь азтайдаа биш том “артай”-даа юм.

Улсын заан Ц.Баярсайханыг хүнд гэмтээсэн ч ялгүй үлдсэн нь тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын “тус” гэдэг. Том араар халхавч хийсэн түүнд төр төмөр нүүрээ харуулахгүй бол түүний гарт зодуулах хохирогчдын тоо хэрээсээ хэтрэх нь. Сүүлдээ бүр УИХ-ын гишүүний биед хүртэл халдаж, бүлэглэн зодсон хэрэг үйлдлээ.

Өнгөрсөн амралтын өдөр болсон Бөхийн өргөөний үйл явдлын дараа тэрбээр УИХ-ын гишүүн А.Сүхбатыг бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулсан байх юм. Тодруулбал, Бөхийн өргөөг хамгаалалтад авч хэнийг ч дотогш нэвтрүүлээгүй. Гэтэл УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын Бөхийн өргөөн дотор цоожтой өрөөнд сууж байхад нь Улсын начин Б.Одхүү 10 гаруй залуусын хамт өрөөг цөм өшиглөн орж, УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед халдаж, бүлэглэн зодсон байна. Түүгээр ч үл барам зодсоныхоо дараа Бөхийн өргөөнөөс чирж гулдчин гаргажээ. Тиймээс УИХ-ын гишүүн А.Сүхбат шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгохоор болсон байна. Харин уг асуудлыг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Хувийн бие хамгаалагч чинь мөр зэрэгцэн нэг ангид суугаа ангийн чинь нөхрийг зодчихоод байхад чимээгүй л суугаад байх уу. Б.Бат-Эрдэнэ аваргаа. Та УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбаттай нэг анги төдийгүй, зүлэг ногоон дэвжээнээ нэгэн цагт барилдаж, бөх сонирхогч монгол түмнээ баясгаж явсан бус уу.  Гэтэл одоо бие хамгаалагчаараа хамаг муу муухайгаа хийлгэчихээд ард нь хэзээ болтол нуугдах вэ.

Хэнд ч дийлдэхгүй бие хамгаалагчийнхаа “том”-ыг мэдсэн эрхэм аварга маань бие хамгаалагчаа бөхчүүдийнх нь эсрэг турхирч байгаа бололтой. Өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөний гадна болсон үйл явдлын үеэр Б.Одхүү бөхчүүд рүүгээ томорч, дарамталж эхлэхэд бөхчүүд дундаас үг дуугарах хүн ганц байгаагүй гэдэг. Б.Одхүүгийн танхай балмад үйлдлийг болиулахаар үг хэлсэн ганц хүн нь Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх байж. Гэвч тэрбээр Дархан аваргаа үл тоож элэглэн доромжилж байсанд тэнд байсан бөхчүүд, ихэд эгдүүцэж байна. Гэхдээ эгдүүцлээ, дургүйцлээ гээд түүнд үг хэлэх зоригтон байгаагүй нь харамсалтай. Бүх бөхчүүд өөрөөс нь айдагт эрдэж сүүлдээ хууль тогтоогчийг зодож, ардаа том хамгаалалт байгаа гэж эрдсэн бололтой.

Мөн Улсын начин Б.Одхүүд хууль хэзээ үйлчлэх вэ. Улсын Ерөнхий прокуророо, ЦЕГ-ын дарга С.Баатаржаваа.

Хэрвээ цагдаагийн хамгаалалттай Бөхийн өргөө рүү танай албан хаагч нар Б.Одхүүг арав гаруй залуусын хамт оруулаагүй бол УИХ-ын гишүүн өнөөдөр зодуулахгүй байлаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд чишимч үгүй халдаж байгаа хүн энгийн иргэдэд хэрхэн яаж ханддаг нь тодорхой. УИХ-ын гишүүний биед халдаж байхад хараад сууж байсан танай цагдаа нар энгийн иргэдээ хамгаалж чадах уу гэж асуумаар байна.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүн зодсон хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа эрхэм гишүүний биед халдсан нь хуулиас огт айхгүй байгаагийн том жишээ. Хууль хэзээ хүн бүрт тэгш үйлчлэх вэ. Ялангуяа удаа дараагийн зодооны үйлдэлтэй Улсын начин Б.Одхүүд хэзээ хариуцлага тооцох вэ. Эрхэм хууль сахиулагчдаа.

Uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих