Нэгэн гайхамшигт дурлалын түүх

cute-old-cuoples-18Ноён Менделсон тун царай муутай хүн байлаа. Маш намхан, бас эвгүй бөгтөр нуруутай хүн байлаа. Ноён Менделсон нэг өдөр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ. Тэр худалдаачин Фримтже хэмээх маш үзэсгэлэнт охинтой аж. Менделсон тэр залуу бүсгүйд ухаангүй дурлажээ. Гэвч үзэсгэлэнт охин Менделсоноос айж цочирдон, хайрын сэтгэлийг нь хүлээн авах нь бүү хэл, өөдөөс нь ч эгцэлж харахыг ч хүсэхгүй байлаа. Салахын алдад Менделсон дээд давхарт байдаг охины өрөөний үүдэнд очин бүх зоригоо чангалж байгаад түүнтэй ярилцах эцсийн боломжоо ашиглан ярилцахаар шийджээ.

Залуу бүсгүйн гоо үзэсгэлэнд автсан Менделсон өөрийгөө диваажинд байгаа мэтээр төсөөлж байлаа. Гэвч бүсгүй түүн рүү эгцэлж харахгүй хэвээр байсанд хөөрхий Менделсоны урам нь хугарчээ. Маш их хүч гарган хичээж ярьсан ярианыхаа төгсгөлд Менделсон охиноос нэг асуулт асуув:
- Гэрлэлтийг ариун гэгээн үйл гэдэгт итгэдэг үү?

Бүсгүй, “Мэдээж” гэж хариулсан боловч бас л толгойгоо өндийлгөсөнгүй.

Бүсгүй түүнээс “Харин та өөрөө итгэдэг үү? гэж асуув. Менделсон огтхон ч тээнэгэлзэлгүй “Тэгэлгүй яахав!” гээд үргэлжлүүлэн “Эрэгтэй хүүхэд төрөхөд Бурхан түүний гэрлэх бүсгүйг нь тодорхойлдог юм. Намайг төрөхөд Бурхан надад, чиний эхнэр бөгтөр нуруутай байх болно гэсэн юм. Тэр үед би Бурханд, эмэгтэй хүн бөгтөр байх нь түүнд маш хүнд байх болно. Харин миний эхнэрийн оронд намайг бөгтөр болгож, түүнийг минь хамгийн үзэсгэлэн гоо бүсгүй болгооч дээ” гэж гуйсан юм” гэжээ.

Менделсоны энэ үгийг сонссон Фримтже толгойгоо өргөн түүн рүү харцаа чиглүүлэв. Залуу бүсгүй Менделсоны гарыг барин хайрын сэтгэлийг хүлээн авлаа. Ингээд түүний хайртай бүсгүй нь болжээ. Энэ түүх бол үлгэр биш, Германы алдарт хөгжмийн зохиолч Менделсоны эмээ, өвөө хоёрын хайрын түүх юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих