Г.Шийлэгдамбын туслах : АТГ-ын ажилтан хөшиг хаа гэхэд нь босохдоо боодолтой ДОЛЛАРОО паарны завсраар сэм унагасан

10-4(108)ЭМС-ийн сайд асан Г.Шийлэгдамба хахууль авсан нь батлагдсан. Энэ тухай О.Баасанхүү МАХН-аас өөр олон ч Шийлэгдамба гарна хэмээн ярилцлаг өгч байсан. Сайдын өрөнөөс 120 мянган доллар бэлнээр гарч ирсэн. Үүнээс өмнө тэрээр “Метронэтворкс”-ын О.Даваасүрэнгээс бас 40 мянган доллар авсан байсан. Сайдын туслах  Я.Цэвээнхандын өрөөнөөс долоон сая төгрөг бэлнээр гарч ирсэн агаад үүнд нь ТНБД Г.Ганчимэгээс авсан таван сая төгрөг орсон байжээ.   Экс сайд нэгэн ярицлаганд орох үедээ намын дарга Н.Энхбаярт 50 мянган доллар өгсөнөө хүлээсэн. Г.Шийлэгдамба эхэлж авсан 40 мянган доллароо 50 мянга болгоод намдаа өгчээ. Өөрийх нь мэдүүлснээр 2015 оны 11-р сарын 4-ний өглөө Н.Энхбаярд мөнгө өгөөд  дараа нь “Блью скай”-д  өдрийн хоол хамт иджээ. Намын даргын намын сайдаасаа мөнгө авсан хэрэгт тухайн үеийн нарийн бичгийн дарга П.Цогтбаатар, С.Удвал, Б.Тулга, Э.Эрдэнэжамьяан нар байцаагдсан. Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга нь бүр задаргаагаа хүртэл гаргаж өгчээ. Гэсэн ч энэ хэрэг Н.Энхбаярын АТГ-д шалгагдаж байсан өөр нэгэн хэрэгтэй холбоотой гэх үндэслэлээр Г.Шийлэгдамбын хэргээс тусгаарлагдсан. Энэ хэрэгт экс сайдын төрийн болон намтай харьцах өдөр тутмын ажлыг зохицуулж мөнгийг нь өгөх дамжуулах үүрэг хүлээж байсан туслах Я.Цэвээнхандын мэдүүлэг сонирхолтой юм. 2015 оны 10-р сарын сүүлээр сайд нь таван сая төгрөгийг хадгал гээд өгчээ. Ингэхдээ нэг сая төгрөгийг нь чи ав хэмээн туслахдаа хэлсэн гэнэ. Энэ таван сая төгрөг нь “Улаанбаатар мед” эмнэлгийн эзэн, “гаалийн” гэх Ш.Адьшаагийн ТНБД Г.Ганчимэгд эмнэлгийн  магадлан итгэмжлэл гаргуулахаар хахуульд өгсөн мөнгө байсан бололтой. ТНБД  хайрцагтай мөнгийг сайдын туслахад өгч тэр чигээрээ сайдад очсон хэмээн мэдүүлсэн. Ингээд энэ мөнгөнөөс туслах нь нэг саяыг өөртөө авчээ. Баривчилгаа 2015 оны 11-р сарын 4-ний өдөр болсон. Тухайн өдөр сайд үдээс өмнө нь гадуур ажилтай яваад үдээс хойш албан өрөөндөө иржээ. Ирээд туслахаа дуудаж “нөгөө хадгалуулсан мөнгөнөөсөө 500 мянгыг миний охинд өгчих өвлийн хувцас авах юм байна, бас 500 мянгыг жолооч Хүрлээд өг” гэжээ. Туслах мөнгөө авахаар сейфээ онгойлгох гэтэл гацаад болсонгүй тул гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Баярмааг өрөөндөө түр суулгаад гадагшаа гарч ХААН банкны өөрийн данснаасаа 1,2 төгрөг авч жолоочид нэг саяыг нь өгчээ.  Үдээс хойш 16 цагийн орчимд сайд нь “О.Даваасүрэнг ирвэл шууд оруулаарай” гэжээ. Ингээд яамны арын хаалгыг онголйгож “Метронэтворкс”-ын менежерыг оруулж сайдтай уулзуулжээ. Тус компанид “Цахим эрүүл мэнд” төслийн туслан гүйцэтгэгчийн ажлын хөлс  төслийн ерөнхий гүйцэтгэгч Хятадын “Хуабей” компаниас орж ирсэн байжээ. Менежер компаниасаа бараг 130 гаруй мянган доллар авсан байсан гэнэ. Менежерийг орж ирэхэд нь шууд сайдын өрөөнд оруулсан байна. Тэрээр ердөө 10-хан минут болоод гарч яамны хойд талын хаалгаар гарчээ. Удалгүй сайд туслахаа дуудаж “энэ мөнгийг МАХН-ын нарийн бичгийн дарга Цогтбаатарт өг” гээд боодол доллар гаргаж өгчээ. Долларыг аваад өрөөндөө орж салфетканд ороогоод ширээн доор байдаг сейфний дээр тавьж байтал гаднаас гурван хүн орж ирээд шууд сайдын өрөө рүү явжээ. Туслах яаран босож “ямар учиртай хүмүүс вэ, байзаарай” гээд зам хаахад нэг нь АТГ-ын ажилтны үнэмлэх үзүүлжээ. Айсан туслах буцан суудалдаа суужээ. Удалгүй ахин АТГ-ынхан орж ирсэн агаад нэг нь хөшиг хаа гэж тушаажээ. Сэргэлэн туслах хөшиг хаахаар босохдоо сейфний дээр байсан доллароо сэм авч паар шүүгээ хоёрын завсар унагажээ. Үүнийг нь АТГ-ынхан анзаараагүй гэнэ. Сайд туслах хоёрыг авч явсан агаад тэнд бүх үнэнээ хэлээд орой нь АТГ-ынхантай ирж паарны завсар унагасан боодол доллароо гаргаж өгчээ.

NUUTS.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.