ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ШАЛГАХ БҮРЭЛДЭХҮҮНД НАЙДАЖ БОЛОХ УУ

d6dd4246e2aae82c1d7c2a8c303a9e19Оюутолгойн гэрээ зурагдсанаас хойшхи есөн жилийн хугацаанд Монголчууд ямар ашиг хүртэв гэдгийг сөхөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Монголчуудын өнөөгийн амьдралын түвшин цаашид ийм байдлаар үргэлжлэх үү гэдгийг шийдэх юм. Энэ явдал Монгол төдийгүй олон улсын анхаарлыг татаж буй. Гэрээний өгөөжийг хууль хяналтын байгууллага болоод парламентын түвшинд  нягталж эхэлсэн  нь сайн хэрэг ч үр дүнг хэлэхэд арай эрт байна. Нэг талаас гэрээг зурсан эрхмүүдэд АТГ–аас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурор, шүүхийн байгууллагаас хорих шийдвэр гаргасан нь Оюутолгойн гэрээний үр ашигт нэлээдгүй эргэлзжээ гэхэд хилсдэхгүй. Гэхдээ зөв, бурууг шүүх эцэслэн тогтооно.

Харин нөгөө талаас “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсэг УИХ–ын даргын захирамжийг гардаад 20 гаруй хонож байна. Ямартаа ч томоохон бүрэл­дэхүүнтэй дэд ажлын хэсэг гарган, үндсэн таван чиглэлээр шалгалт хийнэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба–Очир мэдэгдээд байгаа юм.

 Гэхдээ томоохон стра­тегийн ордыг ашиглах гэрээ­ний хэрэгжилтийг шалгаж дүгнэлт өгөх Ажлын хэсэгт ямар хүмүүс багтав, чин шударгаар ажиллаж чадах уу гэдэгт найдах эсэх асуудал гарч ирж байна. Оюутолгойн гэрээг засварлах,цуцлахын аль нэг шийдвэрийг гаргах Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба–Очир ахалж, дэд ахлагчаар УИХ–ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байна. Харин бүрэлдэхүүнд  Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат–Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогд­жээ. Бүрэлдэхүүнийг цу­хас сонжвол, парламентад байсан турш­лагатай гишүүд гэвэл Б.Бат–Эрдэнэ, Я.Содбаатар, Д.Тэрбиш­дагва нар юм. Мөн Ажлын хэс­гийн ахлагч Д.Дамба–Очир өмнө нь УИХ–ын гишүүнээр ажиллаж байсан. Харин Б.Жавхлан, З.Нарантуяа, Н.Амарзаяа, А.Ундраа, О.Баасанхүү нар энэ удаагийн Их Хуралд шинээр сонгогд­сон. Энэ хүмүүс Оюутолгойн гэрээг шалгаж улс орон, ард түмний эрх ашгийг хамгаалсан сайн дүгнэлт гаргана гэдэг нь эргэлзээтэй. Энэ талаар цахим орчинд ч иргэд үзэл бодлоо илэрхийлж байна. Мөн эдгээр гишүүдийн хувьд дан ганц туршлагаас гадна олон улсын хөрөнгө оруулалтын томоохон гэрээг дүгнэх учраас олон ч шалгуур, үнэлэмж, ур чадвар шаардагдаж таарна.

Тэгвэл олон нийт болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ажлын хэс­гийн гишүүдэд итгэхгүй байгаагаа илэрхийлж эхэлжээ. Мөн улс төрийн намууд ч байр сууриа хэлж байна. Ардчилсан нам Оюутолгойн гэрээг шалгах асуудлаар дотооддоо Аж­лын хэсэг байгуулахаа хэл­чихсэн. АН–ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Асуудалд тэнцвэргүй хандаж буй тохиолдолд бид нар өөрсдийн үгийг хэлэх ёстой. Оюутолгойн асуудалд улс төрийн өнц­гөөр хандаад байна.  Оюу­толгойн гэрээтэй хол­боотой маргаантай асуудлыг үнэн зөвөөр гаргах ёстой.  Оюутолгойн гэрээг зөв авч явж улс орны хөгжилд хувьнэмэр оруулах хэмжээнд байлгах ёстой” гэсэн юм.

Түүнчлэн УИХ–ын дарга М.Энхболд “Ажлын хэс­гийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгааг ухам­сарлаж ажиллабал зохино” гэж сануулсан удаатай.

Харин МАХН–ын Гүйцэтгэх товчооны гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдорж “УИХ–ын даргын захи­рамжаар гэрээг шалгах ажлын хэсэг байгуулагдсан нь ниргэсэн хойно хаш­ги­рав гэдэг шиг л зүйл болж байна.  МАХН болон бусад намууд арга буюу Ерөнхийлөгч, УИХ–ын дар­гад тулган шаардах би­чиг хүргүүлсэн. Нэг талаас харахад энэ бичигт хурдан шуур­хай хандаж, Ажлын хэсэг байгуулж байгаа мэт боловч нөгөө талаас нь харвал хожимдсон маш их хугацаа алдсан зүйл. Ер нь энэ Ажлын хэсэг ямар зүйлийг шал­гаж, үнэн зөв дүгнэлт гарах уу, үгүй юу гэдэг нь эр­гэл­зээ­тэй. Ажлын хэсгийн бүрэл­дэхүүнийг харахад л надад итгэл төрөхгүй байна. Уг нь тэд туйлын шударга ажил­лах ёстой. Мөн УИХ–ын Тамгын газрын  2009, 2010 оны дүгнэлтийг эр­гэн харах учиртай. Оюу­тол­гойн гэрээнд одоо хүр­тэл нууцалсан зүйл их байгаа. Тэр бүхнийг эргэн харж, хамгийн шударга дүг­нэлтийг гаргаасай.  Түүнээс биш ая тал зассан болоод нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр цааш нь явуулъя гэсэн байдлаар хандвал Монголын ард түмэн хохирсоор л байх болно. Нэмэлт өөрчлөлт оруулна гэвэл дахиад л цаг хожино. Тэгэхээр энэ гэрээг шууд цуцалж Монголын ард түмэнд ашигтай байдлаар дахин гэрээлэх учиртай. Монголын талаас тавих шаардлага, тэдэнд хүлээлгэх хариуцлага өндөр байна. Шударга ажиллаасай” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад, Оюутолгойн гэрээг зурагдахаас өмнө 40 гаруй эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн УИХ-ын дэргэдэх судалгааны баг 2009, 2010 онд гэрээний талаар санал дүгнэлт гаргасан байдаг. Оюутолгойн гэрээний дөрвөн асуудалд судалгаа хийж, энэ гэрээ монголын талд ашиггүй, олон улсад мөрдөгддөг уул уурхайн гэрээний стандарт  зөр­чигдсөн, Монгол Улсын Засгийн газар ашиглаж бо­ло­хуйц олон давуу болом­жоо алдсан гэсэн дүг­нэл­тийг УИХ-ын гишүү­дэд хүргүүлсэн ч хав да­раад өнгөрсөн байдаг аж.

Зууны мэдээ
С.Уянга


URL:

Сэтгэгдэл бичих