Асрамжийн газраас гарсан хүүхдүүдийг анхаараагүйгээс болж ялтан болж байна

468033af506af2436271a4fb8602be10Асрамжийн газрын хүүхдүүдийг нас биед хүрэхээр нь гаргадаг. Зарим нь ажил мэргэжилтэй болж сайн явж байгаа. Харин зарим нь буруу замаар будаа тээж бусдын биеийг үнэлүүлдэг байна. Улмаар мөнгийг нь өөрөө авч бэлгийн мөлжлөг үйлддэг аж. Яг ийм хэрэг шүүхээр шийдэгдсэн болохыг хүргэж байна.

Өөрийгөө Цоомоо гэж хэлдэг Б.Ө гэгч этгээд  А.Н-ийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг буюу ар гэрийн гачигдал, өөрийн оюуны хомсдолтой зэрэг эмзэг байдлыг нь далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын их сургууль, Улаанбаатар зочид буудлын урд талбайд 2000 оны 7 дугаар сарын 1-нээс 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, 2008 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга тогтвортой зогсоож, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг дэх дэн буудлуудад бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулдаг байна. Уг үйлдлийн улмаас А.Н нь жирэмсэн болж 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ураг зулбуулсан байна.

Энэ хэргийн талаар хохирогч А.Н-ийн “…Б.Өыг Цоомоо гэж дууддаг юм. …Одоогоос 3 жилийн өмнө Цоомоо эгч над руу хутга шидээд миний баруун гар соривтой болсон. Намайг мөнгө бага хийлээ гэж уурлаад хутгаар зодсон. Би Цоомоо эгчээс 3-4 удаа зугтаж байсан. Зугтаад аав, ээж дээрээ очдог боловч аав, ээж 2 Цоомоо эгчийг дуудаад намайг өгөөд явуулчихдаг байсан. Би уг нь ээждээ “Цоомоо эгч миний биеийг үнэлүүлж мөнгө авдаг, муу хүн” гэж хэлдэг байсан боловч ээж ойлгодоггүй байсан. Би 3 удаа жирэмсэн болоод 1 удаад нь 8 сартай жирэмсэн байхад 100 айлын хувийн эмнэлэгт авахуулж байсан. 2 удаад нь Цоомоо эгч Хятад эм уулгад гэртээ зулбуулж байсан. … Цоомоо эгч намайг олон удаа хэвтэрт ортол зодож байсан. Дараа нь Цоомоо эгч өөрөө эмчилдэг байсан. …Цоомоо эгч намайг багшийн дээд дээр гаргаж хүмүүст өгдөг байсан. Цагийн 70.000 төгрөг, хоногоор бол 150.000 төгрөгөөр өгдөг. Надад ерөөсөө мөнгө өгч байгаагүй.  Зарим үедээ 2-5 хүний дунд ганц намайг өгөөд явуулдаг байсан. Тэгээд би тэр хүн тус бүртэй ээлжилж бэлгийн харьцаанд ордог. …Мөнгө муу хийсэн үед Цоомоо эгч зоддог юм. Миний толгойг энэ эргүү толгойг улам эргүү болгочихъё гээд цохидог байсан. Цоомоо эгчээс зугтаж явж байгаад хүүхдийнхээ эцэгтэй танилцаад тэдний гэрт 2 сар амьдарсан. Энэ үед хүүхэдтэй болоод хүүхдээ 2003 онд төрүүлсэн. Төрснийхөө дараа Төв аймгийн Батсүмбэр суманд аав, ээж дээрээ очиж уулзчихаад хот руу ирж Яармагт байдаг Мандухай гэх асрамжийн газарт хүүхдээ өгчихөөд аав, ээж дээрээ очсон. Би Цоомоо эгчид биеэ үнэлж зөндөө мөнгө олж өгсөн. Энэ мөнгөө гаргуулж хүүхдийнхээ хамт хашаа байшин авч амьдармаар байна. Би цагдаа дээр ирээд тэмбүү өвчтэй гэдгээ мэдлээ. Иймээс эмчилгээний мөнгө нэхэж байна…” гэж тайлбар өгсөн байна.

Түүний зодуулдаг байсан нь үнэн гэдгийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан шинжилгээнүүд нотолдог. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3252 дугаартай “А.Н гэх цус АВО системээр А /II/ бүлгийн харъяалалтай байна. А.Н нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, 93 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 552 дугаартай “А.Нийн биед зулай, дагз хэсгийн хуйх, дух, зүүн хөмсөг, хамрын нуруу, баруун шуу, сарвуу, баруун, зүүн далны хэсэгт хуучин сорив гэмтлүүд байна. Дээрх сорив гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх олон тооны сорив гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. А.Нийн жирэмслэлт-4, төрөлт-1, зулбалт-2, үр хөндөлт-1 байна /асуумжаар/” гэх шинжээчийн дүгнэлт

Шинжээч эмч Б.Оюунчимэгийн “…Тэмбүү өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Гэхдээ эмчилгээ хийсний дараа TPHA сорил нь насан туршдаа эерэг гарна. Эерэг гэдэг нь тэмбүүгийн эсрэг бодис тухайн хүний бие организмд хадгалагдан үлддэг гэсэн үг. А.Нийн тэмбүү өвчний дүгнэлтээс харахад RPR-эерэг, TPHA-эерэг гэж гарснаас харахад уг өвчин архаг шатандаа байна. Архаг гэдэг нь хамгийн багадаа 3-6 сар, түүнээс өмнө энэ өвчнөөр өвчилсөн гэсэн үг. Харин яг хэдийд өвчилсөн гэдгийг тодорхойлох боломжгүй. А.Н нь энэ өвчнөө эмчлүүлээгүй байна. …” гэсэн тайлбарууд баталдаг.

Хэргийг цагдаа, прокрор шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ө-ыг хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан байнга тогтвортойгоор бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсны улмаас ураг зулбасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Б.Ө-ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн байдаг.  Өөрөөр хэлбэл гэм буруутай гэж үзсэн.

Харин үүнийг Б.Ө эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Тэрбээр давж заалдах гомдолдоо: “…Миний амьдралын боломж хүнд тул хорих ял эдлэх боломжгүй байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эх. Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсоныхоо дараа жирэмсэн гэдгээ мэдсэн. Одоо 6 сартай жирэмсэн, жирэмсний хожуу үеийн хордлоготой, хүнд байгаа тул хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Миний ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй. …” гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Ө-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, түүний хувийн байдалд нь тохируулан түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр, Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлээр Б.Ө-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэсэн шийдвэр гаргаж,  насанд хүрээгүй  хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох асуудлыг эрх бүхий албан тушаалтанд даалгахаар болсон байна.

Энэ  бол шүүхээр шийдэгдэж байгаа тохиолдол. Үүний цаана ийм тохиолдол цөөнгүй бий. Тиймээс энэ төрлийн хэрэг дахин үйлдэгдэхгүй байхад хүн бүрийн оролцоо чухал тул болзошгүй энэ аюулаас сэрэмжлэхийн тулд хууль хүчний байгууллагад мэдээлэл өгч нийгмийн хариуцлагаа ухамсарлана уу.

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.