Ирээдүйгээ мөнгөөр зарахыг иргэдэд тулгав

Ирээдүйгээ мөнгөөр зарахыг иргэдэд тулгав

Монголчууд “стандарт бус” Зас­гийн газартай болсон ца­гаас хойш “Энэ ямар нэг юм бол­­­но шүү” хэмээн “дотор хүн”-дээ, хаяа бие биедээ хэл­сээр ирсэн. Харин ард түмний­хээ “чинээлэг дундач болно” гэ­­сэн мөрөөдлийг нь халтар төг­­рөгөөр солих юм гэж са­наанд ч орсонгүй. Засгийн га­­зар иргэддээ тараасан Та­ван­­тол­гойн хувьцаагаа  гу­рил, бу­даагаар сольж авах опера­цийг хэ­рэгжүүлж эхлүүллээ. Ам­лал­тын сая төгрөгийг хувьцаа бол­гож тараагаад мөнгөөр сольж авах боломжийг нь нээлт­тэй үл­дээсэн шийдвэрийг нь ингэж хэлж байна.
Бүр нарийн ярих юм бол Та­вантолгойг гацаагаад бай­сан шалт­гаан нь энэ байж. Цааш­лаад хардах юм бол төсөвт суу­­сан 420 тэрбум төгрөг бүгд Та­­ван­толгойн хувьцаа болж ху­вир­тал Цанхийн баруун хэс­гийн тендер будлиантсаар байх нь.
Иргэд хувьцаагаа сая төг­рөгөөр өгсөөр байх аваас байд­лыг харж байгаад дахиад 420 тэрбумыг нэмж суулгаад, энэ байдал өдрийн хоолоо яая гэж байгаа ядуу өрхийн хувьцааг дуу­сан дуустал үргэлжилнэ. Хо­ногийн хоолноосоо даваад гар­чихсан өрхүүд энэ үйл явц дуус­тал ажиглаж тэсэх байх. Гэх­дээ тэвчээргүй нөхдүүд нь бас л арилжиж орхиод сая төгрөгөөрөө өөр юм хийхийг бодно биз. Эдийн засгийн мэдлэгтэй, ухаантай хүн бол Тавантолгойг хүлээж байснаас сая төгрөгөө аваад өөр “юм” хийсэн нь дээр гэдгийг ойлгоно. Гэвч ард түмэн Баабар гуайд “Ходоодоороо санал өгдөг” гэж гоочлуулж байх үеийнхээсээ илүү ядуурсан тул хоногийн хоолноос өгөөд ядуу чигээрээ шинэ мянган өөд сажлахаас өөрцгүй.
Ийм ажил хийсэн намууд засгийн эрхийг дахиад авбал “Стратегийн” гэх бусад ордууд дээр ч энэ аргаа хэрэгжүүлэх нь тодорхой. Нийгмийн ядуу хэсэг стратегийн ордуудаа цувдай, гурил будаагаар сольсоор байна гэсэн үг. Ирээдүйд мэндлэх үр хүүхэд минь “Би энэ ядуу өрхүүдэд л битгий төрөөсөй” гэж залбирч байгаа байх гэж өр өвднөм.

Сая төгрөгөө эрүүл мэндийнхээ хэрэгцээнд зарцуулчихсан хүн яах вэ

Амлалтын сая төгрөгөндөө хувьцаа өгснөөрөө Хамтарсан Засгийн газар бас иргэдээ залилсан. Аваарт орсон хэсэг иргэд нисдэг тэрэг хөлөглөн одсон талаар шуугиантай мэдээ­лэл манай сайтад өмнө нь гарч байсан. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэр үед “Амлалтын сая төгрөгөөрөө нисдэг тэрэг хөлсөлсөн юм билээ. Хүсвэл хэн ч энэ үйлчилгээг авч болно” гэж айлдсан билээ. Гэтэл сайдын хэлсэн ёсоор эрүүл мэндийн үйлчилгээ авчихсан иргэд Таван­толгойн хувьцаагүй яах вэ. Тэд сая төгрөг нь Тавантолгойн хувьцаа гэдгийг мэдсэн бол солихгүй ч байсан байж болно. Тэдэнд сонголт хийх боломж олгосонгүй. Хувьцааг нь олгоно гэвэл шударга бус хэрэг болчих гээд байдаг. Энэ бол яалт ч үгүй хамтарсан Засгийн газрын буруу. Тавантолгойн бүтээн байгуулалт хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендер гацсаар байгаа тохиолдолд ядуус хувь­цаан­даа, бас ирээдүйд Катар шиг орны иргэн болох нь гэсэн мөрөөдөлдөө “Баяртай” гэж хэлсээр байх болох нь. Юутай гуниг, юутай харуусал вэ.

Сонгуулийн хууль дуншсаар байгаа нь…

Хамтарсан Засгийн газар байгуулснаас хойш хоёр нам аль аль нь “Хэрхэн нэр цэвэр салах вэ” гэсэн бодлогыг бодсоор байгаа. Хамгийн боломжит хувилбар нь “Сонгуулийн тухай хууль”-д бие бидээ буулт хийхгүй байх явдал гэж харагдаж байгаа. Сүүлийн үед болсон процессыг ажиглаад байх нь ээ, сонгуулийн хууль хэлэлцсэн болж жүжиглэж цаагуураа амлалтаа хэрхэн бие­лүүлэх вэ гэж л санаа зовж суусан байна. Эхлээд цалин тэт­гэврийг дорвитойхон нэмэх шийдвэр гаргасан, гэхдээ энэ нь инфляцийг хөөргөдөх аюултай байсан. Нөгөөтэйгүүр, МАН-ын амласан 1,5 сая төгрөгийн амлалтын 500 мянга нь эзэддээ оччихсон. Энэ нам амлалтаа бага ч гэсэн биелүүлчихсэн гэсэн үг. Сонгуулийн үеэр хэцүүдэх байдалд орох нь гэж мэдсэн АН Тавантолгойн хувьцааг 1072 болгох санаачлага гаргаж түүндээ хүрсэн. Энэ санааг МАН гацааж чадах байсан ч тэгээгүй. Зарах боломжийг олгох гэж л тэр. Эцсийн дүнд нь АН сая төгрөгийн хувьцаа тараана, МАН тэр хувьцааг нь худалдаж авснаар 1.5 сая төгрөгөө өгнө. Ингээд амлалтаа биелүүлсэн хоёр нам одоо ямар нэг асуудал дээр санал зөрөлдөөд Засгийн газраас гарч магадгүй. Ингэсэн тохиолдолд сонгуулийн тогтолцоо хуучин хэвээр үлдэх нь.

Амлалтаа ч биелүүлнэ, ашгаа ч гаргана

Яах вэ, нэг их баян тарган биш ч гэсэн эх оронч иргэн шиг бодох гээд оролдоё л доо. Улс л томорч байвал бусад нь яах вэ гэж. Бас зарим нэг эдийн засагчдын хэлж байгаа шиг мөнгийг нь авах нь ашигтай гэж. Гэвч сая төгрөг аваад өөр наймаа хийж ашиг олох орон зай жижг Монголд маань бий бил үү. Эцэстээ ёстой нөгөө гурил будаанд өгөөд л дуусна. Тавантолгойн хувьцаа тодорхой хугацааны дараа үнэд хүрэх нь хүрнэ, гэхдээ улс үүнийг аваад баяжих нь ч бас л юу бол. Өнөөдөр Miningjournal сайтад Австралийн компани Овоотын ордоос таван сая тонн нүүрс экспортлох гэрээ хийсэн даруй хувьцааных нь ханш өссөн талаар мэдээ гарчээ. Өмнө нь Ханаду майнинг компани өрөмдлөг хийсэн даруй, Професи компани ирээдүйд барих цахилгаан станцаа нүүрсээр хангах эрх авсан даруйд хувьцаа нь өссөн гэсэн мэдээ гарч байлаа. 14-хөн хоногийн дотор цацагдсан мэдээлэл л энэ шүү дээ. Эдгээр компаниудын эзэмшдэг ордын нийт хэмжээ нь Тавантолгойтой бараг дүйж очих юм билээ. Ийм олон орд ашиглалтад ороод нүүрс зөөгөөд байхад бид тоохгүй л байгаа шүү дээ. Эцсийн бүлэгт Тавантолгой гэсэн нэг ордыг эрх баригчид хэт олон удаа зарж идэж байгаа юм биш үү. Олны итгэл сэтгэлийг аваад үзвэл бүр үндсэн үнээсээ ч илүү гарах юм шиг. Хэрвээ эрх баригчид “Тавантолгой, Таван­толгой” гэж ярьсаар ирэх сонгуульд ялалт байгуулж гэмээ нь энэ ордыг дэлхийд хамгийн өндөр үнээр борлогдсон ордод тооцож болно.

Заль…

Засгийн газар уг нь бол “Хувьцаагаа ав, эсвэл мөнгөө ав” гэсэн хувилбар тулгаж байгаа гэдгээ хэлээд л, яриад л байгаа. Гэтэл энэ яриа иргэдийн дунд орохоороо “Хувьцаа” гэдэг үг нь гээгдчихсэн “Нэг сая төгрөгийг эхний хэсгийг нь ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс өгөх юм гэнэ” гэж өөрчлөгдөөд явж байх юм. Иргэдийн нэг хэсэг нь харанхуй хэвээр байсаар мөнгө авах дээрээ тулах ёстой болох нь. Монголын хүн амын нэг хэсэг нь гэртээ телевиз ч үгүй амьдарч суугаа. Тэд хамгийн түрүүнд мөнгөтэй болох хүмүүс. Ер нь бол иргэдэд хувьцаа тарааснаар нийгмийн давахргын өнөөгийн байдал арай өөрчлөгдөж, 30 жилийн дараа чинээлэг дундаж давхаргынхан иргэдийн дийлэнхийг бүрдүүлнэ гэсэн төсөөлөл байсан. Харин энэ янзаараа байвал Засгийн газар нь иргэдээ хувьцаа тараагаад хямдхан худалдаж авдаг. Түүгээрээ эргээд сана­лаа худалдаж авдаг байдал үргэлжилсээр байх магадлалтай юм.
Эрх баригчид “Нэг сая төг­рөгийн үнэ бүхий хувьцааг худалдаж авах 420 тэрбум төгрөгийг төсөвт суулгачихсан гэж яриад байгаа. Гэтэл төсөвт суучихсан 420 тэрбум төгрөгийг мөнгөөр тараах ажил заавал дөрөвдүгээр сарын нэгнээс тарааж эхэлдэг нь юу вэ. Үүний учир бол тодорхой, хэсэг бүлэг этгээдийн эрх ашигт тохируулсан л шийдвэр. Сонгуулийг дөхүүлж байгаа хэрэг. Шууд он гаруут тараа­гаад эхлэх юм бол нөгөө хэдэн ядуучууд чинь ядуугаа мэдэхгүй, Цагаан сар тэмдэглэх гэж хөөрцөглөөд хамаг мөнгөө үрээд хаячихна гэсэн муу санаа. Сонгууль дөхсөн үед мөнгө ч байхгүй, хувьцаа ч байхгүй иргэд хэнд саналаа өгөх нь тодорхой. Ийм нөхцөл байдал үүсгэлгүй, хэдэн төгрөгийн бараа харуулж хөөргөж байгаад суудлаа хадгалж үлдэх нь тэдний хувьд хамгийн зөв зам.   Монголын хүн амын дийлэнх хэсэг нь ядуу амьдардаг. Цаасан дээр 37 хувь гэж байгаа ч нарийндаа бол талаас илүү хувь нь ядуу гэдгийг ингэж хэлүүлэхээс ичдэг ичимхий хүн өөрөө ч мэдэж байгаа. Жаахан тоо бодоод үзье. Талаас илүү хувийг эзлээд байгаа энэ ядуучуудын саналыг авахад л Монголын бугшсан улс төрд салхи оруулах сачийтай нам нэг ч гарахгүй. Яг үнэндээ хоёр намын амлалтаа биелүүлсэн арга иргэдийн ирээдүйдээ итгэх итгэлийг бөхөөж орхилоо. Үүнээс илүү гай гэж байх уу.

Х.БАТСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих