Зөрчлийг гар утасны зургаар нотолж, торгох нь зөв үү

19922

Замын цагдаагийн албанаас “Цахим замын цагдаа”, “Paparazzi traffic Mongolia” гэсэн хоёр цахим хуудсаар дамжуулан иргэдээс зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авч, торгууль ногдуулдаг. Тодруулбал нэгдүгээр эгнээгээр зорчиж, автобусны хөдөлгөөнд саад учруулсан, урсгал сөрсөн, хоёр зураас давж эргэсэн зэрэг зөрчлийг тухайн орчинд хөдөлгөөнд оролцож явсан өөр нэгэн жолооч зураг, бичлэг болгон гар утсандаа хадгалж авна. Түүнийгээ дээр дурдсан хоёр цахим хуудсанд нийтэлснээр Замын цагдаагийн албанаас зөрчил гаргасан жолоочид торгуулийн хуудас хүргүүлдэг.

Зөрчил илрүүлэгч иргэн нь:

Зөрчлийн зураг, бичлэг оруулахдаа хаана, хэзээ, ямар зөрчил гаргасныг заавал бичиж оруулах

Тухайн тээврийн  хэрэгслийн урдаас нь зургийг авсан байх /автомашины улсын дугаар, марк, өнгө/

Орчны байдлыг харуулсан байх

Хэн нэгний нэр хүндэд халдсан доромжилсон  зүй бус үг хэллэг хэрэглэхгүй байх зэрэг үүрэг хүлээнэ. Гэвч хэн нэгний авсан зургийг үндэслэл болгож, торгууль оногдуулах нь хэр бодитой ажил вэ?!

Нэг жишээ дурдъя. Иргэн Д гэртээ харихаар минут ч хүрэхгүй хугацаанд нэгдүгээр эгнээнд шилжин,  өөрийн байр руу нэвтрэх гарцанд хүрсэн байгаа юм. Тэгтэл түүний зургийг “Зөрчил илрүүлэгч” нэгэн нь авч цагдаагийн байгууллагад шилжүүлснээр түүнд нэгдүгээр эгнээгээр зорчсон гэдэг үндэслэлээр 20 мянган төгрөгийн торгууль төлөх шийдвэр хүрсэн  байна. Тэрээр “Гэртээ ч харих эрхгүй болох нь” хэмээн Төр засагт гомдлын үг дайсан.

Иргэд зөрчил гаргаж буй нөхдийн зургийг авч, түүнийг нь Замын цагдаагийн албанаас баталгаажуулж, торгож байгаа нь нэг талаар зөв зүйтэй ажил. Гэвч зөвхөн иргэдийн авсан зургаар л нотолгоо болгож, торгууль бичиж байгаа нь болхи санагдах юм. Зөрчил гаргасан бүхнийг ингэж зургаар баталгаажуулахын оронд харин дугаараа бичилгүй зам, гарц хааж тавьдаг нөхдийг энэ аргаар “хашраавал” илүү оновчтой.

Мөн Нийтийн тээврийн газраас нэгдүгээр эгнээгээр зорчиж, автобусны хөдөлгөөнд саад учруулсан автомашины жолооч нарын зургийг гар утасны камер ашиглан баримтжуулж, бэлэн бус торгууль явуулж эхэлсэн. Энэ ажил хэсэгтээ л шүүмжлэл дагуулсан.  Энэ нь Нийслэлийн нийтийн тээврийн газраас батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийгдэж буй ажил болохыг Замын цагдаагийн албанаас мэдээлсэн. Нийслэлийн нийтийн тээврийн газрын 9 байцаагч нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулдаг, нэгдүгээр эгнээнд хүн буулгадаг зэрэг зөрчил гаргадаг такси үйлчилгээ эрхлэдэг иргэд рүү чиглэсэн арга хэмжээг авч ажиллаж байгаа гэсэн. Энэ ч бас олны дургүйцлийг хүргээд амжсан.

Зөрчил гаргагч “даварсан” этгээдүүдэд торгууль ногдуулах нь зөв. Гэхдээ Төрийн ажлыг ингэж албан бус, ажил хэрэгч биш байдлаар хиймээргүй байна.

Г.Сүрэн

Эх сурвалж: Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.