Тариаланчид үр тээсэн галт тэрэг хүлээсээр

224574-20042018-1524191201-240592612-2Үрээс үүдсэн үймээн энэ хавар өрнөж байна. Хаврын тариалалт хэзээ мөдгүй эхлэх гэж буй энэ үед импортын үр хүлээсэн тариаланчид Сэлэнгийн Хөтөлд хэд хонож буй аж. Энэ оны тариалалтад 60 мянга орчим тонн улаанбуудайн үр шаардлагатай. Үүний дунджаар 50 мянга гаруй тонн нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариаланчдын өөрсдийнх нь нөөцөлсөн үр. Үлдсэн 6000 орчим тонн үрийг ОХУ- аас импортлохоор болсон юм.

Буудайн үрээс үүдсэн хүндрэл тасрахгүй байна

Гэвч хаврын тариалалтын хугацаа тулчихаад байхад хойд хөршөөс ирэх импортын үр оройтож, тариалан эрхлэгчдэд чирэгдэл учруулаад байгаа аж. Импортын үр авч, үржүүлнэ гэж горьдсон цөөнгүй тариаланч үр тээсэн галт тэрэг хүлээн олон өдрийг барж байгаа нь энэ. Гантай жилийн дараах хавар буудайн үрээс үүдсэн энэ мэт хүндрэл уламжлал мэт болов.

Өдгөөгөөс хоёр жилийн өмнө, хаврын тариалалт дөхчихөөд байхад тариаланчид үрээ голж, үймээн дэгдээж байв. Оросоос импортолсон үрийн буудай чанаргүй, бүр хортой гэх шуугиан дэгдэж, хаврын тариалалтыг хойш татсан бараан түүх бий. Ер нь бид ган тохиож, ургацаа алдмагц, хойд хөршөөс үр тариа гуйдаг.

Гуйж авчирсан үр тариа нь гологдож, хэл ам, хэрүүл, маргааны халуун сэдэв хэсэгтээ болдог жишиг энэ хавар ч давтагдаж байна. Үрийн нийлүүлэлт удаж буйг салбарын яамнаас тодруултал, шалтгааныг “Импортын үрийн дийлэнхийг тариаланчдад хуваарилсан. Үлдсэн хэсгийг нь тээвэрлэн, авчирч байгаа гэж Оросын талаас мэдээлсэн” хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдэгдэж байна.

Уг нь импортын үрийг цаг тулгаж, тариаланчдад хүндрэл учруулахгүйгээр шийдчих боломж байсан хэмээн тариаланчид учирлах аж. Үрийн буудай дутах нь өнгөрсөн оны найм, есдүгээр сард тодорхой болсон. Үүнээс хойших долоо, найман сард импорт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, эртнээс бэлдэх ёстой байсан хэмээн тариаланчид шүүмжилж байна.

Уг нь улаанбуудайгаар улсынхаа хэрэгцээг баталгаатай хангачихдаггүй юмаа гэхэд үүний хэдхэн хувьтай тэнцэх үрийн буудайг бусдаас царайчлалгүй, дотоодоосоо нийлүүлчихдэг байхсан. Гэтэл ургац алдсан жил үрээ бэлдээгүйн улмаас дээр, дооргүй сандран, бусдын гарыг хараад суухаас өөр сонголтгүйд хүрээд байгаа юм. Одоо бүр голж шилэх нь бүү хэл олдсоныг нь л авдаг болсон. Заримдаа бүр үр олдоогүйгээс төлөвлөсөн тариалалтаа багасгаж байсан хэмээн энэ сарын эхээр Төрийн ордонд болсон Тариаланчдын улсын зөвлөлгөөний үеэр хэд хэдэн тариалан эрхлэгч хэлээд амжсан. Энэ нь үрийн бодлогоо үндсээр нь үгүй хийсний үр дагавар гэж туршлагатай тариаланчид үзэж байна.

Монгол Улс буудайн үрийг нэгдсэн бодлогоор үржүүлж байсан түүх бий. Үр тойрсон эрдэм шинжилгээ, туршилтын станцуудтай, бүр үрийн аж ахуй, талбайтай байв. “Ер нь тариалан эрхлэлтэд төр засаг, эрдэм шинжилгээний байгууллага, тариаланчид нэг баг болж, эрдэмтэд удирдлаганд нь ажилладаг байсан” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан, хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономич Ш.Гунгаадорж ярилаа.

Гэтэл одоо энэ тогтолцоо үлгэн салган болжээ. Угтаа үр үржүүлэх нь гинжин хэлхээ бүхий нарийн ажиллагаа. Шинэ сортын үр үүсгэх, өсгөх, турших, үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд нарийн агаад үе шаттай үйл явц. Гэтэл энэ нарийн хэлхээ холбоо, хэсэг бүтцүүд тарж бутран, салж хөндийрчээ.

Таримал ургамлын сортын тухай хуулийг шинэчилнэ

Тухайлбал, салбарын тулгуур шинжлэх ухааны байгууллага болох Дархан-Уул аймагт байрлах Ургамал, газар тариалан, сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн гэхэд өдгөө БСШУ СЯ-ны харьяанд, Улсын үрийн нөөцийн газар нь Онцгой байдлын ерөнхий газрын мэдэлд байна. Үр тойрсонбүтэц, хэсгүүдийн малгай байгууллагууд ондоошихын хэрээр хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь хөндийрөөд байгааг ч салбарынхан байнга анхааруулдаг. Ийн хэдэн хэсэг салсан бүтэцтэй энэ системээс үүдэн манай үрийн бодлого хөсөр хаягдаад байгаа аж.

Одоогоос олон жилийн өмнө Монголын үрийн аж ахуйн гол голомт нь Дарханы Хонгор сум байв. Гэтэл монголчуудын хүнс, тэжээлийн бааз суурь гэгдэж байсан энэ сумын багагүй хэсэг өдгөө талхлагдан доройтоод буй. Үрийн бодлого алдагдсаны нэг баталгаа энэ.

Тэрчлэн одоо бид тариалалт эхлэхийн өмнө үрийн буудай импортолж байна. Гэтэл өмнө нь гаднаас орж ирсэн шинэ сортын үрүүдийг олон жил туршиж байж тариалалтад ашигладаг байжээ. Цаашлаад тухайн үрийг баруун, зүүн бүсийн алинд нь сайн ургахыг хүртэл шинжилж судалдаг байсныг ахмад тариаланчид хуучилж байна. Ер нь газар тариалангийн судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага цөөрсөн. Үүнээс үүдэн үр үржүүлэх үйл явц нь үлбийж сулбайсан нь бодит үнэн юм.

Энэ салбарын гол шинжлэх ухааны байгууллага болох Ургамал, газар тариалан, сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн жилд 500 тонн үр үрслүүлэх хүчин чадалтай аж. Гэтэл бидэнд дор хаяж 3000 тонныг үржүүлэх шаардлага тулгараад байна. Ийм хэмжээний үрийн нөөц бэлтгэх хүчин чадалтай болж байж гурилын буудайнхаа үрийг бусдаас гуйхгүй болох нь.

Ийнхүү Монгол Улс газар тариалангийн эх үндэс болсон үрийн асуудлаа шийдэж чадаагүй байтал биднээс үл хамаарсан сорилтууд хэдийнэ тулгарч эхэлсэн. Тариалалт эхлэхэд төдийлэн таатай биш манай орны цаг уур улам хувьсан өөрчлөгдсөөр. Үүнтэй зэрэгцээд хөрсний үржил шим буурч, байгаль цаг уурын өөрчлөлтөд амархан өртдөг, эмзэг болсныг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Баярсүх хэлсэн.

Өөрөөр хэлбэл, эх орныхоо эрүүл хөрсөнд ургамал, газар тариалан эрхлэх улам амаргүй болж, биднээс илүү их арчилгаа шаардах боллоо. Тэгвэл үүний эх үндэс болсон үрийн бодлогоо цэгцлэхгүйгээр хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой хангах талаар бодоод ч хэрэггүй болж байна. Учир нь улаанбуудайн үр нь зөвхөн хэдэн тариаланчдын сэтгэлийг чилээсэн зүйл төдий ч биш.

Монгол Улс, тэр дундаа гурван сая гаруй иргэний гурилын хэрэгцээтэй холбоотой асуудал. ХХААХҮЯ- ны хийсэн судалгаагаар айл өрхийн хэрэгцээний 40-50 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлдэг. Өөрөөр хэлбэл, гурилын хэрэгцээ махны дараа бичигддэг. Иймд үр нь хүн амын эрүүл мэндээр зогсохгүй цаашлаад үндэсний аюулгүй байдлыг ч хөндөж мэдэхээр сэдэв. Тиймээс салбарыг цэгцтэй, оновчтой, нэгдсэн бодлогоор хангах шаардлага тулгараад байна. Салбарын яам ч үүнд анхаарч эхэлсэн бөгөөд Таримал ургамлын сортын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж эхэлжээ. Тус хуулийн шинэчилсэн төслийг 2018-2019 онд багтаан батлуулахаар төлөвлөж байгаа аж.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих