Монгол нутгийн газар, шороо монгол хүний өмч

712-1524463100p1cbogokvq1fhg1tah1g9k17qe1dot3Улсын үндэс газар гэж өвөг дээдэс хэлсэн байна. Тэгвэл газар хэний өмч вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Монголчуудын хувьд өмчийн газартай болсон богинохон түүхтэй. Ердөө 2002-2018 он буюу 15 жил.  Гэхдээ энэ нь монголчууд цаг ямагт газрын үнэ цэнийг мэдэж байгаагүй гэж хэлж байгаа үг биш. Харин өргөн уудам нутаг, сөөм газрын төлөө үе үеийн ахмадууд халуун амь бүлээн цусаа урсгаж ирсэн байх юм.  Ийм үйл явдал, баатарлаг үйлсийн эздийг манай түүхийн альч хэсгээс авч үзэж болно. Тийм  учраас энэ талаар илүү олон үг нурших хэрэггүй. Харин иргэдэд газар өмчилсөн богинохон үйл явдал, өнгөрсөн хугацаанд юу болов гэдэг талаар цааш нь үргэлжүүлэх нь зөв гэж үзлээ.

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль 2002 онд батлагдан, 2003 оны 5-р сарын 1-ээс мөрдөгдсөн аж. Тус хуулийг 2008, 2013 онуудад  тус бүр таван жилээр сунгажээ. Улсын хэмжээнд энэ хугацаанд  570700 иргэн хуульд заасан хэмжээний өөрт ногдох ахуйн болон газар, тариалан жимс, жмисгэнэ хүнсний ногооны талбайг үнэгүй өмчилж авчээ. Газрын эздээс  170 мянга нь өмчөө  улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй байгаа аж. Учир нь газар нь өмчлөгдөж улсын бүртгэлд орсны дараа үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийдэгтэй холбоотой гэнэ.  Энэ нь улсын хэмжээний  газар өмчлөх эрх бүхий иргэдийн 18 хувь нь болж байгаа юм байна.
Нийслэлд  “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2003-2017 оны хооронд  нийт 187170 иргэнд 9905,04 га газрыг өмчлүүлжээ. Түүнээс   2003- 2007 оны хооронд  66564 өрхөд 3427,34 га газрыг өмчлүүлсэн байна. Харин  2008-2017онд 120606 иргэнд 6477,7 га газрыг тус тус өмчлүүлжээ. Энэ нь нийслэл хотын нийт иргэдийн 14,3 хувь нь  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчилж авсан гэсэн үзүүлэлт юм байна. Иргэнд газар өмчлүүлэх үзүүлэлт нийслэлд улсын дунджаас догуур байгаа нь шинэ суурьшлийн бүсийн төлөвлөлт, инженерийн болон нийгмийн дэд бүтэц хөгжиж чадаагүйтэй холбон тайлбарлах юм билээ. Ийм зүйл өнгөрсөн хугацаанд хийсэн үү гэвэл хийсэн байна. Гэхдээ хөрөнгийн хүрэлцээ дутмагаас өргөн хүрээтэй төлөвлөлт хийгдэж, дэд бүтэцтэй болсон  газрын хэмжээ доривтой нэмэгдээгүй гэх. Энэ нь олон хүн хувийн өмчийн газартай болох боломж бүрдээгүйтэй  холбон мэргэжилтнүүд тайлбарладаг.
Нийслэлийн нутаг дэвгэрт шинэ суурьшлийн бүс бий болгож газар өмчлөх иргэдийн тоонд харьцуулан үзэхэд хуульд заасан 0,07 га-г олгох боломжгүй. Харин 0.05 га-г олгох боломжтой гэсэн тооцоог 2014 онд гаргасан байдаг. Түүн дээрээ үндэслэн суурьшлийн бүсийн төлөвлөлт хийж, иргэдэд тэгш боломж олгох үүднээс шодолтоор зурвас хугацаанд газар өмчлүүлж үзсэн билээ. Энэ үйлдэлийг зохимжгүй гэж үзээд цуцлаад жил гаруй боллоо.
Шинэ суурьшлийн бүсээр  хүрээгээ тэлэх боломжтой, төвийн зургаан дүүргээс хамгийн боломжтой газар нутагтай нь  СХД  гэж мэргэжилтнүүд ярьдаг. Тус дүүрэг одоогийн байдлаар 32 хороотой. Түүнээс 19 нь гэр хороол, зургаа нь дан орон сууцных, үлдсэн долоо нь нутаг дэвсгэртээ орон сууцтай, гэр хороололтой холмиг хороодоос бүрддэг. Сүүлийн жилүүдэд  тус дүүргийн 22,24,25 дүгээр хороод суурьшлийн бүс болж иргэд олноороо очиж суурьшсан байна. Энд  гэр бүлийн хэрэгцээний газар олгохдоо эхлээд гудамж үүсгэн ганцхан том хашаа барьдаг.
Дараа нь түүнийгээ таслан хаалга гаргаж, эзэнтэй болгодог. Шинэ эзний  нэр дээр зуучлагч  газрын гэрчилгээ гаргаж өгнө. Зуучлагчаас өөрийнхөө нэр дээр хашааны газартай болох үйлчилгээ авсаныхаа төлөө түүнд хөлс төлөх үйл ажиллагаа өргөн хүрээтэй явагдсан гэж тэнд суурьшсан иргэд ярьдаг. Хуулиар бол нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөх ёстой. Гэвч тэнд газар өмчилсөн иргэд энэ эрхээ эдэлж чадаагүй гэж хэлдэг. Гэхдээ зуучлагчид хөлс төлөхгүйгээр тэнд газар өмчлөх боломж тухайн үед байгаагүй гэнэ. Дүүрэг нийслэлийн газрын албаны оролцоогүйгээр ийм үйлчилгээг хувь хүн бусдад үзүүлэх боломжгүй гэж иргэд үзэж,тэднийг газрын  “наймаачин” гэж нэрлэх болсон байх юм. Энэ бол өнгөрсөн хугацаанд нийслэлд газар олгоход ашигласан хоёр  жишээ. Үүнээс цаас ямар аргаар хэн, хаана газар өмчилж авсан талаар манай иргэд энэ сэдвийг үргэлжлүүлэх биз.
УИХ иргэнд газар өмчлөх тухай хуулийн хугацааг 10 жилээр сунгах тухай хэлэлцлээ. Хугацаа сунгах бол нэг хэрэг. Харин иргэнд ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар эрх зүйн шинэ орчин бий болгох нь чухал.
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн хүрээнд өөрөө яагаад  өмчийн газартай болж чадаагүй талаар хүн бүхэн ярьвал сонин түр төрх гарч ирнэ. Гэвч ийм боломж одоо бидэнд байхгүй. Ийм болохоор урьдын адил цоорхой ихтэй хэрэгжүүлэхэд хүндрэлтэй хууль гарах магадлал өндөр байна. Ойлгомжгүй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй хууль гарвал “Монгол нутгийн газар, шороо монгол хүний өмч байна” гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлал амьдрал дээр биелэхгүй, дахиад 10 жил болох  магадлал өндөр болно.Тиймээс иргэнд газар өмчлөх эрх зүйн орчныг шинэчлэхийн тулд УИХ хугацаанд баригдалгүй цаг зарцуулж энэ хуулийг хэлэлцэхийг иргэд хүсч байгааг, та бүхэнд уламжлах хэрэгтэй болов уу.  Уг нь бол Монгол нутгийн газар, шороо монгол хүний өмч байх ёстой  бус уу. Бүү яар, яарвал даарна гэж үг бий.
Г.Эрдэнэбат
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих