Н.Цагаанхүү дарга аа, “Саруул” хотхон хэчнээн хүний амиар босох бол оо

5add799474b580.84835413Ийн өгүүлэх нь хоосон сүржигнэл биш. Бүр тодруулбал, “Алтай констракш” ХХК-ийн буруугаас болж дахин хэдэн хүн амиа алдсаны дараа мэргэжлийн хяналтынхан энэ асуудалд анхаарал хандуулах юм бол гэдгийг нухацтай асуух цаг болжээ.

Учир нь тус компанийн барьж буй “Саруул” хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг огтоос биелүүлээгүйн улмаас өнөөгийн байдлаар 3 хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэнээс гадна иргэд эд хөрөнгөөрөө хохирсоор байна.

Хамгийн сүүлд л гэхэд, тус хорооллын шинээр ашиглалтад орохоор баригдаж буй барилгын 12 давхраас барилгын хог буулгаж байгаад нэг хүн газар дээрээ нас барсан байна. Энэ хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач барилгын ажилчид 12 дугаар давхраас барилгын хог буулгаж байгаад дээрээс унасан хогонд дарагдаж амиа алдсан аж. Осол гармагц яаралтай тусламж дуудсан боловч хохирогч түргэний тэрэг ирэхээс өмнө нас барьсан байна. Энэ талаар албаныхнаас тодруулах гэсэн боловч, одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Тэгвэл дээр дурдсанчлан ийм эмгэнэлт осол анх удаа гарч байгаа юм биш. Бүр 2015 оны хоёрдугаар сарын 8-нд “Саруул” хотхоны барилгын В4 хэсэгт ажиллаж байсан 34 настай залуу ослын улмаас амь насаа алдсан юм. Тухайн өдрийн 13:50 цагийн үед тус барилгын лифтний хонгилд өргүүр ажиллуулж дээшээ есөн давхар руу тоосго зөөж байгаад өргүүрийн ган татлага /тросс/ тасарч, есөн давхарт тоосго буулгахаар зогсож байсан ажилтан Б-г дарсан байдаг. Улмаар яаралтай тусламж дуудсан ч түргэний эмчийг очиж амжаагүй байхад нас барсан байна. Хохирогч тухайн үед өрлөгийн ажил хийж байсан ч тоосго буулгах ажилтан нь ирээгүй байсан тул оронд нь тоосго буулгахаар очоод амиа алдсан аж.

Энэ ослын дараагаар НМХГ-аас шалгасны дүнд “Алтай Констракшн” ХХК-ийн буруутай, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй үйлдлээс болж хүний амь нас хохирсон гэж үзсэн. Тухайлбал, Тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хориглоно гэсэн хуулийн заалт байсааар атал санаатай зөрчиж, захиалагч, гүйцэтгэгч “Алтай констракшн” ХХК нэр бүхий иргэнтэй “Саруул хотхон” хорооллын В4 блокын дотор өрлөгийн ажил хийх тухай” гэрээ байгуулж, барилгын ажил хийсэн гэдгийг тус шалгалтын үеэр тогтоосон.

Үүнээс гадна талийгаач Б-гийн ажиллаж байсан хэсэг гэрэлтүүлэггүй, мөн маш хүйтэн байсан тул хүмүүс арайхийж ажиллаж байсныг тухайн үеийн шалгалтын материалаас харж болно. Үзлэгээр талийгаач залуу ажлын дулаан хувцасгүй байсныг тогтоосон гэдэг. Дээр нь барилгачдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар огт өгдөггүй байсан гэдгийг тухайн үед НМХГ-ын даргаар ажиллаж байсан Л.Эрдэнэчулуун хэлсэн байдаг.

Улмаар 2015 онд тус компанийг эдгээр ноцтой зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн акт тогтоожээ. Гэвч “Алтай констракш” ХХК энэ актыг тоож авч хэлэлцээгүйгээр үл барам хүний алтан амь эрсэдчихээд байхад ядахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг хэрэгжүүлсэнгүй байсаар өнөөг хүрч, эцэстээ дахиад л нэг хүнийг хөнөөчихлөө.

Хамгийн гол нь, уг барилгаас болж энд ажилладаггүй ч дэргэдүүр нь явж байсан нэгэн залуу мөн амиа алдсан хэрэг бий. Тодруулбал, 2014 оны долдугаар сард уг барилгын В1 блокын дээрээс төмөр унаж, 20-хон настай Н хэмээх залуугийн амийг нь авч оджээ. Харамсалтай нь уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгах явцдаа шүүхийн дүн шинжилгээнийхэнтэй сэм хуйвалдан хав дарсан хэмээн  талийгаачийн найз нөхөд, ар гэрийнхэн сэтгэлдээ гомдол  тээсээр яваа аж. Ухаандаа, үхсэний хохь, амьдын зол гэгч болоод өнгөрсөн байх юм.

Гэвч хэрэг хуучирдаггүй. Одоо энэ асуудлыг МХЕГ, НМХГ, Хүний эрхийн Үндэсний комисс гээд холбогдох бүх байгууллага авч хэлэлцэж, арга хэмжээ тусгах ёстой. Тэгэхгүй бол “Саруул” хотхон хэчнээн хүний амиар босч дуусахыг хэлж мэдэхгүй.

Үүний нэг жишээ нь, энэ сарын 9-нд тус барилгын өргөгч кран нурж, хажуудах барилгынхаа хана туургыг цуулж, хаа байсан барилгын хашааны гадна зогссон машинуудыг дарсан. Бүр болоогүй, энэ хэргээс болж хүн гэмтсэн. Азаар амиа алдаагүй гэхэд болно. Хэрвээ тэдгээр дарагдсан машин дотор хүн байсан бол, эсвэл гай таарч гэмтсэн хүн үхэх хэмжээний бэртэл авсан бол, үгүй бол кран хэн нэгнийг няц дарсан бол яах байсан бэ.

Хүнээ алдсан гэр бүлийнхэнд “Алтай констракшн” ХХК-иас мөнгө төгрөг өгөх байх. Өмнө нь ч өгсөн л байх. Гэхдээ хүний амийг мөнгөөр хэмжиж болно гэж үү.

Тиймээс дараа дараагийн хүмүүс амиа алдахаас өмнө хууль хяналтынхан энэ асуудалд онцгой анхаарайсай билээ. Бүр анхаарна уу хэмээн шаардсан ч болохгүй зүйл үгүй билээ.


URL:

Сэтгэгдэл бичих