Хаанбанк хуурамч итгэмжлэлээр 60 САЯЫН зээл гаргаснаар Солонгосд ажилладаг иргэн хохирчээ

10-3(191)Энэ явдал одоогоос хоёр жилийн өмнө болсон агаад хохирсон хадгаламж эзэмшигч одоо болтол хохирлоо барагдуулж аваагүй байна. 2015 оны сүүлээр Солонгосд ажилладаг Д.А нь хүүхдээ гадаадад сургуульд явуулах төрсөн эгч Ариунгуадаа туслахаар 80 гаруй сая төгрөгийн хадгаламжтай дансны хамтран эзэмшигчээр оруулж хадгаламжийн дансны хуулгыг хуулбарлан авах итгэмжлэлийг нотариатаар батлуулан өгч явуулжээ. Гэсэн ч хүүхэд нь сургуульд яваагүй агаад хадгаламжийн дэвтэр нь эгч дээр нь үлджээ. Харин 2016 оны 3-р сард хадгаламжаас нь 63 сая төгрөг гарсаныг дансандаа мөнгө тушаах гэж очоод мэджээ. Харин Солонгос дахь Хаанбанкны салбар Ариунгуа гэх хүн дансыг тань барьцаалан 60 сая төгрөгийн зээл авсан байна гэжээ. Мөн хуурамч итгэмжлэл хийж банкнаас  зээл авсан тул нотариатч л буруутай хэмээн шууд өөрсдөөсөө зайлуулжээ. Уг нь тэрээр эгчдээ “ … овогтой … миний бие Хаан банкны төгрөгний … дугаартай хадгаламжийн дансны хуулгыг авах эрхийг Б.Ад олгон итгэмжлэв” гэсэн итгэмжлэл хийж Солонгос дахь ЭСЯ-ын нотариатчаар батлуулан явуулсаныг “Хаан банкны … дугаартай хадгаламжийн дэвтрийг барьцаанд бариулах, зохих гэрээ байгуулж гарын үсэг зурах, уг мөнгөөр гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, барьцаатай холбоотой шаардлагатай бусад үйлдлийг хийх, гарын үсэг зурах” гэж гараар нэмж бичүүлж нотариатчаар батлуулсан байжээ. Харин Хаанбанк гараар бичсэн, принтерлэсэн тамгатай итгэмжлэлээр зээл өгөөд хадгаламжийн дэвтрийг нь хураан авч хадгаламжийг нь барьцаалжээ. Зээлийн хугацаа дуусахад данснаас нь 63 сая төгрөгийг шууд авсан агаад энэ үед л жинхэнэ хадгаламж эзэмшигч нь мэдсэн байна. Хохирсон иргэний эгч нь Түмэндэлгэр, Алтанцэцэг гэдэг 57-63 насны эмэгтэйчүүдтэй сүлжээний компанид ажилладаг байсан. Алтанцэцэг нь Африкийн Гана улсаас хоёр сая доллар оруулж ирэх ажилд шимтгэл хураамжийн мөнгө төлөх хэрэгтэй, Америкээс 90 саяын гоо сайхны бараа оруулж ирэн зарахад мөнгөө хэд нугалан өсгөх боломжтой бизнес байна гэх зэргээр ярьдаг байжээ. Харин тэд 80 гаруй сая төгрөгтэй хадгаламжийн дэвтэр байгааг хэрхэн мэдсэн нь сонин. Хохирогчийн эгчийг өөрөө энэ тухай ам алдсан гэж мэдүүлдэг. Ямар ч байсан тэд энэ мөнгийг ямар нэгэн аргаар авч эргэлдүүлээд буцааж хийхээр төлөвлөжээ. Үүний тулд эгчид нь байгаа итгэмжлэлийг зээл авах эрхтэйгээр өөрчлүүлэх хэрэгтэй болж “таньдаг” нотариатчийн эрэлд гарчээ.  Ингээд 2015 оны 12-р сард таньдаг нотариатч олсон нь Кино үйлдвэрийн хажуу талд байрладаг Батхүү гэгч байжээ. Түүнийг Сурмаажав гэдэг найз нь холбож өгчээ. Эгч нь итгэмжлэлийг өөрчлүүлэх хүсэлтэй байгаагаа  хэлэхэд нотариатч эхлээд Солонгосд байдаг дүүтэйгээ заавал яриул гэж шаарджээ. Энэ шаардлагыг нь биелүүлж  чадахгүй тул гарч ирээд ахин зөвлөлдөөд эгч нь уйлж гуйхаар буцаж орсон ч мөн л бүтсэнгүй.  Эцэст нь хоёр сая төгрөгөөр итгэмжлэл хийлгэхээр тохирсон агаад хэн нь энэ тохироог нотариатчтай хийсэн тухайд дараа нь бүгд л бие бие рүүгээ чихсэн. Нэгэнт тохироо хийсэн тул нотаритч иргэний үнэмлэх, бичиг баримтуудыг нь аваад өөрөө бичиж тамгалж өгчээ. Итгэмжлэлээ авсан хэд сүлжээний компанидаа ирэхэд сайн дурын “зөвлөгчид” олноороо гарч иржээ. Раднаасандаг нь үзээд энэ итгэмжлэлд мөнгө авах гэсэн үгийг бичихгүй бол зээл гаргахгүй гэсэнд завсарт нь “мөнгө авах” гэдэг үгийг гараараа нэмж бичжээ. Эцэст нь гараараа бичсэн, завсарт нь үг оруулсан, принтерлэсэн тамгатай гээд үзсэн хэн ч итгэхийн аргагүй итгэмжлэл “бүтээжээ”. Сүлжээчид эхлээд Уртцагааны Хаанбанкинд очсон ч нотариатчийн тамга нь хуурамч байна гээд хүлээж авсангүй. Бүр салбарын эрхлэгч нь дуудаж уулзан хууль бус зүйл хийж болохгүй гэдгийг нь анхааруулан сануулжээ. Ийнхүү эхний өдрийн зээл авах ажиллагаа бүтэлгүйдсэн байна. Маргааш нь зүүн дөрвөн замын Хаанбанкны салбар дээр очжээ.  Теллертэй нь уулзахад ахлах теллер дээр оруулжээ. Ахлах теллер Нацагбадам нь бүх баримтыг шалгаж үзээд зээл олгох боломжтой гэсэн тул дүүгийнхээ хадгаламжийг бараг хоосолж 60 сая төгрөгийг нь бэлнээр авчээ. Энэ мөнгөнөөс эгч нь 10 сая, Түмэнгэрэл  10,6 сая, Алтанцэцэг нь 33,4 саяыг тус тус авчээ. Мөн нотариатч хоёр сая төгрөгөө “зээлж”, “зөвлөгөө” өгсөн Раднаасандаг нэг саяыг авчээ. Үүнээс гадна таньдаг нотариатчтайгаа “холбож” өгсөн Сурмаажавд мөн нэг саяыг шагнал болгон өгчээ.  Алтанцэцэг нь авсан мөнгөө Гана, Нигери улсаас оруулж ирэх хоёр сая долларынхаа шимтгэл урьдчилгаа төлбөрт өгчээ. Банкны баримтаар “Р овогтой Алтанцэцэг нь 2015 оны 12 сарын 31-ны өдөр өөрийн …. тоот /МНТ/ данснаас 5211 ам,долларыг хөрвүүлэн худалдан авч 5000 ам долларыг Нигериа DAVID KINGSLEY гэх хүн рүү шилжүүлсэн гэжээ. Америкээс оруулж ирээд шууд зарагдах 90 саяын гоо сайхын бараа ч сураггүй болсон байна. Хаанбанкныхан хэрэг мандахад хууль ёсны баримт дээр үндэслэж зээл гаргасан хэмээн өөрийгөө хамгаалж иржээ.  Харин хадгаламжийн жинхэнэ эзэн Д.А нь Хаанбанкинд гомдолтой байна гэжээ. Тэрээр “… 2015 оны 12-р сарын 30-ны өдөр зээл авсан байсан. Хаанбанкнаас ийм хэмжээний мөнгө зээлийн барьцаанд авсан байна гэсэн мэдээлэл надад огт ирээгүй. Би интернет банктай, Хэрэв тухайн үед Хаан банкнаас таны мөнгө барьцаалагдав гэж мессэж юм уу и-майл ирсэн байсан бол би холбоо бариад мөнгөө хамгаалаад үлдэж болох байсан. Гэтэл гурван сар өнгөрч зээлийн төлбөрт мөнгө авсаны дараа л би мэдсэн…” гэжээ. Сүлжээчидэд өдөрт нь зээл гаргаж өгөхийн оронд Солонгос дахь жинхэнэ эзнээс итгэмжлэлийн талаар тодруулах үйл ажиллагаа явуулах харилцагчаа гэх сэтгэл гаргасангүй. Уртцагаан салбарын эрхлэгч нь хуурамч итгэмжлэлийг мэдсэн ч энэ талаар бусад салбарууддаа сэрэмжлүүлэн хүргэсэнгүй. Хохирогчийн мөнгөнөөс өдгөө нотариатч л “зээлсэн” сая төгрөгөө буцааж өгчээ.

НУУЦ.мн


URL:

Сэтгэгдэл бичих