МОНГОЛЧУУД АРХИЙГ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ҮНЭТ ЗҮЙЛ ГЭЖ ҮЗДЭГ ҮҮ

20259

Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх урагшаа явсан. Түүнийг монголын бизнесийн хүрээнийхэн дагасан. Энэ үеэр Бээжинд болсон эрдэс баялгийн олон улсын хурал дээр Хятадын “Чалько” компанийн дэд захирал Ли Хуанг монголчуудын талаар үг хэлэв. Тэр нь юу гэхээр “Монголчуудад мөнгөнөөс үнэтэй зүйл байдаг. Тэр нь архи. Үндэстнийх нь онцлог. Эрдэнэс Таван толгойн тээврийн жолооч нар архичид, архи ууж аваар осол гаргадаг нь маш их хүндрэл учруулдаг” хэмээн олон орны зочид төлөөлөгчдийн өмнө хэлжээ. Тус хуралд оролцсон эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар энэ талаар жиргэж, “Үнэндээ Бээжинд олон улсын хурал дээр ийм юм сонсох хэцүү байлаа шүү” гэжээ. “Чалько”-ийн дэд захирлын хэлсэн үгээс тасалж тавьсан нь энэ юм шиг байна лээ. Тэрнээс тэр нөхөр хил гааль дээрх монголчуудын байр байдлыг уудлан дэлгэж, Ерөнхий сайдад олон улсын индэр дээрээс сайн матсаныг ярих хүмүүс бас бус байна. “Монголын тээвэрчид олсон мөнгөөрөө архи уучихдаг. Машиныхаа сэлбэг хэрэгслийг зараад уучихдаг, машинаа зараад архи уучихсан монгол ч бий…” гэхчлэн.

Энэ үнэхээр монголчууд бидний өнөөдрийн эмгэнэл. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл бидэнд байгаа нь архи болчихоод байна. Ганц урд хил дээр ч биш, монголын хаана ч энэ хандлагыг харна. Гудамж талбай, автобусны буудал дээр зогсож байхад хажууд харчууд мөнгө хэрхэн олох тухай огт ярьдаггүй. Тэнд тэгж архидаад, тэр их хоншоортой, тэдэн шил архи авчирч уусан… гэхчлэн зөвхөн архи дарс, алиа цэнгэл, ууж иддэгээ л бахархаж ярьсан хүмүүс. Дээр нь хүүхэн шуухан бас нэмэгдэнэ. Амьдралын хэмнэл нь ийм л болчихсон ард түмэн монголчууд бид боллоо. Үндэстэн мөхөхийн эхлэл нь архидалт, хар тамхи болсныг хүн төрөлхтөн ярьж, сэрэмжилж, нийгэм даяараа тэмцдэг болсныг бусад улс орны жишээнээс олноор нь харж болно. Монголчууд бид л үүнийг мэдрэхгүй байх шиг.

Гэтэл хүн төрөлхтний ихэнхэд нь мөнгө хамгийн чухал үнэт зүйл нь байна. Мөнгийг амьдралд аз жаргал бэлэглэгч, эрүүл мэндийн баталгаа, аюулгүй амьдрах хэрэгсэл гэсэн үзэл санаа дэлхий даяар дэлгэрч байна. Дэлхийн улс орны иргэд тэр аяараа мөнгө олохын төлөө хөдөлмөрлөж байна. Олсон мөнгөө гэр бүлийнхээ сайн сайханд зарцуулж байна. Гэтэл монголын сүүлийн 90 жилийн социалист нийгмийн байгуулал нь, тэндээс авсан суурь хүмүүжил нь жирийн иргэдийг мөнгөний үнэ цэний талаар муйхар ойлголттой болгочихож. Малчин, барилгачин, жолооч… гээд олон олон мэргэжил эзэмшсэн иргэд маань ийм л соци хүмүүжлийнхээ золиос болчихсон явж байна. Нийгмийн ийм том масс нь мөнгө олно гэж санаа зовохгүй, ажил хийхгүй, архи л бодож, архи олж, түүнийгээ ууж цагийг нөхцөөж байна.

Монголчуудын энэ эмгэнэлт хувь заяаны эсрэг монголын төр засаг юу ч хийсэнгүй. Харин ч улам өөгшүүлэн дэврээх шинжтэй. Архины үйлдвэр, дэлгүүрийн тоог улам нэмж, баар цэнгээний тусгай зөвшөөрлийг олноор өгөх бодлого явж ирлээ. Сүүлийн үеийн статистикаас харахад манай улсын эрэгтэйчүүдийн 39.7 хувь, эмэгтэйчүүдийн 15.5 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх дадалтай болжээ. Энэ нь монголын 3,2 сая иргэний 30 хувь нь архичид болжээ гэсэн үг. Энэ монголын эмгэнэл биш үү!!!

Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй 100 хол давсан аж ахуйн нэгж байна. Спиртийн 11, архины 114, дарсны 15, шар айрагны 19 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Жилд 4032,9 мянган литр спирт, 10719,6 мянган литр архи үйлдвэрлэж байна. Дээр нь гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр согтууруулах ундаа импортоор оруулж, зах зээлд нийлүүлжээ. Түүнчлэн согтууруулах ундаа худалдаалах газрууд жилээс жилд нэмэгдсээр Улаанбаатар хотод гэхэд архи зарах лицензтэй 4034 ресторан, 579 кафе, 568 караоке, 941 шөнийн цэнгээний газар болон уушийн газар байна. Нэг монгол хүнд ногдох архины хэрэглээ жилдээ 50 литр байна. Гэтэл дэлхийн дундаж нэг хүнд 10 литр архи оногдож байна. Монголчууд архины хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт орлоо хэмээн ДЭМБ мэдэгдсэнийг олон улсын мэдээллийн хэрэгслүүд онцлон зарласаар таван жилийн нүүрийг үзлээ.

ДЭМБ-ын 2015 онд явуулсан судалгааны тайланд дурдсанаар, Азид архи согтууруулах ундааны хэрэглээгээр Пакистан, Бангладеш, Индонез улс сүүл барьжээ. Пакистанд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ ердөө 0.1 л, Бангладешт 0.2 л, Индонезид 0.6 литр байна. Дэлхийн 100 гаруй улсыг хамруулсан судалгаагаар Молдав хүний жилд хүртдэг сархадын хэмжээ дунджаар 18.22 литрт хүрч хэрээс хэтэрлээ хэмээн тэр ард түмэн эмзэглэн шуугьж байхад монголчуудын хэрэглээ жилд 50 литрт хүрчихсэн, төр засаг нь юу ч болоогүй юм шиг сууж байна. Молдавын араас нь Чех, Унгар, Орос, Украин, Эстони, Румын, Словени, Беларусь зэрэг хуучин коммунист дэглэмтэй орнууд өндөр хэрэглээтэй байна гэж шүүмжлүүлж байгаа ч монгол нэг иргэний 50 литрийн дэргэд юу ч биш юм. Үнэн ийм л байна.

Монголын төр засаг, эрх баригчдын хувьд ард түмнээ, нийгмээ ийм архидалттай байлгах нь ашигтай бололтой. Сонгуулиар сонгогчид нь элдэв юм нэхэхгүй, архи өгчихөд болдог. Дээр нь архины онцгой албан татвараар төсөвт 300 тэрбум төгрөг төвлөрнө, түүний 30 хувиар нь цалин тэтгэвэр нэмнэ, энэ нь нэг ноосны үйлдвэрийн төлж буй татвараас даруй гурав дахин их татвар төвлөрүүлж байгаа юм гэхчлэн ард түмний тархийг эрх баригчид угааж ирлээ. Үнэхээр л архи пивоны үйлдвэрлэл нэмэгдээд байвал бидний тэтгэвэр нэмэгдэх юм байна гэж бодох жишээтэй. Энэ бол эрх баригчдын зүгээс архидалтыг дэврээж, архины үйлдвэрийн эздийн лоббиг хэрэгжүүлж буй бодлого юм.

Төр засгийн оролцоотой ингэж өөгшүүлсэн нийгэм даяарын архидалт нь ядуурлыг Монголоос салгахгүй байна. Ядуу учраас архи ууж байна гэж архичингууд донгоссон байдаг. Үүн шиг худлаа үг байхгүй. Архичин учраас л ядуу байгаа юм.

Үнэндээ өнөөдөр төр засгийн зүгээс сайн бодлого хэрэгжүүлбэл Монголд архидалтыг эрс багасгах шиг амархан юм байхгүй. Хамгийн гол нь нийгмийн оюун санаанд архи биш, мөнгө л хамгийн үнэт зүйл мөн гэдгийг ойлгуулах ажлыг тууштай, эрчимтэй хиймээр байна. Лангуун дээр байгаа архины доод үнийг шууд 100 мянга болгох хэрэгтэй. Архины үйлдвэрийг 10 болгож бууруулъя. Архины зөвшөөрөлтэй дэлгүүрийн тоог эрс цөөлье. Дээр нь импортыг хязгаарлая. Архины үйлдвэрүүдийн лоббигоор “Архийг хориод, архины үнийг нэмсэнээр иргэд юу ч хамаагүй уугаад хордож үхдэг” гэсэн нялуун яриа гаргадаг. Шагийн архи дэлгэрнэ гэж ярьдаг. Яадаг юм, юу ч хамаагүй уугаад үхнэ л биз. Тэртэй тэргүй архичид нийгмийн илүүдлүүд л байдаг юм чинь, цэвэрлэгдэнэ биз. Хар аяндаа энэ нийгэм чинь “Архи амьдралаас хямдхан юм байна” гэдгийг ойлгоод, төлөвшөөд эхэлнэ.

Өнөөдрийн Монголын нийгмийн нүүр царай нэгэнт ийм болчихсон болохоор архиндаа живсэн ард түмэн гэдгийг олон улсад түншүүд маань зарлаж байгаа болохоор, ДЭМБ-аас Азидаа толгой цохисон архичин улс Монгол боллоо гэдгийг албан ёсоор мэдээлж буй болохоор одоо Монголын төр засгийн зүгээс албадлагын аргаар тэмцэх ёстой. Тэгэхийг цаг үе шаардаж байна. Хуулийн хүрээнд албадлагаар л тэмцэхгүй бол сайн дураараа архинаас гарна гэсэн ойлголт байдаггүй юм. Улс орноо архинаас салгасан Швед, Норвегийн дэлхийд гайхагдсан бэлээхэн жишээнүүд бий. Нийгмээ архинаас салгая гэвэл Шведийн хуулийг тэр чигээр нь хуул гэдэг юм. Учир нь Шведийн төрөөс спиртийг химийн зэвсэг хэмээн албан ёсоор зарлаж хуульчилсан юм. Тэгээд архины бүх дэлгүүрүүдээ төрийн мэдэлдээ авсан. Архины худалдааны бүх ашгийг төр авч, архины чанар, стандарт мөрдүүлж, дэлгүүр бүрт лаборатори ажиллуулж, чанарын мэдээллээр иргэдээ хангах үүргийг мөн л төр хүлээсэн. Орлогын зохих хувиар архидалтаас хүүхэд, залуучуудаа хамгаалах, эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх сан байгуулсан юм билээ. Нэр төрлийн хувьд 7000 нэр төрлийн архи байдаг улс шүү дээ. Градусын хувьд 4-61 градусын хүртэл архи бий. Хамгийн хямд архи нь манай мөнгөөр 150 мянган төгрөг. Ийм л эрс тэс, хатуу шийдэмгий арга хэмжээ авч эхлэхэд тус улсад архи үйлдвэрлэгч хэдэн хүн л боож үхэх шахан, төр засагтаа лобби хийх гэж шившгээ хутгаснаас бус өөр хүндрэл гараагүй юм билээ. Монголд төрийн зүгээс ийм шийдвэр л дутаж байна.

Одоо монголчуудын ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалтын үнэ цэнийг ойлгож, мэдэрч, тэдэнд талтай болж байна. Тэдэнгүйгээр Монгол Улс хөгжихгүй юм байна гэдгийг захын архичин ч гадарлах болсон. Нийгмийн сэтгэл зүйн ийм бүрдэл үеийг өнөөдрийн эрх баригчид сайтар анзаарах, ашиглах хэрэгтэй. Юу гэхээр архичин хүнтэй ямар ч гэрээ хэлцэл, ажил хөдөлмөр ярьж болдоггүй. Яагаад гэвэл архи нь олдвол тэр хүн бүх зүйлийг хаяад архиныхаа мөрийг хөөдөг. “Чалько”-гийн дэд захирлын Бээжингийн Олон улсын хурал дээр “Архидалт бол монгол үндэстний онцлог” гэж хэлсэн үг бол их аюултай. Архичин монголтой гэрээ хэлцэл хийж хамтрахад үнэхээр итгэл алга гэсэн үг. Архидалт нь монгол үндэстний онцлог гэж гадаад ертөнц дүгнэх хэмжээний мессэжийг тэр өгсөн байна. Ингэж болохгүй. Бид алдаагаа цаг алдалгүй засъя. Ингэхийн тулд Монголын төрөөс нэгдүгээрт, архийг химийн зэвсэг гэж үзсэн хатуу хууль гаргах, хоёрдугаарт, монголчуудын оюун санаанд мөнгийг үнэт зүйл гэж ойлгуулах.

Эх сурвалж: Өдрийн сонин


URL:

Сэтгэгдэл бичих