“СЭТГҮҮЛЧ ОРДОН” БАРИХ ГАЗРЫН АСУУДЛЫГ ХОТ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

olloo_mn_1525325607_0672_n_20180503121418Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр СТӨ-нд зохион байгууллаа.

Форумыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлсэн үгэндээ “Монголын сэтгүүлчдийн эвлэл нь юуны өмнө “Хараат бус сэтгүүл зүйг” хөгжүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллана. Энэ байгууллагын шангийн татаж, шавийг нь тавьсан азай буурлуудаас өгсүүлээд халааг нь авсан дунд үе, өнөөдөр ид уран бүтээлээ туурвиж байгаа залуу үеийн сэтгүүлчид үндэсний форумдаа хүрэлцэн ирсэнд талархаж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид Үндэсний сэтгүүл зүйн ирэх 20 жил, цаашлаад хэтийн хөгжлийн талаар хөндөн ярилцах учиртай. Тиймээс ч эрдэмтэн багш нар, судлаачдыг урьж, салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж байгаа юм” гэж онцоллоо.

“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд амжилт хүсч, Монгол  Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлсэнийг хэвлэлийн албаны дарга нар танилцуулж, Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн   ерөнхийлөгчид  гардуулж өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус форумд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Хотын дарга хэлэхдээ ”Нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран үндэсний хэмжээний форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн форумыг “Хараат бус сэтгүүл зүй” сэдвийн дор та бүхэн хуран чуулж, салбарынхаа өмнө тулгамдсан асуудлыг ярилцах гэж  байгаад талархаж байна.

Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”, “Мэдээллийн ил тод байдлын тухай  хууль” зэрэг хэвлэл мэдээллийн салбартаа салшгүй холбоотой хуулийн төсөл дээр ажиллаж, ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд дөрөв дэх засаглалыг ямагт дэмжихийг  чармайдаг юм.  Нөгөө талаар  Улаанбаатар хотод  Монгол Улсын нийт хүн амын  50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа  энэ үед хөгжлийн бодлого, хотоос хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, ажлыг олон нийтэд хүргэхэд та бүхэн маань чухал үүрэг гүйцэтгэдэг. Иргэн, төр хоёрыг холбож, мэдээллээр хангаж,  алдаа оноог шүүмжилж, амжилтыг  сайшаан магтаж, нийслэл хоттой  салшгүй холбоотой ажилладаг . Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын  80 хувь нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг нь  хот, хэвлэл  хоёр хэр ойр  харилцаатайг харуулж байна.

Нийслэлийн удирдлагын баг  өнгөрсөн оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн орчныг сайжруулах жил” болгон зарлаж,  24  жил  гацаад байсан  “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай  хуулийн төсөл”-ийг  Засгийн газраар хэлэлцүүлэн дэмжүүлж,  УИХ-д өргөн барьж, анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ хууль Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг заах болно гэдэгт итгэлтэй байна.  Мөн өргүй хот болж, бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж байгааг хэлэхэд таатай байна.

2018 он Улаанбаатарчуудын хувьд амьдрах орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, нийгмийн салбарт эрс хөгжил авчирсан бүтээн байгуулалтын жил байх болно. “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө батлагдаж, хэрэгжүүлж эхэллээ. Хотыг хөгжүүлэх ажлыг төр ганцаараа хүчрэхгүй. Иргэд, аж ахуй нэгжийн хамтын хүчээр  үр дүнд хүрнэ. Тиймээс хүн бүрийн оролцоо хотын хөгжилд чухал гэдгийг хэвлэл мэдээллийнхэн та бүхэн маань уриалж, бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Сэтгүүлчид та бүхнийг улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалж, ёс зүйтэй, хүнлэг, олон ургальч үзэл, ил тод байдал, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ иргэнлэг, эх оронч сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө   нийтлэл, нэвтрүүлэг, мэдээллээ чиглүүлдэгт иргэний хувьд талархаж явдгаа илэрхийлье” гэлээ.

Мөн МСНЭ-ийн зүгээс “Сэтгүүлч ордон” барих газар олгож өгөхийг  хотын удирдлагаас хүссэн. Тус ордон барих газрын асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхлүүлж,  ирэх жил гэхэд  Улаанбаатар хотод  сэтгүүлчээр овоглосон сайхан ордон сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудад  Нийслэлийн Засаг даргын өргөмжлөл гардууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.