Оюутолгойн 10 хувь амь орох уу

Толгойтой бүхэнд хувьцаа хуваарилж, толгойтой бүхнийг уул уурхай руу “уруу татаж”  байгаа Засаг туурга тусгаар улсынхаа дөрвөн хуулийг өөрчлүүлэн байж батлагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу өөрт нь олдсон  34 хувийг эзэмших эрхийг эзэн шиг хэрэгжүүлж дийлэх ёстой “Эрдэнэс Оюутолгой” гэх охин компанийг цаасан дээр байгуулчихаад байна. Том үүрэг хүлээсэн компанийн нэр дуулдахтай зэрэгцээд “иргэд тэгээд хувь эзэмших боломж бүрдэх болов уу” гэсэн асуулт хариултаа хайн тэнүүчилж байгаа.

Учир нь Эрдэнэс Тавантолгойн хувьцааны  10-20  хувийг хувааж эзэмших  олон нийт Оюутолгойн 10 хувийг ч эзэмших ёстой,  мөн 16 хувийг нь Үндэсний аж ахуй нэгжид худалдах ёстой гэсэн саналууд талуудаас гарсаны дараа засгаас ийн шийдвэрлээд байна. Олонхи Монголчууд хувьцааны ид шидийг энэ яваа насандаа үзээгүй, тэр хэрээрээ ч хувьцаагаар “өвчилж” байна гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. 15 тэрбум ширхгээр тоологдох хувьцаанаас дээд тал нь 1072-ыг эзэмшиж, цөмөөрөө  сая саятан  болох тухай яригдаж байхад голцуу ядарсан иргэд   арга ч үгүй биз гэж зөвтгөе.

Ер нь бол Тавантолгойг эргэлтэд оруулахын тулд төрийн мэдлийн компаниа байгуулан, хувьцааг нь хуваарилж байгаа учраас, Оюутолгойн төрийн мэдлийн хувь дээр ч сонгууль угтаад хуваарилалт хийчих юм биш байгаа гэсэн хүлээлт үүсээд байгаа. Судлаач, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар   энэ хүлээлт гаж буруу зүйл биш гэнэ.

Учир нь Монгол Улсын Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гээд  заачихсан байдаг. Энэ нь хүссэн хүсээгүй хувьцааных нь  10 хувь дотоодын зах дээр гарч, дотоодын иргэдийн гараар дамжих  ёстой гэсэн ойлголт. Гэтэл хуулийн энэ заалт  зөвхөн Оюутолгой дээр хэрэгждэггүй. Монгол Улсын хуулиудыг үгүйсгэсэн  гэрээг нөгөө талтай үзэглэхдээ бусад ордууд дээр хэрэгжих энэ заалтыг Оюутолгой дээр хэрэгсэхгүй байж болохоор тохиролцчихсон байгаа нь манай нөхдүүдийн хийсэн ажил. Эрдэнэс Тавантолгой ХХК энэ хууль болоод 39 дүгээр тогтоолд заасанчлан хувьцааныхаа 29 хувийг дотоод гадаадын биржээр арилжаална гэж байхад, Оюутолгойн хувьд бүрхэг. Учир нь Оюутолгой ХХК  хувьцаа арилждаггүй, хаалттай компани. Харин Рио тинто болоод Айвенхоу майнз компаниуд Оюутолгой ордоор барьцаалж мөнгө босгож байгаа. Нэг талаас Монголын хөрөнгийн биржид,  дотоодод  10 хувийг арилжаалах боломж, эрхзүйн орчин байхгүй байсаар ирсэн гэдгээр талуудыг зөвтгөж  боллоо ч  хэрэв тус компанийн хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах нөхцлийг бүрдүүлж өгөхгүй бол Оюутолгойн 10 хувь амь орох уу.  Хувьцаа эзэмшигчид  хэдий хэмжээний ноогдол ашиг авах, мөн хувьцаагаа хэдэн төгрөгөөр зарж болох, хувьцааных нь  үнэ хэрхэн  өсөх бол гэдэг нь чухал.

Оюутолгой компанийн тухайд хаалттай, хувьцааг нь  сонирхсон хүнд зарж болох ч, хэрхэн үнэд хүргэх вэ гэдэг нь гол. Хувьцаа эзэмшигчид ноогдол ашиг хүлээж суухаасаа илүү хувьцааны үнийн өсөлтөөс ашиг олохыг урьтал болгоно.

Тэрчлэн төр хэрэв өөрийн мэдлийн хувьцаанаасаа сонгуулийн өмнө ард иргэддээ тараахаар болвол дагаад шийдэх асуудал цөөнгүй аж. Тухайлбал, том хувьцаа эзэмшигчид жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг умартан,  ноогдол ашигаа тараахгүй хойшлуулж, мөнгөө өөр хөрөнгө оруулалт руу гулсуулах нөхцөл байдал  үүсч мэдэхээр. Тэгэхээр эндээс Оюутолгойн ТУЗ-д жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санал оруулах эрхтэй төлөөллийг оруулах шаардлага гарч байгаа харагдаж байгаа юм. Гэтэл нөгөө талд Оюутолгойн 34 хувийг эзэмшигч төр тус компанийн ТУЗ-д төлөөллүүдтэй ч, тэдгээр нь  аливаа шийдвэрт нөлөөлөх боломжгүй, билэг тэмдэг маягийн байдалтай эрхмүүд. Тэгэхээр жижиг хувьцаа эзэмшигч Монголчуудын оролцоо газар авна гэж үлгэр болов уу. Иргэд Оюутолгойн 10 хувийг эзэмшлээ ч, жинхэнэ эзэмшигч байж чадах эсэх нь бүрхэг.

Мөн өгүүлэхэд Оюутолгойгоос орж ирж буй  татварын урьдчилгаа төлбөрүүд Монголын өр болж байна. Зүй нь ирээдүйд та нараас авах ашгийн татварыг одоо урьдчилаад авч байна. Дараа нь ашгийн татвараас чинь суутгаж тооцно гэсэн байдлаар татварын урьдчилгаа утгаар нь  авч байх ёстой атал мөнгө авсан л бол ямар ч нөхцөлд буцаагаад төлнө гээд гэрээгээ хийчихсэн харалган засаг байж байна. Нэг ёсондоо одоо Монголын төр  34 хувийг эзэмшиж байна гэдэг нь эл төсөл 5 тэрбум ам.доллараар босох бол манай тал эзэмших хувьтайгаа дүйцэх 1.7 тэрбум ам.долларыг хүүтэй нь зээлж, тэр компанид хөрөнгө оруулж байна гэсэн үг гэдгийг судлаач Н.Дорждарь хэлж байсан.

Тэгэхээр Монголын төр 34 хувийг эзэмшээд байгаа юм уу, эсвэл зээлээд байгаа юм уу гэдэг асуултыг тавихад хүргэж байгаа юм. Хувьтай юм бол эзэн шиг эзэн байх ёстой атал, хүний хувцас өмссөн хүн мөр татуу гэдэг шиг л,  дуу нь гарахгүй л тээр доор байгаад байдаг. Ийм байхад 10 хувь нь иргэдэд ирж, амь орох цаг байх болов уу.

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.