Д.Жигжиднямаагийн ДҮҮ Б.Дэлгэрсайханы ДҮҮ-гийн дансанд 120 мянган ам.доллар шилжүүлсний цаана юу нуугдаж байна вэ?

20339

Д.Жигжиднямааг “УБТЗ”-ийн даргаар томилох асуудал яригдаж байх яг тэр үед улстөр, бизнесийн угшилтай томилгоо болох гэж байна гэх байр суурийг илэрхийлсэн хүмүүс цөөнгүй байсан. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэн юм. Тэрээр хэвлэлд үгээ хэлэхдээ “Төмөр зам бол улс төр, бизнесийн салбарын ашиг сонирхолд маш их өртдөг болсон салбар. Засгийн газар юм уу Зам тээврийн сайд өөрчлөгдөхөд л Замын даргыг сольдог болсон. Сүүлдээ УИХ-д төлөөлөлтэй болж байгаад Төмөр замын даргыг авдаг жишгийг тогтоолоо доо. Жишээ нь УБТЗ-аас салаалж тавьсан 90 гаруй км суурь бүтэц эзэмшдэг, тээвэрлэлт хийдэг, гаднын эзэнтэй компани замын даргыг томилуулах асуудлыг нэлээн эртнээс хөөцөлдөж эхэлсэн.

Сонгуулийн үр дүнгээр энэ компани УИХ-д төлөөлөлтэй болсон нь Засгийн газар, төмөр замд төлөөлөл бий болгосон гэж ойлгож байгаа” гэж байсан юм. Тэгвэл О.Сүрэн инженерийн хэлж яриад буй тэр төлөөлөл болох хүн нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гэдэг нь тодорхой л доо.  90 гаруй км төмөр зам эзэмшдэг “Болд Төмөр Ерөө Гол” компанийн эзэн, оффшорт мөнгөө нуудаг бизнесмэн гэгдэж хэвлэлийн хуудаснаа олонтаа бичигдэж байсан Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн болсноор өөрийнхөө бизнесийг олон жилийн туршид дэмжиж, хамтарч ирсэн Д.Жигжиднямааг замын даргаар томилуулах боломжийг гартаа атгасан гэгддэг.

Д.Жигжиднямаа болоод Б.Дэлгэрсайханы “Болд Төмөр Ерөө Гол” компани чухам хэрхэн яаж холбогддог талаар О.Сүрэн инженер ярихдаа  “Д.Жигжиднямааг Тээвэр эрхэлсэн орлогч байх үед Замын-Үүдэд авчраад Монголын вагонд ачих олон улсын дүрэмтэй ачаа Эрээнд “Болд Төмөр Ерөө гол”-ын вагонд ачигддаг схем байсан юм. Сүүлдээ УБТЗ-ын биш Эрээний төмөр замынхан вагон хуваарилдаг ачдаг болсон. Эндээс хардлага эхэлсэн юм. Дараа нь үүнийг солих гээд чадаагүй. Ер нь Д.Жигжиднямааг “Болд Төмөр Ерөө гол”-той холбоотой гэдгийг саяын томилгооноос гадна өмнө нь явуулж байсан ажлаар нь үндэслэж бичиж, ярьж эхэлсэн байдаг юм. Цаашлаад УБТЗ “Болд Төмөр Ерөө гол” гэсэн гадаадын эзэнтэй компанийн төмөр зам болчих вий гэсэн эмзэглэл энэ салбарынханд байгаа” хэмээн өгүүлсэн байдаг.

Энэ бол төмөр замын салбарынхны илэрхийлж ирсэн байр суурь гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Мөн сүүлийн үед өрнөөд буй үйл явцаас харахад ч Д.Жигжиднямаа болоод Б.Дэлгэрсайхан нар хамтрагчид байж болохыг илэрхийлэх баримтууд дэлгэгдээд байна.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид  УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Ц.Жүгдэрнямын “Фрейткоммондити консалтантс”  ХХК-д  нэгжлэг хийсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Улмаар  Ц.Жүгдэрням сүүлийн 3 жил гаруйн хугацаанд Хонконгод бүртгэлтэй ‘Class trading limited’ компаниар дамжуулан 7.5 сая ам.доллар хил гарган мөн оруулж ирсэн, оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж буй асуудал бий.   Ц.Жүгдэрнямын нэр дээрх Хонгконгод бүртгэлтэй компаниас Д.Жигжиднямаа, Ц.Жүгдэрням нарын Монголд эзэмшиж байсан “Фрейткоммондити Консалтантс” ХХК-луу 5,8 сая ам.доллар орж ирсэн. Тэрдундаа УБТЗ-ийн дарга  Д.Жигжиднямаагийн дансанд 250 000 ам.доллар, “Скай профейшнл ложистик” ХХК-ийн  захирал Ц.Жүгдэрнямын дансанд  320 000 ам.доллар, хүү Ж.Гарьдын дансанд  120 000 ам.доллар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы дүү Б.Учирсайханы дансанд 120 000 ам.доллар, УБТЗ-д  ажилладаг Б. Энхбаярын дансанд  38 000 ам.доллар тус тус шилжиж орсон нь тогтоогдсон гэх мэдээлэл бий.

Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы дүү Б.Учирсайхан гэж хүний дансанд Д.Жигжиднямаа, Ц.Жүгдэрням нарын эзэмшилтэй компаниас мөнгө шилжиж, орж ирсэн байна гэдэг нь тэдний холбоо сүлбээг илтгэж харагдаж буй. Д.Жигжиднямааг тээвэр хариуцсан орлогч даргаар ажиллаж байх үед “Болд Төмөр Ерөө Гол” компанийн зүгээс тээврийн үнэлгээг хямдруулах хүсэлт их гаргадаг байсныг эх сурвалж хэлдэг. Тэрчлэн Б.Учирсайхан чухам яагаад Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрнямаас мөнгө авах болсон бэ гэдэг асуултын хариу УБТЗ болон “Болд Төмөр Ерөө Гол” компаниуд хоорондын үйл ажиллагааны цаана, хэсэг бүлэг хүмүүсийн өгөө аваа, хээл хахуулийн асуудлыг дагуулж байна уу гэж харахад хүргэж байгаа юм.

 “Болд Төмөр Ерөө Гол” компани “УБТЗ”-д 3-7 тэрбум төгрөгийн өр авлага үүсээд шүүхэд өгсөн баримт мөн бий. Тэрчлэн хоёр компанийн хоорон дахь Харилцан өр, авлага барагдуулах тухай протоколыг хүргэж байна.

ХАРИЛЦАН ӨР, АВЛАГА БАРАГДУУЛАХ ТУХАЙ ПРОТОКОЛ

2014.01.22                                                                 Улаанбаатар хот

Энэхүү протоколыг нэг талаас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг төлөөлж,  нэгдүгээр орлогч дарга Домбровский И.А. нөгөө талаас “Болдтөмөр Ерөө Гол”  ХХК-ийг төлөөлж дэд захирал  М.Сухбаатар /цаашид хамтад нь   талууд/  гэх 2013 онд талуудын хооронд үүссэн өглөг авлагын  тооцоог хоёр талын төлөөлөгчдийн удаа дараагийн уулзалтын протоколд тусгагдсан шийдвэр, “УБТЗ” ХНН, “БТЕГ” ХХК-уудын дотоодод мөрдөгдөж байгаа эрх зүйн бичиг баримтууд, холбогдох хуулийн хүрээнд дараах байдлаар харилцан тохиролцож протокол үйлдэв.

Үүнд:

1. 2013-11-30-ны байдлаар “УБТЗ” ХНН-ийн харьяа Зүүнхараа дахь,

вагон депо болон “БТЕГ” ХХК-ийн хоорондын тооцооны улдэгдлийг баталгаагаар баталгаажсан “БТЕГ” ХХК-д төлөх 75 698 020,0 /далан таван сая зургаан зуун ерэн найман мянга хорин/ төгрөгөөс “БТЕГ” ХХК-ийн сэлгээний зүтгүүрүүдийг УБ зүтгүүрийн депод засуулсан  ажлын хөлсөнд  төлөх 59 861 093,0 /тавин есөн сая найман зуун жаран нэгэн мянга ерэн  гурван / төгрөг, УБ вагон депод суудльн вагон ашигласны хөлсөнд төлөх 8 523 800.0 /найман сая таван зуун хорин гурван мянга найман зуун/ төгрөгийг тус тус суутган тооцож 2013 оны 12 сарын 31-ний  байдлаар “УБТЗ” ХНН-ийн харьяа Зүүнхараа дахь вагон депо нь  “БТЕГ” ХХК-д 7 313 127,0/долоон сая гурван зуун арван гурван мянга нэг зуун хорин долоон/ төгрөг төлөхийг талууд харилцан тохиролцов.

2. “УБТЗ” ХНН нь “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн эзэмшлийн 585 ширхэг ачааны  хагас вагоньг 2013 оны 12 дугаар сард нийт 16989 вагон/ тээвэрт ашигласны төлбөр болох 339 780 000 /гурван зуун гучин есөн сая долоон зуун наян мянган/ төгрөгийг 2009-06-04-ний ХАГ/09/001тоот гэрээ, 2013-04 -18 –ны нэмэлт гэрээний дагуу тээврийн зууч хийж байгаа “БТЕГ” ХХК-ийн охин компани болох “Монголиан трас ложистик” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сард “УБТЗ” ХНН-д төлөх төмрийн хүдрийн тээврийн хөлс 3 745 000 6600 /гурван тэрбум долоон зуун дөчин таван сая зургаан мянга зургаан зуун /  төгрөгийн тээврийн хөлсний авлагаас хасаж аль аль талд нь ямар нэгэн төлбөрийн  алданги тооцохгүй зарчмаар хоёр талын  өглөг авлагыг барагдуулахаар харилцан тохиролцов.

3. Энэхүү протоколтой холбогдох асуудлаар хоёр талын холбогдох эрх мэдэл бүхий хүмүүс тооцоо нийлж баталгаажуулсан актуудын хамт хоёр хувь үйлдсэн ба хувиуд талуудад ижил хүчин төгөлдөр болно.

“УБТЗ” ХХН-ийг төлөөлж:

 Нэгдүгээр орлогч дарга  Домбровский И.А

“БТЕГ” ХХК-ийг төлөөлж:

М.Сүхбаатар гэсэн албан бичиг байгаа юм.

За мөн Д.Жигжиднямаа тээвэр хариуцсан орлогч дарга байхдаа тус компанид давуу эрх олгож байсныг илтгэх өөр нэг баримт бий.

УБТЗ-ын дүрмээр тарифын асуудлыг  зөвхөн Ерөнхий хороо шийддэг байтал  төмрийн хүдэр экспортлогчид олгох болсон 3 хувийн хөнгөлөлтийг Ерөнхий хорооны шийдвэр гарахаас өмнө Д.Жигжиднямаа том толгой гарган хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Ерөнхий хорооны шийдвэр гарахаас өмнө хэрэгжиж эхэлсэн хөнгөлөлтөөс болж УБТЗ нь 4,6 тэрбум төгрөгний орлого дутуу авсан нь 2016 онд хийсэн аудитын шалгалтаар ил болж байжээ. 2016 оны 1-р сарын 1-нээс 6-р сарын 30-ныг хүртэлх хугацаанд гэхэд л тийм хэмжээний орлогыг УБТЗ-д оруулахгүй, дутаасан нь үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн гэж байгаа юм. Тэрчлэн  дээрх хөнгөлөлтийг журам зөрчиж оруулж ирсэн бөгөөд шийдвэр нь тээвэр эрхэлсэн орлогч дарга Д.Жигжиднямаагийнх болохыг Ерөнхий хорооны хурлын протоколд тэмдэглэсэн байдаг аж.

Тэгэхээр эдгээр мэдээллүүдээс үзэхэд Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилсон томилгооны ард УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байсан гэх мэдээллийг үгүйсгэх аргагүй байгаа юм. Тэрчлэн энэ хоёр хүний дүү нар нь оффшороос мөнгө оруулж, нэгнийхээ дансанд хийсэн зэрэг баримтууд нь ч анхаарал татаж байгаа юм.

Э.БОЛД


URL:

Нэр: хараалч Огноо: 4 May 2018

Сайн шалгаад улсад учруулсан хохирлыг нь оффшорын мөнгөөр нь төлүүлээд бусдыг нь улсын орлого болгох хэрэгтэй. Ганц энэ ч биш цаана нь өшөө их байгаа байх шүү.

Сэтгэгдэл бичих