Ким Жон Ун: Бидний сайхан занг битгий буруугаар ойлго!

20375

Солонгосын хойгт энх тайван тогтоох санаачлагыг нь айснаасаа болж гаргасан гэж ойлгохгүй байхыг Хойд Солонгосын тал өчигдөр буюу Ням гарагт АНУ-д анхаарууллаа.

“БНАСАУ-ын энх тайванч санал санаачлагыг “сул тал” гэж буруу ойлгон дарамт шахалт, зэр зэвсгийн заналхийлэлээ нэмэгдүүлэх нь АНУ-ын хувьд зохимжгүй хэрэг юм” гэж тус улсын гадаад хэргийн яам мэдэгдсэнийг төв мэдээллийн агентлаг нь дамжуулжээ.

Хойд Солонгосын энэхүү мэдэгдэл Дональд Трамп, Ким Жон Ун нарын түүхэн уулзалтын өмнө гарч байгаагаараа онцлог юм. Мөн хэдхэн хоногийн өмнө хоёр Солонгосын гурав дахь дээд хэмжээний уулзалт болж, олон нааштай үр дүнд хүрээд байгаа.

Өнгөрсөн Бямба гарагт Хойд Солонгос цагийн бүсээ Өмнөд Солонгосынхтой ижил болгож өөрчилсөн нь хоёр Солонгосын ирээдүйн нэгдлийг зөгнөсөн алхам байв.

Гэвч сүүлийн өдрүүдэд АНУ Солонгосын хойг дахь зэр зэвсгээ нэмэгдүүлж, Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг эрчимтэй шүүмжлэх болсон юм.

Саяхан Вашингтон 22 ширхэг F-22 байлдааны нисэх онгоцыг Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан сургуулилтад зориулж илгээсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.

Хойд Солонгосын мэдэгдэлд энэ явдлыг “Уг үйлдэл нь их зүтгэлийн хүчээр бий болсон яриа хэлэлцээрийн уур амьсгалыг мөхөөж, нөхцөл байдлыг анхны байранд буцаах аюултай” гэж сануулжээ.

Хэдийгээр Солонгосын хойгийн нөхцөл байдалд олон эерэг үзэгдэл ажиглагдаж байгаа ч бодитой дипломат харицлаа тогтох хүртэл хийх ажил их байгааг дээрх явдал харуулж байна.

Пёньяны мэдэгдэлд “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах БНАСАУ-ын санал санаачлагыг АНУ өөрийнх нь хориг, дарамт шахалтын үр дүн гэж буруугаар ойлгуулах ажлыг олон нийтийн дунд хийж байна” хэмээн буруутгажээ.

Arslan.mn

http://www.arslan.mn/world/curious/56939.shtml


URL:

Сэтгэгдэл бичих