Цоордог, бас мушгиж болдог хуулийн тухайд

olloo_mn_1435807975_huuli03Хуулийн цоорхой гэж их ярьдаг байсныг уншигчид санаж байгаа байх.  Харин сүүлийн үед цоорхой хуулийн тухай ярих нь багасчээ.  Хуулийн цоорхойгоор ус шиг урсаад хуурай гарчихдаг,  яг тэр цоорхойг нь онилж байгаад хулгай хийсэн ч нэр бүтэн, мөр тэгш үлддэг байсан тухай дээр дооргүй л ярьдаг байв.  Хуулийн цоорхой тийм их байсан уу, амьдарч буй цаг үеэ тодотгож, “Эрх зүйгүй нийгэм” гэж нэрлэж байсан удаа ч бий.

Яаж зүгээр байхав, Монголын бизнес хуулийн цоорхойгоор цэцэглэдэг гэсэн  хэллэг хүртэл гарч байсан санагдана.  Цоордог хуулийн тухай ярихдаа  асуудлыг  хоёр өнцгөөс нь авч үзэх ёстой байх. Үнэхээр хууль  цоорхой байсан уу, аль эсвэл хуулийг хэрэгжүүлэх явц, арга механизмд цоорхой байна уу гэдгийг  давхар харах учиртай байх.

Гэхээ хуулийн цоорхойг олж харах “Билгийн нүд” хүн бүрд байхгүй.  Хууль хаанаа  яаж “цоорчихоод” байгааг  удирдлагын дээд түвшнийхэн, эрх мэдэлтнүүд эхэлж хардаг. Тэд хийх гэж буй хууль бус үйлдлээ мөнөөх  цоорхойгоор хэрхэн яаж гаргахаа мэддэг,  тооцоолдог.  “Боловсролгүй хулгайч төмөр зам дээрх галт тэрэгнээс ачаа хулгайлдаг бол боловсролтой хулгайч галт тэргийг төмөр замтай нь хулгайлдаг” гэдэг шиг энд ухаан хэрэгтэй.

Хууль бол хууль. Хамгийн өргөн утгаараа хууль эх орон, нийт ард иргэдийн ашиг сонирхолд нийцэж байх учиртай. Монголын аливаа хууль тогтоомж  зөвхөн 76-ийн эх барьж авсан гарын бүтээгдэхүүн биш. Тухайн хуулийг санаачлагчдын ард мэргэжлийн хүчирхэг баг байж таарна. Тэгээд шат шатандаа хэлэлцээд хамгийн эцсийн дамжлагыг хууль тогтоогчид хийж баталж гаргадаг. Тийм болохоор цоорхой хууль гарна гэхээр санаанд нэг л бууж өгөхгүй байгаа юм. Эсвэл хуулийг хэрэглэх явцад цоолчихоод байдаг юм уу.  Гэхдээ бурхны авралаар цоорхой хуулийн тухай яриа цөөрч байгаа.

Гэвч хуулийг мушгидаг тухай таагүй хандлага гарч ирлээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-ын даргын томилгооны асуудал дээр хуулийг илт мушгиж тайлбарлаж байгааг хуульч Б.Гүнбилэг  сануулсан.

З.Энхболд АТГ-ын даргын томилгооны асуудал дээр өөр хуулийн заалтыг буюу Төрийн албаны тухай хуулийг эшэлж төсөөтэй байдал үүсгэн тайлбарлаж байгааг тэрбээр дурдсан юм.  Хоёр өөр хуулиар зохицуулагдаж байгаа асуудлыг ингэж нэгийг нь нөгөөгөөр нь орлуулах маягаар зорилгоо гүйцэлдүүлэхээр  мэдэн будилж байгаа бол төрийн том институцийн хувьд  тун таагүй хэрэг. Нэг хуулийг мушгиж нөгөөд нь багтааж шингээх  нь мөнөөх хуулийн цоорхойгоос дээрдэх зүйл огт биш, харин ч таагүй үр дагавар авчрах, цаашдаа буруу жишиг тогтоох магадлалтай.

Хуулийг хэн ч юу ч гэж тайлбарлаж болно гэсэн хандлага бүр дээрээсээ  цухалзаад байгаа нь харамсалтай. Үүний хамгийн том жишээ АТГ-ын даргын томилгоо тойрон  үргэлжилж байна. Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх эрхээ хууль зөрчин иргэдэд “шилжүүлж” шоудсан. Гэтэл хэн ч танихгүй шахам  хоёр эрхмийг гэнэт тодруулж  томилуулахаар УИХ-д нэрийг нь өргөн барьж, ард түмний сонголт гэсэн дайвар араас нь дайж байгаа нь  дэндүү үнэмшилгүй  болчихлоо.

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Даваанямын Даваа-Очирыг даргаар, Жанжаагийн Батсайханыг дэд даргаар тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд тавдугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн энэ саналыг өчигдөр /2018.05.08/  УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.  Гэвч хэлэлцэх асуудлыг батлахын өмнө УИХ-ын зарим гишүүд энэ талаар байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн  Л.Мөнхбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АТГ-ын дарга, дэд даргад шинээр нэр дэвшүүлэх саналыг хэлэлцвэл Байнгын хороо, УИХ өөрөө хууль зөрчинө. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн, дэмжээгүй ямар нэг шийдвэр гаргавал Байнгын хороо, УИХ Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн асуудал үүснэ” гэсэн  санаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн “Санал хүргүүлэх тухай” албан бичигт үүнийг /хуулийг/ зориуд өөрөөр мушгиж тайлбарласан байна. Тиймээс хууль зүйн хувьд авч хэлэлцэх боломжгүй”  гэв.

Үүний дараа асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй гэдгээр горимын санал хураалгахад  хуралдаанд оролцсон байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг хууль зөрчин байж хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй  гэсэн шийдвэр гаргалаа.  Өөрөөр хэлбэл УИХ өөрөө хууль зөрчихгүй гэдгээ илэрхийллээ.

Ингэж хуулийг мушгидаг, өөрийн эрх ашигт нийцүүлэн тайлбарлах, зохирон нийцүүлэх гэсэн хандлага энд тэнд цөөнгүй гардаг байх.

Одоогоор хуулийг мушгидаг хамгийн тодорхой жишээ Ерөнхийлөгчийн институци дээр харагдаад байга нь энэ.

Хуульч Б.Гүнбилэг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж байгаа үйл ажиллагаануудыг ерөнхийд нь харахаар тодорхой хэмжээгээр улстөржсөн, хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлахыг зорьсон ийм эрмэлзэл байна уу даа гэж бодогддог. Тодотгон хэлбэл, зөвхөн энэ асуудал биш цаазаар авах ялын тухай асуудал гэдэг ч юм уу. Урагшаа хараад үйл ажиллагаагаа явуулах байтал, хуулийг өөрөөр тайлбарлах, хуулийг олон нийтийн сэтгэхүйг хагаралдуулах байдлаар тайлбарлаад байгаа нь буруу жишиг юм”  гэжээ.

Хууль бол эрх зүй хэм хэмжээний хамгийн том төгс төгөлдөр бичиг баримт. Түүнийг тайлбарлах нь  сонгуулийн пиар хийхтэй адилгүй. Тийм болохоор хуулийг  “цоолдог” эсвэл  мушгидаг  байх нь төрийн дархан эрх,  хэм хэмжээнд халдсан  хууль зөрчсөн үйлдэл болж таарах гээд байна.

П.Булган

http://www.zaluu.com/read/22efc87g4


URL:

Сэтгэгдэл бичих