Д.Булган: Миний өвгөнийг хар хүч аваад явчихсан

20462
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт өдгөө яллагдагчаар шалгагдаж буй  Д.Булгантай 1998 онд сэт­гүүлч Р.Даваажавын хийсэн ярилц­лагыг хүргэж байна. Энэ бол Д.Булганы хэвлэлд өг­сөн цорын ганц ярилцлага юм.
- Та хоёр хэтэрхий жаргалтайн хэрээр хэтэрхий богино амьдарч гэж нэгэн хүн дурссан байна билээ?

-Хүмүүс гом­дож магадгүй, гэхдээ л ийм жаргал хүн бүрт тохиодоггүй юм. Би өвгөндөө, “Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ” гэж хэлэхэд миний шар, “Юу гэж дээ хайрт минь, ингээд л хоёулаа эмгэн, өвгөн болтлоо хамт байна за юу, хоёулаа хөгшрөөд тэтгэвэртээ гараад, уулын манаач болно за” гэдэг байж билээ. Бид хоёр үнэхээр л ойн манаач болно гэдэг байсан юм.

Би тэгэхэд, ойн манаач нь гэртээ суугаад л, би хоо­лоо хийгээд л гээд эцэс төгс­гөлгүй олон сайхан юмыг төсөөлдөг, олон сайхан бо­долд умбадаг байлаа. Би өвгөн­дөө, “Тэгэлгүй яах вэ, хайрт минь, ойн манаач болоод хоёулаа дүнзэн бай­шин барьчихна. Чиний бүх юмыг чинь би ажил хийгээд л олоод өгнө, чамайг сүүтэй байлгахын тулд нэг үнээтэй байна. Бүх төрлийн ногоо тарина, бас тахиатай байна, чи хэвтээд л номоо уншаад л, телевизороо үзээд л, хөгш­рөхийн үед чи бид хоёр сансрын антенн авчих мөн­гөтэй болох байх аа, чи минь найз нөхдөө уриад л, инээж хөхрөөд, шатраа тог­лоод сууж байгаарай, ми­ний хайрт” гэдэг байлаа. (Уйлав)

-Таныг мөн­гөө хэмнээд таксинд суудаг­гүй, тэр байтугай урагдсан гуталтай гадуур явж байсан гэдэг?

-Би тоодоггүй байсан. Надад, манай гэр бүлд илүү зарах юм байх­гүй. Би зах ороод хаана хямдхан юм байна, хаана 100 төгрөгийн татуу байгааг хайж явдаг байсан, ихэнх цагаа тийм зүйлд үрдэг байлаа. Би өвгөнийхөө ца­лингийн хэдийг нь амьд­ралдаа сайн хүргэх ёстой. Тэглээ гээд өвгөнөө жимсээр тасалж байсангүй. Одоо эр­гээд бодоход, энэ бол миний амьдралын хамгийн гоё үе байсан. Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно.

-Зориг гэж хэн байсан юм бэ?

-Хамгийн хүн­лэг хүн. Энэ бол түүний хам­гийн гол чанар нь. Бүх хүнд тэр хүнлэг ханддаг байсан. Хүний дайтай хүн байсан. Байгаа байдал нь ямар ч дүр эсгээгүй, жүжиг тоглоогүй, баггүй, байгаа нь л тийм хүн. Зорилгодоо үнэнч, ганц­хан хүнлэг л гэж хэлнэ. Энэ үг бол агуу том үг. Их зоригтой.

- Яг тэр үед хадмууд тань танд хэрхэн хандаж байсан бэ?

- (Уйлав) Ми­ний хадам ээж ухаантай, ховорхон хүн шүү дээ. Ээж маань тэр үед надад, “Миний охин битгий уйл даа, чи л миний хүүг энэ хорвоо дээр дэндүү жаргаасан юм шүү” гэж байсан. Оюунаа Англиас ирээд шууд над дээр ирэхдээ, би бүх л замынхаа туршид чамайг л яана даа гэж бодож явсан гэж билээ. Yнэхээр ма­най гэр бүл сайхан гэр бүл шүү.

-Та өвгөний­хөө дүүг улстөрд орохоор шийдэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Оюунааг улс­төрд орно гэхэд нь би хамгийн их айж байсан ч дотроо далдхан тэгж ший­дээсэй гэж хүсч, горьдож байсан. “Улстөр рүү ор” гэж хэлэхээс би их айж бай­сан. Аймшигтай гашуун турш­лага надад бий шүү дээ. Энэ мэдээг дуулаад ийм гашуун зовлонг амссан хүний хувьд би дотроо шаналж л байсан. Оюунаа надад, “Би ахынхаа тойрогт, ахыг минь сонгосон тэр хүмүүстээ нэрээ дэвшүүллээ” гэсэн. Ин­гэж хэлэхэд нь би, дэвш гэж хэлж чадахгүй, гэхдээ дэвшвэл баярлана. Хэрвээ энэ аймшигтай байдал да­хиад давтагдвал маам (ээж) дийлэхгүй, би ч бас дийлэхэд хэцүү гэж хэлэхэд “Би шийдсэн” гэж байна лээ.

-Оюунааг ахын­хаа үйл хэргийг сайн үргэлжлүүлнэ гэсэн үүднээс та дэмжсэн байх нь ээ?

-Миний өвгөн байнга тэмцэгч байсан. Ми­ний өвгөнийг хар хүч ирээд аваад явчихсан. Энэ хүн шу­дарга амьдарч болдог юм байна, амьдрал мөнгөн дээр тогтдоггүй юм байна гэд­­гийг надад ойлгуулж өг­сөн. Миний өвгөн үнэний төлөө тэмцэгч лидер байсан. Зоригийг дэмждэг зөндөө хүн байсан. Одоо Оюунаа маань цаашид өвгөний минь хэр­гийг үргэлжлүүлж, дуус­гаагүйг нь гүйцээнэ ээ. (уйлав)

- Танд их баярлалаа.

Ярилцсан Р.Даваажав. 1998 он

URL:

Нэр: Зочин Огноо: 19 May 2018

Миний өвгөнийг ч гэх шиг. Далдын хар хүч гэдэг нь энэ өөрөө, Элбэгдорж, Батүүл биз дээ

Нэр: c3j8vb5w4dxctv36cxct5x4wd Огноо: 12 August 2018

Title

[...]The data talked about inside the write-up are a number of the most effective offered [...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.