Г.Өлзийдүүрэнг “Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон нь

32293435_1762019027191354_6690709549881491456_nЗалилангийн гэмт хэрэг үйлдэгчдийн арга жил ирэх тусам нарийсч байгаа талаар хууль хяналтынхан онцлох болсон. Маш нарийн зохион байгуулалт, төлөвлөгөө, удаан хугацааны үйл ажиллагаа явуулж, бусдыг залилсан цөөнгүй хэргийг АТГ, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацаанд хамтран ажиллаж, ажилд нь туслах замаар бусдын итгэлийг олж авч, компани, аж ахуйн нэгж, байгууллагынх нь бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч залилан хийсэн хэд хэдэн хэрэг шалгагдаж байгаа юм байна. Эх сурвалжуудын хэлж байгаагаар гэмт хэрэгтнүүд ийм маягаар гэмт хэрэг үйлдэхдээ улс төрийн томоохон намуудын нэрийг хүртэл ашигласан тохиолдол цөөнгүй байгааг онцлон ярьж байв. Мөн бусдын компанийг амар хялбар аргаар залилан авч, дансанд нь байх  их хэмжээний мөнгийг  хувьдаа завших,  цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад олон жил  удирдах албан тушаал хашиж байсан нэр нөлөө бүхий хүмүүсээр өөрийгөө хамгаалуулж,  хуулийн хариуцлага хүлээхгүй үлдэхийг оролдож буй тохиолдол цөөнгүй байгаа аж. Үүний  нэг жишээ нь,  “Бишрэлт” группийн  охин компани гэдгээр олон нийт андахгүй мэддэг болсон “Эрдэнэ-Зам”  ХХК-ийг иргэн Г.Өлзийдүүрэн гэгч дээрх арга барилаар нэр дээр шилжүүлэн  авсан  хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа аж.

Япон Улсын буцалтгүй тусламжаар 1997 онд зам засвар, арчлалтын “Эрдэнэ-Зам”  ХХК байгуулагдсан түүхтэй.  Төрийн өмчит үйлдвэрийн газрын статусаар үйл ажиллагаа явуулж байсан тус компани 2012 оны нэгдүгээр сараас “Бишрэлт”группийн охин компани болсон байдаг. Өөрөөр хэлбэл, төрөөс тус компанийг хувьчилсан байдаг. Ингэснээр Монгол Улсын авто замын сүлжээг өргөжүүлж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, орчин үеийн техник технологийг үйл ажилгаандаа нэвтрүүлсэн үндэсний бүтээн байгуулагч компани болон улам өргөжиж чадсан  байна. Тус охин компани нь “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс болон орон нутгийн чанартай хайрган болон хатуу хучилттай замыг технологийн өндөр түвшинд, олон улсын стандартаар барьж, засварлах, аюул осолгүй байдлыг чанарын дээд түвшинд хангах, улс, эх орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна” гэсэн зорилгыг өмнөө тавин ажиллаж байгаа юм.

Г.Өлзийдүүрэнг “Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон нь

 

Г.Өлзийдүүрэнг “Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон нь

 

 

 

Түүнийг сонгосон шалтгаан

2013 онд “Бишрэлт холдинг” компанийн удирдлагууд өөрийн охин компани болох “Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэх захирлаар Г.Өлзийдүүрэнг томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Ингэснээр “Эрдэнэ зам” компанийн өдөр тутмын үйл ажиллагаа болон удирдлагын үүрэг, холбогдох бусад эрхийг Г.Өлзийдүүрэн авсан байна. Тэгвэл Г.Өлзийдүүрэн гэж хэн бэ, “Бишрэлт” группын удирдлагууд түүнд яагаад ийм хэмжээний итгэл хүлээлгэсэн бэ. Эх сурвалжийн мэдээлснээр Г.Өлзийдүүрэн нь  “Бишрэлт холдинг” компанийн удирдлагуудтай танилаар нь дамжуулан анх танилцаж байсан аж. Нэгэнт танилцсан учраас тэрбээр бараг өдөр бүр тэдэнтэй ямар нэг байдлаар уулзаж, ажлын шинэ санаачилга гарган, группийн ажилд бага багаар тус болох үйлдлүүдийг хийж эхэлсэн байна. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрөхөд тэрбээр группийн удирдлагуудын итгэлийг нэгэнт олсон байна. Улмаар “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захиралд томилогдох хүртлээ түүнд итгэсэн байна. Захирлаар томилогдоод өгсөн үүрэг даалгавар хийгээд өөрсдөөс шалтгаалах ажлуудыг хэсэг сайн гүйцэтгэж байсан ч төд удалгүй ажил нь саарч эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагаас зарлагдсан замын  тендерт оролцох, холбогдох бичиг баримт бүрдүүлэх ажил нь төдийлэн бүтэлтэй байхаа больж эхэлсэн байна. Энэ тухайгаа тэрбээр “”Эрдэнэ зам” компани “Бишрэлт холдинг” компанийн охин  компани гэж явдаг.  Компанийн хувьцааг МАН-ын гишүүн эзэмшиж байгаа болохоор Ардчилсан нам засаг барьж байгаа нөхцөлд тендерт шалгарах боломжуудыг хааж байна. Үүнээс болоод энэ компани нэг ч тендерт ялахгүй байна.  Тиймээс “Эрдэнэ зам” компанийн хувьцаа эзэмшигчдийг  өөрчлөх хэрэгтэй” гэж байж. Энэ тухайгаа удаа дараа толгой компанийн удирдлагуудад  хэлж, санал тавих болсон  байна. Энэ талаар группийн удирдлагууд хэлэлцээд хувьцаа эзэмшигчдийг түүний хэлснээр өөрчлөөд тендерт орвол компанийн ажилд хэрэгтэй байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ. Эндээс л “Эрдэнэ зам” компанийг Г.Өлзийдүүрэнд алдах гол ажил эхэлсэн байна. Ингээд “Бишрэлт холдинг” компанийн захирал өөрийн дүү Д.Энхжаргалын хувьцааг нь зуун хувь эзэмшиж байгаа  “Нью Даниста Роүд Энд констракшн” компанийн мэдэлд “Эрдэнэ зам” компанийн хувьцааг 100 хувь шилжүүлжээ. Гэхдээ эргээд компанийн хувьцааг 100 хувь эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр  эрх үүргийг шилжүүлэн өгсөн байна.

Г.Өлзийдүүрэн 1981 онд Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын арван жилийн сургуулийг, 1986 онд ХААИС-ийг  Малын зоо техникч  мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад халагдсан байдаг аж. Түүний аав Г.Гомбосүрэн нь Сүхбаатар аймгийн үзэл суртлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэнэ. Түүнчлэн Г.Өлзийдүүрэн яамнаас гарснаас хойш төрийн байгууллагад ажиллаагүй бөгөөд хувиараа биллъярд гэх мэт зүйлс ажиллуулж байсан юм байна.

Түүнд итгэсэн шалтгаан

Хувьцаа эзэмшигчдийг өөрчилсний дараахан Маршалын гүүрнээс Төмөр замын гарам  хүртэлх  зам засварын тендерийг авч, Г.Өлзийдүүрэн өөрийнхөө зөв байсныг холбогдох хүмүүст удаа дараа ярьж суусан байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэ зам” компанийн нэр өөр компани руу шилжсэний дараа жижиг ажлууд эхнээсээ орж ирж байгаа мэт ойлголтыг төрүүлжээ. Ажил нь урагштай явж байгааг харж суусан группийн удирдлагуудад Г.Өлзийдүүрэн нэг өдөр “Эрдэнэ зам” компанийг хувьцааны хамт миний нэр дээр 100 хувь  шилжүүлчих. Гайгүй том тендерт ялах боломжтой болчихоод  байна. “Бишрэлт холдинг”  болон   “Нью Даниста Роүд Энд констракшн” компани шаардсан үед компанийн хувьцааг 100 хувь, үл маргах журмаар буцааж өгнө” гэжээ. Ингээд  2016 оны  дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Г.Өлзийдүүрэнгээр бичгээр баталгаа гаргуулан авч, “Эрдэнэ зам” компанийн 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх  энгийн  хувьцааны хамт  Г.Өлзийдүүрэнд шилжүүлэн өгсөн байна. “Бишрэлт холдинг” компани ингэж л Г.Өлзийдүүрэн гэгчид 20 тэрбум гаруй төгрөгийн хувьцаатай компаниа бэлэглэлийн журмаар “Нью Даниста Роүд Энд констракшн” компаниар дамжуулан өгчээ. Өөрөөр хэлбэл, гурван жилийн хугацаанд ажилласан Г.Өлзийдүүрэнд группийн удирдлагууд ийм хэмжээнд итгэсэн гэсэн үг. Үүнээс гадна компанийнхаа бүх хувьцааг эргэж авах нөхцөлтэйгөөр  шилжүүлсэн учраас ямар нэгэн хар төрөөгүй байна. Г.Өлзийдүүрэнгийн амьдрал гүйцэтгэх захирлын албан тушаалд очоод илтэд сайжирсан гэдгийг олон хүн ярьдаг аж. Гэвч тун удалгүй байдал буруугаар эргэж, Г.Өлзийдүүрэн группийнхнээс нүүр буруулж эхэлсэн байдаг. Бүр энэ компани минийх гэж  бусдад итгүүлэх үйлдлийг ч удаа дараа хийж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, маш удаан хугацааны туршид бусдын итгэлийг олж, бага багаар байж болох эрх мэдлийг өөртөө авсаар сүүлдээ бусдын компанид эзэн суусан залилангийн нэгэн төрлийн энэ гэмт хэргийг хуулийн байгууллага өдгөө шалгаж байгаа аж.

Х.Төгөлдөр

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 May 2018

Ингэж болохгүйш дэ !!! Мөнгөө гэж….хүнээ байх юм да

Нэр: Ганбаяр; Огноо: 15 May 2018

Иймэрхүү луйварчиддаа цэгцлэх хэрэгтэй. Энэ байдлаараа улс орон минь яаж хөгжих билээ дээ. Улаан цагаандаа гарчихсан байна.

Нэр: Anonymous Огноо: 15 May 2018

Ямарч юманд хэм хэмжээ гэж бий. Хэнч харсан өөрийнх нь биш гэдэг нь батлагдаад байхад юунд ингэж бусдад төвөг учруулж амьдардаг юм бэ дэ хө.

Нэр: nnnn Огноо: 15 May 2018

idej duusan bol odoo butsaaj uguh heregtei sh tee ulziiduuren guai

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.