Нийслэлийнхэн нийгмийн соёл бүү хэл ахуйн соёлд ч суралцаагүй

225577-14052018-1526260959-1796727175-Zgm“Хотын соёл гэдэг нь иргэншсэн нийгэмд тухайн хүний биеэ авч явах байдлыг хэлнэ” гэсэн тодорхойлолтыг дэлхийн бүх хот дагаж мөрдөх, хууль журамдаа үндэслэл болгож байна. Манай нийслэл хотод ч үүнийг удиртгал болгож хууль, журамдаа тусгадаг. Хотын соёлыг ахуйн, нийгмийн гэж хоёр ангилдаг. Хүн анхлан хотын ахуйн соёлд суралцаад тэр нь нийгмийн соёлыг сурах суурь болж өгдөг байна. Харамсалтай нь, Улаанбаатар хотод соёлын наад захын хэмжүүрийг баримталж явдаггүй хүмүүс дийлэнхийг эзэлж байгаа.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компани гурван жилийн өмнө есөн дүүргийн 152 хорооны 500 өрхөөс “нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-г авсан байдаг. Тус судалгаанд хамрагдсан нийт өрхийн 55 хувь нь гэр хороолол, 45 хувь нь орон сууцны иргэд байсан бөгөөд хотын соёлд хангалтгүй гэсэн хариуг нэгэн дуугаар өгчээ. Судалгаанд оролцогчдын 50 гаруй хувь нь хотын соёл гэж юу байдгийг мэдэхгүй гэж хариулсан нь хотын соёлын наад захын мэдэгдэхүүнгүй иргэд маш олон байгааг харуулж байгаа юм.

Хотын соёл гэхээр хотын төвийн соёл гэж ойлгодог хүмүүс олон байна​

Мөн судалгаанд оролцогсод Улаанбаатар хотыг соёлгүй харагдуулж байгаа шалтгаануудыг гудамжинд хог, ил задгай нус, цэр, шүлсээ хаядаг, архидан согтуурдаг, бие засдаг, харилцааны соёлгүй гээд гудамжинд та бидэнтэй өдөр бүр тохиолддог зуршлуудыг нэрлэсэн байна. Тэгэхээр нийслэлийн дийлэнх иргэд ахуйн соёлд ч суралцаагүй болж таарлаа. Хотын соёл гэхээр хотын төвийн соёл гэж ойлгодог хүмүүс олон байна. Гэр хороололд соёлын наад захын хэвшил бий болгохоор Зөрчлийн тухай хууль батлагдсан гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийд хотын соёлоороо гайхуулж байгаа Япончууд гудамжиндаа тамхи татдаггүй, сингапурт шүлс хаях газар ч олдохгүй. Мэдээж тэд шууд “шилэн толин” болчихсон юм биш. Соёлын түвшнөөр тэргүүлэгч Нью-Йорк хот ч хх зууны эхээр өнөөдрийн манайх шиг соёлын дутагдалд орсон, цагаачдын бүдүүлэг үйлдлүүдэд нэрвэгдсэн хот байж. Харин тухайн үеийн удирдлагууд нь “Би Нью-Йоркдоо хайртай” гэсэн бүх нийтийг хамарсан аян өрнүүлж, соёлын хэмжүүрүүдийг тогтоон, зөрчсөн иргэдийг Нью-Йоркын иргэн биш гэж тооцохоор болсон байна.

Үүний үр дүн гуравхан жилийн дотор гарч, хүн бүр “хотын иргэн байх эрх”-ийн төлөө нэгэндээ шаардлага тавьдаг, зөрчлөө хянадаг тогтолцоо аяндаа бий болжээ. Энэ бол өдгөөгөөс нэгэн зууны өмнөх соёлын довтолгоон шүү дээ. Гэтэл манайд бол “сахил хүртээд шал дордсон” явдал болоод байгаа. Хагас зууны тэртээ монголчууд хотын соёлын тогтсон хэв маягтай болчихсон, түүнийгээ дагаж мөрддөг байсан. Гэвч чөлөөт эрхийг олж аваад үүргээ умартсанаас шал дордчихоод байгаа юм. Өнөөдөр нийслэлчүүд хотын ахуйн соёлын наад захын мэдлэггүй байгааг гудамжинд таарсан хэн ч хэлнэ.

Засаж залруулахаар гаргасан хууль, журам нь цаасан дээр л жирэлзээд байхаас хүмүүсийн тархинд суухгүй байгаад гол учир оршино. 2017 оны зунаас хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд хотын ахуйн болон нийгмийн соёлыг нийтээр дагаж мөрдүүлэх үүрэгтэй хэд хэдэн заалт орсон. Тэдгээрээс “олон нийтийн газар, автозам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгж /10000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн ахуйн наад захын соёлыг мөрдүүлэх заалт хэрэгжихгүй байгаа. Хэрэгжүүлэх, хяналт тавих субьект нь ч иргэдэд тодорхой бус байна.

  • Наад зах нь нийтийн тээврийн хэрэгсэлд нийтийн дуунаас өөр соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага байна.
  • Судалгаагаар жуулчид монголчуудын ахуйн болон нийгмийн соёлд тун таагүй сэтгэгдэлтэй буцаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
  • Хогийн сав, бие засах газар бэлдсэн ч ахуйн соёлын сэтгэлгээг суулгаж өгөөгүйгээс хотоо хайрлах сэтгэлээ хогтойгоо цуг хаясаар л байна.

Зөрчлийн тухай хуульд хүн хувийн автомашиндаа тамхи татаж болох ч ишийг нь цонхоороо хаявал 10 мянган төгрөгийн торгууль “тас” хийтэл оногдуулна гэсэн заалт байгаа. Тийм атал автомашиныхаа цонхоор цог нь унтраагүй халуун тамхины ишийг хаа хамаагүй шиддэг. Ингэж шидсэн тамхины иш хажуу дахь автомашины зорчигчийн өвөр дээр унасан тохиолдол ч бий. Түүнээс гадна автомашины цонхоор эсэн бусын хаягдлаа хаях, ууж байгаа ус, ундааны шавхруу цацах энүүхэнд. Эрчүүд нь булан тохойд ил задгай бие засаж байдагт нийслэлчүүд санаа зовохоо даанч больжээ. Хогийн савыг нь бэлдсэн ч ахуйн соёлын сэтгэлгээг суулгаж өгөөгүйгээс хотоо хайрлах сэтгэлээ хогтойгоо цуг хаясаар л байгаа юм. Харин ийм орчинд байж үзээгүй гаднынхан хүний өмнөөс ичихээс эхлээд огиж бөөлжих шахдаг. Монголын аялал жуулчлалын холбооныхон ирсэн жуулчдаас сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Тус судалгаанд жуулчид монголчуудын ахуйн болон нийгмийн соёлд тун таагүй сэтгэгдэлтэй буцаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

2018 оныг “Жуулчлалын үйлчилгээний чанар стандартын жил” болгохоо салбарын яам, холбогдох байгууллагууд зарласан. Гэтэл хотын ахуйн соёлын хүрээнд жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлэх ажлыг хэн ч санаачлаагүй л байна. Уг нь наад захын муу зуршлаа хамгийн түрүүнд засчихад манай соёлын үзүүлэлт чамгүй өснө. Хотын ахуйн соёлоо дагаад нийгмийн соёл нь “авах юмгүй” болжээ. Зөрчлийн тухай хуульд “олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж, үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгж /100000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэсэн жирийсэн урт заалт байна.

Дээр нь зориулалтын бус газар архидан согтуурвал торгох заалт бас бий. Та өнөөдөр гадаа гараад хэдэн минут алхахад дээрх зөрчлийн аль нэгтэй тааралдана. Бас л хяналт тавих, шахаж шаардах эзэнгүйгээс өдөр тутмын “уламжлалт зан үйл” мэт хавтгайрчээ.

Гудамжинд зодолдох, хэрүүл маргаан үүсгэхэд цагдаа ирээд зохицуулалт хийж байгаа ч цаана нь цагдаагийн “бороохой”- ноос далдуур гудамжинд архидах, үг хэлээр доромжлох, дээрэнгүй хандах, замын хөдөлгөөнд соёлгүй оролцох зэрэг нийгмийн соёлын хэм хэмжээ ч алингаа алдаад байна. Үг хэлбэл хэрэлдэж, үйлдэл зөрвөл зодолдох шахдаг цөс ихт монгол залуус бэлэн зэхээний холхилддог хотын гудамжаар өөрсдөө л соёлын хэмжүүрээ барьж явахгүй бол хохирогч болоод үлдэх энүүхэнд. Таван настай балчираас талийх дөхсөн өвгөн хүртэл “п”-гээр эхэлсэн хараалыг өгүүлбэр бүртээ дурдаж байгаа нь монголчуудын ярианд хамгийн олон хэлэгдсэн гадаад үг болж мэдэх нь. Хүүхдүүдийн сургууль дээрээ дадсан ёс суртахууны хүмүүжил, соёлжилт гудамжинд гараад нэг шат уруудчихаж байна. Өнөөдөр манай хүүхэд залуус сургалтын орчинд багш нарын дэргэд соёлын нэг “дүр”-тэй, гудамж, олон нийтийн газар шал өөр төрхтэй болчхоод байгаа юм. Үүнд томчуудын балаг том үүрэг гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой.

Үүнээс гадна цахим тоглоомын газруудад “п”, “ш”, “л” гэх мэт бараг 35 үсэг бүрээр эхэлсэн хараал хөвөрч байдаг нь хүмүүжил, ёс суртахууны доголдолд оруулах үүр уурхай болж байна. үүн дээр “орк” гэгдэх хотжих гэж ядаж яваа хүмүүсийн үйлдэл ч тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Мөн замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог, түүнээсээ болж бусадтай хэрүүл хийдэг, дээрэнгүй зан гаргадаг томчуудын үйлдэл ч багачуудыг муу муухайд сургасаар л байна.

Өнөө үеийн “орк” нь ч, “сорт” нь ч соёлгүйдэлд хавтгайрч “найзан дундаа орсон” Монголчуудын сэтгэхүйд хяналт, шахалтгүйгээр хотын соёлын үр суулгана гэдэг цоорсон гүзээнд шар тос шахахтай адил. Харин “цоорсон гүзээ”-г нөхөхийн тулд “хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэсэн сайхан сургаалиа дагаж хүүхдээс соёлгүй үйлдлүүдээ нуудаг болчиход л хэдэн жилийн дараа хот соёлжоод л ирнэ. Наад зах нь нийтийн тээврийн хэрэгсэлд нийтийн дуунаас өөр соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага байна. Зөрчлийн хуулийн иргэнд хамаарах заалтуудаа дурдахаас аваад гэгээрсэн хүмүүсийн ёс суртахууны эшлэл, шашны сургааль, номлолыг нэвтрүүлэхэд л соёлын том өөрчлөлт гарна.

П.Батбөх

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.