П.Цагааны эзэмшлийн ”Ачит-Ихт” Эрдэнэтийн балансын бус хүдрийг үнэ төлбөргүй ашигладаг уу

Одоогоос дөрвөн жилийн өмнө Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хүдрийг ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх “Ачит-Ихт” үйлдвэр Эрдэнэт хотноо үүдээ нээж байлаа. Тухайн үед нээлтэд оролцож байсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр гурав дахь охин компаниа ийн хүлээн авлаа.
 20675
Олон ажлын байр бий болгож нийгмийн хариуцлагаа ухамсарлаж буйн нэг хэлбэр нь энэ” хэмээж байв. Энэ бүхнээс харахад гидрометалургын аргаар зэс гаргадаг “Ачит-Ихт” компанид уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр хувь оролцоотой мэтээр ойлгогдож байлаа. Хүссэн хүн бүрт олдоод байдаггүй балансын бус хүдрийн 65 сая тонн овоолгыг “Ачит-Ихт” компанид өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэр хариуд нь юу авсан бэ гэдэг асуулт зайлшгүй гарах ёстой. Яагаад гэвэл “Эрдэнэт” бол улсын үйлдвэр. Тэр тусмаа “Ачит-Ихт”-тэй гэрээ байгуулж байх үедээ хоёр улсын хамтарсан үйлдвэр байлаа.
Энэ бүх асуултын хариуг эрсний эцэст “Эрдэнэт” үйлдвэр, “Ачит-Ихт” компани хоёрын хооронд байгуулсан хоёр гэрээг олж авсан юм. Эхний гэрээг 2010 оны есдүгээр сарын 3-нд байгуулсан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, “Ачит-Ихт” компанийн ерөнхий захирал В.Цамба нар гарын үсэг зуржээ. Гэхдээ энэ гэрээ нь Эрдэнэтийн зөвлөлийн хурлаар орж баталгаажаагүй учир хоёр дахь гэрээг 2013 онд байгуулж тухайн үеийн Төрийн өмчийн хороогоор батласан байдаг юм. Энэхүү гэрээнд Эрдэнэт үйлдвэр балансын бус хүдрийнхээ оронд “Ачит-Ихт”-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ хэмээн заасан. Харамсалтай нь гэрээний энэ заалт одоо хэрэгждэг эсэх нь эргэлзээтэй. Учир нь энэхүү гэрээг үндэслэн балансын бус хүдрийн овоолго авч байгаа “Ачит-Ихт”-ийнхэн энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн үздэг ажээ. Өөрөөр хэлбэл 65 сая тонн балансын бус хүдрээ өгөөд оронд нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр юу авдаг эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Магадгүй “Эрдэнэт” үйлдвэр дээр явагдсан олон арван хууль бус үйлдлүүдийн нэгэн сэжүүр нь энэ ч байж мэднэ. Энд зориуд тодруулахад “Ачит-Ихт”-ийн үйлдвэр жилд 10 мянган тонн катодын цэвэр зэс гаргах хүчин чадалтай бөгөөд өнөөгийн ханшаар нэг тонн зэс Лондоны металын биржид 6890 ам.доллараар арилжаалагдаж байгаа.
Өнгөрсөн жилүүдийн статистик мэдээллээс харвал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эзэмшлийн “Ачит-Ихт” компани нь өдгөө хамгийн үр ашигтай ажилладаг ТОП таван аж ахуйн нэгжийн нэгээр нэрлэгддэг болжээ. Ikon.mn сайтын мэдээллээр “Ачит-Ихт” компани өнгөрсөн жилд татвар төлсөн хэмжээгээрээ 27 дугаарт, борлуулалтын орлогоороо 84 дүгээрт, хөрөнгийн хэмжээгээрээ 27 дугаарт, ашгийн хэмжээгээрээ “Ньюком”, “Чинхуа МАК”, “ХААН” банкны дараа дөрөвдүгээрт орсон юм. Харин 2016 онд нийт олсон ашгаараа улсад гуравдугаарт орж байжээ. “Ачит-Ихт” компанийн талаар газар дээрээс нь сурвалжилсан control.mn сайтын мэдээллээр тус компани өнгөрсөн гурван жилд улсын төсөвт 92.4 тэрбум төгрөгийн татвар төлсөн.
Бас л эх сурвалжтай нэгэн баримт дурдъя. 2016 оны Өдрийн сонины тавдугаар сарын 5-ны өдрийн дугаарт дурдсанчлан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хөрөнгө орлогоо мэдүүлдэг 220 албан хаагчаас гэр бүлийн орлогоороо тэргүүлж байсан ажээ. Тэрбээр гэр бүлийн орлогоо жилд 1.2 тэрбум төгрөг гэж мэдүүлснийг “Өдрийн сонин” нийтлэлдээ эш болгож байв.
Гэтэл саяхнаас ийм ашигтай үйл ажиллагаа явуулдаг компанийнхан өөрсдийн ашигладаг “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус зэсийг гадаад дотоодын бүх судлаач эдийн засгийн ямар ч үр ашиггүй гээд татгалзсан байсан хог хаягдал мэтээр сурталдах болов. Төлбөрт мэдээллүүдийг ч тэд ийм өнцгөөр түлхүү тараав.
Балансын бус хүдэр гэдэг нь тэгвэл “Ачит-Ихт” компанийн төлбөртэй мэдээнд дурдсанчдлан хог хаягдал мөн үү. Мэргэжлийн хүмүүсийн тайлбарлаж буйгаар энэ нь хог хаягдал бус харин ч баялаг. Оюутолгой гэхэд л ийм овоолгоо хэн нэгэнд найр тавиад өгчихгүй өөрсдөө ашиглахаар хадгалж буй ажээ. Гэтэл улсын өмчит үйлдвэр балансын бус 65 сая тонн овоолгоо үнэ төлбөргүйгээр ашиглуулдаг байж мэдэх сэжүүр бидэнд байна.
Эрдэнэтийн балансын бус хүдрийг хувийн компани үнэ төлбөргүйгээр ашигладаг уу гэдэгт хариулт эрсэн нийтлэлээ дараа дараагийн дугаараар цувралаар хүргэх болно. Харин энэ удаа “Ачит-Ихт” компанийн төслийн менежер, ерөнхий инженерээр ажиллаж байсан С.Цэвэгжавын ярилцлагыг онцлон хүргэж байна.

С.Цэвэгжав:Шударга бусын хонгилоор жирийн иргэнийг алхуулах гэж байна
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг “Ачит-Ихт” компанийн үйлдвэрийн ерөнхий инженерээр ажиллаж байсан иргэн С.Цэвэгжавтай ярилцлаа. Тэрбээр дөрөвдүгээр сарын 10-нд өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Шударга байцгаая Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан танаа. Миний зураг төслөөр ТЭЗҮ-гүй барьсан үйлдвэр (Ачит-Ихт ХХК) танд 42000 тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж, 197500000 (нэг зуун ерэн долоон сая таван зуун мянган доллар) цэвэр ашигтай ажиллажээ. Би танай үйлдвэрт орж гарсан тушаалын хуулбараа авах гэсэн боловч юунд ашиглахыг асуугаад өгөхгүй байна. Энийг юу гэж ойлгох вэ. Яаж үйлдвэртэй болсон түүхийг чинь цааш нь ярих уу, яах уу” хэмээсэн байсан юм.
-Та цахим хуудсаараа дамжуулан П.Цагаан гуайн “Ачит-Ихт” үйлдвэрийн талаар ярих уу, яах уу гэсэн байсан. Тантай энэ талаар ярилцахаар зорьж ирлээ. Ярих уу?
-Ярья. Ярих нь зөв юм байна, шударга бусын хонгилоор жирийн иргэнийг алхуулах гэж байгаа эрх мэдэлтнүүдийн талаар ярьж байх нь зөв юм байна гэж бодлоо. Би өөрийн фэйсбүүк хуудсаан дамжуулан бичсэний төлөө намайг “Ачит-Ихт” компани хуулийн байгууллагад өгсөн байсан. Нэр төрд нь халдлаа гэж гомдол гаргасан байна лээ. Гэтэл би үүнийг “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэдэг л болоод байна гэж харж байна.
-Үйл явдлыг уншигчдад ойлгомжтой байлгахын тулд эхлээд “Ачит-Ихт” компанийн талаар тодруулах хэрэгтэй байх. Эрдэнэтийн хүдрийн овоолго ашигладаг компани гэдэг байх аа?
-”Ачит-Ихт” компани Эрдэнэтийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг. Энэ нь 1978-2005 оны хооронд овоолсон балансын бус хүдэр. Энэ үйлдвэрийг барьж эхлэх төсөл нь 2010 онд эхлээд 2014 оны хавар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн компани.
 
-Та хэзээнээс энэ компанитай холбогдсон бэ. Юу хийдэг байсан юм бэ?
-Энэ үйлдвэрийг миний удирдаж хийлгэсэн зураг төслөөр барьсан юм. Би “Ачит-Ихт” компанийн ерөнхий инженер, төслийн менежрээр ажиллаж байсан. Би “Ачит-Ихт”-ийн ерөнхий инженер болохоосоо өмнө “Эрдмин” компанийн ерөнхий механик байсан. “Эрдмин” компани бол Эрдэнэтийн балансын бус хүдэр дээр яг ийм катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг анхны үйлдвэр. Тэр үйлдвэрт би 15-16 жил ажилласан. “Эрдмин”-ий үйлдвэрийг америкийн зураг төслөөр хийсэн. Монголчууд дагалдан ажиллаж байсан. Бүх туршлага тэр үйлдвэрээс л уламжлалтай.
 
-”Ачит-Ихт”-ийн удирдлагуудтай уулзсан нь хэдэн он билээ?
-”Ачит-Ихт”-ийн удирдлагууд 2010 оны аравдугаар сард надтай анх уулзаж байсан. “Эрдэнэтийн овоолго дээр катодын зэс боловсруулах үйлдвэр барихаар боллоо, гэрээгээ хийчихсэн. Одоо үйлдвэр барьж өгөх туршлагатай хүн хэрэгтэй байна. Хамтран ажиллаач ээ” гэсэн хүсэлт тавьсан. Тухайн үеийн удирдлага болох хоёр хүн ингэж ирж уулзаж байв.
 
-Та тэгээд шууд зөвшөөрөөд ажилдаа орсон юм уу?
-Эрдэнэтийн овоолго гэдэг хүссэн хүн бүрт олдоод байдг юм биш л дээ. Тийм учраас Эрдэнэтийн овоолгыг ашиглах гэрээг чинь харъя, хоёрдугаарт, хөрөнгө оруулагч байгаа юм уу гэдгийг асуусан. Энэ хоёр шийдэгдсэн бол асуудал байхгүй. Надад үйлдвэр барих туршлага байна, барьж чадна гэсэн. Ингээд “Ачит-Ихт”-ийнхэн надад гэрээгээ үзүүлээд л үйлдвэр барихаар сэтгэл шулуудсан даа.
 
-Тэр гэрээ нь Эрдэнэттэй хийсэн гэрээ биз дээ?
-Тийм, “Ачит-Ихт” Эрдэнэт хоёрын хийсэн гэрээ байсан. Тэрийгээ үзүүлсэн.
 
-Хэзээ хийсэн гэрээ байсан бэ?
-2010 оны есдүгээр сарын эхээр хийгдсэн гэрээ байсан.
 
-Та бол энэ гэрээ хийснээр хойш сарын дараа л уулзсан байна шүү дээ.
-Тийм, сарын дараа л уулзаж байгаа юм. Овоолго ашиглах тухай гэрээ нь ингээд бэлэн байсан. Хөрөнгө оруулалтын хувьд Голомт банкны санхүүжилтээр босно гэж байсан.  Тухайн үед Голомт банк “Ачит-Ихт”-ийн ихэнх хувьцааг эзэмшиж хөрөнгө оруулагчаар орж ирсэн гэж би ойлгосон. Эхний ээлжийн санхүүжилт арван сая доллар байгаа гэж байсан. Ингэж л надад тайлбарласан. Ингээд тохиролцоод энэ үйлдвэрийг барьж эхэлсэн.
 
-Хамтын ажиллагааны гэрээ, нөхцөл тохиролцсон биз дээ?
-Тухайн үеийн удирдлагуудтай тодорхой нөхцөл ярилцсан. Бид ажлаа хийхдээ ямар нөхцөлөөр орох вэ гэдгийг удирдлагуудтай ярилцсан. Компанийн талынхан удирдлага, менежмэнтийн багт 10 хувийг олгоно оо гэж хэлсэн. Энэ арван хувь дотор таны хувь ч мөн байгаа. Тийм учраас үйлдвэрээ барьж эхлэ, ажлаа хий л гэсэн.
 
-Гэрээгүйгээр ажлаа эхэлчихсэн юм уу?
-Мэдээж гэрээ хийе гэсэн. Гэрээ хийе гэхээр энэ төсөл дээр төрийн өндөр албан тушаалтнууд байгаа. Улстөрчдийн багц энэ компанид байдаг. Эрдэнэт-Ачит-Ихтийн хооронд хийсэн гэрээг зөвлөлөөр батлуулаагүй байгаа учир дэлгэж болохгүй байна. Зөвлөлөөр батлах гэрээн дээр удирдлагын багийн арван хувийг суулгаж өгнө. Тэр хүртэл та бүхэн итгэлтэй байж болно гэж хэлж байсан. Бидэнд итгэж болно оо гэсэн. Ингэж аман тохироо хийгээд л ажилдаа орсон. Би ойлгохдоо улстөрчдийн багц нь буцаад ирэх юм байна, тэрийг нь удирдлага, менежмэнтийн багтаа өгөх юм байна гэж ойлгосон. “Ачит-Ихт”-ээс зарим улстөрчийн ах дүүс ямар үнэлгээтэйгээр гарсан зэргийг бол мэдэж л байгаа. Улстөрчдийн багц гэдэг нь ингээд гарч байгаа юм байна гэж тухайн үедээ ойлгож байсан.
 
-Зөвлөлөөр батлагдаагүй гэдэг нь юу гэсэн үг билээ?
-Эрдэнэт үйлдвэр тухайн үед хоёр улсын эзэмшилд байсан. 10 сая доллараас дээшхи гэрээ хэлцэл Монгол-Оросын зөвлөлөөр батлагдсан нөхцөлд хүчин төгөлдөр болдог. Энэ гэрээ нь зөвлөлөөр ороогүй, Эрдэнэт үйлдвэр болон “Ачит-Ихт”-ийн захирал Ч.Ганзориг, В.Цамба нарын гарын үсгээр баталгаажсан байсан.
 
-Тэр дараагийн гэрээ нь баталгаажиж гарсан уу. Та бүхний арван хувийг тэр гэрээндээ тусгасан уу?
-2013 оны долдугаар сарын 17-нд Монголын төрийн өмчийн хороо баталсан хоёр дахь гэрээ байдаг юм. Тэр гэрээний хоёрын дөрөв дэх заалт дээр үйлдвэрийг анхнаас нь удирдаж барьсан гүйцэтгэх удирдлагад арав хүртлэх хувийг Б тал буюу “Ачит-Ихт” компани эзэмшүүлнэ гээд заачихсан байдаг. Гэхдээ одоо бол компанийн удирдлагууд энэ гэрээ хүчин төгөлдөр биш гэдэг.
 
-Өөрсдөө баталчихсан, Төрийн өмчийн хороогоор орчихсон гэрээг яагаад хүчин төгөлдөр бус гэдэг юм бэ?
-Би бас гайхаад л байгаа.
 
-Тэр гэрээгээр Эрдэнэт үйлдвэр ямар эрх, үүрэг хүлээсэн байдаг вэ. Тодруулбал, ямар нөхцөлөөр хоёрдугаар овоолгоо “Ачит-Ихт” компанид эзэмшүүлэхээр болсон юм бэ?
-Эрдэнэт үйлдвэрийн хувьд 65 сая тонн балансын бус хүдрээ “Ачит-Ихт” компанид өгөөд “Ачит-Ихт” компанийн 34 хувийг эзэмшинэ гэсэн гэрээ байсан. Нэг ёсондоо 66 хувийг нь эзэмших “Ачит-Ихт” үйлдвэрийг нь бариад технологийг нь эзэмших, харин овоолго өгөх Эрдэнэт үйлдвэр 34 хувийг нь эзэмших ийм гэрээ байсан.
 
-Үйлдвэр хэдэн онд ашиглалтад орсон гэлээ?
-2014 оны хавар ашиглалтад ороод бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн.
 
-Ашиглалтад ороод дөрвөн ч жил болж байгаа юм байна. Эрдэнэт үйлдвэр 34 хувийн ашгаа хүртээд л явж байгаа юм байна, тийм үү?
-За даа, мэдэхгүй дээ. Эрдэнэт 34 хувийг, удирдлага, менежментийн баг арав хүртэл хувийг эзэмшинэ гэсэн тэр гэрээг одоогийн удирдлагууд хүчин төгөлдөр бус л гэх юм билээ. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр балансын бус хүдрийнхээ оронд “Ачит-Ихт”-ийн 34 хувийг эзэмшээд явж байгаа гэдэгт би нэг их итгэхгүй байгаа.
 
-Монгол инженерүүдийг хуураад, дарамтлаад арван хувиа өгөхгүй байж болдог юм байна гэхэд төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр 34 хувиа “дээрэмдүүлээд” дуугүй яваад баймааргүй юм даа?
-Энэ талаар тодруулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт хүсэлт өгсөн байгаа. 2013 онд байгуулсан, танай агентлагын баталсан энэ гэрээ яагаад хүчин төгөлдөр бус юм бэ гээд хүсэлт өгсөн. “Ачит-Ихт”-ийнхэн энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үздэг учраас ингэж хандсан. 65 сая тонн балансын бус хүдрийнхээ оронд Эрдэнэт үйлдвэр юу авдгийг ард түмэн мэдэх эрхтэй гэж бодож байна.
 
-Компанийн удирдлагууд яагаад энэ гэрээгээ хүчин төгөлдөр бус гэдгийг тайлбарласан уу?
-Уг нь гэрээний гарын үсэг, тамга тэмдэг бүх юм л бүрэн юм билээ. Яг юугаараа тэгж хүчин төгөлдөр бус гээд байгааг нь ойлгоогүй. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр балансын бус хүдрээ өгөөд оронд нь хувь авч байгаа гэхэд би эргэлзэж байна. Ажил эхлүүлэх гээд бидэнд үзүүлж байсан гэрээнүүдээ үгүйсгэж байгаагаа л “Ачит-Ихт”-ийн захирал хэлдэг. Монгол инженерүүдийг луйварддаг юм байж. Төрийн өмчийн үйлдвэрээс үнэ төлбөргүйгээр баялгийг нь авдаггүй байх л гэж найдаад байгаа шүү.
 
-”Ачит-Ихт”-ийн үйлдвэрийг барих ажлаа та яг хэзээнээс эхэлсэн бэ?
-2010 оны аравдугаар сарын сүүлчээр “Ачит-Ихт”-ийнхэнтэй уулзаад хавар нь бид газар шорооны ажлаа эхэлсэн. 2012 оны тавдугаар сар хүртэл ажилласан. Тэр хооронд бүх зураг төсөл болон барилгын ажлын 85 хувь дуусчихсан байсан. Голомт банкнаас өгч байсан санхүүжилт зогссоноос болоод би дараагийн ажлаа хийе гээд тухайн үеийн удирдлагатай тохиролцоод гарсан. Энэ үйлдвэрийг баталгаатай ажиллуулах бүх юмаа мэдэж байсан хүний хувьд зөвлөгөөгөө өгөөд л явж байлаа. Дараагийн санхүүжилт шийдэгдээд 2014 оны хавраас энэ үйлдвэр ажиллаж эхэлсэн.
 
-Гэрээнд заасан арван хувийн асуудлыг тэр хүртэл болно гээд л найдаж явсан юм уу?
-Удирдлагуудтай нь тохиролцсон учраас тэр гэрээг хуурамч гэж “гүтгэнэ” гэж яаж мэдэх вэ. Итгэж найдаад л ажлаа хийж байсан. Гэтэл үйлдвэр ашиглалтад ормогц барьж байгуулсан удирдлагуудыг халаад одоогийн захирал Д.Эрдэнэцэцэг ажлыг нь авсан.
 
-Д.Эрдэнэцэцэг захирал энэ үйлдвэртэй ямар хамааралтай хүн билээ?
-П.Цагаан гуайн эхнэр. “Ачит-Ихт”-ийг би П.Цагаан гуайн үйлдвэр гэж ойлгодог. Намайг анх ажилд орж байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Голомт банкны захирал Д.Баясгалан хоёр уулзаж байсан. Нэг нь санхүүжилтийг нь, нөгөө нь бусад асуудлыг шийднэ гэж хэлдэг байсан. Сүүлдээ П.Цагаан гуайн үйлдвэр болсон гэж сонссон.
 
-Та тэр хоёр хүнтэй нүүр тулан уулздаг байсан юм байна, тийм үү?
-Уулзаж байсаан. Үйлдвэр барьж байхад хүлээж авч уулздаг л байсан. Ярилцдаг байсан. Би чанартай сайн үйлдвэр барьж өгнө гэдгээ хэлдэг байсан. Монгол инженерүүд ийм юм хийж чаддаг гэдгийг харуулах гэж их хичээж ажилласан даа. Үйлдвэр ажиллаж эхлэхэд анх надтай тохиролцсон удирдлагуудтайгаа уулзсан.  Нөгөө арван хувийн асуудлаа ярьсан. Гэтэл Д.Эрдэнэцэцэг захирал “Та нар анхнаасаа ТЭЗҮ-гүй үйлдвэр барьсан. Ашигтай ажиллах эсэхийг мэдэхгүй байна. Тийм учраас хоёр жил ажилсны дараа үр дүнг нь харж байгаад та нартай ярилцаж болох юм” гэж хэлсэн гэдгийг өмнөх удирдлагууд хэлсэн. Чи тэгэхээр хоёр жил тэсээд байж бай гэсэн.
 
-Яагаад ТЭЗҮ-гүй үйлдвэр гэж байгаа юм. ТЭЗҮ-гүй үйлдвэр тэгээд ашиглалтад оруулаад байж болдог юм уу?
-Болохгүй. Хуулиараа бид ТЭЗҮ-ээ, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгээ хийлгээд тэр бүхнийг давсны дараа энэ үйлдвэр баригдах ёстой байсан. Гэвч дээрээс удирдаж байгаа хүмүүс ирэх жил гэхэд зэс гарах ёстой л гэсэн даалгавар өгсөн. Болохгүй ээ гэхэд, хамаагүй ээ та үйлдвэр л барих ёстой. Бусдыг нь бид зохицуулна гэсэн. Тэрний дагуу л өөрийн туршлага дээр үндэслээд Эрдэнэт үйлдвэрийн зураг төслийн товчоо болон Хятадын Ян профессортой хамтраад энэ үйлдвэрийг барьсан.
 
-Одоогийн ажиллаж байгаа “Ачит-Ихт”-ийн үйлдвэр ТЭЗҮ-ээ батлуулаагүй ажлаа эхэлсэн гэсэн үг үү?
- 2014 оны аравдугаар сард ТЭЗҮ-ээ батлуусан байна лээ. Үйлдвэр ашиглалтад орсны дараа нөхөж батлуулсан гэсэн үг. Би өөрөө бас буруу юм хийсэн л дээ. Тэр үед ТЭЗҮ-гүй юм руу зориглож орсон. Яахав, тухайн үед Монгол Улсдаа хэрэгтэй сайхан үйлдвэр өөрөө барьчихъя гэсэн дэврүүн итгэл үнэмшилтэйгээр орсон. Одоо эргээд харахад хуулийн гаргалгаад мэддэг янз бүрийн хүмүүсийн өгөөш болчихсон юм байна.
 
-ТЭЗҮ-гүй үйлдвэр, зэс гаргах эсэх нь эргэлзээтэй учир хоёр жил хүлээ гэсэн гэлээ. Гэтэл үйлдвэр ашиглалтад орсноос хойш дөрвөн жил болсон байна. Хэр ашигтай ажиллаж байгаа вэ?
-2017 оны сүүлийн байдлаар 42 мянган тн зэс гаргасан байсан. Одоо тавиад мянган тонн болсон байх. Ер нь энэ үйлдвэрийн жилийн хүчин чадал нь арван мянган тонн зэс гаргахаар тооцоолж байсан. Бид маш сайн, үр ашигтай үйлдвэр барина гээд ийм боломжийг бий болгохын тулд хамгийн өндөр үр бүтээлтэй ажиллах техник технолгийг сонгосон. Үүний үр дүнд жилд 12 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр босгосон. Ашиглалтад орсноосоо хойш 2017 оны эцэс гэхэд миний тооцоогоор “Ачит-Ихт”-ийнхэн 42-43 мянган тонн зэс үйлдвэрлэсэн. Одоо Лондоны бирж дээр нэг тонн зэс 7000 гаруй доллар байгаа. Тэгэхээр энэ үйлдвэр ямар үр ашигтай гэдэг нь харагдана л даа. Энэ үйлдвэрийн давуу тал нь ерөөсөө байнгын ажиллагаатай, маш бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой. Эцсийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддагт л технолгийн давуу тал байгаа юм.
 
-Компанийн танилцуулгаас харахад Бээжингийн уул уурхай, металургийн институттэй хамтран ТЭЗҮ-гээ хийсэн гэсэн байсан. Тэр нь ямар учиртай юм бэ?
-Тийм зураг төсөл анхан шатанд хийлгэж байсан. Гэхдээ технологийн тооцооллын том алдаатай ирсэн учир тэр зураг төслийг зогсоосон. Ингээд монгол инженерүүд өөрсдөө хийсэн. Хэрвээ тэгээгүй бол, тэр зураг төслөөр хийсэн бол “Ачит-Ихт”-ийн үйлдвэр өдийд усандаа живээд Голомт банк, П.Цагаан гуай хоёрын хооронд бөөн асуудал үүссэн байх байсан. Тэгээд П.Цагаан гуай тэр үеийн удирдлага П.Бат-Оч захирал бид хоёрыг шүүхэд өгөөд явж байх байсан биз. Санхүүжилтийг шийдсэн Голомтынхон заавал гаднын зөвлөх компани авах ёстой гэсэн учраас л үүнийг оруулж ирсэн байсан юм.
-Хөрөнгө оруулалт яаж шийдэж байсан бэ. Та эхлээд Голомт банкны санхүүжилт явж байсан гэж хэллээ. Нууц биш бол энэ үйлдвэрийн боссон өртөг хэд вэ?
-Анхнаас нь бүх тооцоог нь хийж байсан учраас би мэдэлгүй яахав. Ер нь бол 54 сая орчим долларт боссон үйлдвэр. Яг иймэрхүү үйлдвэрийг ямар өртгөөр барих вэ гээд Хятадын компаниас санал авч байсан. Тэгэхэд 98 сая долларт босгож өгч болох юм гэж байсан. Энэ бүхнийг компанийн удирдлагуудад танилцуулаад ийм өндөр өртгөөр бариулаад яах вэ, надад бэлэн туршлага байна, барих чадвартай монгол инженерүүд байна. Ийм их мөнгөөр барихгүйгээр би шийдье гээд барьж эхэлсэн. Үүний хүчээр ийм бага зардлаар тийм өндөр хүчин чадалтай үйлдвэр барьсан даа.
-Дуустал нь Голомт банк санхүүжүүлсэн юм уу?
-Ажлын 85-90 хувь хүртэл Голомт банк санхүүжүүлсэн. 34 сая доллар гаргасан. Намайг байх үед энэ бүхэн хийгдсэн болохоор би их сайн санадаг юм. Энэ хүрээнд бүх тоног төхөөрөмжийн захиалга, барилгын бүх ажлаа хийгээд дуусчихсан байсан. Үүн дээр нэмэлт санхүүжилт зөвхөн химийн бодисууд бас бус жижиг зардал, тоног төхөөрөмжийн захиалгын үлдэгдэл төлбөрүүд байсан. Тэр нь 20-иод сая доллар болсон байсан.
 
-Та Голомтын Д.Баясгалан захиралтай дараа нь уулзаж үзсэн үү?
-Д.Баясгалан захирал “Би бас хохирсон” гэдэг юм билээ. Надтай хамт ажиллаж байсан удирдлага Д.Баясгалан захирлын томилсон удирдлага байсан юм. Хөрөнгө оруулагч талын удирдлага гэсэн үг. Гэхдээ мөнгөө эргүүлээд авчихсан байх аа.
 
-”Ачит-Ихт”-ийнхэн өртгөө бол нөхчихсөн юм байна тийм үү?
-Аль эрт нөхсөн. Жил хагасын дотор л нөхөх тооцоотой байсан. Одоо бол эднийх ашигтай ажиллаад эхэлчихсэн гэсэн үг.
-Ийм их ашигтай ажиллаж байгаа гэж үү. Гэтэл “Ачит-Ихт”-ийн хийсэн богино хэмжээний танилцуулга дээр 65 сая тонн хүдрийг бараг л Эрдэнэтийн хог гээд энэ үйлдвэрийг хогноос нь салгаж байгаа мэтээр хийсэн байсан.
-Баялаг ш дээ, юун хог. Ард түмэнд ярихдаа хог гэчихээд өөрсдөө яагаад үхэн хатан хөөцөлдөөд байгаа юм тэгвэл. Хогтой зууралдах хэрэггүй шүү дээ. Гэтэл эсэлдсэн хүдэр, балансын бус хүдэр гэдэг бол газрын доор байсан баялаг. “Ачит-Ихт”-ийн эзэмшиж байгаа овоолго бол 65 сая тн хүдэртэй, 198 мянган тн зэстэй. Өнөөгийн ханшаар 1.3 тэрбум долларын хөрөнгө.
 
-Эрдэнэт үйлдвэр өөрсдөө тэрийгээ ашиглаад үйлдэр барьж болдоггүй юм уу?
-Манай энэ улс төрийн тогтолцооноос болдог байх л даа. Үйлдвэрийг хөгжүүлээд шинэ технологи нэвтрүүлье гэсэн бодол үе үеийн удирдлагад  байдаггүй юм шиг байгаа юм. Эрдэнэт үйлдвэрт боломж бол байдаг. Сүүлийн үед хайлах технологиос дэлхий нийтээрээ татгалзаад ерөнхийдөө баяжмалыг гидрометалургийн аргаар боловсруулах арга үйлдвэрлэлд нэвтрээд явж байгаа. Үүнийг ч Эрдэнэт дээр нэвтрүүлэхэд болохгүй гэх юмгүй. Ер нь ярьвал их юм бий. Төрийн өмчит компани хувийн компани хоёр яаж ажилладаг гээд ярихад ч их юм гарна. Эдний луйврын технологийн талаар ярьвал баримт материал зөндөө байна. Одоохондоо ингээд зогсъё доо.
 
Эх сурвалж:Улс төрийн тойм сонин

URL:

Сэтгэгдэл бичих