Тамхины татварыг нэмж, ирээдүйгээ ҮХЛЭЭС аваръя

Одоо ганцхан гэсээр орь залуу насаа үүрд алдах уу

 20686

Түүнээс салахыг өдөр бүр өөртөө сануулж, “одоо ганцхан…тэгээд л жинхнээсээ орхино” гэж  өдөрт хичнээн удаа өөрийгөө хуурсан юм бүү мэд. Он цаг улирч одсон ч, одоо хэр нь түүнээс хагацаж чадаагүй ахыгаа харахаар өрөвдмөөр болдог. Өнөөдөр тэр ундарсан их хүсэл тэмүүллээ, оргилсон залуу насны ааг омгоо эм тариа нэвт ханхалсан эмнэлгийн давчуухан өрөөнд гээчихээд, “Ээж ээ хүү нь зүгээр ээ” гэж худал хэлдэг. Ээжийг хуураад өнгөрч болох ч шинжлэх ухаан түүнийг уушгины хавдартай гэдгийг нотолсон.

Монгол Улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааг Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргажээ. Тэдний ихэнх нь тамхинаас  болж өвддөггүй, элдэв хавдар тусдаггүй бүр нас бардаггүй гэж боддог. Тэдний нэг нь манай ах. Тэр уушгины хавдартай болсонд тамхи огт буруугүй гэдгийг одоо ч хэлсээр “Ахдаа ээжээс нууцаар тамхи авчраарай” гэж чихэнд шивнэх нь тамхинд асар их донтуулагч бодис агуулагдаж байдгийг бэлхнээ илчилнэ.

Монгол эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байна. Үүнд тамхи, архины хэрэглээ ихээхэн нөлөөлж буйг судлаачид цохон тэмдэглэжээ. Тамхи татдаг эрэгтэйчүүдийн 50 хувьд нь нойр булчирхайн хавдар үүссэн байдаг бол тамхи татдаг эмэгтэйчүүдийн 30-80 хувьд давсагны хавдар үүсдэг байна. Мөн уушгины өвчлөлийн 85-96 хувь нь тамхитай холбоотой бөгөөд өнөөдөр Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. Тамхины хэрэглээ жил бүр өссөөр байгааг Монгол Улсад хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь 49.1 хувь, 20 эмэгтэй тутмын нэг нь 5.3 хувь нь тамхи татдаг тухай судалгаанаас харж болно. Үүнийг дагаад тамхинаас үүдэлтэй нас баралт мөн адил өссөөр байгааг мэргэжилтнүүд тайлбарласаар байна. Гэвч энэ сэрдхийм тоо баримтанд тамхичид итгэхийг бүр сонсохыг ч хүсэхгүй байгаа нь атга будаа цацахад зүүний үзүүр дээр нэг нь тогтох шиг тийм их хувь заяагаар олдсон амь насандаа даанч хайргүй гэмээр.

Нэг хүн жилд 900 мянган төгрөгөөр тамхи худалдан авдаг

Тамхитай холбоотой эдийн засгийн бяцхан тооцооллыг хүргэе.

Манай улсын өрхийн дундаж орлого 848.800 мянган төгрөг гэж бодоход тухайн өрхийн нэг гишүүн өдөрт хамгийн 2700 төгрөгийн үнэтэй нэг хайрцаг тамхи татдаг гэж үзвэл, жилд 990 мянган төгрөг ба тухайн өрхийн орлогын 8.1 хувиар зөвхөн тамхи худалдан авдаг байна. Нэг өрхийн хувьд ийм эдийн засгийн тооцоолол гарч буй бол Монголчууд жилд 3.2 тэрбум ширхэг тамхи хэрэглэдэг бөгөөд жилд 100 тэрбум төгрөгөөр тамхи худалдан авч утаа болгон хийсгэдэг байх юм.

Тамхины онцгой албан татварыг нэмж, эрүүл мэндийн даатгалтай уялдуулах нь зөв

Манай Улсын хувьд сүүлийн 10 орчим жилийн хугацаанд янжуур тамхины үйлдвэрлэл дөрөв дахин,  импорт 2.5 дахин, дүнсэн тамхины импорт 2262 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн 1995 оноос хойш янжуур тамхины хэрэглээ 16, нэг хүнд ногдох хэрэглээ 20 дахин өсчээ.  Манай улсын зах зээлд борлуулагдаж буй нийт тамхины 65 хувь нь импортын тамхи аж. 2017 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн тамхи импортлогчид бараагаа гаалийн татварыг 30 хувиар төлдөг болсон ч манай Улсын тамхины татвар бусад орнуудаас доогуур хэвээр байна.  Тамхи импортлогчид 2017 онд 46.63 тэрбум төгрөгийн гаалийн татвар төлжээ. Харин тамхины зах зээлийн үлдсэн хувийг эзэлж буй Монгол тамхи со ХХК 9.66 тэрбум төгрөгний татвар төлсөн байна. Нийтдээ янжуур импортлогчид 2017 онд 2.67 тэрбум ширхэг тамхи оруулж иржээ. Үүнээс тооцоолж үзвэл “Монгол тамхи со” ХХК 2017 онд зах зээлийн 47 хувь буюу 2.37 тэрбум ширхэг янжуурын түүхий эд импортлон ороож, савлан зах зээлд нийлүүлсэн байна. Тэгэхээр өнгөрөгч онд нийт 5.04 тэрбум ширхэг тамхи зарагдаж, тамхи татдаг иргэн, эцэг, эх, сурагч, хүүхдүүдийн уушгаар дамжин, агаарт утаа болон замхарчээ.

Олон Улсанд тамхины татварыг нэмбэл хэрэглээ буурна гэж үздэг. Тухайлбал 2012-2016 онуудад Филиппин улсын хийсэн тамхины татварын шинэчлэл  энэ чиглэлээр хийсэн хамгийн шийдэмгий томоохон жишээ юм. Филиппин улс тамхины онцгой татварын бүтцэд өөрчлөлт хийж, татварын хэмжээг инфляцтай уялдуулж тамхины татварыг ихээр нэмсэн. Ингэснээр тухайн улсын төсвийн орлогын өсөлт нь Эрүүл мэндийн даатгалтай өрхийн тоо 2012 онд 5.2 сая байсныг 2015 онд 15.3 сая болгон нэмэгдүүлэх зардлыг санхүүжүүлэх төсвийн зайг нэмэгдүүлжээ.

Мөн Украйнд 2017 оны төсөвт үнийн дүнгээс бодогддог 12 хувийн татварыг хэвээр хадгалахын зэрэгцээ тамхины онцгой албан татварыг 2016 онтой харьцуулахад 40 хувь нэмэгдүүлэхээр тусгасан байна. Энэхүү арга хэмжээг авснаар тамхины жижиглэнгийн үнэд онцгой албан татварын эзлэх хувь хэмжээ 2016 онд 41 хувь байсан бол 2017 онд 46 хувь болж нэмэгдэн тамхины хэрэглээ 10 хувиар буурсан тооцоог АНУ-ын Эрүүлийг хамгаалах газрын дарга Доктор Лутер тэрри судалгаандаа дурджээ.

Тиймээс манай Улс ч тамхины онцгой албан татварыг нэмж, эрүүл мэндийн даатгалтай уялдуулах нь зөв. Тамхины онцгой албан татвар нэмэгдэхэд Улсын төсөвт орох мөнгө нэмэгдэнэ. Мөн нөгөө талдаа тамхины үнэ нэмэгдэнэ. Ингэснээр хэрэглээ буурна. 2016 оны байдлаар нэг хайрцаг тамхины онцгой албан татвар 690 төгрөг байна. Үүнийг 100 хувиар нэмбэл 20 цэцэрлэг барих мөнгө, эсхүл хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаварлалгүйгээр олгоход хангалттай хүрэлцэнэ. Тамхи баян орны, баян хүний хэрэглээ биш. Тамхины албан татвар бол маш их хөрөнгийн сан юм.

Залуу, ирээдүй хойч үе  минь утаа болон “замхарах вий”…

Тамхи нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буйг тамхичдад ойлгуулах гэж Эрүүл мэндийн салбар, байгууллагууд арга ухаанаа шавхаж байна. Тэгтэл сүүлийн жилүүдэд ЕБС-ийн сурагчид, оюутан залуус тамхийг ихээр татах болжээ. Тэр дундаа охидууд. Тэд нэгнээ даган дуурайх, сонирхох, гоё сайхан харагддаг гэж эндүүрч тамхинд орж байна.

Монголд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх хүн хийгээд төв тун ховор байна. Аливаа асуудал тулгарахад өсвөр үеийнхэн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх хүн байхгүй тул найздаа л ханддаг. Харин найз нь өөрөө ч хэрхэн зөвлөхөө мэдэхгүй “Тамхи татвал тайвширдаг” гэх хэнээс ч юм сонссон худал үгийг найздаа хэлдэг. Тамхийг нэг сороход долоон секундийн дараа тархинд хүрч түрхэн зуур тайвшируулах үйлчилгээ үзүүлээд цусанд орж дахин тамхи татах дур хүслийг төрүүлдэг байна. Өсвөр үеийнхний 61.3 хувь нь тамхи татаж үзсэн. Өөрөөр хэлбэл таван хүүхэд тутмын гурав нь тамхи татаж үзсэн гэдгийг судалгаанд дурджээ. Тамхи татдаг сурагчдын 53 хувь нь буюу тал хувь нь тамхинаас хамааралтай буюу архаг тамхичид болсон байна. Энэ бол үнэхээр эмгэнэл. Залуу, ирээдүй хойч үе минь утаа болоод “замхарах вий”….

Өнөөдрийн байдлаар манай улсад 1726 тамхи худалдаалдаг аж ахуйн нэгж байна. Гар дээрээс ширхэглэн худалдаалахыг хориглодог атал хууль сахихгүй ширхгийн тамхи худалдсаар л байна. Энэ нь өсвөр насны хүүхдүүд болон эмэгтэйчүүдийг тамхинд татан оруулахад хамгийн дөхөм зам болж байгаа юм.

Эмтэй, эмчилгээтэй боловч эдгэрдэггүй, анагаах ухаантай ч аврагдаж чадахгүй өвчнөөр шаналж, насан туршдаа харамссаар, эцэст нь үхлийн үүд татахгүй байх боломж өдгөө эрүүл саруул яваа хүн бүрт бий. Тамхинаас татгалзъя. Тамхи бол өөрөөсөө хараат байдал үүсгэдэг дарангуйлагч гэдгийг л ойлгох хэрэгтэй байна.

Г.Тэгшсүрэн

Эх сурвалж:Shuud.mn

http://www.shuud.mn/a/496854


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.