Хүүхдийн сүүнээс цацраг идэвхт бодис илэрчээ

Японы “Мейжи Холдингс” компанийн хуурай сүүнээс цезий хэмээх цацраг идэвхт бодис илэрсэн байна.
Компанийнхан нярай хүүхдэд зориулан гаргадаг уг хуурай сүүгээ худалдаанаас татаж эхэлжээ. Хөхүүл хүүхдийн тэжээлийн багагүй хувийг нийлүүлдэг тус компани сүү, сүүн бүтээгдэхүүнээс гадна хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Тус компанийн үйлдвэр Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас 320 км-ийн алсад байдаг бөгөөд тус станцын ослоос есөн сарын дараа цацраг идэвхт бодис арилаагүй болохыг баталжээ. Гуравдугаар сарын 11-ний цунамийн улмаас тус улсын зүүн хойд нутгаар цацраг идэвхт бодис тархсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын улмаас одоог хүртэл хяналт, шинжилгээ хийсээр байгаа юм.

Цацраг идэвхт бодис сүү, цай, хүнсний ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн болон уснаас хамгийн ихээр илэрч байгаа аж. Албаныхан чадах бүхнээ хийж байгаа ч дэлхийд сүүлийн 25 жилд тохиолдоогүй уршигт цөмийн гамшгийн тархалтыг зогсоож чадахгүй байна. Шалгалтаар дээрх хуурай сүүний нэг кг тутмаас 30.8 беккерель (цацраг идэвхт чанарыг хэмжих нэгж) цезий илэрчээ.


URL:

Сэтгэгдэл бичих