Төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан байна

15266038835afe206bc402aӨчигдөр ОХУ, БНХАУ хооронд экспортын үр тариа тээвэрлэж явсан ачааны галт тэргийг  ”Дархан-1″ өртөөний замаар хүлээн авч  байх явцад  гадаад паркын найман вагон замаас гарсан осол гарчээ. Ослын улмаас нэг вагоны ачиж явсан үр тариа асгарснаас гадна нэг вагон хажуулдаж, зургаан вагон босоогоороо байдалтай замаас гарсан байна. Уг ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй гэж эх сурвалжууд мэдээллээ.

Ослын газар дээр “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй ажлын комисс гаран шуурхай ажиллажээ.

Асгарсан будааг шуудайлж, амыг оёж битүү вагонд ачих ажлыг 200 гаран хүн гүйцэтгэж  байх зуур Улаанбаатар хотоос сэргээн босгох галт тэрэг очин ажиллаж байна. Ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан байна гэсэн дүгнэлт гараад байгаа гэнэ.

2012 онд Байгаль орчны сайдын тушаалаар төмөр замын дэр мод бэлтгэхийг хориглосны улмаас дэр модыг солих ажил олон жил удааширсан байна.  2016 онд уг асуудлыг Байгаль орчны сайдад тавьж хоригийг цуцлуулж хугацаа дууссан дэр модыг сольж байгаа ч өнөөдөр 300 гаруй мянган дэр модыг солих шаардлагатай байгаа аж. 2012 онд дэр мод бэлтгэхийг хориглосон Байгаль орчны сайдын тушаал гарахаас өмнө УБТЗ жилдээ 200 мянга шахам дэр мод бэлтгэж сольдог байсан бөгөөд үүний 100 орчим мянгыг 330 гаруй ажилчинтай дэр мод боловсруулах үйлдвэр гүйцэтгэж байсныг зогсоосны улмаас 270 гаруй хүн ажилгүй болж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж эхэлсэн байна. Мөн дэр мод боловсруулах үйлдвэр нь жилдээ 500-600 мянган суулгац мод үржүүлэн ойд тарьж ургуулдаг байсан ажил ч зогсоход хүрч, нэг мод огтолсон бол 10 мод суулгадаг төмөр замчдын уриа алдагдахад хүрчээ. УБТЗ замаа бетон дэрээр солих ажлыг эрчимтэй хийж байгаа ч манай улсын эдийн засгийн бололцоо, эрс тэс уур амьсгал, газар орны нөхцөлөөс шалтгаалж модон дэрээр солих шаардлагатай байдаг байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.