“ЭХ ОРОНЧ”-ИЙН БАГГҮЙ ТӨРХ БУЮУ Л.ГҮНДАЛАЙ

21083

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай Ард түмний намын дарга байхдаа “Зайсангийн газрыг оршин суугчдад нь өгнө” гэж баахан бужигнуулсан. Дараа нь УИХ-ын сонгуулиар намынхаа нэрийг “Ард түмнээ хайрлая” болгож өөрчлөөд Эрдэнэт оччихсон тэр хавьдаа л “Их тэнгэр” гэгддэг Баян-Өндөр уулын өвөрт бас газар өгнө хэмээн бужигнуулж тэр нь бүтэлгүйтээд хөөгдөж буцсан билээ. Л.Гүндалайг уулын энгэрт гэр бариад сууснаас хойш дөрөв хоногийн дотор Эрдэнэтчүүд тэнд 130 гэр, 140 гаруй майхан барьсан байдаг. “Чадалтай нь надтай нийлээд тэмц. Чадахгүй нь чацга царайлаад гэртээ харьцгаа”гэдэг алдарт үгээ мань “эх оронч” тэгэхэд хэлсэн. Гэвч “Ард түмнээ хайрлая” намыг байгуулах шалтгаан болсон цорын ганц “ард түмэн” Л.Гүндалай өөрөө байсныг хэн мэдлээ. Сүүлийн хоёр ч сонгуулиар шороо манаргасан Л.Гүндалай сайд өнгөрсөн арав гаруй жил Зайсангийн газартай л байлдсан байна.

Мань гишүүн анх 2004 онд УИХ-ын гишүүн байхдаа (мань хүний ид мандаж явсан үе л дээ) Богд уулын тусгай хамгаалалттай бүсэд 7,5 га газрыг аялал жуулчлалын зориулалттай ашиглахаар тусгай зөвшөөрөл авсан байна. Түүнийгээ өөрийн төрсөн эгчийн дүү О.Одсүрэнгийн нэр дээр шилжүүлж, таван га-г аялал жуулчлалын зориулалтаар зарж борлуулаад, үлдсэн 2,5 га нь дээр нь “Бизнесийн үйл ажиллагаа явуулна” хэмээн оршин суугчдыг нь хөөсөн хэрэг 2014 онд мандаж, хэвлэлүүдээр шуугиж байв. Зөвшөөрөлтэй талбайд нь орсон айлуудын газрыг нь худалдаж аваад, үлдсэнийг хөөж эхэлсэн тухай хашааны газраа Л.Гүндалайд зарахаас татгалзсан айл өрхүүд хэвлэлийнхэнд хандсан байв.

Гэвч энэ жил мань гишүүнтэй холбоотой дахин нэг маргаан дэгдлээ. Зайсан толгойн зүүн энгэрт нийт таван га газарт хашаа хатгаж зөвшөөрөлгүйгээр газар ухаж эхэлсэн тухай оршин суугчид мэдээллээ. БОАЖ-ын сайдын 2018 оны … тоот тушаалаар Богд ууланд аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах эрх авсан 28 иргэн, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, баригдсан хашаа, объектуудыг буулгах шийдвэрийг энэ оны хоёрдугаар сард гаргасан байна. Харин манай Л.Гүндалай “зөвшөөрөл олгохгүй” гэсэн газар зөвшөөрөлгүй барилга барьж эхэлсэн нь хэнтэй холбоотой байж болох вэ?

Одоогоос сар гаруйн өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сарын 31-ний бямба гаригт уг газар дээр газар шорооны ажил эхлүүлэхэд нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар очиж ажлыг зогсоосон байна. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдээр дахин ажлаа эхлүүлсэн тухай 11-р хорооны оршин суугчид мэдээлэв. Ихэвчлэн амралтын өдрүүдэд, шөнө дөлөөр ажлаа явуулдаг гэнэ. Хорооны иргэдийн зүгээс эсэргүүцэл гомдол гаргахад “Зөвшөөрөлтэй газар дээрээ юу хийх нь миний дур” хэмээн загнадаг боловч тэдэнд үзүүлсэн газрын зөвшөөрөл, кадастрын зураг зэрэг нь огт өөр газрын зураг байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл огт олгогдоогүй гэсэн үг.

Саяхан УИХ дээр Зайсангийн орчмын газар нэгэнт суурьшлын бүс болсон тул улсын тусгай хамгаалалтаас гаргах асуудал хөндөгдөж, ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч Л.Гүндалай гишүүний барилга барих гээд байгаа газар нь нэгүгээрт Туул голын эрэг рүү түрж орсон, нийслэлчүүдийн цэвэр усны сантай хил залгаж байх тул Мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл олгохыг татгалзсан газар юм байна. Хоёрдугаарт, ухсан газрын цаад зах нь одоо ашиглагдаж байгаа орон сууцны суурийг эвдэх, хөрсний нуралт үүсгэх аюултай байгаа учраас оршин суугчид тэтглээ эсэргүүцэж байгаа аж.

Хамгаалалтын захиргааныхны хэлж буйгаар Богд ууланд үйл ажиллагаа явуулдаг 2147 аж ахуй нэгж байдаг гэнэ. Тэдний олонхи нь ийм маягаар тусгай хамгаалалттай газарт эзэн суудаг бололтой. Бидний оройдоо залах дуртай олон “эх оронч”-ийн зөвхөн нэгнийх нь багаа хуулсан дүр ийм л байна. Бусад нь биш юм гэхэд төр түшилцэж, төрийн сайд байсан хүн арай ингэтлээ дордож, хулгайч, дээрэмчин шиг аашилж болохгүй л юмсан.

Б.ГАЛ

Эх сурвалж: 24tsag.mn
http://www.24tsag.mn/a/162445

URL:

Нэр: zochin Огноо: 23 May 2018

Гүнбалай яав ч эрүүл биш, үнэхээрийн сэтгэцийн өөрчлөлт байгаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.