Х.Чимгээ:Хүүхдийн бэлэг сонгохдоо үйлдвэрлэсэн хугацааг нь нэг бүрчлэн шалгах хэрэгтэй

 

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар энэ сарын долооны өдрөөс эхлэн есөн дүүргийн 110 аж ахуйн нэгж, 73 иргэний хүнсний худалдаа, үйлчилгээний газарт хяналт, шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар нийт давхардсан тоогоор 219 зөрчил илрүүлэн 164-г нь газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 42 заалт бүхий 9 албан шаардлага, 1 албан даалгавар хүргүүлэн ажилласан байна.

Мөн хүүхдийн баярын бэлгэнд орж болохуйц бүх төрлийн чихэр, чипс, ундаа, шоколаданд хяналт шалгалт хийжээ. Энэ шалгалтаар хадгалах хугацаа дууссан, шошгын шаардлага хангахгүй Солонгос, Герман бүтээгдэхүүн, гарал үүсэл нь тодорхойгүй чихэр, чавга, хатаасан жимсүүд түргэн үйлчилгээний цэгүүдээр борлуулагдаж байгаа зөрчил илэрсэн байна.

 

Тиймээс иргэд ТҮЦ-ээс аль болох хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт хийхгүй байх, стандартын шаардлага хангасан орчноос, бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, гарал үүсэл, хаяг шошгыг харж шалгаж авах. Мөн боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн шалгах хэрэгтэйг НМХГ-ын  Хүнсний чанар, Стандартын хяналтын улсын байцаагч Х.Чимгээ анхааруулж байна.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих