Путины төгсгөл үү

Орост манай долдугаар сарын 1 шиг юм болж байна. Хэдийгээр хүний амь үрэгдээгүй, элдэв зүйл болж байгаа мэдээлэл байхгүй байна ш дээ гэж гайхшрах хүмүүс байгаа ч Орос шиг ардчилал нь ард хоцорсон улсад өрнөөд байгаа үйл явдал бол долдугаар сарын 1 байтугай, ардчилсан хувьсгалын энтэй асуудал гэхэд даваадсан хэрэг болохгүй билээ.

Ард түмэн бол номхон тэмээ мэт ч номхчилж дээрэлхээд байвал ноолуулаад байдаг улс биш. Үгээ хэлнэ, эсэргүүцнэ. Босно, тэмцэнэ. Гэхдээ тэгж эсэргүүцээд эхэлтлээ уддаг. Жинхэнэ л тэвчээрийн тэлээ нь тасрахын алдад үгээ хэлдэг. Оросын ард түмэн удтал дуугүй явж ирсэн нь үнэн. Өөрчлөлт шинэчлэлтийн давалгаа эхэлж, өөрчиллөө шинэчлэгдлээ гэсэн сэтгэлгээгээр хорь гаруй жилийг үдсэн ч үндсэндээ Сталины засаглалаар замнасан орос  үндэстэн Путины буулганаас залхаж байгаа нь сүүлийн үед илүү тодорхой харагдаж эхэлсэн билээ.

Өнгөрсөн ням гаригт болсон ОХУ-ын Төрийн Думын сонгуулиар В.Путины “Нэгдсэн Орос” нам 238 суудал авч,  сөрөг хүчин Коммунист нам 92, бусад намууд 64, 56 суудлыг тус тус авсан дүн гарав. Саналын хуудас 99,99 хувь тоологдсон гэж байгаа. Хэдийгээр “Нэгдсэн Орос” нам өмнөх парламентад байсан 300 суудлаасаа цөөрч 238-ыг авсан ч энэ сонгуулийг шударга бус болсон хэмээн ард иргэдийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлэн жагсч байна. В.Путин болон түүний эргэн тойрны хүмүүст үг хэлж болохгүй бичигдээгүй хууль энэ улсад уламжлагдаад удаж байна. Гэхдээ одоо Оросын ард түмний тэвчээр барагджээ. Тэд Ходорковскийг ялтан болгож, Березовскийг эх орноос нь хөөж, бас үг санал нэгдээгүй хүмүүсийг үхдэл болгож байсан гашуун түүхийг мэддэг ч энэ удаад айж суухыг хүсэхгүй байх шиг.  Ялангуяа залуу үе нь шударга бусын эсрэг ихээхэн дургүйцэж байна.

Тэд энэ сонгуулийг луйвар болсон хэмээн үзэж байгаа бөгөөд эсэргүүцлээ тайван замаар илэрхийлж жагсаал хийж, эхнээсээ баригдаад байна. Цагаан, цэнхэр бөмбөр цохин эсэргүүцлээ илэрхийлж, хуучин, шинэ цагаан хоолойгоор үгээ хэлж байгаа залуучуудын бичлэгийг “CNN”-ээр харахад бахархам санагдаж байлаа.  Ийм мэдээллийг барууны сурвалжлагч нар л хүргэж байгаа болохоос Орост энэ төрлийн мэдээлэл хаагдмал байна. Өчигдөр гэхэд бид Москвад ажиллаж, амьдарч байгаа хүнтэй холбогдон мэдээлэл авахыг хүсэхэд “Энд юу болж байгаа юм бэ. Телевизээр янз бүрийн мэдээлэл явж байгаа юм алга. Цагдаа нар өндөржүүлсэн байдалд байгаа нь л анзаарагдаж байна” гэж хариулсан билээ.  Гэхдээ байдал өөр байгаа юм.

Сонгуулийг шударга бус болсон хэмээн эсэргүүцсэн, үгээ хэлсэн сонгогч, ажиглагч, сэтгүүлч нарыг баривчилж байгаа ч Орост их давалгаа үүсэх нөхцөл байдал нэгэнт бүрэлдлээ хэмээж олон улсын ажиглагчид мэдэгдэж байна. Зөвлөлт гүрний сүүлчийн удирдагч М.Горбачев өнгөрсөн 4-ний өдрийн сонгуулийг шударга бус болсон гэж мэдэгдээд дахин явуулахыг шаарджээ. Дэлхийн улс төрийн тогтолцоог өөрчлөхөд түүхэн алхам хийсэн гэгддэг, Нобелийн энх тайвны шагналт түүний энэ үг  коммунист намын гишүүн гэдгээрээ бус харин шударга үнэний төлөө дуугарах хүн гэдгээрээ олон орны хүмүүст ойлгогдож байгааг онцлох ёстой болов уу.  Үүнийг ч барууныхан заавал анхаарах өнцөг гэж харж байгаа билээ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар манай сонгогчид “Бидний өгсөн санал хаачсан бэ” хэмээн бухимдаж, үзэл бодлоо илэрхийлсэн. Харин энэ нь сүүлдээ үймээн самуун болон хувирч, таван амь эрсдэж одсон харамсалт түүхийг дагуулсан. Орост хэдийгээр сонгогчид хүчтэй тэмцэл өрнүүлж чадахгүй байгаа ч Орос шиг хатуу диктатуртай газар харин ч чадаж байна хэмээн үнэлэхээс аргагүй юм.  Оросууд шударга бус сонгуулийг  буруутган ирэх бямба гаригт жагсахаар шийдээд байгаа ажээ. Жагсаалыг зохион байгуулагчид 2000 орчим хүн ирэх болов уу гэсэн тооцоо гаргаж байгаа бол одоогийн байдлаар 16 мянган хүн “Face book”-ээр дамжуулан оролцохоо мэдэгдсэн байна.

Үнэхээр В.Путины засаглалын төгсгөл ирж байгаа юм болов уу. В.Путин бас л эзэн суух цагтаа суугаад, явах цагтаа яваад өгчихөж чаддаггүй л хүн юм. В.Путин Оросын ард түмний дунд нэр хүндтэй үе байсан уу гэвэл байсан. Хувь улстөрчийн рейтинг нь наян хэдэн хувьтай л байдаг байлаа. Орос улс эдийн засгийн хувьд дахин хүчирхэгжих цагт тэр төр удирдаж байв. Нефтийн үнэ өсөх бүр Орост шинэ боломжийг өгч байдаг болохоор шилжилтийн үеийн шуурганд уруудаж байсан Орос босч чадсан. Үүнд В.Путины гавьяа бий.

2000-2004, 2004-2008 оны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд тэр Оросын эзэн байв. Хэрэв үнэхээр энэ улс ардчилсан замналаар явж байгаа бол В.Путин В.Медведевийг хөтлөн гарч ирж, бас өөрөө Ерөнхий сайд болохгүй л байх байлаа. Гэвч тэр эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэж байв. Бас дахин сонгогдох боломжийг энэ удаад Д.Медведевт өгөхийг хүссэнгүй. Уг нь Димагийн үед Орост ардчиллын гэгээ үүлний цоорхойгоор өнгөлзөж байна гэж харж болохоор байсан ч жинхэнэ л үүлэн цоорхойн нар шиг хуурамч байж.

Нэг хэсэг тэр хоёрын тэмцэл илтэд анзаарагдаж эхэлсэн билээ. Д.Медведев “Олигархижсан бүлэглэлийн эсрэг тэмцэнэ” хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард Давосын индрээс мэдэгдээд л, нэг нь баруун хязгаараараа явахад нөгөөх нь зүүн талаараа яваад л. Тухайн үед Д.Медведев эр хүн шиг зоримог байсан ч өнгөрсөн намар намынхаа хурлаар В.Путиныг Ерөнхийлөгчид нэр дэвшихийг зөвшөөрснөөрөө хулчгар нэр зүүж орхисон.  Гэхдээ В.Путины улайрал улс төрд сайн зүйл авчрахгүй гэдгийг мэдсэндээ, түүний төгсгөл ирж байгааг мэдэрсэндээ хүлцэнгүй байсан байхыг үгүйсгэх ч аргагүй юм, одоо ингээд харж байхад.

Орос шиг их гүрэнд хатуу гар байх ёстойг үгүйсгэх аргагүй. Гэхдээ нэг хүнийг тахин шүтэхийн хар түүхээсээ салж ядаж байгаа энэ үндэстэнд зориулаад “Нэгдсэн Орос” нам, В.Путины хүрээллийнхэн нүүр царайгаа сольж болох л байлаа. Арга заль, менежмент хэрэглэж болох  байв. Гэвч В.Путин үүнийг хүлээн зөвшөөрөх тэнхээ байгаагүйдээ түүний төгсгөл ойртож байна.

Тэр гурав дахь удаагаа Ерөнхийлөгч болохоор нам дотроо эрх авсан тэр өдрөөс хойш дургүйцлээ оросууд шууд илэрхийлж эхэлсэн юм. Үүний тод жишээг олон улсын тоймчид цухас дурджээ. Хойд хөршийнхөө телевизийг тогтмол шахам үзэж мэдээлэл авдаг монголчууд үүнийг тэднээс ч өмнө анзаарсан гэхэд болно. Одоогоос сар орчмын өмнө Москва хотын “Олимпийский” цэнгэлдэх хүрээлэнд дүрэмгүй зодооны дэлхийн аварга Федор Емельяненко Америкийн Жэфф Монсонтой зодолдож, тэрийг нь Орос орон тэр аяараа хөхин баясч үзсэн юм. Сүүлийн жилүүдэд 5000 хүнээс илүү дүүрч үзээгүй гэх тэр цэнгэлдэхэд 20 мянган хүн хуран цугларч, Япон, АНУ-д л зодолдохоос нутагтаа ховор үзэгддэг “Баавгай”-даа хүндэтгэл үзүүлж байв даа. Мань нөхөр ч ялж, рингэн дээр ид ялалтыг нь зарлаж байх үед В.Путин ч сэтгэл нь хөөрч гараад очсон. Харин тэгэхэд нь тэнд цугларсан хүмүүс тэр чигээрээ дургүйцэж байгаагаа илэрхийлсэн нь эрхэм Ерөнхий сайдыг тун эвгүй байдалд оруулсан юм. Манай улстөрчид Асашёорюүг ид байхад дагаж гүйгээд байдаг шиг л юм болсон хэрэг шүү дээ. Гэхдээ В.Путин хүмүүсээс тийм эсэргүүцэл ирнэ хэмээн ер санаагүй байсан нь илт болсон билээ. Уг нь сонгуулийн өмнө пиар хийх санаатай байсан ч алга ташиж эсэргүүцлээ илэрхийлдэг оросууд сүүлдээ бүр шүгэлдэж эхэлсэн. Түг таг гээд үгээ давтсаар рингээс буухаас аргагүй болсон Ерөнхий сайд ямар их мэгдсэн нь маргаашийн үйлдлүүдээс нь ил болсон юм. Хэвлэлийн албанаас нь хүмүүсийн тэгтэл эсэргүүцсэн нь В.Путинд биш америк тамирчинд зориулсан гэсэн мэдэгдэл гаргаж, тэмцээний бичлэгийг  телевизээр давтахдаа шүгэлдсэн дуу чимээг таг дарсан байлаа.  Гэвч оросууд үнэнийг худал болгох гэж байгаад дургүйцэж, “Путин, чи зайлаач, чиний хэрэг байхгүй” гэж орилж байсан үзэгчдийн бичлэгийг утсаараа баримтжуулснаа интернэтэд энд тэндгүй байрлуулж эхэлсэн.  Бас америк боксчинд хандан твиттерээр “Оросын ард түмнийг хайрлан алх хадуурыг хүртэл биедээ шивүүлсэн чамд бид дургүйцээгүй ээ” гэсэн захидлыг үй түмээр нь илгээсэн.  Энэ бол энгийн нуршуу түүх мэт боловч В.Путин гэдэг дарангуйлагчаас хүмүүс залхсаны баталгаа юм. Тэр ч өөрөө дэндүү сандарсан. Ямар сайндаа л энэ явдлаас хоёр хоногийн дараа Санкт Петербург хотод хар тамхины эсрэг цуглаанд үг хэлэх байсан Ерөнхий сайд ажилтай гээд ирээгүй байхав дээ. Тэр үнэнээс айсан биз. Гэхдээ өнгөрсөн он жилүүдэд хязгааргүй эрх мэдлийг төвлөрүүлж чадсаныхаа хүчинд “Нэгдсэн Орос” нам сонгуульд дахин олонхи болов. Сонгуулийн дүн туйлын үнэн байдаггүй, хүсвэл СЕХ  эрх баригчдад зориулан өөрчилж чаддаг гэдгийг бид мэдэх хойно. Энэ сонгуулийн дүн хуудуутай болсон гэж жагсч байгаа улсууд мэдэгдэж байгаа нь оргүй биш биз ээ.

Үнэндээ ч энэ сонгуулиар В.Путины намд 99 хувийн санал өгсөн газар нь Чечень байсан гэхээр хэн итгэх билээ. Бүр Чечень шүү. Энэ удаад жагсагчид баригдаж, магадгүй цус асгарч, шоронгийн ялтан болохыг үгүйсгэх аргагүй. Ирэх гуравдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд тэр ялах л байх. Гэхдээ ард түмэн бол номхон тэмээ шиг ноолуулаад байхгүй. Тэр тусмаа аугаа орос үндэстэн үү.

Э.ЭНЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих