Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эвгүй хоршил ямар уршиг дагуулах бол

5b15e07b0df7b0.34485077ШХАБ гэж сүлийн үед олонтаа сонсогдох боллоо. Бүр монгол хүн бүр ШХАБ-ын талаар ярьж, улстөржиж, МАН-АН-гаараа хуваагдаж байна. Ажаад байх нь, АН-ын угшилтай нөхөд ШХАБ-ыг гоё сайхан гэж, харин МАН-ын талаас “Ээ, тэр дэмий” гэх байр сууриар хандаж байх юм.

Гэвч ШХАБ /Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ гээч нь чухам яг юу юм гэдгийг бүгд ойлгож байгаа юу гэдэг дээр тулбал асуудал их бий. Ямар ч гэсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр сүүлийн хэдэн өдөр улс орны амин чухал сэдвүүдийг хойш тавьж, ШХАБ-аар амьсгалж, амьдарч байх шиг.

Тэгвэл ШХАБ гэж юу вэ. Маш дипломат байдлаар тодорхойлбол “ШХАБ бол Орос, Хятад, Казахстан, Таджикстан, Кыргызстан, Узбекстан улсуудын төрийн тэргүүнүүд 2001 онд үндэслэн байгуулсан бүс нутгийн олон улсын байгууллага юм. Орос, Хятад, Казахстан, Таджикстан, Кыргызстан улсууд буюу “Шанхайн тавын” 1996-1997 онд гарын үсэг зурсан хил орчимд зэвсэгт хүчнээ харилцан хорогдуулах болон цэргийн салбарт итгэлцлэлийг бэхжүүлэх тухай хэлэлцээр энэ байгууллагын үндэс нь болсон юм. Тэдэн дээр дараа нь 2001 онд Узбекстан улс нэмэгдэж ШХАБ гэж нэрлэсэн байна” гэсэн тайлбар байдаг. Түүнчлэн уг нэгдлийг НАТО шиг цэргийн эвсэл биш гэж үзэх нь бий.

Ерөнхий дүр зургаар ийм нэг аятайхан тайлбар гардаг. Гэхдээ улстөр, олон улсын харилцаа судлаачид үүнийг тэс өөрөөр дүгнэдэг юм билээ. Хамгийн ойр жишээ буюу Монголын дипломатууд үүнийг юу гэж үздгийг сонирхъё.

Олон улсын харилцааны судлаач-профессор, Элчин сайд асан Д.Баярхүү энэ талаар “Анх байгуулагдсан зорилгоосоо шат ахин өргөн цар хүрээнд төлөвшиж яваа олон улсын шинэ механизм хэмээн ШХАБ-ыг үзэж болно. “Шанхайн тав” нэрээр хилийн асуудал шийдвэрлэх, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх нөхцлөөр ШХАБ анхлан байгуулагдсан. СССР тарсны дараа Орос ба Төв Азийн шинэ улсуудтай Хятад нь хилийн асуудлаа зохицуулах шаардлага тэр үед тулгарсан. Одоо бол шал өмнөө зорилго чиглэлтэй байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгчөөс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад томилж суулгасан тусгай төлөөлөгч Бахтиер Хакимов “Нэг л зам байна – Яриа хэлэлцээг өргөжүүлье, хамтын ажиллагаагаа хөгжүүлье, тэгээд ШХАБ-аа улам төгөлдөржүүлье” хэмээн гарчиглаад “Инфо ШОС” сэтгүүлд (Июнь 2017 № 10) ярилцлага өгсөн байна билээ. Энэ бол ШХАБ гэдэг энэ олон улсын байгууллагын өнөөгийн статусыг яг хэлээд өгчихсөн юм болов уу гэх сэтгэгдэл төрүүлж байна. Ерөөсөө л явцдаа байна, шилжилт, түүнээсээ төлөвшилд хүрэхэд зай байна гэдгийг илтгэх мэт. Тэгэхээр яг төлөвшчихсөн, хамтын ажиллагаа нь жигдэрчихсэн байгууллага хараахан болоогүй байна. Ер нь ШХАБ цэвэр аюулгүй байдлын ба стратегийн байгууллага мэт төсөөлөгдөж байна. Монгол Улс ШХАБ-д яг одоо элссэний дараах ойрын ашгийг бид олж харж, төсөөлөх боломж алга. ШХАБ-д Монгол Улсад ашигтай хамтын ажиллагаа өрнөөгүй байна. Монгол элсчихвэл тийм  хамтын ажиллагаа өрнөчихнө гэж хэн ч зориглон хэлээгүй, манайд ам өчгөө өгөөгүй байна” гэж өгүүлжээ.

Өөрөөр хэлбэл, яг өнөөгийн нөхцөлд Монгол Улс ШХАБ гээчийнх нь гишүүн болчихвол нөгөө яриад байдаг гуравдагч хөршийн бодлого, өргөн айлсал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн сувагт нэг том саад бий болно гэсэн үг. Хатуухан хэлэхэд, бид 1990 оныг хүртэл дотоод асуудлаа ЗХУ-ын удирлагуудаас асууж, шийдвэрлэдэг байсан цаг үе буцаж ирэхгүй гэсэн баталгааг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр маань лав өгч чадахгүй нь ээ.

Нөгөө талаар төр, засгийн тэргүүд энэ асуудлыг гэнэтхэн сөхөхдөө гадаад бодлогын тулгуур зарчмуудыг ер нь хайхарч анзаарсан болов уу гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна.

Юу гэвээс, Гадаад харилцааны яам өнөөг хүртэл энэ талаар ганц үг цухуйлгаагүй байгаа. Харин Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил ШХАБ-ыг тун ул суурьтайгаар няцаасан.

Тэрбээр “ШХАБ-ын үүссэн түүх, одоо байгаа байдал, цаашдын замналыг хараад байхад энэ байгууллага нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлал байна гэж би харж байгаа. Хоёрдугаарт, энэ байгууллагад элсэх эсэх асуудлыг олон талаас нь судлах ёстой. Өнөөдөр дотоод гадаад улс төрөө харж биш, дунд болон урт хугацаанд их гүрнүүдийн харилцаа яаж хөгжих, ерөнхий хандлага хаашаа явах, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэхийг тооцоолох хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан. Яагаад гэвэл Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Тэгэхээр бүрэн эрхт гишүүнээр элсэх, ажиглагч байхын ялгаа нь манай улсад мэдрэгдэхгүй. Гадна талдаа бол хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана” гэсэн.

Тэгвэл олон улсын харилцааны мэргэжилтэн, хариуцлагатай албан тушаал хашиж асан эрхмүүд ийм тайлбар өгчихлөө. Ний нуугүй өчихөд, ямар ч гэсэн зураач мэргэжилтэй, бөхийн спортын тамирчин гэгддэг Ерөнхийлөгч Х.Баттулга, цэргийн хурандаа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас эд дипломатч хавь илүү мэдлэг, туршлагатай нь яах аргагүй үнэн.

Ийм байхад мань хоёр яагаад ингэтэл улайран зүтгэлэх болов. Эр бяраа багтааж ядсан хоёр даргын хоршил тун ч эвгүй харагдаж байх юм. Эдэн дээр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэнхээ мэдэн хүч нэмэрлэж байгаа. Мань хүн юу ярьж байгаагаа ухаарсан уу гэмээр мэдэгдэл хүртэл хийгээдэхсэн.

Тэрбээр “ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статустайгаар 13-14 жил явчихлаа. Бид ажиглаад л, бусад улс орон элсээд хөгжөөд л байдаг. Хамтарч нэгдээд бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газраас энэ байгууллагад элсч орох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Удахгүй УИХ-д энэ асуудлыг оруулах байх” гэсэн юм.

Түүнийхээр Хятад, Орос хоёр ШХАБ-аас болж хөгжөөд байгаа гэнэ. Харин Тажик, Узбекийн хөгжлийг ярина гэвэл тэд өнөөдөр ч Кремлиэс хараат байгааг тэнхээ ихт дарга нар маань мэддэг болов уу.

Гэхдээ энэ зүгээр нэг их мэдэгчийн дүрд тоглож буй хэрэг биш байх. ШХАБ-ыг ярьснаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт ямар нэгэн ашиг гарах нь ойлгомжтой. Энэ нь харин эрх мэдэл үү, мөнгө үү гэдэг нь тодорхойгүй. ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин энэ талаар их ноцтой асуудал сөхсөн юм. Тэрбээр “Энэ хоёр хүний өнгөн дээр Монгол зарагдах учиртай байж дээ. Таарсан таар шуудай нар. Юугаар улсаа сольж байгаагаа ил тод зарлах хэрэгтэй. Бид энэ наймаачдын наймаанд ямар үнэтэй байгаагаа мэдчих юмсан” гэж жиргэсэн.

Тэгвэл ШХАБ-руу зүтгэлэх дарга нарын цаад санааны эцсийн тайлал энэ биш гэж үү. ШХАБ-аас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр юуг хожихын төлөө Монгол Улсыг бар, луу хоёрын аманд аваачих гэж улайрна вэ.

Erennews.mn


URL:

Нэр: Тийм л гэсэн Огноо: 26 September 2018

Энэ 2 эрхэм хэн нь хэнээсээ дутахгүй эвгүй нөхдүүд тул юу ч гарсан гайхах хэрэгүй ээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.