Савж унах, тэшиж тогтох сайхан улирал

Цастай, мөстэй өвөл Улаанбаатарт минь иржээ. Богд уул цасан малгайгаа өмсч, Улаанбаатар минь утаан хөшгөө татлаа. Хот бүхэлдээ мөсөн гулгуурын талбай болж хүмүүс савж нэг унан, салгалж нэг хоёр хөл дээрээ тогтсон шиг уран гулгалтын спортоор үнэгүй хичээллэж байна.

Цас хайлж дуустал бүхэл бүтэн гурван сар ингэж хичээллэх учир нийслэлийнхний маань бие галбир хавар гэхэд сайхан болох байх даа. Ялангуяа их жанжин Сүхбаатарынхаа төв талбайг хөндлөн гулд туучихын тулд доод тал нь гурван удаа тас саван ойчиж, уран гулгалтын тэмцээний үеэрх үзүүлбэрээс дутахгүй авьяас чадвараа зарцуулах юм.

Төв талбайн хэсэг, хэсэг газарт ногоон өнгийн мөлгөр гантигууд байдаг даа. За тэр чинь л аюултай. Түүн дээр гишгэлгүй тойрч гарахын тулд талбайг гатлахдаа газар шагайж явах нь л хамгийн сайн арга шүү гэж зөвлөе. Тэгэхгүй л бол тас гэдрэгээ савж, тэнгэр харах нь дамжиггүй.

Саяхан их хотын мээр маань нэгэн аятайхан шийдвэр гаргасан. Тэр нь ойр орчмынхор цас, мөсийг цэвэрлэлгүй залхуурч байгаад “амьтан” хүнийг явганаас бэртээвэл тухайн байгууллагынхан нөхөн төлбөр олгох тухай журам юм.

Тэгэхээр хэрэв та аль нэг албан байгууллагын үүдэнд тэшиж, тэнгэр хараад эрүүл мэндэд тань хүнд, хөнгөн хохирол учирвал тэднээс мөнгө нэхээд л хэвтчихдэг юм шүү. Заавал хэдэн цаас “зулгааж” байж салаарай. Жаахан баашилсан ч яадаг юм.

Харин Сүхбаатарын талбайн өндөр үнэтэй гантиг дээр тэшиж хачин болвол хэнээс эрүүл мэндийнхээ нөхөн төлбөрийг авахыг ойлгохгүй байна. Хотын захиргаанаас л нэхдэг байх даа. Цасыг нь цэвэрлэсэн ч, цэвэрлээгүй ч хальтирч байгаа учир цасгүй байсан гээд гүрийчих юм болов уу?

Ингэхэд тэр уран, сайхан гулгадаг тамирчид өвлийн улиралд Улаанбаатарт ирж амьдарвал өдөр бүр үнэ төлбөргүй, тэгээд адал явдалт сонирхолтой аргаар бэлтгэл, сургуулилт хийж болно гэдгийг мэдэхгүй л байгаа даа. Манай спортынхон ийм боломж тэдэнд байгаа гэдгийг дуулгаарай цаадуулдаа. Далимдуулаад хэд гурван “цаас”-аар зуучилсан ч болох шүү дээ.

Монголын нийслэлд амьдарч буй иргэд бүгдээрээ уран, яруу гулгачид төр, засгийнхан нь иргэдээ ийм байх боломжоор дээд зэргээр хангаж, биеийн тамирын боловсролд анхаардаг гэдгийг сонсвол тэд гайхна. Тэгээд нэг хэсэг хальтирч, тэшиж байснаа, өмдөндөө бие засчихсан аятай бөөвийн шогших хүмүүсийг хараад инээд нь хүрэх байх.

Цастай, мөстэй өвөл Улаанбаатарт ирлээ. Хальтиргааны урлагаар гурван сар үнэгүй хичээллэх боломж ч нээгдэж байна. Тас гэдрэгээ нэг ойчоод, тэшиж, тэшиж нэг юм тогтоод талын Монголын нийслэлд өвлийн улирлын амьдрал сонирхолтой өрнөж эхэллээ. Уйдах зав чөлөө өчүүхэн боловч алга.

Ө.Батхүү


URL:

Сэтгэгдэл бичих