БНСУ-ын виз мэдүүлгийн төвүүд хүний эрхэд халдсаар байх уу?

1525068808-5ae6b4089f88cБНСУ-руу монголчууд сурах, аялах, ажиллах, эмчлүүлэх гээд янз бүрийн шалтгаанаар явдаг. Ялангуяа эдийн засаг хямарсан сүүлийн жилүүдэд эх орноосоо БНСУ-ыг зорих иргэдийн тоо эрс өсжээ.

Тухайлбал, 2012-2014 онд жилд 33 мянга орчим хүн виз мэдүүлж байсан бол энэ тоо даруй нэмэгдэж 2016 онд 67 мянгад хүрчээ. Харин өнгөрсөн онд өдөрт 60 хүн виз мэдүүлж байсан бол өдгөө 130-140-д хүрээд байна. Үүнийг БНСУ руу зорчих виз мэдүүлэх шаардлагад өөрчлөлт оруулж хөнгөвчилсөн, иргэдийн амь-жиргааны төвшинтэй холбоотой гэж тайлбарлаж буй юм.

БНСУ руу зорчих хүсэлтэй иргздийн визийн материалыг “Passport Express International”, Монгол-Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг, “Hang-Mong Law”, “Chinggis Journey”, “Mongol Namshin”, “GH&F”,“Mongol News” The Korean As-sociation in Mongolia (TECKM) гэсэн төлөөлөн гүйцэтгэх найман байгууллага хүлээн авч байна. Өөрөөр хэлбэл, БНСУ руу зорчихоор виз хүсэгчид эдгээр байгууллагын аль нэгэнд хандана гэсэн үг. Харин дээр дурдсан газруудын үйл ажиллагаанд виз хүсэгчид төдийгүй олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна.

Тодруулбал, “дээрх найман байгууллагын 4 нь Солонгос байгууллага байгаа бөгөөд ЭСЯ-аас “БНСУ-ын Визний мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага” сонгон шалгаруулахдаа хэт нэг талыг барьж байна. Гаргасан журмынхаа дагуу сонгон шалгаруулалт хийгээгүй. Журмын дагуу сонгож байгаа гэж тайлбарладаг хэдий ч нийт тендэрт өрсөлдөж буй байгууллагын 60 хувийг нь авч хэлэлцээгүй. Мөн сонгогдсон байгууллагууд зохиомол дараалал үүсгэж, иргэдэд дарааллын дугаарыг 50-100 мянган төгрөгөөр дамлан зарж байна” хэмээн Визний мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага шалгаруулах тендэрт хоёр дахь жилдээ өрсөлдсөн байгууллагын төлөөлөл ярилаа.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ гэж заажээ.

Үүнд:

1) БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах

2) Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцааж өгөх

3) БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах

- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон хүрээнд үйлчилгээний хураамж авна. (2014 оны 5-р сараас 9000 төгрөгийн үйлчилгээний хураамж авч байна.)

Өчигдөр л гэхэд Баянзүрх дүүрэг дэх БНСУ-ын виз мэдүүлгийн “С” төвийн хариуцлагагүй ажиллагаанаас болж хохирсон иргэн Я.Эрдэнэ-Отгон мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр зургаадугаар сарын 2-ны өдөр БНСУ-ын Ионсэй их сургуульд ярилцлаганд орохоор тавдугаар сарын 22-нд БЗД-ийн “С” виз мэдүүлгийн төвд виз мэдүүлжээ. Харин виз мэдүүлгийн төвийн ажилтан н.Гэрэлээ гэгч нь ЭСЯ-ны консулын ажилтантай хуйвалдан, зургаадугаар сарын 1-ний бүх нийтийн амралтын өдөр ЭСЯ-ны дугаараас Ионсэй их сургууль руу залган, Я.Эрдэнэ-Отгоны ярилцлагын цагийг дур мэдэн цуцалжээ. Виз мэдүүлгийн төв хүний бичиг баримтад хариуцлагагүй хандсанаас хоёр жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө нь талаар болсонд гомдолтой байгаагаа тэр хэлээд хүний бичиг баримтыг ашиглаж, дур мэдэн ярилцлагынх нь цагийг цуцалсан хоёр этгээдийг хариу тайлбар хийхийг хүссэн. Мөн БНСУ-ын ЭСЯ виз мэдүүлгийн төвүүдийн үйл ажиллагааг хянаж, үйл ажиллагааных нь хариуцлагыг дээшлүүлж өгөхөд анхаараасай. Над шиг олон хүн хохирч, хүсэл мөрөөдлөө нураалгасан байх” гэсэн юм.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байдлаас болж БНСУ-ыг зорих иргэдийн тоо өсөн нэмэгдэж Виз мэдүүлгийн төвүүдийн тоог нэмэгдүүлж үйлчилгээний чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Тиймээс эхний ээлжинд ядаж визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагаа шударга шалгаруулж, хяналтыг нь сайжруулах хэрэгтэй байна.

Time.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.