Салхинд хийсэх 1,9 их наяд төгрөг …

Иргэний зориг, Монголын Ногоон намын төлөөлөл, бие даагч гурвыг эс тооцоод одоогийн УИХ-ын 73 гишүүнийг 2012 онд эргээд сонгох хэрэг байна уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Учир нь тэд 2008 оны сонгуульд амласан амлалтынхаа эсрэг зүйлийг одоогийн сонгуулийн хуульд оруулахаар ярьж байна.

Тодруулбал, гишүүд бэлэн мөнгө тараах нь зөв зүйл биш юм байна гэж ухамсарлаж ирэх оны сонгуульд мөнгө амлахгүй гэснээ Сонгуулийн тухай хуулийн төслийн 38.3 – т “сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгөн дүнгээр илэрхийлсэн амлалт авахыг хориглоно” хэмээн шигтгэжээ. Тэгвэл энэ шийдвэрийг тэд 2008 онд мэдэхгүй байсан хэрэг үү. Тухайн үед цаг нь тулаад л ард түмнийг авлигадахын тулд  тийм шийдвэр гаргаа юу.

2008 ОНЫ СОНГУУЛИЙН АМЛАЛТ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЯМАР ҮР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭВ

1.Инфляци хөөрөгдсөн бэлэн мөнгө буюу 1,3 их наяд төгрөг

2010 оноос эхлэн Хүний хөгжил сангаас иргэн бүрт бэлнээр 70, 50 гэж хуваан нийт 120 мянган төгрөг тарааж өгсөн. Үүний дараагаар буюу энэ онд иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг буюу нийт 252 мянган төгрөг өгч байна. Харин сар бүр олгох энэхүү 21 мянган төгрөгөө ирэх жилийн зургаадугаар сарыг дуустал олгоно хэмээн 2012 оны төсөвт суулгаад байгааг харвал ирэх онд бэлнээр хүн бүрт 126 мянган төгрөг тараана гэсэн үг.

Эдгээрийг нэмээд үзвэл, 120 + 252 + 126 = 498 мянган төгрөг. Ингэж 500 мянган төгрөгийг иргэдэд бэлнээр тараах амлалт нь хэрэгждэг юм байж. Тэгвэл тарааж байгаа мөнгө нийгэм, эдийн засагт ямар нөлөөлөл, үр дүн үзүүлж байгааг бүгдээрээ тооцож үзэхийн тулд ердөө ганцхан жишээ татахад л хангалттай.

Ганцхан баримт, 2008 онд  Монгол улсын хүн амын 36 хувь нь амьжиргааны доод түвшин буюу ядуу амьдарч байсан бол  2010 онд энэ тоо  38 хувьтай болж нэмэгджээ. Улмаар 2011 оны байдлаар 39 хувь болсон төлөвтэй байгаа талаар төрийн түшээд маань өөрсдөө бахархалтайгаар мэдэгдсээр байгаа билээ.

Тэгэхээр эх орны хишиг гэр бүл, хувь хүнд төдийлөн үр ашгаа өгөхгүй байгаа нь ажиглагдаж байна.
Энэхүү  үргүй зардалд энэ оны хувьд  нийт 702,5 тэрбум төгрөгийг иргэдэд бэлнээр тараахаар төсөвлөсөн. Харин 2010 онд 324 тэрбумыг тараасан бол  2012 онд бэлнээр 358.4  тэрбум төгрөгийг тараана. Энэ гурван дүнг нэгтгэвэл Монголын төр засаг ард түмэндээ гурван жилийн дотор  1.3 их наяд төгрөг  тараасан байх юм.

2.Эргээд хэргээ гаргадаггүй эрүүл мэндийн даатгалын шимтгэл

Малчид, ажилгүйчүүд, оюутнууд буюу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөггүй хүмүүс  Эх орны хишгийн 500 мянгыг энэхүү шимтгэлд төлөх боломж байгаа билээ. Энэ оны арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар нийт 36985 иргэн энэ хэлбэрийг ашиглаад байна.

Үнэндээ эрүүл мэндийн даатгалын шимтгэл бол манай улсад байнга яригддаг ярвигтай асуудлын нэг. Олон жилийн турш энэ шимтгэлийг төлсөн хэрнээ ганц удаа эмнэлэгт үзүүлэх гээд очихоор бөөн төлбөр мөнгөний дарамт иргэдэд учирсаар байгаа. Ер нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлд олон мянган төгрөг төлчихөөд ганц удаа улсын эмнэлэгт шүдээ янзлуулж үзээгүй иргэн олон шүү дээ. Эмчлүүлэх гээд очихоор бөөн дараалал, ааштай эмч угтаж мөн л тарианы, ломбоны мөнгө нэхсээр суудаг. Тэгэхээр энэ учраа олоогүй салбар руу иргэд хөрөнгө оруулалт хийх нь утгагүй мэт.

Энэ зардалд  2010 онд 11 тэрбум,  2011 онд 20 тэрбум, 2012 онд 14,9 тэрбум буюу нийт  45,9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн билээ.

3.Оюутнуудыг эрхлүүлсэн сургалтын төлбөрийн 166,1 тэрбум

Монголд оюутан шиг аз жаргалтай иргэд байхгүй биз. Сүүлийн хоёр хичээлийн жилд оюутнууд төлбөрийнхөө 50 орчим хувь буюу 500 орчим мянган төгрөгийг Хүний хөгжил сангаас төлүүлэх болоод байгаа билээ.

Тооноос илүү чанар эрхэм гэж бид бүхэн ярьдаг. Гэвч Монгол баахан залхуу оюутантай.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2011 оны аравдугаар сарын эцэст 39.4 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 950 хүнээр буюу 2.4 хувиар буурчээ. Бүтэн жилийн хугацаанд идэвхтэй ажил хайгчдын тоо 1000 хүрэхгүй хүнээр буурчээ /мэдээллийг ҮСХ-ноос/.  Манайд ажлын байрны илүүдэл болоод байна уу, дутагдал болоод байна уу гэдэг эргэлзээтэй асуудал болоод байгаа. Учир нь өдөр тутмын сонингуудаар дүүрэн л ажлын байрны зар байх ажээ. Үнэхээр эрэлтэд нийцэх чанартай ажиллах хүчин байхгүй байгааг энэ гэрчилнэ. Тиймээс чанаргүй баахан оюутнуудыг ингэж давраах хэрэг байна уу.

Бүтэн дөрвөн жил сурсан мэргэжлээрээ ажиллаж чадахгүй бол хайран цаг хугацаа, мөнгө болж байна. Тиймээс сургалтын төлбөрийг төрөөс өгөх явдлыг хавтгайруулах бус онц сурлагатангуудад олгох нь хамгийн зөв шийдэл гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй биз.

Тэгээд ч хүн өөрийн насан туршийн амьдралын баталгаа  болох мэргэжлээ сонгож чанартай боловсрол эзэмших явдал чинь хүсч тэмүүлж бас багагүй хөлс, хүч зарцуулж байж л илүү үнэ цэнэтэй баймаар. Гэтэл өнөөдөр төр засаг боловсролыг дэндүү үнэгүйдүүлэх бодлого барих  нь хачирхалтай.
Оюутны сургалтын төлбөрт  энэ онд 82.5 тэрбум төгрөг,  2012 онд  83,6 тэрбум буюу нийт 166,1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

4.Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 334,2 тэрбум

Ирэх онд ахмадуудын мөнгийг шууд бэлнээр олгох шийдвэрт хүрээд буй. Тодруулбал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334,2 мянган иргэнд бэлнээр буюу нийт 334,2 тэрбум төгрөгийг зах зээл рүү шууд цацна.

Энэ мөнгөний оронд тэдэнд илүү хэрэгтэй зүйл санал болгож болохгүй гэж үү. Инфляци хөөрөгдөөд бусдыгаа ч нэг чирсэн явдал болно байх даа хэмээн эдийн засагчид энэ шийдвэрийг хүлээн авч байгаа билээ.

5.Тодорхойгүй байгаа орон сууцны 100 тэрбум

Ирэх оны төсөвт сонгуулийн амлалтаас үлдсэн мөнгөө иргэдэд олгохын тулд орон сууц худалдаж авсны төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгаад буй. Энэ бол иргэдийн хувьд хамгийн их хүлээлт болсон эх орны хишиг ч одоо хүртэл яг яах нь тодорхой бус байна.
Зөвхөн 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэнд нэг сая төгрөгийг олгоно гэсэн томъёоллыг Засгийн газар дэвшүүлсэн.

Харин үлдсэн хэсэг нь яах вэ. Хүүхдүүд, бас байр авахгүй хүмүүс, байр авсан ч 100 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс байр авахгүй, аваагүй иргэд яах вэ?

Тэдэнд нэмж хувьцаа олгох асуудал яригдсан. Харин хувьцаа авах хүсэлгүй  нь нэг сая төгрөгөө бэлнээр авах  асуудлыг нээлттэй үлдээлээ гэж УИХ төсөв батлахдаа дурьджээ. Нээлттэй гэдэг яасан ч болох хэрэг үү?

Яасан ч болох бол  ахмадын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, орон сууцны урьдчилгаанд гэж ялгах хэрэг ер нь байгаа юм уу. Эндээс хэсэг иргэний нэг сая төгрөг  нэг л эргэлзээтэй байдлаар асуулт болон үлдэж байгаа юм.

Эцэг, эхчүүд, ах, эгч нар нь нийлээд ч болов зарим нэгнийхээ байрны зээлд нэг сая төгрөгөө нэмэрлэх бодолтой байгаагаа өөр хоорондоо ярилцана. Гэвч  энэ тодорхой бус.

Яагаад заавал зөвхөн 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж байр авах ёстой гэж. Өмнө нь зээлтэй байгаа иргэд ч нэг саяаа зээлэндээ нэмэрлэх хүсэлтэй байна. Тэгээд үл барам ах дүүсээрээ нэгэндээ тус болмоор байна.

Зөвхөн 100 мянган иргэнд, тэгээд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдсан байшингаас худалдаж авсан байрны эзэнд энэ нэг саяыг өгвөл дэндүү ялгаварлан гадуурхсан зүйл болох мэт.

Түүнчлэн дахин сануулахад, огт байр авахгүй хүүхэд болоод дунд үеийнхэн бас нэг сая төгрөгөө яг яаж авах вэ гээд Хамтарсан Засгийн газрын амлалтанд ойлгомжгүй зүйл их байна. Хэдийгээр энэ асуудлыг нээлттэй үлдээсэн ч 2012 оны төсөвт тэдэнд мөнгө тусгагдаагүй л харагдаад байна.

ДЭЭРХ АМЛАЛТУУДЫН ОРОНД ЮУ ХИЙСЭН БОЛ ҮР ДҮНТЭЙ БАЙХ БАЙСАН БОЛ?

Таван янзын амлалтад 2010, 2011, 2012 онуудад  нийт 1,9  их наяд төгрөг буюу манай улсын жилийн төсвийн /2012 оны төсвийн/  орлогын 30 гаруй хувийг зарцуулжээ.

Хамгийн эхний жишээн дээр бид дурьдсан. Энэ их мөнгийг цацаад цацаад Монголд ядуурал буурсангүй. Харин ч иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэх сэтгэлгээ буурч, зүгээр ангайж сууж байгаад 21 мянгаараа амьдрах сонирхол их болсон мэт.

Нэгэнт үр ашгаа өгөөгүй энэ 1,9 их наяд төгрөгийг бид юунд зарцуулсан бол Таныхаар “ялгадас болоод гарсан” 21 мянгаас илүү үр дүнтэй байсан бол?

•МЕТРО БАРИХ ЭХЛЭЛИЙГ ТАВИХ

Завгүй Улаанбаатарчуудын хувьд зүүд, мөрөөдөл мэт болсон зүйл бол  энэ хот түгжрэлгүй болоосой.

Үнэндээ бид ямар хэмжээний цагаа замын бөглөөн дунд өнгөрөөж байгааг таашгүй. Тэр замын бөглөрөлд хэчнээн амь нас, эрүүл мэнд, бизнес үрэгдэж байгааг тооцоолж гаргах боломжгүй. Ямартай ч энэ бүгд өнөөдрийн 21 мянган төгрөгөөс  лав үнэтэй цаг хугацаа гэдэгтэй та бүхэн санал нэгдэх биз.

Энэ бүгдийг 100 хувь биш юм гэхэд тал хувийг нь шийдэх Метротой болох нь одоогоор Монголчуудын хувьд зүүд, зэрэглээ мэт байсаар байна. Хэрэв бид Хүний хөгжил сангаас зүгээр тарааж байгаа 21 мянгыг метро барихад зарцуулсан бол энэ ажлын санхүүжилтийн 40 орчим хувийг нугалах байжээ.

•ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БҮХИЙ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ

Бас л бид бүхний өмнө тулгамдсан хамгийн том асуудлын нэг бол утаа, угаар. Утааны хор уршгийн талаар хэвлэл мэдээлэл хангалттай  мэдээлэл цацаж байгаа ч үнэндээ утааг арилгах нь утаагүй түлш, зуух  биш юм. Энэ бол зүгээр л юу ч хийгээгүй харагдахгүйн  тулд хийж буй арга ядсан ажил. Утаа гамшгийн хэмжээнд хэвээрээ л байна. Оройд, өглөөд Улаанбаатарын гудмаар явахаар, цонхоор харахаар бөмбөгдүүлсэн газраас ялгаагүй, хөөрхийлттэй дүр төрхтэй.

Гутармаар.

Өнөө, маргаашгүй бүгдэд нь орон сууц бариад өгөх хэцүү ч ядаж ачааллаа дийлэхээ болиод байгаа эрчим хүчний салбарт том шинэчлэл хийж болохоор. 1,9 их наяд төгрөгөөр. Одоо тендер нь зарлагдсан ч хэзээ баригдах нь тодорхойгүй байгаа V  цахилгаан станцийг барихад  1,9 их наяд төгрөг шаардлагатай ажээ.

Монголчуудад өнөө маргаашгүй хэрэгцээтэй олон зүйл бий. Дээр дурьдсан хоёроос эхлээд:
•авто замуудаа шинэчлэн барьж дуусгах
•санхүүжилт шаардлагатай байгаа төмөр замаа тавих
•мөн санхүүжилт шаардлагатай байгаа орон сууцны хорооллуудын дэд бүтцийг шийдэх
•эмнэлэг  – төрөх болон бусад төрлийн эмнэлэг барих шинэчлэх
•дутагдалтай байгаа цэцэрлэг, ЕБ-ын сургуулиуд шинээр барих
•санхүүжилт шаардлагатай байгаа их сургуулийн хотхоныг эхлүүлэх
•олон жил ярьсан боловсруулах үйлдвэрүүдийн эхлэлийг тавих
•нэн ядуу өрхийн амьжиргааг хэд дахин дээшлүүлэх
•ажлын байр нэмэгдүүлэх боломж байжээ.

Дээрхийг мэдээж бүгдийг бас зарим нэгийг нь бүтнээр  нь санхүүжүүлэх мөнгө 1,9 их наяд биш ч хэдхэн чухлыг нь хийх боломж байжээ.

Нэгэнтээ мөнгө өгөөд өгөөд буурахгүй байгаа ядуурал. Түүний оронд үр дүнтэй хоёр, гурван ажил хийсэн бол …

Салхинд хийссэн 1,9 их наяд  …

Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих