Ипотекийн зээл “шүдний өвчин” болсоор байна

unen.mn barilga

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн хийсэн судалгаагаар өнөөдөр нийслэлд 380 мянга орчим өрх амьдарч байгаагийн 43 хувь нь нийтийн болон дулаан, цахилгааны төвийн шугамд холбогдсон тохилог орон сууц, хауст оршин суудаг. Үлдсэн 210 мянга гаруй өрх айл нь гэр хороололд амьдарч байгаа аж. Тэд мэдээж халуун ус цоргоноос тосч, аятай тухтай амьдрахыг хүсдэг байж таарна. Гэвч тийм боломж хараахан бүрдээгүй л байна. Энэ нь нөгөө л орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөрөө хийх санхүүгийн чадамжгүй байгаатай шууд холбоотой. Зах зээлийн жам ёсоор орон сууцны эрэлт, нийлүүлэлт хангалттай байна. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн мэдээлснээр, одоогоор нийслэлд баригдаж, ашиглалтад ороод эзнээ хүлээж буй 5800 гаруй айлын орон сууц бэлэн байна. Үүнээс давсан эрэлт буюу орон сууц худалдан авахыг мөрөөдсөн иргэн, айл өрхийн тоо олон байгаа ч тэдний ердөө 16 хувь нь л урьдчилгаагаа төлөх боломжтойг судалгаагаар тогтоожээ. Энэ байдлаас харахад орон сууцны нийлүүлэлт нэгэнт хэтэрсэн ч яг энэ чиглэлийн 427 төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлж, 59.4 мянган айлын орон сууц баригдаж байгаа юм.

Тиймээс цаашид орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх үүднээс Үндэсний хөтөлбөр болон төрийн албан хаагчдад зориулсан бичил хөтөлбөрийг БХБЯ-наас боловсруулж эхэлсэн байна. Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогын хүрээнд томоохон тусламж дэмжлэг үзүүлж, барилга, орон сууц барих “уралдаан” явагдаж байсан үетэй харьцуулбал өнөөдөр өртөг багассан хэдий ч нэг ам метр талбайн үнэ 1.6 сая төгрөгийн дундажтай байгаа нь иргэдийн худалдан авах чадвартай жишиж үзвэл бас л өндөр хэвээр байна. Гэлээ ч үнийг багасгах механик арга хэрэглэхээс болгоомжилж буйгаа салбарын дэд сайд Ш.Лхамсүрэн хэлж байлаа. Учир нь, барилгын компани болон орон сууц худалдан авагчдын хооронд төрийн оролцоо орж ирснээр зах зээлийн тэнцвэргүй байдал үүсгэдэг гашуун сургамж байдгийг судалгаа харуулсан байна. Сүүлийн үед эдийн засагт тодорхой хэмжээний өсөлт ажиглагдаж, уул уурхайн салбарын үйл ажиллагаа жигдэрч эхэлсэнтэй холбогдож орон сууцны борлуулалт бага зэрэг нэмэгдэх хандлагатай болжээ. Мөн БНСУ, Чех, АНУ зэрэг гадаад зах зээлд ажиллагсдын тоо нэмэгдэж байгаа нь орон сууцны борлуулалтад эергээр нөлөөлж эхэлснийг онцолж байлаа.

БХБЯ-наас ипотекийн найман хувийн зээлийг тууштай үргэлжлүүлэх саналыг холбогдох яам, газарт идэвхтэй тавьж байгаа гэж дэд сайд хэлсэн. Өмнөх онд ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хөрөнгийг арилжааны банкуудаар дамжуулан эргэлтэд оруулж 10 мянга орчим айлыг орон сууцаар хангахад зарцуулсан байна. Энэ онд ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь, хүүг долоон хувь руу оруулах талаар банк, санхүүгийн байгууллагуудтай ярилцаж байгаа аж. Үүний үр дүнд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр сар бүр ирдэг 25-30 тэрбум, энэ оны улсын төсөвт суулгасан 110 тэрбум төгрөгийг эргэлтэд оруулж, дахин 10 мянга гаруй айл өрхийг орон сууцанд оруулахаар ажиллаж байгаа гэж мэдээллээ. Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ, БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр багагүй хөрөнгө, зээл татаж авахаар болсон. Тухайлбал, Солонгосоос 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Хятадын Засгийн газраас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор болсны ихэнхийг гэр хорооллыг дахин төлөвлөх, инженерийн шугам сүлжээнд холбоход зарцуулахаар бараг тохиролцоод байгаа аж.

Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилготой олгож байгаа дээрх хөрөнгийг бага /600-900 мянган төгрөгийн/ орлоготой айл өрхийг орон сууцжуулахад зарцуулах нь зохистой гэж үзэж буйгаа салбарын яамныхан хэлж байна. Энэ үеэр БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Орон сууцны өртгийг багасгах ямар боломж байна гэж та харж байна вэ?

-Орон сууцны стандартаар 1-2 өрөө байр 40-60 ам метр байдаг юм. Төвийн А бүсийн орон сууц арай өндөр, бусад нь бага үнэтэй байна. Гэхдээ дунджаар 1.6 сая төгрөг байгаа юм. Барилгын чанар нь үндсэн суурь хийц, каркастай холбоотой учраас түүний өртгийг багасгах боломж байхгүй. Харин үнэ ханшийн тодорхой хувийг эзэлж буй дотоод чимэглэл, ханын цаас ч юм уу шал зэргийг хийхгүйгээр үнэлбэл 20-25 хувиар буурах боломж байна. Эсвэл орон сууцны дотоод тоног төхөөрөмж буюу жорлон, угаалгын өрөөний тохижилтыг өөрөө хийнэ гэвэл тодорхой хэмжээгээр үнэ буурах магадлалтайг судалж тогтоосон. Зарим айл шинэ байранд оронгуутаа ханын цаас, жорлон, ваннаа солиод эхэлдэг шүү дээ. Түүний оронд өөрсдөө дотоод заслаа хийчихдэг байвал үнэ ханш тодорхой хэмжээгээр буурах магадлалтай.

-Ипотекийн зээлийг цаашдаа ямар байдлаар үргэлжлүүлэх юм бэ?

-Ипотекийн зээлийг Монголбанк 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 3.8 их наяд төгрөг зарцуулж 90 мянга гаруй айл өрхийг хамруулсан байна. Түүний эргэн төлөлтөөр сард 30 тэрбум орчим төгрөг орж ирээд эргэлтэд гарч байгаагаар 4400 орчим айл өрх орон сууцны хөтөлбөрт хамрагдсан. Энэ онд 10 мянга орчим айлд зээл олгоно гэсэн тооцоотой байна.

-Бага, дунд орлоготой иргэд орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломж алга. Тэдэнд чиглэсэн ямар бодлого барих вэ?

-Үүнд чиглэсэн нэг гарц нь түрээсийн орон сууц юм. Энэ онд нийслэлд 972, орон нутагт 500 орчим айлын түрээсийн орон сууцыг барьж ашиглалтад оруулна. Солонгосоос авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл бэлэн мөнгө хэлбэрээр орж ирэхгүй, орон сууцны барилга барьж өгөх юм. Бид газраа чөлөөлж, дэд бүтцээ хариуцах болно. Мөн АХБ-ны санхүүжилтээр Баянхошуунд түрээсийн орон сууцны барилга барина.

-Орхон аймагт 16 мянган га талбайд амины орон сууцны хороолол барих ажлыг эхлүүлсэн боловч одоо санхүүжилтгүй гээд зогсчихсон байна. Иймэрхүү байдал нийслэлд давтагдахгүй гэх баталгаа байна уу?

-Энэ бол төлөвлөлтгүй явсан ажлын уршиг. Нийслэлд ч иймэрхүү 20 гаруй төсөл хөтөлбөр байна. Үүнийг хэт ашгийн төлөө, бизнесийн нүдээр харж хийсний л муу үр дагавар юм. Эдгээрийг улсын төсвийн хөрөнгөөр ямартай ч дэд бүтцийг нь бүрэн хийж гүйцэтгэнэ. Боломжтой бүх газрыг дэд бүтцээр хангах зураг төсөл, хөрөнгө нь шийдэгдсэн гэж ойлгож болно.

Д.МӨНХЖАРГАЛ

Unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.