100-н айл орчмын захыг нүүлгэх ажил ирэх есдүгээр сард дуусна

151239-550x300НИТХ-ын дарга С.Амарсайхан 100-н  айл дахь барилга материалын зах худалдааны төвийг нүүлгэн шилжүүлэх ажилтай танилцлаа. Энэ оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэх шийдвэр гарсан билээ. Тус дүүргийн нутаг дэвсгэрт,зөвшөөрөлгүй ил задгай наймаа эрхлэгч, явуулын худалдаачид олширч хөрсний бохирдол, хог хаягдал, авто замын түгжрэл үүсгэсээр удсан. Иймд аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд хохирол учруулахгүйгээр тэднийг Налайх руу нүүн шилжүүлэх ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлүүлжээ. Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын төлөөлөгч Ч. Гантулга: “Энэхүү ажил гурван үе шаттайгаар төлөвлөгдсөн. Одоогоор  нэгдүгээр үе шат дуусч байна. Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоож, стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ дэлгүүрүүдийг хаах тал дээр ажиллаж байна. Мөн чулуу, төмөр, цонх гэх мэт химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон, Налайхын Үйлдвэр технологийн парк дээр шилжүүлнэ. 100-н айл орчим байрлах сургууль, эмнэлэг,цэцэрлэгүүд бүгд эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар үйл ажиллагаа явуулж байгаа. Нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг хийснээр эрүүл ахуйн орчин бүрдэх юм.Иргэдийн эсэргүүцэл байгаа ч аливаа ажлыг хийхэд асуудал заавал тулгардаг. Энэ асуудлыг бид хамтран шийдэж, зөв гарцыг олох нь чухал.Бид эрэн зуунтай хөл нийлүүлэн алхаж ухрах биш урагшлах хэрэгтэй” гэсэн юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: 1960-аад оноос хойш 100-н айл орчмоор бүтээн байгуулалт хийгдээгүй удсан. Ил задгай наймаа эрхлэгчид, хууль бус худалдааг зогсоосноор замын түгжрэл дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Замын хөдөлгөөний ачаалал 40 хувиар буурсан гэсэн мэдээ бидэнд байна. Бид дэд бүтэц шийдэгдсэн эрүүл аюулгүй орчныг худалдаа эрхлэгчдэд санал болгож байгаа” гэлээ.  Харин худалдаа эрхлэгчид нүүлгэн шилжүүлэлтийн ажилд дургүй байгаагаа илэрхийлж байлаа.

 Иргэн Д.Тэрбиш “Бид бүгдээрээ л амьдрах гэж ядаж яваа хүмүүс. Ямар ч нөхцөл боломж амлалгүйгээр хавтгайруулж хөөж байгаад үнэхээр бухимдалтай байна. Хорин жил энд наймаа эрхлэн амьдарч байгаа надаас эхлээд олон хүний эрх ашиг зөрчигдөж байна.”

Иргэн Б.Чимэддорж: Бизнесийн таатай орчин амлаж байгаа ч хэн ч хаа байсан Налайхаас очиж нэг сав будаг, нэг ширхэг ханын цаас авах гэж очихгүй шүү дээ. Би л гэхэд хоёр оюутан хүүхэдтэй. Хэрвээ наймаа маань зогсвол хүүхдүүд маань яах болж байна  Бид ч гэсэн хүн. Бидний эрх ашиг зөрчигдөж байна” хэмээсэн юм. Гэсэн ч НИТХ-ын тогтоол гарсан учраас энэ хавийн бизнес эрхлэгчдэд хохирол учруулахгүйгээс асуудлыг шийднэ гэдгийг албаныхан онцолсон.  Ийнхүү дөрөвдүгээр сард эхэлсэн нүүлгэн шилжүүлэлтийн эхний ажил энэ оны есдүгээр сарын 1-н гэхэд бүрэн дуусах юм байна.

Б.Сарангэрэл /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих